Х.Батсуурь: Импортын бараа бүтээгдэхүүнд тав бус 20 хувийн татвар тогтоож нэмэх ёстой

Монгол Улс импортоос хэт хамааралтай байна. Ялангуяа, дотоодод бүрэн үйлдвэрлэх боломжтой хүнс болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг гаднаас их хэмжээгээр авч байгаа үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хориг саад болоод зогсохгүй валютын ханшийг нэмэгдүүлэх нэг түлхэц болж байна. Энэ талаар эдийн засагч Х.Батсуурьтай ярилцлаа.


-Манай улс импортын бараа бүтээгдэхүүний хувьд гадны улс орноос хэт хараат болчихоод байгаа нь төрийн ямар бодлогын алдаанаас үүдэлтэй вэ?

-Аль ч улс оронд нийгэм, эдийн засгийн стратеги суурь бодлого гэж байдаг. Гэтэл энэ байдал манайд үндсэндээ алдагдчихсан. Нийгэм, эдийн засгийн суурь стратеги нь үндэсний аюулгүй байдлын бодлогыг агуулж байдаг. Тэгэхээр үндэсний аюулгүй байдал алдагдчихаад байна гэсэн үг. Үүний нэг чухал бүрэлдэхүүн хэсэг нь эдийн засгийн аюулгүй байдлын бодлого юм. Энэ бодлого 1990 оноос хойш Монгол Улсад бүрмөсөн алдагдсан гэж хэлж болно. Эдийн засаг талаасаа Монгол Улс тодорхой нэг бүтээгдэхүүн болоод нөгөө талдаа ганцхан улсаас бүрэн хараат болчихсон байгаа. Орчин үеийн нийгмийн болоод улсын хөгжлийн чиг бодлогыг аваад үзэх юм бол томоохон улс гүрнүүдийн түрэмгийлэх бодлого байсаар байна. Ер нь цаашид ч байсаар байх болно. Гэхдээ түрэмгийлэх хандлага бага зэрэг өөрчлөгдсөн. Юун дээр вэ гэвэл хэрэгжүүлэлтийн хувьд юм. Өөрөөр хэлбэл, эрт цагт дайн тулаанаар бага буурай улс гүрнүүдийг эзлэн түрэмгийлдэг байсан бол одоо эдийн засгийн бодлогоороо өөрөөсөө хараат байлгах замаар хөгжил буурай орнуудыг эзлэн түрэмгийлж байна гэж хэлж болно. Манай улс яг энэ нөхцөл байдалд орчихоод байна. Нэг үгээр бол БНХАУ-ын бүрэн хараат байдалд орчихсон. Үүний нэг тод илрэл нь нийт экспортын барааны 90 хувь БНХАУ руу явж байна. Экспорт улсын эдийн засагт маш чухал ач холбогдолтой. Яагаад гэвэл валют олж ирдэг гол урсгал шүү дээ. Энэ талаараа бол хараат байдалд орчихжээ. Тийм учраас манай улс суурь хэрэгцээний бүтээгдэхүүнүүдийнхээ хувьд хараат бус бие даасан байдалтай байх юм бол эдийн засгийн аюулгүй байдал хангагдах үндсэн нөхцөл бүрэлдэнэ. Суурь хэрэгцээ гэдэгт хүнс, цахилгаан эрчим хүч, нефть гэх мэт хэрэглээний бүтээгдэхүүнүүд ордог. Гэтэл энэ бүх зүйл гадны хараат болчихсон. 1990-ээд оноос өмнө энэ байдлыг харьцангуй сайн хадгалж чадаж байсан. Дотоодын суурь хэрэгцээгээ 100 хувь биш юм аа гэхэд 80-90 хувийг нь Монгол Улс дотоодоосоо хангаж байх ёстой. Суурь хэрэгцээнээс гадна бүтээгдэхүүнүүдийг импортоор оруулж ирж болно. Хамгийн гол нь ямар нэгэн байдлаар хил хаагдахад эсвэл улс төрийн хориг, байгалийн гамшиг тохиолдлоо гэж бодоход суурь хэрэгцээний бүтээгдэхүүнүүдээ дотоодоосоо бүрэн хангах чадамжтай байх ёстой. Энэ бол эдийн засгийн аюулгүй байдал. Ингэж чадаж байж бид улс төрийн аюулгүй байдал, тусгаар тогтнол, бие даасан улс гүрнийхээ статусыг хадгалж чадна. Гэтэл энэ бүх зүйл өнөөдөр алдагдчихаад байна.

-Импортын бараагаар хэрэгцээгээ хангаад байгаа нь дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хэрхэн саад болж байна вэ?

-Саад болоохоор барах уу, валютаа устгачихсан. Архив ухаж үзэхэд 1989 оны байдлаар манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 35 хувийг эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эзэлдэг байсан байгаа юм. Өнөөдөр эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 4-8 хувь байна. 35 хувиас ингэж буурна гэдэг гамшиг шүү дээ. Үүнийг ардчилал нэрээр гарч ирсэн гадны гар хөлүүд буюу одоогийн эрх баригч хоёр нам устгасан. Цогцоороо хөгжиж байсан үйлдвэрлэл буюу мэргэшсэн боловсон хүчин, технологи, чадварлаг ажилчид, түүхий эд боловсруулах дамжлагуудыг юу ч үгүй устгасан. Үүний улмаас л эдийн засгийн тусгаар байдлаа алдах нөхцөл болсон. Өнөөдөр зөвхөн түүхий эд гаргадаг л улс болж хувирсан. Дээрээс нь эдийн засгийн үндсэн зүтгүүр хүч болсон мал аж ахуйгаа бас орхичихсон. Уул уурхай руу ороод түүнийхээ түүхий эдийг л урагш нь гаргаж байна. Үүнийгээ эдийн засаг гэж яриад байгаа хэдий ч энэ бол эдийн засаг биш юм. Яах вэ эхний таваас арван жил ийм эдийн засагтай байж болно. Учир нь капитал хуримтлуулах шаардлагатай байж болно, үүнийг бол хүлээн зөвшөөрч байна. Гэтэл 20 жил болчихоод байхад капитал хуримтлагдсангүй. Уул уурхайгаас асар их валют олж байгаа мөртлөө тэр валют нь Монголд орж ирэхгүй байна. Хувь хүн бүлэглэлийн халаасанд ороод, гадаадад оффшорт үлдчихээд байна.

-Гаднаас бараа бүтээгдэхүүн оруулж байгаа нь дотоодын валютын нөөц буурахад нөлөөлж, цаашлаад төгрөгийн ханш сулрах эрсдэл үүсгэж байна?

-Манай улсын валютын нөөцийг бүрдүүлж байгаа эх үүсвэр нь экспорт гэхээсээ илүүтэй зээл байдаг. Экспортоос орж ирдэг тэр орлого хаана байна. Томоохон уул уурхайнуудыг дагаад бүтээн байгуулалт хийгдэж, төмөр замууд тавьж байна. Энэ бол нэг талаар том дэвшил мөн. Харамсалтай нь тэр их гадагшаа гарч байгаа доллараас чинь орж ирж байгаа нь хаана байна вэ.Ер нь сүүлийн таваас арван жилийн байдлаас харахад манай улс гадаад валютын нөөцөө алтаа ухаж л бүрдүүлж байна. Хоёрдугаарт гаднаас орж ирсэн зээлийн мөнгөөр бүрдүүлж байна. Тэгэхээр энэ бол эдийн засгийн гамшиг, эдийн засгийн гаж тогтолцоо юм. Одоо Монгол Улс хар жагсаалтад орчихлоо. Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын байгууллага /FATF/ -аас манай улсыг саарал жагсаалтанд оруулчихсан. FATF-ын судалгаанд үндэслээд Европын холбоо Монгол Улсыг хар жагсаалтанд оруулсан. Наймдугаар сард оруулах гэж байсан ч Ковид-19 дэлхий даяар дэгдсэнтэй холбоотойгоор аравдугаар сарын нэгэн болгож сунгасан. Одоо нэгнээс эхлээд эдийн засгийн хориг арга хэмжээнүүд авч эхэлнэ. FATF судалгаагаар ямар дүгнэлт гаргасан бэ гэхээр “Монгол Улсын банк санхүүгийн тогтолцоо нь мөнгө угаадаг гаж тогтолцоотой, авлигад идэгдсэн байна” гэсэн дүгнэлт гарсан учраас саарал жагсаалтаас хар руу орох ёстой гэж үзсэн. Харин бид хар жагсаалтанд орох ёсгүй гэж үзээд, тэр хүмүүсийг энэ сард өөрсдийн биеэр ирж гаргасан дүгнэлтээ үнэн эсэхийг баталгаажуулж өгөөч ээ гэдэг хүсэлт явуулсан.

-Импортын бараа бүтээгдэхүүнийг хязгаарлаж, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд бодлогын том дэмжлэг хэрэгтэй гэж байна. Энэ талаар таны бодол?

-Дотоодод үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнүүдээ хамгаалъя, үйлдвэрлэлээ хөгжүүлж өөрсдийн хэрэгцээгээ хангая гэж маш их ярьдаг. Ерөнхий сайд тийм бодлого явуулах ёстой гэж олон түмэнд зарласан ч Сангийн сайд нь тэс өөр зүйлийг хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл импортын тал дээр Ерөнхий сайдын хэлснийг хэрэгжүүлэх бодлого огт хийхгүй тэс өөр бодлого хэрэгжүүлээд байгаа нь тодорхой харагдаж байгаа.Тэгэхээр энэ нь үе үеийн Засгийн газрын ярьдаг бодлого байсан боловч харамсалтай нь хэрэгжээгүй. Хил гаалийн бодлого гэдэг бол эдийн засгийг залуурдаж явах асар том залууруудын нэг нь байхгүй юу. Гаалийн бодлогоороо бид дотоодын үйлдвэрлэлээ хамгаална, төсвийнхөө орлогыг нэмэгдүүлнэ. Тэгэхээр гаалийн бодлого гэдэг бол маш чухал. Харин манайх үүнийг хэрэгжүүлэхгүйгээр гаж тогтолцоогоор явж байгаа .Үүний цаана юу байна вэ гэвэл 1998 онд М.Энхсайхан гэж хүн Ерөнхий сайд байхдаа Монгол Улсын гадаад худалдааны тавтарыг “тэглэсэн”. Энэ бол үнэхээр буруу бодлого байсан. Үүнийг гадны бодлогоор л хийсэн. Гэтэл Монголд дэлхийн гурван том институц өрсөлдөж байсан. Дэлхийн банк, ОУВС нөгөө талдаа НҮБ ороод ирсэн. Дэлхийн банк, ОУВС-ын бодлогоор л гаалийн татварыг тэглэчихсэн байгаа юм. Үүгээр нь манайх хоёр жил яваад сүйрэлдээ хүрсэн. Монгол Улсын эдийн засаг бараг долоо дахин унасан байдаг юм. Харин НҮБ “Гаалийн татварыг тэглэснээр төсвийн орлогын нэгээхэн хэсгийг бүрдүүлэгч орлогоо нураасан байна. Нөгөө талдаа дотоодын үйлдвэрлэл чинь сөнөлөө. БНХАУ-ын түүхий эд ороод ирлээ. Экспортын бүтээгдэхүүний төмрийн хогонд бүх үйлдвэрийнхээ тоног төхөөрөмжийг ачаад явуулчихсан байна. Ийм зүйл байж болохгүй” гэж хэлээд ядаж татвараа таван хувь болгох зөвлөмж өгсөн. Ингээд ОУВС болон манай улсын Засгийн газрын төлөөлөгч нар нөгөө талдаа НҮБ-ын хөгжлийн бодлогын зөвлөхүүд хоорондоо ярилцаад таван хувь болгосон. Нөгөө талаас харахад Монгол Улсын асуудлыг зүгээр л нэг олон улсын байгууллагууд ирээд шийдэж байгаа биз. Ингээд бүх импортын бүтээгдэхүүнүүдийн татварыг хавтгайрсан таван хувь болгосон. Бүх бараа ямар ч ялгаа байхгүй таван хувь байна гэдэг чинь гутамшиг. Тэг байснаас дээр хэдий ч ямар ч эдийн засгийн бодлогогүй, өөрсдийн толгойгүй, хүний үгээр явдаг Засгийн газар ажилаж байсны л томоохон илрэл мөн. Одоо ч ерөнхийдөө тэр Засгийн газар явж байгаа шинжтэй байна. Яагаад гэвэл импортын татварын таван хувийн бодлого одоо ч хэвээрээ байгаа шүү дээ. 2000 оноос хойш одоог хүртэл хорин жил энэ бодлогоор явж байна гэсэн үг. Эцсийн эцэст Монгол Улс өөрийн гэсэн толгойгүй, эдийн засгийн бодлогогүй зөвхөн гадны хүмүүсийн заавраар ажиллаж байгаагийн тод илрэл мөн.

-Дотоодын үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийн тулд импортын бараа бүтээгдэхүүний татварыг нэмэх нь зүйтэй юу?

-Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн учраас Монгол Улс татвараа нэмж болдоггүй юм гэсэн худал тайлбараар зарим нэг эдийн засагч нэртэй хүмүүс ард түмнийхээ тархийг угаадаг. Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагад 1997 онд элссэн, гишүүн нь үнэн.Гэхдээ энэ нь татвараа тэг болго гэсэн үг огтхон ч биш. Ингэж юмыг гуйвуулж худал ярьж, огт болохгүй. Дэлхийн худалдааны байгууллага татвар бууруулах, худалдааг чөлөөтэй байлгах гэсэн үндсэн зорилготой нь ч үнэн. Гэхдээ тэглэ гэсэн үг тэнд ердөө ч байхгүй. Харин ч хөгжиж буй орнуудад тодорхой боломжуудыг олгодог. Татвараа харьцангуй өндөр байлгах, дотоод эдийн засгаа хамгаалах гэсэн хуулийн нөхцөл бүрдүүлээд өгчихсөн байгаа. Гэтэл манайх үүнийг ашиглахгүй байна. Манайх хөгжиж байгаа орны статустай учраас 17-20 хувийн хил гаалийн татвар тогтоох бүрэн боломжтой. Үүнийг бид нэн даруй ашиглах ёстой. Ашиглахгүй байгаа нь улсынхаа эдийн засгийг зориудаар унагах бодлого явуулаад байна уу гэсэн хардлага төрүүлдэг. “Дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэхгүй байх,зөвхөн уул уурхайн түүхий эд БНХАУ руу зөөдөг л байх буюу 100 хувийн хараат эдийн засагтай улс болгох ” гэсэн бодлогыг сүүлийн 30 жил төр барьж байгаа нөхдүүд хийж байна гэж би хардаг. 17-20 хувийн татварыг бид тодорхой бүтээгдэхүүнүүд дээр тавьж, одоо үүнийгээ хэрэгжүүлэх хэрэгтэй. Дэлхийн худалдааны гишүүн орныхоо хувьд улс болгонтой гэрээ хийх ёстой. Японтой нэг гэрээ хийсэн. Гэхдээ тэр бол маш муу гэрээ. Тэр гэрээ нь гадаад худалдааны бодлого зонхилсон гэрээ байсан. Түүн дээр Япон манайхыг ашигласан буюу хуучин машинууд манай улс руу оруулахдаа дөрвөөс таван жилийн хугацаанд татварыг нь тэглэсэн. Нөгөө таван хувийн татварыг л тэглэж байгаа хэрэг л дээ. Энэ бол үндсэндээ манайд алдагдалтай гэрээ болсон. Гэхдээ үүнийг ахиж судалж үзэх ёстой. Тухайн гэрээнд Япон улс манайд тодорхой боломжуудыг олгосон байдаг. Дэлхийн стандартад нийцсэн бүтээгдэхүүнүүд оруулахад татваргүй байхаар тусгасан байдаг. Гэхдээ тэрийг нь бид ашиглаж чадах уу, үгүй юу гэдэг асуудал бас байгаа. Одоохондоо бол ашиглаж чадахгүй байна. Магадгүй тэд манайхыг ашиглаж чадахгүйг нь мэдээд тэг хувийн татвар тавьсан ч байж болох л доо. Манайх өнөөдөр дотооддоо үйлдвэрлэл эрхлэх чадваргүй зөвхөн хэрэглээний улс болсон. Гар утас хэрэглэж байна л гээд онгироод байдаг. Энэ чинь зөвхөн хэрэглээ. Уурхайгаа зараад алтан гар утас ч барьж болно. Гэтэл энэ чинь эдийн засаг хүчирхэг байгааг харуулах зүйл огт биш. Хэрэглэгч төдий амьтан гэдгийг л харуулж байгаа юм. Харин бид өөрсдөө ямар нэгэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ёстойг ойлгож байж эдийн засгийн мөн чанарыг ойлгоно. Зөвхөн хэрэглээгээрээ өөрсдийгөө болж байна гэж ойлгох нь өрөөсгөл.

-Дотооддоо бүрэн үйлдвэрлэх боломжтой өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүдийг импортолж байгаад манай зарим үйлдвэрлэгчид бухимдалтай байдаг. Энэ тал дээр юу хэлэх вэ?

-Монополь тогтох гэж нэг асуудал байдаг. Гэхдээ манай аль ч үйлдвэрлэл дотооддоо монополь тогтоох хэмжээнд хүрч чадаагүй. Хэрвээ дотоодын үйлдвэрлэл асар өндөр түвшинд хурдацтай хөгжөөд, чанарын баталгаажуулалт авч дотоод дахь хэрэгцээгээ хангаад эхлэх юм бол яг тийм бүтээгдэхүүнийг гаднаас оруулж ирж өрсөлдөөнийг бий болгох хэрэгтэй. Гэтэл тийм юм манайд байхгүй байна л даа. Ер нь бол гадаад худалдааны татварын бодлогоор дотоодын үйлдвэрлэлээ хамгаална. Жишээ нь Оросоос оруулж ирдэг өндгөн дээр татвар нэмээд Монгол дахь өндөгний чанар адилхан үед хэрэглэгчид дотоодын хямд үнэтэйгээ л сонгоно. Энэ бол худалдааны бодлого байхгүй юу. Эсрэгээрээ монгол өндөг өндөр үнэтэй байгаад байх юм бол орос өндгийг бага татвартайгаар оруулж ирээд зах зээлийн өрсөлдөөнийг бий болгох ёстой юм. Ингэж л бодлого хэрэгждэг. Гэтэл манайд ямар ч үйлдвэрлэл байхгүй мөртлөө импортын бүтээгдэхүүнээ татваргүй оруулж ирээд нөгөөх нь манай улсын зах зээлийг эзэлчихээд байна.

-УИХ, Засгийн газраас ЖДҮ гэх мэтээр дотоодын үйлдвэрлэлээ дэмжих бодлого явуулаад байгаа юм шиг харагддаг. Гэтэл тодорхой үр дүнд хүрээд байгаа зүйл ажиглагддаггүй шүү дээ?

-Энэ бол худал асуудал. ЖДҮ зээл болон тодорхой сангуудын зээлүүд гээд байдаг. Бүгд л хулгайч нарын гараар ороод явчихдаг. Төрд ойрхон, мэдээлэлд ойрхон хүмүүсийн гараар орчихдог. Одоогийн байдлаар ЖДҮ эдийн засагт хувь нэмэр оруулсан гэсэн дүгнэлт байхгүй. ЖДҮ хулгайлсан хүмүүс нь харин УИХ-д гарчихсан, өндөр өндөр албан тушаалд хүрчихсэн байна. Энэ чинь эцэст нь хар жагсаалтад орох гол үндэс нь болсон. Тэгэхээр тэдэнд хуулийн хариуцлага тооцоогүй цагт Монгол Улс хар жагсаалтаас гарахгүй. Тэд бүгд хариуцлага хүлээх ёстой байтал алагчилж үзээд байгаа зүйл бас харагдаж байна. Монгол Улсын 3 сая гаруй хүний эрх ашгийг хохироох замаар хэдхэн ЖДҮ-чдийг хамгаалж үлдэж байгаа нь том алдаа. Тэднээс болж та бидний банкны гадаад гүйлгээнүүд зогсоно, экспорт импорт хязгаарлагдана. Мөнгө угаадаг банк, ЖДҮ хулгайч гэсэн хоёр зүйлээс болж хар жагсаалтанд ороод байгаа учраас үүнийг нэн даруй шийдэх ёстой.

-Таны хувьд бараа бүтээгдэхүүний импортыг багасгах цаашлаад эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх тал дээр ямар бодлого нэн тэргүүнд баримтлах ёстой гэж үздэг вэ?

Бүтээгдэхүүн болгонд өөр өөр татвар ногдуулах хэрэгтэй. Жишээ нь мод, модон эдлэлийн бүтээгдэхүүн Орос улсаас оруулж ирэхэд татвар тавих шаардлагагүй. Яагаад гэвэл манай улс ой мод багатай. Тиймээс мод бол татваргүй орж ирэх шаардлагатай. Мах махан бүтээгдэхүүнийг Монгол Улсаас гаргая гэх юм бол одоохондоо татвар байх эсэхийг хэмжээгээр нь хязгаарлачихаж болно. Шатахууны төрлийн бүтээгдэхүүнүүдийг гаднаас оруулж ирэхэд татвар тавих шаардлага байхгүй. Харин түүхий ноолуурыг гадагш гаргахдаа татвар тавих шаардлагатай. Яагаад гэвэл манайх ноолуурын үйлдвэртэй учраас тэр шүү дээ. Сайн чанарын ноолуураа БНХАУ руу гаргах шаардлагагүй. 1998 оноос хойш ноолуурыг хэт их гаргаснаас болж “Говь” үйлдвэр чинь дампуурах шахсан. Гэх мэтээр хичнээн мянган бүтээгдэхүүн байсан ч тус бүрт нь өөр өөр татвар ногдуулах ёстой. Хавтгайруулсан таван хувь гэж байж болохгүй. Хүн бүр 40 размерийн гутал өмсдөггүй л биз дээ. Нэг гутлын үйлдвэр гарч ирчихээд ганцхан 40 размерийн гутал хийгээд байгаа юи шиг л болчихоод байна. Эцсийн эцэст энэ бол Монголыг доромжилж байгаа асуудал. Африкийн улсууд ч ийм бодлого явуулахгүй байгаа шүү. Эдийн засгийн үзүүлэлтүүдийг нь аваад үзэх юм бол тэд өнөөдөр биднээс илүү хөгжиж байгаа гэж хэлэхэд хилсдэхгүй. Өөрөөр хэлбэл эдийн засгийн бүтцийг нь задалж үзвэл манай улс маш доогуур байгаа. Задлахгүй бүтнээр нь хараад байгаа байхгүй юу. Жишээлбэл нэг хүнд ногдох ДНБ 4000 доллар байна гээд л яриад байна. Гэтэл үүнийг задлаад үзвэл нийт хүн амын 20 орчим хувь нь нэг хүнд ногдох ДНБ 4000 орчим доллар байж болох юм. Тийм хэмжээний амьдралтай байна гэсэн үг. Гэтэл үлдсэн 80 хувь нь юун 4000 доллар байтугай ядуу амьдралтай байгаа шүү дээ. Тиймээс үүнийг чинь задалж үзэх ёстой байхгүй юу. Бүхэл тоог л нийт хүн амд нь хуваачихаж байгаа юм.

Тэгэхээр эдийн засгийн үр дүнгийн хуваарилалт нь манайд буруу байна. Тиймдээ ч хүн амаа ядуу байлгах бодлого 30 жил явчихлаа. Ядуу байна гэдэг нь боловсролгүй байна л гэсэн үг. Улсын сургуулиуд нь хөгжиж чадахгүй байхад хувийн сургуулиуд байгуулаад түүндээ улсаас тэтгэмж өгөөд байгаа нь бүр гайхалтай хэрэг. Тэгэхээр монгол хүнийг ядуу байлгах, боловсролгүй байлгах энэ бодлогыг өөрчлөх цаг болсон.

 

Г.БАТЗОРИГ

Х.МӨНХБАТ

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)