Д.Ворралд: Монгол Улсын хүртэх үр өгөөжийг сайжруулах талд яриа хэлэлцээр хийхэд “Рио тинто” хэзээд бэлэн

“Рио Тинто”-гийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Даниэл Ворралдтай ярилцлаа.


-“Рио Тинто” Монголд яг ямар чиглэлд анхаарч ажиллаж байна вэ гэсэн асуултаар ярилцлагаа эхэлье?

-Монголд ирээд арван сар орчмын нүүр үзээд байна. Сорилт ихтэй хэдий ч миний хувьд үр бүтээлтэй цаг хугацаа болж өнгөрсөн. Би “Рио Тинто”-гийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирлын албыг хашихаас гадна “Рио Тинто Монгол” гэдэг аж ахуйн нэгжийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Манайх таван гол чиглэлийг барьж ажиллаж яваа. Эхний хоёр чиглэл бол Оюу толгойн ил уурхайн үйл ажиллагаа, гүний уурхайн бүтээн байгуулалт. Цар тахлын үед ч гэсэн ил уурхайн үйл ажиллагаа амжилттай үргэлжилж байна. Гүний уурхайн бүтээн байгуулалт одоогийн зураг төслийн хүрээнд 60 хувьтай өрнөж байна. "КОВИД-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний улмаас зарим ажил удааширч, гурав болон дөрөвдүгээр агааржуулалтын босоо амны ажлыг түр зогсоож, арчлалт, засварын горимд шилжүүлсэн. Гуравдугаарт, хайгуулын үйл ажиллагаанд анхаарч байгаа. Хайгуулын лиценз олголтыг зогсоосныг та мэднэ. Энэ үйл ажиллагааг сэргээсэн тохиолдолд хайгуулын ажил хийх сонирхол бий. Дөрөвт, онцлох зүйл бол манай оффис дээр “Монголиа деливери центр” ажилладаг. IT-гийн 75 залуу мэдээлэл технологийн үйлчилгээг “Рио тинто”-гийн дэлхий даяарх салбаруудад үзүүлэх юм. Монгол залууст дэмжлэг үзүүлж, мэдлэгт суурилсан эдийн засгийг дэмжиж байгаа нэг хэлбэр л дээ. Удахгүй хүнээ нэмж 100 болгоно. Тав дахь нь Засгийн газар болон иргэний нийгэм, орон нутаг, бизнесүүдтэй хийх хамтын ажиллагаа. Энэ таван чиглэлд анхаарч ажиллаж байна.

-“Рио Тинто”-гийн удирдлагууд Оюу толгойтой холбоотойгоор АНУ-ын шүүхэд дуудагдсан гэсэн мэдээлэл олны анхааралд байна. Энэ тал дээр тодорхой мэдээлэл өгөөч?

-Таны сонирхсон асуултын тухайд хуулийн процесс эхэлчихсэн яваа учраас олон зүйл ярих боломжгүй. “Рио Тинто”-гийн хувьд тухайн асуудлыг үндэслэлгүй гэж үзэж байгаа. Дурдагдсан асуудлуудын тухайд “Бэйкер Маккензи” гэдэг хуулийн фирмээр дотоод хяналт шалгалт хийлгүүлсэн юм. Шалгалтын үр дүнгээр тухайн гомдолд дурдагдсан асуудлууд үндэслэлгүй гэсэн хуулийн дүгнэлт гарсан. Америкт нэг хүн зарга үүсгэж, үүсгэсэн тэр зарганд нь бусад хүмүүс нэгдэж болдог хэлбэр бий. Нээлттэй маргаан үүсгэх хэлбэр л дээ. Энэ дагуу “Рио Тинто”, “Туркойз хилл”- компаниудыг “Оюу толгой”-н гүний уурхайн төслийн зардал, хуваарийн талаар буруу ташаа мэдээлэл гаргасан гэдэг үндэслэлээр зарга үүсгэсэн гэж ойлгож байгаа.

Энэхүү асуудлаар бид сая танд хэлсэнчлэн хөндлөнгийн, бие даасан этгээдээр хяналт шалгалт хийлгэж, тухайн байгууллагаас ямар ч үндэслэлгүй гэсэн утгатай дүгнэлт гаргасан.

-Гүний уурхайн бүтээн байгуулалтын явц 60 хувьтай яваа юм байна. Оюу толгойн үнэ цэнийн 80 хувь нь бий гэгддэг гүний уурхайн ашиглалтад орох хугацааг хэзээ гэж харж байгаа бол?

-Гүний уурхайн хэмжээ нэлээд том, зүйрлэж хэлбэл Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэлх хэмжээний, 1.3 километр гүнд байрлах маш том хүдрийн биетийг ашиглах тухай яригдаж байгаа. Одоогийн зураг төслийн хүрээнд барилга бүтээн байгуулалтын ажил 60 хувийн гүйцэтгэлтэй яваа. Таны сая хэлсэнчлэн гүний уурхайд нийт баялгийн маань дийлэнх хэсэг агуулагддаг. Одоогийн байдлаар бид гүний уурхайн анхны тогтвортой үйлдвэрлэл 2022 оны аравдугаар сараас 2023 оны зургадугаар сарын хооронд эхэлнэ гэж тооцоолж байна. Гэхдээ ирэх арванхоёрдугаар сард нарийвчилсан тооцоолол гарах юм. Нарийвчилсан тооцооллоор зардал болон хугацаа эцсийн байдлаар тодорхой болно. Өөрөөр хэлбэл, сая таны асуусан асуултын хариу арванхоёрдугаар сард буюу энэ оны эцэст илүү тодорхой болно. Одоогийн байдлаар гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 6.6-7.1 тэрбум ам.долларын хооронд байгаа. Арванхоёрдугаар сард бэлэн болох тооцооллоор яг аль тоо нь эцсийнх, аль хугацаа нь илүү бодитой гэдэг нь тодорхой болно. Өнөөдөр надад байгаа урьдчилсан мэдээллээр бол 2022 оны аравдугаар сар гэсэн хуваарь руу илүү дөхүү хугацаанд багтаж үйлдвэрлэлийг эхлүүлэх боломж бүрдэх магадлалтай байна.

-Гүний уурхай ашиглалтад ороход засгаас шалтгаалах ямар нэгэн асуудал байна уу?

-Бид улаар таслах гэж ид нэрлээд байгаа л даа. Өөрөөр хэлбэл, энэ нь түрүүн танд хэмжээг нь дүрсэлж хэлсэн маш том хэмжээний хүдрийн биетийг доогуур нь тасалж нурааж эхлэх үйл явц юм. Энэ үйл ажиллагааг эхлэхээс өмнө Засгийн газраас шаардлагатай, ойрын хугацаанд шийдвэрлэх гурван зүйл бий. Засгийн газар Оюу толгой төсөл дээр 34 хувийн хувь эзэмшигч. Мөн бүх дүрэм, журам, хууль эрх зүйн тогтолцоог бүрдүүлж, зохицуулагчийн үүрэг гүйцэтгэдэг. Засгийн газрын зүгээс хүлээж буй зүйлийн эхнийх нь эрчим хүчний хангамж болон тогтвортой байдал. Засгийн газар төрийн өмчийн цахилгаан станц байгуулна гэдгээ зарласан. Тэр станцаас цахилгаан авах хүртэл одоо цахилгаан импортолж буй Өмнөд Монголын цахилгаан эрчим хүчний гэрээг сунгах баталгаа хэрэгтэй байгаа. Хоёрт, гүний уурхайн зураг төсөл дизайн, нөөцийн шинэчилсэн тайланг батлах хэрэгцээ бий. Гуравт, санхүүжилттэй холбоотой шийдвэр гаргах шаардлагатай байгаа. Засгийн газраас энэ гурван асуудлыг шийдэж байж дараагийн алхам хийгдэнэ.

-Хөрөнгө оруулалтын хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт хийх ажлын хэсгийг Монголын талаас гаргаад ажиллаж байгаа. Ажлын хэсэг дүгнэлтээ гаргасан. Ер нь одоогийн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах шаардлагатай гэсэн байр суурийг Монголын талаас илэрхийлдэг. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Өнгөрсөн оны сүүлээр УИХ-ын баталсан 92 дугаар тогтоолын дагуу “Рио Тинто”-той тодорхой хэлэлцээр хийх үүрэг даалгаврыг Засгийн газарт өгсөн байдаг. Үүний дагуу ажлууд өрнөж байгаа. Хэлэлцэж байгаа асуудлуудыг богино хугацаанд шийдэгдэх шаардлагатай болон урт хугацаандаа хэлэлцээд явах боломжтой асуудлууд гэж ангилж харж болох байх. Ойрын хугацаанд шийдэх шаардлагатай асуудлууд гэвэл миний сая дурдсан гурван асуудал. Урт хугацаандаа шийдэх боломжтой нь 92 дугаар тогтоолд дурдагдсан бусад асуудлууд гэж би хувьдаа харж байна. Эдгээр асуудлуудыг Монгол Улсын Засгийн газартай төслийн хувьцаа эзэмшигч, урт хугацааны итгэлт түншүүдийн хувиар ярилцахдаа “Рио Тинто”-гийн үүд хаалга үргэлж нээлттэй байх болно. Засгийн газартай хэлэлцээрт орохдоо бэлэн байна. Өнөөдрийн тухайд би зөвхөн хөрөнгө оруулагч талыг төлөөлж буй учраас ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Оюун-Эрдэнэ ямар бодолтой байгааг өмнөөс нь хэлэх боломжгүй байна. Засгийн газар мэдээж хатуу байр суурьтай, хэлэлцээ хийхэд хэзээд амаргүй байдаг.

-Сүүлийн үед Засгийн газрын төлөөлөлтэй уулзсан уу?

-Дөнгөж өнөө өглөө ( 2020 оны 10 дугаар сарын 23) гэхэд л ЗГХЭГ-ын албан хүмүүстэй уулзсан.

-Таван толгойн цахилгаан станцыг төр өөрөө мөнгөө гаргаад барина гэсэн шийдвэрээ гаргачихсан. Саявтар “Ньюком” компани сэргээгдэх эрчим хүчний станц барьж өгөх боломжтой гэсэн байр суурь илэрхийлсэн. “Рио Тинто”- дэлхийн зарим улс дахь уул уурхайн ажиллагаандаа сэргээгдэх эрчим хүч ашиглаж байгаа. “Оюу толгой” төсөлд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр ашиглах боломж хэр бол, энэ тал дээр “Рио Тинто” ямар байр суурь, хандлагатай байгаа вэ?

-Рио Тинто олон улсад үйл ажиллагаа явуулдаг корпорацийн хувьд илүү цэвэр энергийн эх үүсвэр сонгох талд анхаарч байна. 2030, 2050 онд хүлэмжийн хийг бууруулах, тэглэх том зорилтуудаа зарласан. 2050 онд хүлэмжийн хийг тэглэх зорилт тавьсан яваа. Энэ зорилтдоо нэг тэрбум ам.доллар зарцуулна. Үүнээс гадны бидний үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнүүд цэвэр энергийн эх үүсвэрийг бий болгоход хувь нэмрээ оруулах бүтээгдэхүүнүүд. Мөн бид уур амьсгалын өөрчлөлтөд үзүүлэх нөлөөллөө бууруулах чиглэлээр илүү нарийвчилсан судалгааны ажлууд хийж буйг дурдах нь зүйтэй. Монголын Засгийн газрын зүгээс нүүрсний цахилгаан станц барихаа өнгөрсөн дөрөвдүгээр сард зарласан. Өнгөрсөн зургадугаар сард бид Засгийн газартай Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээний нэмэлтэд гарын үсэг зурсан. Засгийн газрын байр суурь, шийдвэрийг хүндэтгэж энэ хувилбарыг тэргүүн ээлжинд авч үзнэ. Энэ төслийн хувьд хоёр талын хүлээсэн үүрэг бий. Засгийн газар төслөө урагшлуулаад явж байгаа гэж харж байна.

-“Рио Тинто”-гийн гүйцэтгэх захирлыг солих болсон шалтгааныг танаас давтан тодруулмаар байна. Шинэ захиралд манай улсын иргэн Б.Болдын нэр дуулдаж байна. “Рио Тинто”-г хэн удирдах бол гэсэн асуулт монголчуудын анхааралд байгаа энэ үед томилгооны талаар шинэ мэдээ байвал хуваалцаач?

-“Рио Тинто”-гийн тухайд гүйцэтгэх захирал болон нийтдээ гурван өндөр албан тушаалтан ажлаа өгөхөөр болсон байгаа. Тэр гурван хүний нэг нь миний шууд удирдлага болох хүн бий. Тэдгээр хүмүүс ажлаа өгөх болсон гол шалтгаан нь тавдугаар сард баруун Австралийн Жукан гээд хавцал дээр болсон үйл явдал. Тийм үйл явдал болсонд компанийн хувьд гүнээ харамсаж байгаа. Тийм үйл явдал хэзээ ч болох ёсгүй байсан. Бидний хувьд энэ үйл явдлаас сургамж авч, үйл ажиллагаандаа тусган ажиллаж байна. ТУЗ-аас шалгалт явуулж, дүгнэлт гаргасан. Энэ бүхнийг хийж хэрэгжүүлнэ. Шинэ захирлаар хэн томилогдох талаар миний зүгээс таамаг дэвшүүлэх боломжгүй. Гадны болон дотоодын удирдлагын түвшинд шинэ хүнийг олж тодруулах ажил өрнөж байгаа. Б.Болд захиралтай олон удаа уулзаж байсан. Хүндэтгэл хүлээсэн, шилдэг удирдагчдын нэг.

-Оюу толгой төсөл Рио Тинто-гийн бизнест ямар орон зайтай вэ?

-“Рио Тинто” 36 улсад үйл ажиллагаа явуулдаг, 47,000 ажилтантай олон улсын компани. Дөрвөн том бүтээгдэхүүний групптэй. Төмрийн хүдэр, хөнгөн цагаан, зэс очир эрдэнэ, эрчим хүч эрдсийн группүүд бий. Оюу толгой төсөл зэс, очир эрдэнийн группт багтана. Хамгийн их хөрөнгө оруулалт хийж байгаа төслүүдийн маань нэг бол Оюу толгой. Төслөө амжилттай үргэлжлүүлж, өнөө тулгамдаад буй асуудлуудаа шийдэж, Монголын Засгийн газартай урт хугацаанд хамтран ажиллахын төлөө байгаа. Оюу толгой төсөл дан ганц “Рио Тинто”-д биш, Монгол Улсад ч эдийн засгийн өндөр ач холбогдолтой. Оюу толгой төсөлд арав гаруй мянган хүн ажиллаж байна. Үүнээс гадна Оюу толгой бол үндэсний хэмжээний төсөл. Тэр утгаараа үндэсний хэмжээнд 45 мянга гаруй хүнийг туслан гүйцэтгэгч гэх мэт хэлбэрээр ажлын байраар хангаж яваа. Эдийн засгийн ийм том үр нөлөөтэй төслийн тухай та бид хоёр ярьж байна. Түрүүн хэлсэн ойрын хугацаанд шийдэх гурван асуудлаа шийдээд, гүний уурхай ашиглалтад ороод явбал Монголын ДНБ-ий 20-25 хувийг дангаараа хангах боломжтой том төсөл.

-Монголын гадаадын хөрөнгө оруулалтын маш том хувийг Оюу толгой эзэлж байгаа, тэр утгаараа гадаадын хөрөнгө оруулалтын барометр гэсэн том нөлөө бас бий. Яг хичнээн хувийг эзэлж байгаа гэдэг дээр тодорхой тоо хэлээч?

-Оюу толгой төсөл Монголын гадаадын хөрөнгө оруулалтын 70 хувийг дангаараа эзэлж байгаа. Монголд хөрөнгө оруулахыг сонирхож байгаа гадаадын томоохон компаниуд Оюу толгойг л харж үнэлж байж Монголд хөрөнгө оруулах эсэхээ шийдэх нь зүй ёсны хэрэг л дээ.

-Зэсийн зах зээлийн ирээдүйг та яаж харж байна вэ. Оюу толгойн гүний уурхай ашиглалтад орох үед зэсийн зах зээл огцом сэргэнэ гэсэн таамаглал хэр ортой бол?

-Том түвшинд яривал сэргээгдэх эрчим хүч, цахилгаан машины эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа. Олон хүн ядуурлаас гарч дундаж давхарга руу шилжих таамаг зураг бий. Дундаж давхаргынхны хувь хэмжээ өсөх тусам байр сууц, цахилгаан тоног төхөөрөмж гэх мэт олон чигийн эрэлт хэрэгцээ огцом өснө. Энэ мэтээр харвал эрэлт хэрэгцээ өсөх эерэг зүйлс ажиглагдаж байгаа. Нийлүүлэлт талаас нь харахад ковидтой холбоотойгоор ялангуяа өмнөд Америкийн зах зээл дээр өмнөх шигээ түвшний үйлдвэрлэл явагдахгүй байна. Сүүлийн үеийн мэдээллүүдээс анзаарахад Хятадын зах зээл эргээд сэргэж буй хандлага ажиглагдаж байгаа. Урт хугацаандаа зэсийн эрэлт сайн байх суурь нөхцөлүүд байна гэж хэлж болохоор байна. Гүний уурхайн ашиглалтад орох хугацаа яг хэдийд гэдгийг бидний зүгээс шууд хэлэх боломжгүй. Засгийн газраас хамаарах зүйлс байгаа учраас гүний яг тэдэн онд ашиглалтад орж, тэр үед нь зэсийн зах зээл ийм тийм байна гэж хэлэхэд эрт. Бидний төлөвлөж буй хугацаанд гүний уурхай ашиглалтад орвол зэсийн эрэлт их, үнэ өндөр байх таамаг бий.

-Оюу толгой төсөлд ашиглаж буй шинэ техник технологиор ярилцлагаа үргэлжлүүлье?

-Таны асуултад хоёр чиглэлээр хариулт өгөх нь зүйтэй байх. Нэгдүгээрт нь Оюу толгой, хоёрдугаарт нь “Монголиа деливери центр” гээд манай IT-гийн компани. Оюу толгойн хувьд гэхэд л аюулгүй ажиллагаа, ус дахин ашиглах гэх мэт үйл ажиллагаа “Рио Тинто”-гийн хийж буй менежмэнтийн үр дүнд дэлхийн түвшинд хүрсэн. Блокчлон олборлох гэх мэт дэлхийн хэмжээний маш олон шинэ технологийг нэвтрүүлэн ажиллаж байгаа. “Рио Тинто”-гийн хувьд Монголд хийж буй бизнесийн үйл ажиллагаа зөвхөн Оюу толгойгоор хязгаарлагддаггүй. Миний бахархдаг нэг зүйл бол “Монголиа деливери центр”. Монгол залуусыг сургаж дадлагажуулсны үр дүнд зэс, алтны баяжмалын экспортоос гадна Монголын залуусын оюуны хөдөлмөрийг дэлхийн зах зээлд гаргаж үнэлүүлж байна. Энэ бол Монголын хувьд маш том давуу тал.

-Оюу толгой төсөлд ажиллаж буй монголчуудын талаар асуух зүйл байна. Нарийн мэргэжлийн, удирдах түвшний өндөр цалинтай албанд эзлэх монголчуудын хувь хэр байгаа бол?

-Оюу толгойн нийт ажиллагсдын 94 хувь нь монголчууд. Нийт ханган нийлүүлэгчдийн хувьд 75 хувийн хангамж нь Монголын бизнес эрхлэгчдэд хамаардаг. Би хоёр долоо хоногийн өмнө Оюу толгойн удирдлагын багтай уулзсан. Тэр үед ерөнхий менежерүүдийнх нь хэд хэдэн хүн нь монголчууд байгааг хараад бахархсан шүү. Ковидтой холбоотой хязгаарлалт гарч, зарим гадаад менежер ирж чадахгүй байгаа ийм цаг үед монгол залуус тэдний ажил үүргийг маш өндөр ур чадвар, манлайлалтайгаар орлон хийж яваа. “Рио Тинто” Монголын хувьд “Монголиа деливери центр”-т ажилладаг бүх ажилтан монголчууд. Менежерүүд, удирдлагын баг нь ч 100 хувь монголчууд.

-Уул уурхайн, тэр дундаа гүний уурхайн мэргэжилтнүүдээ экспортлох хэмжээний боломжийг Оюу толгой төсөл бүрдүүлж өгсөн гэж уул уурхайн салбарынхан онцолдог. Дэлхийн гүний уурхайн бүтээн байгуулалтад монголчууд оролцох бүрэн чадвар, боломжтой болсон гэж та боддог уу?

-Монголчууд аль хэдийнэ “Рио Тинто”-д ажиллаад эхэлчихсэн. Өмнөд Америк, Хойд Америк, Өмнөд Африк, Австрали гээд олон улсад ажиллаж байна. “Монголиа деливери центр”-ийн жишээнээс харахад олон улсад ажиллана гэдэг заавал биечлэн очиж ажиллах шаардлагагүй болсон. Эх орондоо ажиллаад, хөдөлмөрөө дэлхийн хэмжээнд үнэлүүлэх боломжтой. “Оюу толгой”-н ажиллагсдын хувьд гүний уурхайд ажиллаад, ирээдүйд гүний уурхайн бүтээн байгуулалтад гадны улсуудад ажиллахад бэлтгэгдээд явж байгаа гэж хэлж болно. Мөн ханган нийлүүлэгч дотоодын компаниуд олон улсад ханган нийлүүлэлт хийх боломжтой гэж үзэж байгаа.

-Оюу толгойн гэрээ мэдээж хоёр талд ашигтай. Гэхдээ Монголд үүнээс илүү ашигтай байх боломжийг л улстөрчид яриад байдаг. Энэ тал дээр таны бодлыг сонсъё?

-2009 оны хөрөнгө оруулалтын гэрээ, хувьцаа эзэмшигчдийн гэрээ, гүний уурхайн бүтээн байгуулалт санхүүжилтийн төлөвлөгөө гэсэн гурван бичиг баримт “Рио Тинто”-гийн хувьд гадаадын хамгийн том хөрөнгө оруулалтыг Монголд хийх болсон шийдвэрийнх нь хамгийн том үндэс суурь. Эдгээрийн үр дүнд 11 тэрбум ам.доллар, 2.7 тэрбум гаруй ам.долларын татвар, 12 мянган ажлын байр, 45 мянган шууд бус ажлын байр, орон нутагт зарцуулж буй хөрөнгө оруулалтууд, ил уурхайн үйл ажиллагаанаас худалдан авалт санхүүжилт хэлбэрээр нийгэмд хийж буй хөрөнгө оруулалт, гүний уурхайн бүтээн байгуулалтын явцад Монголд орж ирж байгаа мөнгө гэх мэт энэ бүх үр өгөөж түрүүн дурдсан гурван бичиг баримтын үндсэн дээр бий болсон. Үүний зэрэгцээ Рио Тинто компани Оюу толгойн зэрэгцээ бусад бизнесийн үйл ажиллагааг Монгол Улсад эрхлэн явуулж байна. Хөрөнгө оруулагчид Оюу толгойг харж хөрөнгө оруулалтаа Монгол руу чиглүүлж байна. Монгол Улсын хүртэх үр өгөөжийг сайжруулах чиглэлээр УИХ-ын 92 дугаар тогтоолын дагуу яриа хэлэлцээр хийхэд “Рио Тинто” хэзээд бэлэн.

-Дубайд гарын үсэг зурсан далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөтэй холбоотойгоор хэд хэдэн улстөрч шоронд орлоо. Ер нь Дубайн төлөвлөгөө Монголчуудад ямар давуу тал өгсөн гэж та боддог вэ?

-Гүний уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөгүйгээр гүний уурхайн төсөл хэрэгжих боломжгүй. Оюу толгойн ихэнх баялгийг гүний уурхайг ашиглалтад оруулснаар олборлох боломжтой тухай та бид хоёр ярилцлагынхаа эхэнд хөндсөн. Оюу толгой гадаадын хөрөнгө оруулалтын 70 хувийг эзэлж байгаа нь ч гүний уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөтэй холбоотой. Ковид дэгдэхээс өмнө гүний уурхайн бүтээн байгуулалтын хүрээнд сард 100 сая ам.доллар орж ирж байсан. Гүний уурхайн тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, ашиглалтад орсноор ДНБ-ий 20-25 хувийг эзлэх боломжтой. Олон мянган ажлын байр, эдийн засгийн үр өгөөжийг мөн би түрүүн дурдсан.

Техник технологи, туршлага, ноу хау гээд энэ бүхэн гүний уурхайн төлөвлөгөөнд үндэслэж Монголд орж ирсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтууд юм. Засгийн газар Монголын ард түмний нэрийн өмнөөс Оюу толгойн 34 хувийг эзэмшээд явж байгаа. УИХ-аас томилогдсон ажлын хэсэг 18 сарын турш үйл ажиллагаа явуулаад тогтоол баталсан. Энэхүү тогтоол батлагдсанаар гүний уурхайг хөгжүүлэх Засгийн газрын үүрэг амлалтыг дахин баталгаажуулсан.

Ц.Баасансүрэн

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)