Дэм дэмэндээ амьдрахад сахилга хариуцлага чухал

Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр сургуулийн өмнөх сургалт, хүмүүжлийн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлсэн. Монгол Улс дотооддоо “COVID-19” -ийн халдварыг алдаагүй ганц улс хэмээн тэмдэглэгдэж байгаагийн дээр бага насны хүүхдүүдээ гэртээ асарч, хөдөлмөрлөх боломжоо хязгаарлуулж байсан эцэг, эх, асран хамгаалагчдад энэ нь сайн мэдээ боллоо.

 

Гэвч хорио цээрийн дэглэмийг зөөлрүүлж, жирийн горимд шилжүүлсэн эхний өдөр зарим хүн цөөнгүй хүндрэл бэрхшээлтэй тулгарсныг сошиал орчин, нийтийн сүлжээнээс харж болохоор байна. Учир нь, төсвийн байгууллагын ихэнх цэцэрлэг 08.00-09.00 цагт хүүхдүүдийг хүлээж авах хуваарьтай боловч зарим багш, хүмүүжүүлэгчийн хариуцлагагүй байдлаас шалтгаалж эцэг эхчүүд хүүхдүүдээ цэцэрлэгийн гадаа харгалзан зогсож, багагүй хугацааг алджээ.

 

Дээр нь “гараас гарт” зарчмаар хүүхдээ багшид нь хүлээлгэн өгөхөөс аргагүй бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд ажил албанаасаа хоцроход хүрсэн байна. Ялангуяа 08.30 цагт ажил алба нь цугладаг төрийн болон төсвийн байгууллагын ажилтан, ажилчдад ийм явдал олонтаа тохиолджээ. Тиймээс ирэх сарын 1-нээс ажил цуглах хугацааг өвөл цагийн хуваарьт шилжүүлэхдээ 09.00 цаг болгох шаардлагатай мэт санагдана.

Нөгөө талаар тэдгээрийн ард олон арав, зуун хүний эрх ашиг хөндөгдөж байгаад анхаарал хандуулж, цэцэрлэгийн багш, хүмүүжүүлэгчид ажлаа хуваарийн дагуу явуулж хэвших нь хаана хаанаа хэрэгтэйг мартаж боломгүй.

Цахим бүртгэлээр цэцэрлэгт хамрагдах “азын эрх”-тэй болсон хүүхдүүд, тэдгээрийн эцэг эхэд хатуурхах хандлага хэнд ч байх ёсгүй. Түүний цаана хувь хүний ажлын цаг алдагдах, сахилга хариуцлага тооцогдох гээд олон асуудал ургаж гарах магадлалтай. Үүнийг ажил хөдөлмөр эрхэлж буй хүн бүр ойлгож, дэм дэмэндээ амьдрахад өөрийн хувь нэмрээ оруулах нь чухал билээ.

 

Д.Мөнх

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)