В.Путин: ОХУ, АНУ-ын хооронд дайн дэгдвэл хэн ч үлдэхгүй

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Америкийн кино найруулагч Оливер Стоунтой улс төрийн асуудал, АНУ, ОХУ-ын харилцаа, олон улсын бодлогын талаар хийсэн ярилцлагадаа “АНУ, ОХУ-ын хооронд дайн эхэлбэл яах вэ” гэсэн асуултад “ОХУ, АНУ дайтвал дэлхий дээр хэн ч амьд үлдэхгүй байх” гэж хариулжээ. Харин НАТО-гийн талаар ОХУ-ын Ерөнхийлөгч “Дорнод Европын эвсэл, Зөвлөлт Холбоот улс гэж байхгүй болсон. Гэтэл НАТО яагаад татан буугдахгүй байсаар байна вэ. НАТО өөрийн оршин тогтнож байгаагаа зөвтгөх зорилгоор ямагт дайсан хайж байдаг, эсвэл хэн нэгнийг сөргөлдөгч болгохын тулд өдөөн хатгалга байнга хийдэг.

Одоогоор НАТО бол АНУ-ын гадаад бодлогын хэрэгсэл болсон, энэ эвсэлд холбоотон гэж байхгүй, тэнд зөвхөн аялдан дагалдсан хараат орнууд байдаг. Аль нэг улс НАТО-гийн гишүүн болсныхоо дараа АНУ-ын шахалтыг эсэргүүцэхэд маш хэцүү болдог” хэмээн ярьжээ. Америкийн кино найруулагч, кино зохиолч, продюссер, Оскарын гурван удаагийн эзэн Оливер Стоун ОХУ-ын Ерөнхийлөгчийн тухай баримтат кино бүтээсэн юм. 

 

Уг баримтат кинонд Путиний цуврал ярилцлагууд багтахаас гадна АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Оросын нөлөө байсан эсэх, өнөөгийн Цагаан ордны эзэн Дональд Трампын засаг захиргаа болон Кремлийн харилцаа, Ерөнхийлөгч болсон 2000 онд ОХУ-д ямар хэрэг явдал хэрхэн өрнөсөн, өөрөө энэ талаар ямар бодолтой байгааг өгүүлдэг. Оливер Стоун “Энэ баримтат гэхээсээ илүү асуулт хариултаас бүтсэн кино болох юм” гэжээ.

 

Тэрбээр 2014 онд анх Ерөнхийлөгч Владимир Путиний тухай баримтат кино хийх хүсэлтэй буйгаа илэрхийлж байжээ. “Ерөнхийлөгч Путиний бичлэгийг хийхээр бид сүүлийн хоёр жилийн дотор дөрвөн удаа Москвад ирсэн.

Америкчууд бидний мэддэггүй ертөнцийг үзэх үзлийг энэ кино бидэнд нээж өгөх болно. Путин бол дэлхийн хамгийн хүчтэй манлайлагчдын нэг. АНУ түүнийг өөрийн дайсан гэж зарласан болохоор тэрбээр юу гэж хэлэхийг хүсдэгийг бид сонсох нь маш чухал. Би эхэндээ Путинтэй Эдуард Сноудены /АНУ-ын тусгай албаны ажилтан асан/ хэргийн талаар ярилцаж байсан. Энэ тухай кинонд өгүүлэх болно. АНУ батлан хамгаалахдаа бараг нэг их наяд ам.долларыг жилдээ зарцуулж байгаа нь дэлхийн бүх орны нийлбэр зардлаас хамаагүй илүү юм. Ухаалаг, тооцоотой байхын төлөө гэдэг үзэл баримтлалтай хүмүүсийн хувьд энэ нь өршөөж боломгүй зүйл. Кремльтэй холбоотой хүмүүс АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөхөөр мэдээллийг “WikiLeaks”-т дамжуулсан гэдэгт би итгэхгүй байна” гэж Оливер Стоун ярьжээ.

 

 

Ц.Даваасамбуу

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • (202.126.88.230)

    2020-10-20

    АНУ г тогтоон барьж чадаж байгаа.

  • иргэн (192.82.73.219)

    2020-10-19

    Путин байхгүй болвол орос улс бараг л тарж бутрах байхаа

  • ИРГЭН (202.21.124.130)

    2020-10-19

    Путин оросын ард түмний төлөө боол мэт ажилладаг. Путин бол маш оновчтой бодлоготой, түүндээ тууштай, ардчилсан, бас хариуцлагын өндөр шаардлагатай, уян хатан удирдагч. Оросын ард түмэн түүнийг тавьж явуулахыг хүсэхгүй байгаа.

  • zochin (122.201.23.226)

    2020-10-19

    Putin bol aguu udirdagch