Багануур, Шивээ-Овоо төсвөөс татаас авахаа больжээ

Дотоодын эрчим хүчний эх үүсвэрийг нийлүүлдэг Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн техникийн шинэчлэл шувтрах шатандаа оржээ. 2013 оноос хойш тус хоёр уурхайн төрийн мэдлийн хувийг “Эрдэнэс Монгол” ХХК-д хариуцуулснаас уурхайн найдвартай, хэвийн үйл ажиллагааг тасралтгүй хангах зорилгоор Японы Олон улсын хамтын ажиллагааны банк (JBIC)-ны экспортын зээлийн шугамын санхүүжилтийг ашиглан 18.3 сая ам.долларын үнийн дүн бүхий 20 ширхэг техник худалдан эхний шатны шинэчлэлүүдийг хийгээд дуусжээ.

Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн техник тоног төхөөрөмжийн 60-70 хувийнх нь насжилт хэтэрсэн бөгөөд эдгээрийг үе шаттай шийдвэрлэхэд толгой компанийн зүгээс жил бүр 3-4 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалт хэлбэрээр зарцуулж, улсын төсөвт учруулдаг дарамтыг шийдвэрлэснээ гүйцэтгэх захирал П.Ганхүү тайлбарлалаа.

Уг зээл нь хүү багатай бөгөөд Японы технологи, тоног төхөөрөмжийг ашиглах, цаашид JBIC-тэй хамтран Хөрөнгө оруулалтын сан байгуулах замаар Эрдэнэс Монголын охин, хараат компаниудын төслүүдэд хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх юм.

Цаашид хоёр уурхайн үйл ажиллагаа хэвийн найдвартай үргэлжлэх боломж бүрдсэн гэдгийг хурлын үеэр онцоллоо.

Тус хоёр уурхайд 1998 онд Монгол нүүрс төслийн хүрээнд Дэлхийн банк болон Япон улсын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр техник технологийн шинэчлэл хийж байжээ.

Ийнхүү 22 жилийн дараа техникийн томоохон шинэчлэл хийж байгаа нь энэ юм байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)