Ковид-19: Их 20 ба НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн хамтарсан мэдэгдэл

Ковид-19 цар тахлын улмаас дэлхийн өнцөг булан бүрт янз бүрийн аюул учирч байгаа бөгөөд тогтвортой хөгжлийн эрч буурч, ядуурлыг арилгах, тэгш бус байдлыг бууруулах, уян хатан нийгмийг бий болгох хүчин чармайлтад саад тотгор үүсч байна. Энэхүү цар тахал нь хамтын ажиллагаа, шийдэл шаардлагатай засаглалын тулгамдсан асуудлуудыг ил болгов. Хариуцлага, шударга байдалд анхаарч, төрийн болон хувийн хэвшлийн оролцогчдын ёс зүйн хэм хэмжээг өндөр түвшинд байлгах замаар Их 20-ийн удирдагчид хариу арга хэмжээ авах, сэргээн босгох ажлыг сайжруулах, төр, бизнес дэх авлигатай тэмцэх, илүү хүртээмжтэй, тэгш нийгэм байгуулах боломжтой. Их 20-ийн удирдагчид 2030 он гэхэд Их 20-ийн улс орнууд болон бусад улс орнууд хямралаас хурдан гарч, тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд нь тусалж, хамтран ажиллах бүрэн боломжтой юм.

Их 20 ба НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь Их 20-ийн удирдагчдын ээлжит бус дээд хэмжээний уулзалтын үеэр гаргасан дараах амлалтыг сайшааж байна. Үүнд: (i) хүний амь нас аврах бараа бүтээгдэхүүнийг боловсруулж, түгээх чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих; (ii) эдийн засгийг сэргээх явцад аж ахуйн нэгжүүд, хувь хүнийг хамгаалах; (iii) "чөлөөт, шударга, ялгаварлан гадуурхалгүй, ил тод, урьдчилан таамаглах боломжтой, тогтвортой худалдаа, хөрөнгө оруулалтын орчинг бий болгох."

Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах, сэргээн босгох ажлын үр дүн, үр нөлөөт байдлыг хангахын тулд хариуцлагатай байх болон авлигатай тэмцэх ажилд илүү тодорхой үүрэг өгөхийг уриаллаа. Дэлхийн цар тахлын үед гарч буй авлигыг бууруулах болон шударга байдлыг сайжруулах чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Их 20-ийн удирдагчдаас хүссэн:

1. Ил тод байдал, хариуцлагыг дээшлүүлэх, нийгмийн эрүүл мэнд, яаралтай худалдан авалтын хүрээнд гарч буй авлигатай тэмцэх.

COVID-19 цар тахал нь төсвийн санхүүгийн удирдлагад хариуцлага, ил тод байдлыг хангахын ач холбогдлыг дахин харууллаа. Төрд итгэх олон нийтийн итгэл нь өдөр тутмын олон шийдвэр, арга хэмжээний үр дүнд бий болдог.

Цар тахлын үед яаралтай хариу арга хэмжээ авах шаардлагатай байгааг харгалзан Их 20-ийн засгийн газрууд авлигын эсрэг тусгай арга хэмжээ авч хэрэгжүүлэх, засгийн газрын худалдан авалт болон бусад төрийн үйлчилгээг дижитал хэлбэрт оруулах гэх зэргээр онцгой нөхцөл байдал дахь үйл ажиллагааны санхүүжилт, эрүүл мэндийн хөтөлбөрүүдийн үр ашиг, шударга байдлыг дэмжих хүчтэй хяналтын механизм болон бусад арга хэмжээг дэмжиж ажиллахыг Их 20 ба НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс зөвлөсөн.

2. Авлигын эсрэг үндэсний стратеги боловсруулж, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх.

Их 20-ийн засгийн газруудын хэрэгжүүлж, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын боловсрол олгох, холбогдох хууль тогтоомжийг сахиулах асуудлыг хамарсан олон талт зөвлөлдөх уулзалтуудад үндэслэсэн авлигын эсрэг тууштай, өргөн цар хүрээтэй, хэрэгжүүлэх боломжтой стратегийг дэлхийн хэмжээнд дэмжиж ажиллахыг Их 20 ба НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс зөвлөсөн. Уг стратеги нь хүртээмжтэй, үндэсний хөгжлийн зорилгод нийцсэн бөгөөд тогтвортой хөгжлийн зорилгыг дэмжиж байх ёстой.

3. Авлигын эсрэг мэдээлэл, харилцаа холбооны технологи, нээлттэй өгөгдлийг ашиглахад дэмжлэг үзүүлэх.

Их 20-ийн засгийн газрууд цар тахлын үед болон дараа хүртээмжтэй мэдээлэл, харилцаа холбооны технологийг илүү үр дүнтэй ашиглах замаар дэлхийн хэмжээнд авлигын эсрэг үйл ажиллагааг дэмжиж, бэхжүүлэх арга хэмжээ авч байхыг Их 20 ба НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс зөвлөсөн. Ил тод байдал, мэдээлэл солилцох, засгийн газрын худалдан авалт болон засгийн газрын бусад үйлчилгээг сайжруулах нь төрийн болон хувийн хэвшлийн авлигын эрсдэлийн удирдлагыг төгөлдөржүүлж, хариуцлагыг дээшлүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх боломжийг олгоно.

Эх сурвалж: www.undp.org

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)