О.Гансайхан: Монголчууд архи даах чадвар муу, архины хамааралд орохдоо амархан гэх судалгаа байдаг

ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн хүнсний инженерчлэлийн сургуулийн ахлах багш, доктор О.Гансайхантай ярилцлаа.


-Манайд үйлдвэрлэгдэж буй цагаан архины найрлагад ямар бодисууд ордог юм бэ. Гол түүхий эд нь юу вэ?

-Монгол Улсад 1924 оноос хойш согтууруулах ундааны үйлдвэрлэл бий болсон. Өмнө нь бид уламжлалт нэрмэл архи хэрэглэдэг байсан. 1924 оноос хойш 36-38 градустай архи манайд нэвтэрсэн байдаг.

Манайд үйлдвэрлэгдэж буй цагаан архины хувьд найрлага түүхий эд нь ус, спиртнээс тогтдог. Хажуугаар нь амт үнэрийг онцлог болгох, эмчилгээний ач холбогдолтой болгох зорилгоор жимсний охь, өвс, ургамлын ханд зэргийг нэмж өгдөг. Зүрх судасны үйл ажиллагааг дэмжих үйлчилгээтэй алтангагнууртай архи ч байдаг шүү дээ.

Манайд архи үйлдвэрлэх үндсэн технолги нь ус спиртийнхээ холимгийг бэлтгээд нарийн шүүлтүүрээр шүүж савлаж бэлтгэдэг. Нүүрсэн шүүлтүүрээр шүүж архины химийн хольцыг нь багасгаж өгдөг. Өөрөөр хэлбэл, архины хоруу чанарыг багасгаж байна гэсэн үг. Манайд томоохон үйлдвэрүүд буудайнаас гаргаж авсан спиртээ нэрж бэлтгээд архиа гаргаж авч байна.

-Архи согтууруулах ундаа бэлтгэх технологи манайд Оросоос нэвтэрсэн үү. Орос архи манай цагаан архинаас юугаараа ялгаатай байдаг вэ?

-Тийм. Гэхдээ оросууд спиртээ төмс, буудай, эрдэнэшиш зэргээс гаргаж авдаг. Өнөөдөр зарим улс оронд буудайнаас спирт гаргахыг хориглосон байгаа. Буудайгаараа зөвхөн гурилаа бэлтгэх гэсэн санаа шүү дээ. Олон улсад ч спиртээр архи үйлдвэрлэх гэхээс илүү био түлш үйлдвэрлэхэд түлхүү ашиглаж байна.

-Хятад болон япон архинууд түүний түүхий эд манайхаас ямар ялгаатай вэ. Хүний биед үзүүлэх хоруу чанарын тухайд харьцуулсан судалгаа байдаг уу?

-Бусад улс үндэстний архи согтууруулах ундааны бүтээгдэхүүний түүхий эд манайхаас өөр. Хятад болон япончууд архиа бэлтгэхдээ гол төлөв цагаан будаанаас гаргаж авдаг. Японы сакай, Солонгосын сөжү зэрэг архийг бэлтгэхдээ цагаан будаагаа боловсруулж дэвтээгээд нэрмэл гаргаж авдаг. Манайд цагаан архийг варанд дарж боловсруулах технологи байхгүй. Манайхтай харьцуулахад спиртийн агууламж нь ч бага байдаг.

Ажиглаж байхад аливаа улс үндэстэн ямар хүнсний бүтээгдэхүүнээр баялаг байна, түүнийгээ л архи үйлдвэрлэхдээ ашигладаг. Европчууд ногоо тариалдаг, тэр дундаа усан үзэм элбэг тариалдаг учраас түүнийгээ архи дарс бэлтгэхдээ түлхүү ашигладаг. Тухайн улсад ямар хүнсний бүтээгдэхүүнээр баялаг байна, түүгээрээ согтоогч бүтээгдэхүүн гаргаж авдаг уламжлал бий. Манайх цагаан идээгээр баялаг учраас нэрмэл архи гаргаж түлхүү хэрэглэдэг шүү дээ. Үүнтэй ижил.

-Манайд нэг хүнд оногдох архины хэрэглээний хэмжээ их өндөр байдаг. Цагаан архины хоруу чанарын тухайд ямар байдаг вэ?

-Спиртийн өндөр агууламж нь хүний төв мэдрэлийн системд хүчтэй нөлөөлнө. Хэтрүүлж хэрэглэхэд хүний зан авирт хүчтэй нөлөөлдөг. Спиртийн найрлагад орсон альдегиз, сувс гээд өвөрмөц шинж чанарыг бий болгодог зүйлс бий. Тэр хэмжээ хэтрэхээр л архины хоруу чанар өндөр болж байгаа юм. Манайд альдеги, сувс, метилийн спирт зэрэг химийн хольцуудыг багасгахын тулд архины үйлдвэрүүд нүүрсэн шүүлтүүрээр шүүдэг. Манайд энэ тал дээр мөрддөг стандарт ч байдаг. Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрүүд дэргэдээ лабораторитой байдаг. Манайд үйлдвэрлэгдэж буй архи согтууруулах ундааны хоруу чанарыг бусад орнуудынхтой харьцуулахад хоруу чанар, химийн хольц бага гэсэн судалгааг олон удаа харж байсан. Өөрөөр хэлбэл, илүү сайн шүүдэг гэсэн үг. Химийн хольцуудыг багасгадаг гэж ойлгож болно.

-Манайд архины хэрэглээ яагаад ийм өндөр байна вэ. Олон хүн архинд донтох эмгэгтэй байгаагийн цаад шалтгааныг та яаж харж байна. Магадгүй цагаан архинд донтуулагч бодис хольж байна уу гэх хардлага ч иргэдийн дунд байдаг шүү дээ?

-Би эмч биш. Гэхдээ архины дондолт гэдэг бол сэтгэцийн болон зан үйлийн хүрээнд үүсдэг өвчин гэж анагаахын талаас ойлгодог. Тодруулбал, монгол хүний элгэн дэх архи задлах ферменттэй холбоотой. Архийг хүний элгэн дэх алкогольдегидрогеназа, альдегиддегидрогеназа хэмээх хоёр үндсэн фермент шүүж хоргүйжүүлдэг. Харин монгол хүний эдгээр фермент нь европуудаас дөрөв дахин, азиас хоёр дахин сул байдаг гэсэн судалгаа байдаг. Тиймээс бусад орныхтой харьцуулахад монголчууд архи даах чадвар муу, архины хамааралд орохдоо амархан байх магадлалтай гэсэн үг юм.

Ходоодонд орсон архи маш олон ферментийн тусламжтайгаар задлагдаж 80 хувь нь гадагшилж, 20 хувь нь элгэнд очдог. Өөрөөр хэлбэл дутуу задлагдсан хэсэг нь элгэнд хоргүйждэг гэсэн үг. Дээрх ферментүүд цагт 50-80 грамм архийг л шүүдэг.Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд элэг дутуу шүүнэ. Улмаар дутуу шүүгдсэн хор цусанд шингэдэг. Үүнийг ацетальдегид гэдэг.

Угтаа бол архины хор цусанд нэвчих бус гадагшлах ёстой. Байнга хэтрүүлэн хэрэглэх буюу элэгнээс дутуу шүүгдсэн архи цусанд нэвчих үзэгдэл давтагдсан тохиолдолд өвчин үүснэ. Залуус элэгний дутуу задарсан хоронд хордож байна. Ацетальдегид цусанд агуулагдаж цаашлаад дотор эрхтнүүдийг гэмтээнэ. Үүн дотроос тархийг хамгийн ихээр дарангуйлж өвчлүүлдэг.

Хүчтэй согтоогч ундаанаас залуус татгалзаж, зохистой хэрэглэхэд анхаарах ёстой. Би архи даадаг гэж сагсуурч болохгүй.

Манайх архины донтолттой тэмцэж үйлдвэрлэлийг хязгаарлаж байсан шүү дээ. Түүнийг дагаж сөрөг үр дагавар нь их гарч байсан. Баталгаагүй архи үйлдвэрлэж нууцаар зарж борлуулдаг, түүнд нь хүн хордсон тохилдол гарч байсан шүү дээ. Ийм учраас залуус руу хандаж согтууруулах ундааг зохистой хэрэглэж, хэвшүүлэх тал дээр ухамсарт нь нөлөөлсөн ажил явуулах нь зөв гэж үздэг юм.

-ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургууль хүнсний инженерчлэлийн салбар сургуулийн үйл ажиллагааны талаар танилцуулахгүй юу. Танай сургуулиас ямар мэргэжилтнүүд бэлтгэгдэж гарч байна вэ?

-Хүнсий үйлдвэрлэлийн инженер, технологич, хоол үйлдвэрлэлийн инженер технологич, хүнсний үйлдвэрийн машин аппарат мэргэжилтнүүдийг бэлтгэдэг. Энэ мэргэжлээр төгссөн хүүхдүүдэд ажлын байр бэлэн байдаг. Наанадаж л Үйлдвэрлэлийн технологийн сургууль төгссөн хүүхэд тасалсан гурилын цех ажиллуулаад л явах боломжтой. Богино хугацаанд зах зээлтэй болж өөрийн байр сууриа эзэлж, зардал зарлагаа нөхөх боломжтой салбар. Хүн хамгийн түрүүнд хоол хүнсээ л чухалчилдаг цаг ирсэн. Баталгаатай хоол хүнс эрүүл амьдралын баталгаа болсон шүү дээ.

О.Дашням

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)