Б.Лакшми: Аймгууд өрсөлдөх чадвараа сайжруулж, харилцан бие биеэ дэмжиж хөгжих ёстой гэж хардаг

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшмитай ярилцлаа.

-Өрсөлдөх чадвар гэдэг энэ нэр томъёотой монголчууд хэдийнэ танил болжээ. Үүнд сүүлийн жилүүдэд танай төвөөс гаргаж байгаа өрсөлдөх чадварын судалгаанууд нөлөөлсөн болов уу. Юутай ч өөрийн амьдарч буй аймаг, дүүргийг өрсөлдөх чадвараараа хэддүгээр байрт орж вэ гэдгийг иргэд сонирхдог, жил жилийн тайланг хүлээдэг болж?

 

-Өрсөлдөх чадвар гэдэг нэлээд олон сэдвийг хамардаг, өргөн хүрээтэй, цогц ойлголт. Энэ нэр томъёо, ухагдахуун сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд эдийн засгийн ухаанд өргөнөөр хэрэглэгдэх болсон. Товчхондоо бол өрсөлдөх чадвар гэдэг бол аливаа улс, үндэстний амжилтыг тайлбарлаж болох бүхий л хүчин зүйлийн нийлбэр гэж үздэг. Дотор нь дөрвөн түвшинд авч үзэж болно. Энэ нь үр ашиг, сонголт, нөөц, зорилт дөрөв юм. Эдгээр ойлголтуудыг нэгтгэх замаар өрсөлдөх чадварыг дэлгэрэнгүй томъёолбол аливаа орны компаниуд нь илүү өндөр ашиг орлоготой, ард түмэн нь илүү чинээлэг, хангалуун амьдралтай байх орчныг бүрдүүлж, хөгжүүлэх талаар бодит байдал, бодлого хоёрыг харьцуулан судалдаг эдийн засгийн шинжлэх ухааны нэг салбар юм.

 

Манай Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв 10 жилийн өмнө байгуулагдсан. 2010 онд өрсөлдөх чадвар гэдгийг монголчууд яг өнөөгийнх шиг эдийн засгийн утгаар нь төсөөлж, ойлгодоггүй байсан. Бид 2012 оноос аймгуудын өрсөлдөх чадварын судалгааг жил бүр хийж ирсэн. Мөн 2018 оноос дүүргүүдийн өрсөлдөх чадварын судалгааг хийж байгаа. Үүн дээр нэмээд мэдээж Монгол Улсын өрсөлдөх чадварын судалгааг хийдэг. Өрсөлдөх чадварын судалгаанууд маань сүүлийн жилүүдэд хэрэглэгчдэд нэлээд сайн хүрч байгаа. Аймаг, дүүргүүд манай судалгааг ашигладаг болсон.

 

-Аливаа судалгааны үр дүнг бодлого, шийдвэр гаргагчид үйл ажиллагаандаа тусгаж, олон нийт өргөнөөр ашиглаж байх юм бол зорилгоо биелүүллээ гэсэн үг шүү дээ?

 

-Тийм. Гэхдээ үүнд тодорхой хугацаа шаардагддаг юм шиг байна. Аливаа судалгаа зах зээлд нэвтрэх, хүмүүс түүнийг мэддэг, ашигладаг болоход хугацаа хэрэгтэй байдаг юм байна. Өрсөлдөх чадварын тайлангуудыг бид сүүлийн арваад жил тогтмол гаргасан. Бусад олон төрлийн судалгаа хийсэн. Тэр бүхэн маань тодорхой цаг хугацааны дараа ашиглагдаж эхэлж байна. Улсын хэмжээнд олон төрлийн судалгаа, тайлангууд гарч байгаа. Тэр дундаас манай төвийн Өрсөлдөх чадварын тайлан олны танил болж, ашиглагдаж байна гэдэг уг судалгаа маань өөрөө өрсөлдөх чадвартай байгаагийнх. Энэ хамгийн чухал. Бидний хийж байгаа судалгааны үр дүн, тайлангуудыг төрийн байгууллагууд ашиглаж байгаа жишээнүүд олон бий.

Шүүхээс ч бидэнд хандаж судалгааны маань тайланг хэвлүүлж авч байсан. Шүүх дээр банкуудтай холбоотой зарга үүссэн юм билээ. Тэгээд банкуудын өрсөлдөөний тоймоо явуулаач, танай эх үүсвэрийг ашигламаар байна гэж бидэнд албан ёсоор хүсэлт тавьсан. Бид шүүхэд ямар нэг мэдүүлэг өгч болохгүй. Харин бидний хийж байгаа судалгаа, хараат бус тайлангийн тоонуудыг нь ашиглаж болно гээд тайлангаа тамгалаад хэвлэж өгч байсан.

 

-Судалгаануудаа аливаа байгууллагын захиалгаар хийдэг үү, өөрсдөө санаачилгаараа хийж байна уу?

 

-Зарим тохиолдолд захиалгаар судалгаа хийдэг. Монголын өрсөлдөх чадварт хамгийн их нөлөөлж байгаа тодорхой салбар, аль нэг асуудлыг авч судлах санаачилгыг бид өөрсдөө гаргадаг. Эсвэл олон улсын байгууллагуудын ирүүлж байгаа саналыг хүлээж авч, захиалгат судалгааны ажлуудыг ч хийдэг. Ер нь манай Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн судалгааны гол чиглэлүүд нь дээр хэлсэн Монгол Улсын өрсөлдөх чадварын судалгаа, аймгууд болон дүүргүүдийн өрсөлдөх чадварын судалгаа, макро эдийн засгийн тойм судалгаа, улирал тутмын банкуудын өрсөлдөөний тойм зэрэг байдаг. Монгол Улсын макро эдийн засгийн тойм судалгаагаар л гэхэд улс орны макро эдийн засгийн сар сарын үзүүлэлтүүд ямар байна вэ, голлох үзүүлэлтүүдэд ямар өөрчлөлт орж байна вэ гэдгийг судалдаг. Банкуудын өрсөлдөөний тоймыг уг нь улирал тутам хийх зорилготой ажилладаг ч заримдаа мэдээлэл хоцрогдож  гардгаас болоод хугацаандаа хийж чадахгүй байх тохиолдол бий. Энэ судалгаагаар арилжааны банкуудыг хооронд нь актив, пассив гээд гол үзүүлэлтүүдээр нь харьцуулаад, өрсөлдөх чадвар нь ямар түвшинд байна вэ гэдгийг гаргадаг. Энэ судалгаануудаа хийсний дараа бид тайлангаа олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал медиа, цахим хуудсаар дамжуулан танилцуулдаг.

 

-Танай төв өөрийн цахим хуудсуудтай байх аа?

 

-Манай судалгааны төв гурван цахим хуудастай. Энэ гурван сайт маань идэвхтэй ажилладаг. Тухайлбал, http://www.ecrc.mn гээд манай байгууллагын үндсэн вэб сайт бий. Энэ сайтдаа бид 2010 оноос хойш хийсэн судалгаануудынхаа гол тайлангуудыг оруулсан байгаа. Мөн өөрийн байгууллагын түүх, өдөр тутмын мэдээлэл зэргээ оруулдаг. Дараагийн сайт нь аймгуудын өрсөлдөх чадварын судалгааны тайланг http://www.aimagindex.mn сайтад оруулдаг.  Нэг ёсондоо аймгуудын өрсөлдөх чадварын судалгааны тайлан маань вэб сайт болоод гарчихсан гэсэн үг. Манай төвийн нэг давуу тал, онцлог гэвэл бид өөрсдийн хийж буй судалгааны аргачлалдаа маш итгэлтэй байдаг. Үүнийгээ ч нээлттэй байлгадаг. Манай судалгааны талаарх бүх мэдээлэл сайт дээр байгаа. Олон улсын байгууллагууд биднийг дэмждэг. Тухайлбал, Азийн сан биднийг дэмжиж техник, технологийн туслалцаа үзүүлснээр бид http://www.aimagindex.mn сайтыг санаачлан хийсэн.

Хамгийн сүүлд гаргасан вэб сайт маань http://www.nogoonhutuch.mn сайт байгаа. Манай Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв ногоон эдийн засгийн чиглэлээр 2014 оноос хойш маш олон судалгаа, төслийн ажил хийсэн. Бид өөрсдөө дэлхийн хамгийн том civil sociaty буюу иргэний ниймийн хөдөлгөөний нэг Ногоон эдийн засгийн холбооны Монгол дахь албан ёсны түншээр ажилладаг. Энэ байгууллага бол Английн Лондонд төвтэй, НҮБ-ын дэргэдэх сан, хүрээлэнгүүд хамтарч байгуулсан маш том тинк танк буюу бодлогын судалгааны байгууллага. Энэ хамтын ажиллагааны хүрээнд бид ногоон эдийн засгийн бодлогын түвшний судалгаанууд дээр илүү төвлөрч ажилладаг. Өмнө нь энэ чиглэлээр судалгаа хийж байсан  туршлага бий. Ирэх жил ч тодорхой судалгаанууд хийнэ.

 

-Макро эдийн засгийн чиглэлээр, банк санхүүгийн орчны талаар, эсвэл ногоон эдийн засгийн талаар ч гэдэг юм уу тодорхой судалгаанууд цөөнгүй хийгддэг. Танай судалгаанууд ижил төстэй бусад судалгаануудаас юугаараа ялгардаг вэ?  

 

-Ихэнх судалгаануудыг харж байхад ганц удаа хийгээд больчихдог. Манай судалгаанууд тодорхой давтамжтай гарч байдаг болохоор урт хугацааны чиг хандлагыг харах боломжтой байдаг. Тэгэхгүй бол ганц удаагийн судалгаа хийгээд л нөхцөл байдал ийм байна, тийм байна гээд бодлогын зөвлөмж өгөөд л дуусчихдаг төслүүд олон байдаг. Гэтэл манай судалгаанууд өөр. Аймгуудын өрсөлдөх чадварын судалгааны тайлангийн онцлог нь тогтмол хийгддэгээрээ давуу талтай. Тиймээс урт хугацаандаа шинэ чиг хандлагууд нь харагдаж байгаа гэж хэлэхэд болно.

 

Манай судалгаануудын өөр нэг онцлог гэвэл бид судалгаагаа хийчихээд туайн салбарынханд нь танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлдэг. Өрсөлдөх чадварын тайланг л гэхэд аймаг, дүүргүүдэд очиж танилцуулдаг. Бусад өөр төрлийн тайлангуудын хувьд судалгаа хийснийхээ дараа мэргэжилтнүүдийн дунд хэлэлцүүлэг хийдэг. Тэр хэлэлцүүлгээс гарсан санал шүүмжүүдийг  дараа дараагийн судалгаандаа тусгаад явдаг. Ингэж үндсэн судалгаануудаа сайжруулдаг. Өрсөлдөх чадварын судалгааны тайлан гаргасан эхний жилүүддээ бид байнга хэлэлцүүлэг, жижиг форум хийдэг байсан. Тиймээс олон нийт энэ судалгааны талаар нэлээд сайн ойлголттой болсон. Сүүлийн үед бид аймаг, дүүргүүдийн өрсөлдөх чадварын судалгааны тайлангаа гаргаад шууд хэвлэлийн бага хурал зарлаж танилцуулахаас гадна тухайн аймаг, дүүрэг дээр очиж мөн танилцуулдаг болсон.

 

-Өнгөрсөн 10 жилд хэр олон төрлийн судалгаа хийсэн бэ?

 

-Нэг том судалгааг бүтэн жил хийдэг. Монгол Улс даяар санал асуулга явуулна. Улсын хэмжээний статистик мэдээллийг олж авна. Түүнийгээ харьцуулж судална. Нэг статистик мэдээллийг бусад судалгаануудтай харьцуулж хэд дахин хянадаг. Тэгэхээр судалгааны ажлууд маань маш их хугацаа, хөдөлмөр шаарддаг. Өнгөрсөн 10 жилд манай төв 150 орчим том, жижиг судалгаа хийж, 70 орчим хурал, хэлэлцүүлэг зохион байгуулсан байна. Бид зөвхөн судалгаа хийгээд зогсохгүй түүнийхээ тайланг олон  нийтэд танилцуулдаг гэж дээр хэлсэн. Энэ бас нэг чухал ажил маань.

Манай байгууллага дэлхийн Ногоон эдийн засгийн холбоо, Дэлхий өрсөлдөх чадварын төв зэрэг байгууллагуудтай хамтарч ажилладаг. Энэ бүхэн манай давуу тал болдог. Тиймээс олон нийт бидэнд итгэдэг, манайхаас мэдээлэл авдаг. Бид ч өөрсдөө байнга суралцахыг хичээдэг. Дэлхийд алдартай тинк танк байгууллагууд Монгол Улсад нөхцөл байдал ямар байна вэ гэдгийг мэдэхийг хүсдэг. Тиймээс тэдэнд мэдээлэл өгөхийн тулд манай төв судалгаануудынхаа тайланг дандаа монгол, англи хэл дээр гаргадаг. Аймаг, дүүргүүдийн өрсөлдөх чадварын судалгааны тайлан л гэхэд англи, монгол хэлээр гардаг. Төсвөөс санхүүждэггүй, хараат бус төрийн бус байгууллага учир нөөц бололцоо хязгаарлагдмал. Гэхдээ аль болох нөөц боломжоо ашиглаад хамгийн хэрэгтэй гэсэн судалгааг тасралтгүй хийхийг зорьдог. Гол зорилго маань энэ. Манай түнш байгууллагууд ч ийм зарчимтай. Дэлхийн өрсөлдөх чадварын судалгааны төв л гэхэд 30 жилийн турш  тасралтгүй Дэлхийн өрсөлдөх чадварын судалгааг гаргаж байгаа. Манай төв ч гэсэн сүүлдээ хүрээгээ  тэлээд жижиг судалгаанууд хийж тайлан гаргаж байна. Энэ судалгаагаа бид тасралтгүй хийхийг хичээдэг.

 

-Судалгаануудын тайлангаас харахад анхаарал татсан ямар гол асуудлууд байна вэ?  

 

 

 

-Өрсөлдөх чадварын судалгааг жил бүр хийхэд хамгийн их хэлбэлздэг, тогтворгүй байдаг үзүүлэлт нь засаглалын асуудал. Эсрэгээрээ хамгийн тогтвортой бадаг үзүүлэлт нь дэд бүтцийн асуудал байдаг. Дэд бүтэц дотроо хатуу болон зөөлөн дэд бүтэц орж байгаа. Бүх төрлийн техник, технологи, интернэт зэрэг нь зөөлөн дэд бүтцэд орно.

 

 

 

Засаглалын үзүүлэлтүүд яагаад тогтворгүй байдаг вэ гэдгийг аваад үзэхээр төсөв, санхүү, мөнгөний бодлого, татварын бодлого, хууль эрх зүй орчин зэрэгтэй шууд хамаатай. Энэ бүх бодлогууд тогтворгүй, үргэлж өөрчлөгдөж байдаг. Мөн нэг байгууллага шинээр байгуулаад, удалгүй татан буулгадаг. Гэтэл гадаадын хөрөнгө оруулагчдад тогтвортой байдал хамгийн чухал байдаг. Хууль тогтоомж хатуу, чанга байж болно. Татвар өндөр байж болно. Гол нь тэр бүх зохицуулалтууд нь ойлгомжтой, урт хугацаандаа тогтвортой байх ёстой. Тэгж байж гадаадынхан хөрөнгө оруулна. Хөрөнгө оруулагчид Монголд оруулсан мөнгөө хэдэн жилийн дотор эргүүлж олж авах вэ гэдгээ тооцож таарна. Гэтэл бодлого нь тогтворгүй, хууль нь байн байн өөрчлөгдөөд, эсвэл татварын хувь хэмжээ нь хэлбэлзээд байх юм бол тухайн хөрөнгө оруулагч эрсдэлээ тооцох аргагүй, ойлгомжгүй байдалд орохоор байгаа юм.

Тиймээс бид хууль тогтоомж, засаглалын бүтэц бүхий л шатандаа тогтвортой байж өрсөлдөх чадвар сайжирна гэсэн зөвлөмжийг өгдөг. Өрсөлдөх чадварын 10 алтан дүрэм гэж байдаг. Үүнд хууль эрх зүйн орчин ойлгомжтой, тогтвортой байх, жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжих, дэд бүтэцдээ байнга хөрөнгө оруулах ёстой гэх мэт дүрмүүд байдаг юм. Сингапурын Засгийн газрыг харж байхад тэд дэд бүтэцдээ байнга хөрөнгө оруулж, засаж сайжруулж байдаг. Энэ нь засаглалынх нь нэг чухал үзүүлэлт болчихсон. Тэр хэрээрээ ард иргэдийнх нь амьдралын чанарт нөлөөлдөг байх жишээтэй. Бид анх аймгуудын өрсөлдөх чадварын тайланг гаргаж байхдаа Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгааг үзэж байсан. Хүн амын хэтийн тооцоолол гэдэг уг судалгаанаас харж байхад манай улсын хувьд тулгамдаж байгаа хамгийн том асуудал нь Улаанбаатар хот руу шилжих хөдөлгөөн гэж үзсэн байсан. Хот руу тэмүүлсэн нүүдэл энэ чигээрээ үргэлжилбэл яах вэ гэдэг тооцоолол байсан. Түүгээр бол 2025 он гэхэд нийт хүн амын 54 хувь, 2030 он гэхэд бараг 57 хувь нь зөвхөн Улаанбаатарт амьдарна. Ингэснээр хөдөө орон нутаг эзгүйдэж, нөгөө талаас Улаанбаатарт хүн амын бөөгнөрөл үүснэ. Хүн ам хэт төвлөрснөөр амьдралын чанар муудаж, агаар, орчны бохирдол, замын түгжрэл зэрэг улам нэмэгдэнэ. Цэцэрлэг, сургууль хүрэлцээгүй болно. Тэгэхээр орон нутгийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж, тэнд ажлын байр бий болгож байж энэ асуудлууд шийдэгдэж, ард иргэд орон нутагтаа ая тухтай амьдарна.

 

-Аймаг, дүүргүүдийн өрсөлдөх чадварт засаглалын үзүүлэлтээс гадна өөр ямар хүчин зүйл нөлөөлж байна вэ. Өрсөлдөх чадварт нь сөргөөр нөлөөлж буй асуудлуудаа шийдэж чадаж байна уу?

 

-Аймгуудын өрсөлдөх чадварын судалгааны тайланд сонирхолтой хэд хэдэн үзүүлэлт байдаг. Тухайлбал, иргэд маань орон нутагт халаалтын үнэ харилцан адилгүй өөр тогтоогдсон байдгийг мэддэггүй. Халаалтын үнэ хамгийн өндөр аймаг гэвэл Архангай, Баян-Өлгий байна. Орон нутаг нь халаалтынхаа асуудлыг бүрэн шийдэж чадаагүйгээс иргэд ийм өндөр үнэ төлж байгаа гэсэн судалгаа байдаг. Цахилгааны үнэ бас аймаг аймагт харилцан адилгүй. Дундговь, Дархан-Уул, Өмнөговь, Төв, Говьсүмбэр, Сэлэнгэ аймгуудад цахилгааны үнэ хамгийн өндөр. Булган, Хөвсгөлд  нэг киловатт нь 117 төгрөг, Говь-Алтай, Ховд, Увсад 109 төгрөг, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймагт 108 төгрөг байх жишээтэй. Энэ нь эргээд иргэдийн амьжиргаатай холбогдоно. Орон нутгийн иргэдийн цалингийн дундаж хэмжээ ч өөр өөр. Аймаг болгонд дундаж цалин ямар байгааг аваад үзэхэд сонирхолтой үзүүлэлтүүд харагдаж байгаа. Энэ бүхний шалтгааныг нарийн задалж үзэх нь чухал. Энэ жилийн өрсөлдөх чадварын тайланд бид үүнийг онцолсон. Түүнчлэн Улаанбаатар хотын агаарын бохирдол анхаарал татсан асуудал байсан бол одоо орон нутагт ч агаарын бохирдол их болсон. Ховд аймагт ноднин агаарын бохирдол их байсан. Архангайд ч утаа ихтэй. Энэ нь иргэдийн эрүүл мэндэд нөлөөлж байгаа. Тиймээс орон нутагт агаарын бохирдлыг бууруулах шийдлүүд юу байх вэ гэсэн хэлэлцүүлэг хийхээр болсон.

 

-Аймгуудын хүн амын амьдралын чанар, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, дундаж наслалт зэрэг үндсэн гол үзүүлэлтүүд ямар байна вэ?

 

-Манай судалгаанд аймаг, дүүргийн эрүүл мэндийн салбарын үзүүлэлтийг нь  тодорхойлох бүлэг асуулт бий. Тухайлбал, нялхсын эндэгдэл, нэг эмч, сувилагчид ногдох хүний тоо гэх мэт. Нэг эмчид ногдох хүний тоог аваад үзэхэд Булган, Архангай аймагт нэг их эмчид 558 хүн ногддог. Хэчнээн супер эмч байгаад 558 хүнтэй ажиллах хэцүү. Өмнөговь аймагт нэг сувилагчид 358 хүн ногдож байгаа. Ийм байхад чанартай үйлчилгээ үзүүлж чадахгүй. Нялхсын эндэгдэл Архангайд өндөр буюу 20 нэгжтэй байхад Говьсүмбэрт хамгийн бага буюу 2 нэгж. Тэгэхээр Архангай аймагт нялхсын эндэгдэл яагаад өндөр байна вэ гээд шалтгааныг нь бодлого гаргаж байгаа хүмүүс буюу тухайн аймгийн Засаг дарга, ЭМГ-ын дарга нар судалж үзэх ёстой. Шалтгааныг нь тогтоож, энэ чиглэл рүү хандсан бодлого боловсруулж хэрэгжүүлэх ёстой.

 

 

Дундаж наслалт Хөвсгөл аймагт хамгийн бага буюу 65. Гэтэл улсын хэмжээнд дундаж наслалт 72 болсон. Ийм зөрүүтэй байж болохгүй биз дээ. Үүн дээр Хөвсгөлийн эрүүл мэндийн үзүүлэлтүүд ямар байна вэ, хүн амын дундаж наслалтад юу нөлөөлж байна вэ гээд судлах учиртай. Энэ мэтээр асуудлуудын учир шалтгаан нь хаана байна, юуг сайжруулах шаардлагатай байгааг харах ёстой.

 

 

 

Эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг аваад үзэхэд орон нутагт нөөц ямар байгаа билээ, коронавирусийн эрсдэлтэй энэ үед ийм цөөн эмч, сувилагчтай байхад хүндрэл үүсэх эрсдэл байна гэдгийг бидий судалгаа харуулж байгаа юм.

 

-Та бүхний өрсөлдөх чадварын судалгаан дээр үндэслээд хөгжлийн бодлого төлөвлөлтөө гаргаж байгаа аймаг, дүүрэг байна уу? 

 

-Аймгууд судалгааг маань авч ашигладаг болж байгаа. Тэд өрсөлдөх чадварыг нь бууруулж буй үзүүлэлтүүдээ анхаарч хардаг болсон. Энэ бол маш эерэг үзэгдэл. Өмнө нь бол аймгууд өрсөлдөх чадварын асуудлыг тоодоггүй, хоорондоо малын тоогоороо л өрсөлддөг байсан. Манай аймгийн малын тоо өссөн гээд сууж байдаг байсан бол одоо өөр болсон. Юун дээрээ анхаарах вэ, хөгжлийн асуудлууд хаанаа гацаж байна вэ гэдэг дээр манай өрсөлдөх чадварын судалгаа бодлого, шийдвэр гаргагчдад сэдэл өгсөн. Өрсөлдөх чадвар гэдэг бол хөгжилд хүрэх хамгийн зөв арга хэрэгсэл, багаж зэвсэг юм гэдгийг тэд ойлгож эхэлжээ.

Тухайлбал, Сэлэнгэ, Сүхбаатар зэрэг аймгууд манай судалгааг идэвхтэй ашигладаг болсон. Өрсөлдөх чадварын үзүүлэлтүүд нь сүүлийн хоёр жил хамгийн сайжирсан аймаг бол Дорноговь. Барилгын салбар зэрэг эдийн засгийн бүтэц нь маш сайжирсан тул энэ жил гуравдугаарт орсон. Анх манайх өрсөлдөх чадварын судалгаагаа хийж эхэлж байхад Дорноговь нэлээд доогуур арван хэдэд бичигдэж байсан. Гэтэл энэ жил Дархан-Уул аймгийг ардаа орхиод гуравдугаарт ороод ирсэн.

Гэхдээ тухайн аймгийн өрсөлдөх чадварын үзүүлэлт өөрчлөгдөнө гэдэг хоёр янз. Нэг бол тухайн аймгийн өрсөлдөх чадвар сайжирсан, эсвэл бусад аймгийн өрсөлдөх чадвар буурсан бол эзлэх байр нь урагшилна. Тиймээс яг ямар нөхцөл, шалтгааны улмаас өрсөлдөх чадвар нь өмнөх оноос буурч, эсвэл өсөв гэдэг тэр үзүүлэлтийг их хардаг. Өрсөлдөх чадварын оноо гэж байдаг. Энэ жил ес дэх жилийн судалгаанаас харахад аймгуудын өрсөлдөх чадварын дундаж оноонууд багасаад байгаа. Тэгсэн мөртлөө бүсчлээд харахад бүс болгонд өөр өөрийн онцлог бас байдаг. Төвийн бүсийн аймгуудын өрсөлдөх чадвар өндөр, говийн бүсийн аймгууд өрсөлдөх чадвараараа жаахан хойгуур ордог гэдэг ч юм уу. Гэхдээ Дундговь аймаг нэлээд хойгуур орж байснаа сүүлийн жилүүдэд сайжирч байгаа.

 

-Энэ бол өрсөлдөх чадварт нь нөлөөлж буй сайн, муу хүчин зүйлүүдээ зөв олж харж, шийдлээ гаргасан гэсэн үг үү?

 

-Бид тухайн аймгийн хувьд өрсөлдөх чадварыг нь дэмжиж байгаа давуу тал болон өрсөлдөх чадварт нь сөргөөр нөлөөлж буй сул талуудыг гаргаж ирж байгаа. Мөн тухайн жилийн таван чухал асуудлыг, аймаг болгонд тулгардаг нийтлэг асуудлыг ч гаргадаг. Улаанбаатарт авч байгаа үйлчилгээг орон нутагт ижилхэн хэмжээнд авч байна уу гэдгээс эхлээд боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцийн асуудлыг голлож хардаг. Бизнес эрхлэх орчин нөхцөл ямар байгааг судлахад зээлийн хүү өндөр, санхүүжилт авах боломжууд хязгаарлагдмал байдаг. Энэ сэдвүүд жил болгон давтагддаг нийтлэг үзүүлэлтүүд. Том том бодлогын өөрчлөлтийн үр дүн тэр дороо гарахгүй. Бодлого зөв бол олон сар, жилийн дараа өрсөлдөх чадвар нь сайжирдаг.

Ер нь энд нэг зүйлийг онцолж хэлэхэд нэг талаасаа аймаг, дүүргүүдийн өрсөлдөх чадварын тайлан гэж байгаа боловч  энэ нь хоорондоо өрсөлдөж уралдах биш эргээд хамтарч ажиллаж, урагш хөгжих тухай асуудал юм. Орон нутгийнхаа хөгжлийн бодлогыг уялдуулж, хамтарч шийдвэр гаргаж, нэгнийхээ давуу болон сул талыг харж байж цаашаа хөгжих асуудлыг ярих ёстой болчихоод байна. Түүнээс биш нэг аймаг дангаараа хөгжих боломжгүй, тийм зах зээл ч байхгүй. Аймгууд хамтарч ажиллаж, шинэ зүйл хийх ёстой гэж хардаг.

 

 

Г.Хангарди

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)