Шаардлага хангасан сүү нийлүүлбэл урамшуулал олгоно

Засгийн газрын ээлжит өнөөдрийн хуралдаанаар сүү боловсруулах үйлдвэр, цехэд шаардлагад нийцсэн түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд мөнгөн урамшуулал олгох түр журмыг батлав. Сүүний урамшууллыг татварын цахим төлбөрийн баримтын системийг түшиглэн 2020 оны 11, 12 дугаар сард олгож эхлэх бөгөөд 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл үргэлжлүүлэх юм.

Ингэснээр өвлийн улиралд сүү нийлүүлэлтийн хэмжээ нэмэгдэж, бэлтгэн нийлүүлэлтийн оновчтой тогтолцоо бүрдэнэ гэж үзэж байна. Мөн импортыг орлох үйлдвэрлэл нэмэгдэн, сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг дотооддоо тогтвортой, хүртээмжтэй хангах нөхцөл, боломж бий болно гэж тооцоолжээ. Улсын хэмжээнд сүү, сүүн бүтээгдэхүүний 204 үйлдвэр, цех, хөргөлтийн 77 төв үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 1680 хүн ажиллаж байна.

Энэ салбар жилдээ 470 мянга гаруй тонн сүү боловсруулах хүчин чадалтай ч 35 хувийг нь л ашигладаг. Энэ нь сүү бэлтгэл улирлын хамааралтай боловч нөгөө талаас бэлтгэн нийлүүлэх тогтолцоо бүрдээгүйтэй холбоотой гэж болно.

Өвлийн улиралд хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг хангахад 27 сая литр сүү шаардлагатай ч 16.8 сая литрийг л нийлүүлж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)