Хилийн цэргийн тухай шинэхэн бодол

1982 оны зун Дорноговь, Сүхбаатар аймгийн хилийн участкаар (Хилийн цэргийн 12 ба 17-р отрядын хариуцсан хэсэг) аялаж, Монгол-Хятадын хил хамтран шалгах их ажлыг нугалалцсан нэг хүний хувьд энэ талаар дуугүй сууж чадсангүй үзэг цаасаа нийлүүллээ. Хүлцэн уншиж, ажил хэрэг болгох саналуудыг маань анхааралдаа авна уу хэмээн эрх бүхий нөхдөөс хүсэх байна.

Монгол-Хятадын хилийн тухай түүх сөхвөл Ю.Цэдэнбал тэргүүтэй Монголын төлөөлөгчид Хятадад айлчлах үеэр хоёр орны хилийн гэрээнд Ю.Цэдэнбал, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Жоу Эньлай нар 1962.12.26-нд гарын үсэг зурж, гэрээний батламжийг 1963.03.25-нд Улаанбаатар хотноо солилцож, улмаар уг гэрээг 1975.10.05-нд НҮБ-д бүртгүүлснээр манай улсын өмнөд хил олон улсын хэмжээнд баталгаажсан байдаг юм билээ. 

Гэрээний дагуу хилийн шугамаа 1963 онд тогтоогоод дөнгөж дуустал Хятадын “Соёлын хувьсгал” дэгдээд хил манатай юм боллоо. Тэгж тэгж 20 жилийн дараа хамтарч хилээ шалгах, тодотгох тохиролцоонд хүрч, Монгол-Хятадын хил шалгах ажил хийгдэх сураг 1982 оны хавар дуулдан, тэр ажилд дайчлагдан оролцох хувь надад тохиосон юм. 

Дайчлагдсан албаны хүмүүс болох бид Хилийн ба дотоодын цэргийн штабт цугларчхэд хоног семинардаж, хятад хэлний хичээл хийж, улмаар Монгол-Хятадын хил шалгах 6-р салбар комиссын 12-ражлын хэсгийн орчуулагчаар томилогдож, 1982.05.30-наас 1982.12.31-нийг хүртэл хүчинтэй тусгай үнэмлэх шийтгэн олгуулж байв. 

Ингээд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан дахь Хилийн цэргийн отрядад манай 6-р салбар комисс байрлах тул тийшээ очиж газар орон дээр семинардав. Дахин 10-аад хоног семинардаад 5 дугаар сарын сүүлчээр ажиллах участка руугаа салж явцгаав. Манай хэсгийн үүрэг бол энэ 17, 12-р отрядын хариуцдаг 397 км 47 метр урт хилийн шугамын дагуухи 344-403 дугаар хилийн тэмдэгтүүдийг баруунаас зүүн тийш ажиллах дэс дарааллаар шалгаж геодезийн үүднээс баталгаажуулж, шинээр нэмэлт тэмдэгт босгох, тэдгээрт холбоос авах, холбоосуудыг шалгах, хуучин 1960-аад оны тэр тэмдэгтүүдийг сэлбэх, хилийн шугамыг тодотгон, зарим газар тогтоох явдал байлаа. 

Хилийн цэргийн тухай шинэхэн бодол

Хил шалгах ажил маань Дорноговийн өмнөд хил дээр 1982.06.06-ны өглөө 09.00 цагт хилийн 344 дүгээр багана дээрээс эхэллээ. Бид хилийн ажлаа бүрэн дуусгаад ажлаа Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан дахь хилийн отряд дээр салбар комисстоо хүлээлгэж өгөөд 1982 оны 10 дугаар сарын сүүлээр төрөлх хотдоо эргэн ирж билээ. Хил шалгах ажилд сайн зүтгэлээ гэж намайг НАХЯ-ны Сайдын сайшаалын үнэмлэхээр шагнуулав. Түүн дээр хурандаа генерал С.Лувсангомбо гэсэн гарын үсэг бий. 

Хилийн цэргийн амьдралыг гадарладаг болсон түүхээс дээр цухас дурдлаа. Монгол-Хятадын хил шалгах хэлэлцээнд оролцож явсных зун намрын 7 сарыг хил дээр өнгөрүүлж, хилчидтэй нөхөрлөж, заставуудаар байрлаж, дэмжүүлж туслуулж, хамгаалуулж, үйлчлүүлж явснаа өнөөдөр эргэн дурсахад нэн таатай байна. 1982 оноос хойш би улсын хил дээр дахин очоогүй явсаар 2018 оныг хүргэсэн юмсан. Харин 2018 оны зун тэрхүү түүхэн дурсамжаа сэргээлээ. Бид Дорнод аймаг дахь Аршаан-Нөмрөгийн хилийн боомтоор эх орныхоо зүүн хязгаар руу нэвтэрлээ. Эх орныхоо хамгийн зүүн хязгаарт орших алдар түүхт Нөмрөгийн гол-Нөмрөгийн заставт Ардын хувьсгалын 97 жилийн ойн ид үеэр зочиллоо. Машины хамар давсан өтгөн, өндөр өвсөн дунд цаашаа явах газар байхгүй гэтэл нь явлаа. Онгон зэрлэг ориг байгаль чухам тэнд л байгаа юм шиг сэтгэгдэл төрөв. Оройдоо шумуул нь л гэхгүй бол тэнд хэдэн өдөр ч байгаад байхаар санагдаж байв.

1995 онд шиг санагдаж байна. Би төвийн өдөр тутмын гол сонинд (“Ардын эрх”) зэвсэгт хүчний шинэчлэлийн тухай өгүүлэл бичиж нийтлүүлэн нэг хэсэг сенсаац дэгдээв. Түүндээ зэвсэгт хүчнийг НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд оролцуулах тухай, Монгол цэрэг Африкт алба хааж болох тухай, хилийн цэргийг социализмын үеийн хүнд суртлын нэр хаягнаас нь салгаж “Үндэсний гварди” гэж нэрлэх тухай, ерөөсөө Монголын зэвсэгт хүчнийг дэлхийд гаргах тухай элдэв санаа дэвшүүлж бичсэн байв. Нийтлэл маань албаны нөхдийн сонорт хүрэх нь хүрсэн. БХЯ дээр халуун яриа өрнөж намайг ширүүн шүүмжилж, цалингаа тавьж чадахгүй байхад юун Африкт цэрэг илгээх вэ гэж ирээд л зарим нэг генерал загнаж зүхсэн дуулддаг.

Зэвсэгт хүчнийг НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд оролцуулаад ид гялалзаж явсан 2009 онд би Каирт Элчин сайдын албан хашиж байхдаа УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга З.Энхболдруу утас цохиж, “Зэвсэгт хүчин гэчихээд ганцхан БХЯ-ны харьяа цэрэг дарга нар гадаадад албан хаагаад байна. Цагдаа, хилийн цэрэг, онцгой байдлынхныг хамруулаач. Энд курсэд ирсэн цагдаагийн хэсэг офицер ЭСЯ-нд ирчихээд энэ асуудлыг надад тавьж байна” хэмээн ярьж ятгаж байв. Миний оролцоо гэж шууд хэлэх гээгүй ч би бас үг хэлээ хурцалж явсан шүү гэдгийг өнөөдөр Африкт, Өмнөд Суданд албан хашиж яваа хилийн цэрэг, цагдаа, онцгой байдлын албан хаагчдад дуулгаж байгаа санаа нь энэ юм.

“Хилийн цэрэг” гэдэг нэрнээс татгалзуулах, “Үндэсний гварди” гэж нэрлэх тухай хорин хэдэн жилийн тэртээх санал маань хэвээрээ байна. “Хилийн цагдаагийн алба” гэчихсэн ч нэг хэсэгтээ болох мэт. Цэрэгжсэн иргэний байгууллагаар хил хязгаараа мануулах, хилийн менежментээ хийлгэх тухай санаа сэдэл бас байж болно. Хилийн цэрэг гэж байлдааны том үүрэг бүхий ерөнхий цэргийн мото-буудлагын хороо шиг том анги салбар өнөөдөр яг хэрэгтэй юү, алалдах дайсан чинь хэн бэ, хэнтэй юуны төлөө тулалдахаар зэхэж байгаа вэ гэдгээ ч эргэж нэг харах нь зүйн хэрэг мэт бодогдоно. 

Өнөө цагт манай эх орны хил дээр маргаантай асуудал гэж байхгүй. Хоёр их хөрштэйгээ иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай, хамгийн ихээр итгэлцсэн хил гэвэл бусад улс орнуудтай харьцуулахад манай Монголын л хил байна. Зэвсэг агсах нь ахуйн элдэв зөрчил, гэмт явдалтай тэмцэхэд л зориулагдана. 

Нэгэнт энх тайванч, харилцан итгэлцсэн хил юм бол морь тэмээт хилчин, хилийн харуул, пост, мөрч нохой гэх мэтээ эргэж нэг авч үзэж болох мэт санагдана. Орчин үеийн технологийн дэвшлийг хилд ашиглах, дроноор хилээ хянах, дохиоллын элдэв олон төрлийн техник тоног төхөөрөмж ашиглах, цаашлаад цэргээ цомхотгох, илүү зардлыг танах, хэмнэлт гаргах нь цаг үеийн чухал асуудал байж болно. Эх орны эдийн засагт дарамт учруулахгүйгээр шийдчихэж болох боломж асар их байна. 

Дан хилээр явж явж тэтгэвэрт гардаг, үр хүүхэд нь тогтсон сургуульгүй, гэр орон нь цэгцрээгүй, эхнэр нь ажил мэргэжилгүй, өөрөө баахан одон медалиас өөр юмгүй, жааз дүүрэг зурагтай үлддэгийг өөрчлөх, болиулах хэрэгтэй. Орчин үеийн энэ цаг үед нь тохируулж, залуучуудын хүслийг бадраах, татан дагуулах тийм тэргүүний салбар болгомоор санагдана. 

Хилийн цэргээ “Үндэсний гварди” болгоод дан шигшмэл эрчүүдээр алба хаалгах, хамгийн орчин үеийн техник бүхий, хамгийн өндөр цалинтай зэвсэгт хүчний элит салбар болгоход болохгүй гэх газаргүй. 

Орос, Хятадын хилийн албадын туршлагыг судлан нэвтрүүлэх нь зүй ёсны байх. Гэлээ гээд АНУ, Өрнөд Европын хилийн албадаас шууд хуулчихаж болох тэргүүний туршлага, жишиг, сургамжийг байнга судлан дэлгэрүүлэх хэрэгтэй болов уу.

Нэг үгээр хилийн цэрэг ба хилчдийг өөд нь татах, манай нийгмийн тэргүүний хэсэг болгох гэсэн ядмаг санаагаа ийнхүү буулгав. Хэлэлцэн шүүж, хэрэгтэйг нь авна уу.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)