Чуулганы нэгдсэн хуралдаанаар Д.Сумъяабазарыг УИХ-ын гишүүнээс нь чөлөөлөв

УИХ-ын гишүүнийг чөлөөлөх тухай тогтоолыг баталлаа

 Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн хэлэлцэх асуудлын дарааллыг өөрчилж, Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцүүлэх горимын санал гаргав. Горимын саналыг гишүүдийн олонх дэмжсэн тул Улсын Их Хурлын гишүүнийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв.

Энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг танилцуулсан. Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т заасны дагуу 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр чөлөөлөгдөх хүсэлтээ Улсын Их Хуралд ирүүлжээ. Төрийн байгуулалтын байнгын хороо уг хүсэлтийг Монгол Улсын Үндсэн хуулийн Хориндолоо дугаар зүйлийн 27.6, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсгийг тус тус баримтлан хэлэлцжээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хүсэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн үзсэн гэв.

    Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, С.Амарсайхан, Ж.Сүхбаатар, Т.Доржханд нар үг хэлж, Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазараас асуулт асууж, хариулт авсан. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 44 гишүүний 31 нь 70.5 хувийн саналаар уг хүсэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэн тул “Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдлаа. Иймд Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан тогтоолын эцсийн найруулгыг уншиж танилцуулав.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)