Тээр жил тийм л байсан, одоо ямар байдаг бол?!

2006 оны хоёрдугаар сарын 10-нд МАХН-ын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга, УИХ-ын намын бүлгийн ахлагч, удирдах зөвлөлийн зарим хүмүүс хамтран тус намын дэргэдэх ахмадын холбооны тэргүүлэгч гишүүдийг хүлээн авч уулзахад өөрийн хэлсэн үгийг өнгөрсөн түүхийн хууч яриа болгон толилуулж байна. Намын удирдлагууд­тай­гаа уулзаж сэтгэлээ нээж ярих сайхан байна. Магадгүй, мань мэтийн настнуудын заримд нь дахиад олдохгүй алтан боломж байж болно. Гуравхан зүйлийн санал хэлье. Бичсэн үгээ унших нь арай цэгцтэй байх болов уу.

1.Амьд мэнд байгаа дээрээ намынхаа удирдлагад захиж үлдээх үг надад байна. Зүйрлэвэл ойрдоо манай намын хот хороо руу улс төрийн боохой эргээд амар заяа үзүүлэхгүй боллоо. Манай намд хотны буу хэрэгтэй байна. Намын хотны буу гэдэг чинь юу вэ? гэвэл өөрийн намын хэвлэл мэдээллийн хэрэгслийг, тэр дундаа намын төв хэвлэл-“Үнэн” сониныг хэлж байна. Миний ажигласнаар бол намын удирлага ба намын төв хэвлэлийн хоорондын удирдах, удирдуулах зарчим, уламжлалт бат зузаан ажил хэрэгч хэлхээ холбоо сүүлийн үед хэвийн бус болсон байна. Энэ нь магадгүй хоёр талын хоёулангийн алдаа ч байж болох юм.

Орчин үеийн мэдээллийн дайны талбар дээр чи би-гээ үзэлцэж байгаа хүнд бэрх үед манай нам заримдаа бараг гар хоосон, зүйрлэвэл нударган зодоонч шиг зогсож байх юм. Одоо ч тиймэрхүү л байна. Өнөөдөр намын “Үнэн” сонин гэхэд 4000 уншигчтай болжээ. Энэ бол хүний өмнө хэлэх тоо биш, хүүхэд саатуулах тоглоом шиг юм. Гэтэл манай нам хэдэн гишүүнтэй билээ. Намыг 80000 гишүүнтэй байхад гишүүнээсээ 2.5 дахин олон буюу 200 мянган уншигчтай байсан сонин шүү дээ. Намын сонины одоогийн тоо чинь манай намын байгууллагуудын ажлын ноён нуруу ерөнхийдөө намхавтар байгааг харуулж байх шиг санагдах юм.

Нам, сонин хоёр байгаа байхгүйгээ хуваалцаж явсан түүхэн туршлага өнөөдөр бараг баларч арилсан байна. Миний тэнд ажиллаж байсан 1980-аад оны эцсээр жил бүр нэг сая төгрөгийг намдаа илүүчилж өгдөг байсан. Одоогийн ханшаар тэрбум гаруй төгрөг болно биз дээ. Дээр үед Намын төв хороо гадаадаас конторын тавилга, техник хэрэгсэл авчрахдаа хүртэл “Үнэн” сониноо мартдаггүй л юм аваад ирдэг байсан. “Үнэн” сонинд Монголын анхны персональ компьютерын нэг нь байдаг байсан. Японы хувилагч хуучивтар машин бий, тэр нь ч бас тийм анхных. Тэдгээрийг МАХН-ын Төв хороо хөрөнгөөрөө авч өгсөн юм. “Үнэн” сонины одоогийн шинэ барилгын хөрөнгө оруулалтын мөнгөний ихэнхийг намын санхүүгээс гаргасан. Яагаад үүнийг яриад байна вэ гэвэл би бүтэн арван жил энэ айлын санхүүг мэдэж, нэгдүгээр гарын үсэг зурсан хүн учраас хэлж байна. “Үнэн” сонины санхүүг үндсэндээ Намын Төв хорооны санхүүгийн тасаг, Намын шалган байцаах Төв комисс дээрээс нь хянаж зохицуулдаг журамтай байсан.

 

Ерөөс нам сонин хоёр чинь нэг зорилготой, нэгэн бие цогцос, чухамдаа бол нэг л улс төрийн байгууллага байгаа юм. Тиймээс нам сонин хоёр чинь хоёр өөр байгууллага юм шиг бие биендээ хатуурхаад, хясан боогдуулаад, нэгнийхээ ажил явдлыг хөшиж тээглүүлээд байх хэрэггүй юмсан.

 

Тиймээс намын дотоод санхүүжилтийн бодлогын салшгүй хэсэг нь сонины захиалга борлуулалт, техникийн шинэчлэлтийн бодлого байх ёстой. “Үнэн” сонин нэгэн үед Намын Төв хорооны Төв хэвлэл гэж байсан. Одоо зөвхөн төв хорооны биш намын төв хэвлэл гэх болсон. Энэ чинь цаанаа учир ялгавартай нэр томьёо л доо. Намын төв хорооны төв хэвлэл бол намын төв хорооны газар хэлтсийн эрх хэмжээтэй гэсэн утгатай үг. Намын төв хэвлэл болсноор намын нарийн бичгийн даргын статустай болж ерөнхий эрхлэгч нь Удирдах зөвлөлийн гишүүн байдаг болсон бөгөөд энэ журам 1990 оны намын Онц их хурлаас хойш 10 жил мөрдөгдсөн байх. 2000 онд Г.Төртогтох эрхлэгчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсоноос хойш тус сонины ерөнхий эрхлэгчийг Намын удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулахгүй болсон тул заримдаа намд харьяалалгүй сөрөг хүчин мэт байдалтай болчихоод байна. Тэр байтугай нам өөрийн үндсэн сонины оронд хувийн сониныг өөриймчлөн дэмжих бодлого хэрэгжүүлж байсан. Харин тэр сонин одоо хаана, хэнтэй нийлж, хэний эсрэг бодлого барьж байгааг хэлж мэдэхгүй юм байна.

Намын сонин нь арилжаа-бизнесийн сонин шиг байж болохгүй. Сенсаац хөөцөлдөж, жудаггүй нийтлэл тавьж, уншигчдыг төөрөлдүүлэх замаар захиалгаа нэмэгдүүлж мөнгөний хойноос хөөцөлдөх эрх намын сонинд байхгүй. Хэрэв тийм авир гаргавал намын удирдах зөвлөл засаж залруулж байх ёстой.

 

Өнөөдөр Монголын өдөр тутмын сонинуудад зах зээл гэдэг хатуу хянагч төлбөрийн акт тавьчихаад байна. Үнээ хямдруул, орон тоогоо цөөл, дотоод зардлаа хэмнэ, нийтлэлээ сайжруул эс тэгвэл дампууруулна гэсэн хатуу шаардлага тавьчихаад байж байна. “Үнэн” сонинд бас ийм шаардлага ирээд байна. Тиймээс сонинуудын захиалга навс унаж байгаа энэ үед нь нам өөрийнхөө сониныг өөд татаж хүнд байдлаас гаргах хэрэгтэй байна.

 

Сониныг дэмжих олон арга байдаг. Наад зах нь “Үнэн” сонины захиалгын үнийг нь мэдэгдэхүйц хямдруулаад дугаар тутамд нь намаас алданг төлөөд сониноо дээш нь гаргаад ирж болно. Хүүгүй зээл өгч болно. Нам сониноо үнэхээр л эзэн хүн шиг мэддэг, дэмждэг байх нь гол зүйл. Ингэж дэмжвэл наад зах нь сонины ажилтнуудын цалин хангамж эрхбиш дээшлээд, чадалтай сайн сэтгүүлчдийг шилж ажиллуулах боломж бүрдэнэ. Энэ цагт сонины нийтлэлийн чанар эрс сайжирна. Сайн сэтгүүлчидгүйгээр сайн сонин гаргана гэвэл бүтэхгүй. “Үнэн” сонин гэсэн зөвхөн ганц энэ нэр нь хүртэл тэрбумаар яригдах асар их үнэ цэнтэй капитал гэдгийг бодож үзээрэй. “Үнэн” сонины хамт олныг намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, удирдах зөвлөл тусгайлан хүлээн авч санал хүсэлтийг нь сонсож арга хэмжээ авах хэрэгтэй юм шиг санагдах боллоо.

Нам өөрийн телевизтэй болох тухай яриа чимээ тасрах шиг боллоо. Төрмандахын хариуцаж байсан студ алга болчихов уу яав. Хятадын коммунист нам тусална гэсэн маань юу болсон бэ? Талийгаач Л.Энэбиш даргын үед нэлээд хүчтэй яриа болж байсан санагдана. Энэ асуудлыг одоо босгож тавих цаг болсон.

Хувийн радио телевиз, хувийн сонин сэтгүүл намд тийм их найдвартай туслагч болж чадахгүй. Хувийн хэвлэл мэдээлэл чинь тэр чигээрээ бизнес учраас дандаа савлаж байдаг. Нэг удаагийн тариур мэт намыг хэрэглэх цагтаа хэрэглээд хөсөр хаяхаа мэднэ. Өөртөө сайн сонин, телевизтэй болчих юм бол нам айх аюулгүй, хэвийн сайн ажиллаж болно.

2. Эдүгээ надад ардчилсан Монгол биш, бухимдан хилэгнэсэн Монгол орон харагдаж байна. Өнөөдөр бол арван хэдэн жилийн өмнө бид бүхний өөрчлөн байгуулалтын үр дүн болгон төсөөлж, сэтгэлийнхээ нүдээр харж байсан тэр гоё сайхан өнөөдөр биш байна.

Олон түмнийг бухимдуулах олон шалтгаан хуримталсан байна. Тэр дундаас хамгийн гол нь ард түмний үнэмлэхүй олонх нь сонголтгүй амьдралын дарангуйлалд нухлагдаж байгаа явдал юм. Би үүнийг сайн мэднэ. Миний бага насны амьдрал үндсэндээ сонголтгүй байсан юм.Өнөөдөр хар морио барьж унах уу. Хээр морио барьж унах уу гэж сонгох боломж байгаагүй. Зөвхөн ямар ч хол газар явах шаардлага гарлаа гэхэд явган явахаас өөр аргагүйгээ мэддэг байсан. Махтай хоол идэх үү, будаатай хоол идэх үү гэсэн сонголт байгаагүй. Хоосон хонох уу, хоол олж идэх үү гэсэн сонголт л байсан.Өнөөдөр ногоон дээлээ өмсөх үү? Гоёлын улаан дээлээ өмсөх үү гэсэн шилэлт байгаагүй. Өнөөх өнгө нь урагдсан хамаатан айлын хүүхдийн өмсөж байгаад манайд илүүчилж өгсөн хуучин цувцаа дээлнээс өөр дээлний тухай бодох боломж байгаагүй. Багш болж албан хаагч болохоос өмнө би ийм л сонголтгүй амьдралтай байсан.Өөрөөр хэлбэл чөлөөт амьдралын эрх чөлөө гээч эрхэм зүйл надад болон тэр үеийн ядуу бүлгийн бүх хүмүүст байгаагүй юм. Өнөөдөр Монголын ард түмний дийлэнх олонх нь ингэж амьдралын эрх чөлөөгүй болсноос бухимдаж байна. Боломжийн амьдралтай нэг нь амьдралын эрх чөлөөгүй болсон олон түмнийг хараад өрөвдөж хайрлахдаа сэтгэл давчдан бухимдаж байна. Тэгэхээр ардчилсан төрийн тогтолцоогоор бий болсон мөнөөх хүний эрх, сонголтын эрх чөлөө маань хаачив?

 

Өнөөдөр үндсэндээ мянга гаруйхан тооны цөөн хэдэн хүн нийгмийн бүх баялгийн 95 хувийг эзэмших болсон байна. Ингэхлээр цаана нь үлдэж байгаа хүн амын ер гаруй хувь нь нийт баялгийн тав орчим хувийн мэдэлтэй хоцорчээ. Энэ бол судалгаагаар гарсан баримт. Өмчгүй хүнд эрх чөлөө байхгүй, өөрийн эрх мэдэл ч байхгүй. Ингэхлээр хүн амын тэн хагас нь сонголтгүй амьдрахад хүрсэн байна. Энэ шударга ёс мөн үү. Биш ээ.

Өнөөдөр улс орон үр ашигтай хөгжих үү эсвэл шударгаар амьдрах уу гэсэн салаа замын уулзварт зогсож байна. Талхаа томруулах уу, байгаа талхаа адилхан хувааж идэх үү. Энэ хоёр бол харамсалтай нь зэрэг шийдвэрлэх боломжгүй юм. Бид үр ашгийн замыг сонгосон. Арван таван жил боллоо. Одоо нийгэм энэ замыг эрс үгүйсгэж байна. Судалгаагаар Монголын эзэд ноёд өндөр хөгжилтэй бусад орны эздээс наад зах нь гуч дахин хурдан баяжиж байна. Энэ сайхан хэрэг. Жирийн хөдөлмөрчид мөн гуч дахин хурдан хоосорч модоо барьж байна. Энэ бол жигшүүртэй муухай хэрэг.

 

Миний санал бол энд дурдсан салаа хоёр замын сонголтын тухай асуудалд намын Удирдах зөвлөл болон намын бодлогын хороо анхаарлаа хандуулж шинэ бодлого боловсруулаач гэж хүсэх гэсэн юм. Өнөөдөртөө шударга ёс нь чухал уу, үр ашиг нь чухал уу гэдгийг сонгох хэрэгтэй.

 

 

 

Миний бодлоор юу хийх хэрэгтэй вэ? Юуны өмнө “Хар хуулиудаа” цагаан болгох хэрэгтэй байна. Хар хууль гэдэг нь хар мөртэй хууль гэсэн үг. Хар мөртэй хууль гэдэг нь ажилгүйдэл, ядуурлыг бий болгож ямарч гэм үйлдээгүй олон мянган хүн өлсөж даарч, цагаасаа өмнө үхэж үрэгдэж, эх хүүхэд өнчирч, монгол хүн монгол нутгаас гадаадынханд хөөгдөхөд хүргэж байгаа хуулиуд юм. Тийм хар хуулийн бүхэл систем үйлчилж байгаа юм. Захаас нь нэрлэвэл Өмч хувьчлалын. Ашигт малтмалын, гадаадын хөрөнгө оруулалтын, үнэ чөлөөлөлтийн, бас цалин тэтгэврийн хууль ч хар мөртэй байгаа. Зээлийн хүүгийн бодлого ч цагаан мөртэй биш байна.

Хар мөртэй хуулиудаа нэн дариу буяны цагаан мөртэй хууль болгон өөрчлөхөд МАН манлайлан оролцож ард түмний итгэл олж авахыг санал болгож байна. Гаргаж болсон хуулийг засварлаж бас болно. Хуулийн хүчээр ядуурлыг бий болгосон нь үнэн юм чинь бас хуулийн хүчээр ядуурлаас гаргаж болох учиртай.

 

3. Нийгэмд бухимдал бий болж төр засгийг эсэргүүцсэн чиглэлтэй янз бүрийн нэртэй хөдөлгөөнүүд бий болж байгааг дахин хэлье. Эдгээрийг зөвхөн нэр төр, албан тушаал хөөцөлдсөн цөөн хүний хийрхэл мэтээр үнэлэх нь хожим засаж залруулах аргагүй алдаанд хүргэж болзошгүй. Сүүлийн үед нийгмийг бослогод илэрхий уриалж байна. Цусгүй бослого гэж байхгүй л дээ. Цус урсгахыг юман чинээнд бодохгүй тийм айхавтар, аймаар хөөрөгдөл бий болох гээд байгаа юм биш үү. Удахгүй багш, эмч нарын ажил хаялт бэлтгэгдэж эхэлсэн байна.

Нам маань нэг жигүүртэй болсон. Цаашид бас жигүүр хөдөлгөөнүүд гарах төлөв ажиглагдаж байна. Дур зоргоор гарч ирж байгаа юм шиг ойлгож болохгүй. Бодит нөхцөл байдлын эрхшээл цаана нь байгаа.

Шинэ эргэлт хөдөлгөөн нэрээр хэсэг нөхөд гараад ирлээ. Бас МАН-ын онц их хурал зарлан хуралдуулж одоогийн намын удирдлагыг авч хаях тухай яриа чих дэлсэх боллоо. Ерөнхийдөө бол 1990 оныг санагдуулж байна.

Би засгийн газраа огцруулж, УИХ-ыг тараагаад өгөөч гэж санал тавихгүй. Энэ бүтцээрээ ажиллана уу, шинэ бүтэц бий болгодогсон уу зөвхөн ард түмний хүсэн хүлээлтийг шуурхай мэдэрч үзэгдэж харагдтал нь өөрчлөлт хийж нийгмийн бухимдлыг намжааж өгөөч гэж хүсэлт тавьж байна. Манай нийгэм хяналтаас гарчих вий гэдгийг санаарай гэж захиж хэлье.

 

Хорлоогийн ЦЭВЛЭЭ

/Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч/

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)