Монгол Улс дахь хүний эрхийн хамгаалагчдын нөхцөл байдалд дүгнэлт хийжээ

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институц, хүний эрхийн алба (АИХЭА)-аас Монгол Улс дахь хүний эрхийг хамгаалагчдын нөхцөл байдалд хийсэн үнэлгээний дүгнэлт, зөвлөмжийг танилцуулах  цахим дугуй ширээний уулзалт 2020 оны 11 дүгээр сарын 17-18-ны өдөр амжилттай явагдаж өндөрлөлөө.

Цахим уулзалтын хоёр дахь өдөр НҮБ-ын Хүний эрхийг хамгаалагчдын асуудал хариуцсан Тусгай илтгэгч хатагтай Мэри Лаулор (Mary Lawlor) зочин илтгэгчээр оролцож, үйл ажиллагааныхаа тэргүүлэх чиглэлийн талаар танилцуулав.

Тэрээр бүрэн эрхийнхээ хугацаанд хүний эрхийг хамгаалагчдын амь нас, эрүүл мэндэд хор хохирол учруулах явдлыг зогсооход гол анхаарал хандуулахаа онцлон тэмдэглэж, эрх ашиг нь хамгийн их зөрчигддөг бүлэг буюу эмэгтэйчүүд, хүүхэд, ЛГБТИ болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, байгаль орчны асуудлаар идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг хүний эрхийг хамгаалагчдын эрхийг хамгаалах, бизнесийн үйл ажиллагаанд хүний эрхийг хүндэтгэн хангах хандлагыг төлөвшүүлэх, урт хугацааны хорих ялаар шийтгүүлсэн этгээдийн хүний эрхийг хангах, НҮБ-ын байгууллагуудтай хамтран ажилласны төлөө хүний эрхийг хамгаалагчдад дарамт, шахалт үзүүлэх явдлыг зогсоох чиглэлээр хүчин чармайлт гаргаж ажиллахаа илэрхийлэв.

Хатагтай Лаулор мөн өмнөх Тусгай илтгэгч ноён Мишель Форст 2019 оны 5 дугаар сард Монгол Улсад айлчлахдаа өгсөн зөвлөмжүүдийг ажил хэрэг болгох, тэр дундаа хүний эрхийг хамгаалагчдын эрх зүйн байдлыг баталгаажуулах чиглэлд Монгол Улсын Засгийн газартай идэвхтэй хамтран ажиллах болохоо тэмдэглэж хэлэв. Хэлэлцүүлгийн энэ хэсэгт Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар оролцож өдгөө УИХ-д өргөн мэдүүлээд буй Хүний эрхийг хамгаалагчдын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн зохицуулалтын талаар танилцуулж, санал бодлоо хуваалцлаа.

Энэ өдрийн хуралдаанаар мөн Хүний эрхийн үндэсний комисс, Хууль зүй, дотоод хэргийн яам болон “Оюу Толгой хяналт” ТББ-ын төлөөлөл Монгол Улс дахь хүний эрхийг хамгаалагчдын өнөөгийн нөхцөл байдал, сүүлийн үед өрнөж буй хууль, эрх зүйн орчны шинэчлэл болон үнэлгээний зөвлөмжийг хэрэгжүүлэх боломжит арга замын талаар тус тус илтгэл тавьж, оролцогчид АИХЭА-ны зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхэд анхаарах тэргүүлэх чиглэл, арга замын талаар идэвхтэй хэлэлцэв.

АИХЭА нь цахим дугуй ширээний уулзалтаас гарсан саналыг нэгтгэж, зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх хүрээнд зохион байгуулах тодорхой арга хэмжээ, үйл ажиллагааны талаар санал боловсруулж танилцуулах юм.

Тусгай илтгэгч Мишель Форстын айлчлалын тайланг https://undocs.org/en/A/HRC/43/51/Add.2 цахим холбоосоор орж үзэх боломжтой.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)