Дундговьд засаглал шат шатандаа эзгүйрч байна

 Дундговь аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан болж үнэмлэхүй олонхи суудалтай Ардчилсан намаас аймгийн Засаг даргад Цагаанхүүгийн Мөнхбатыг нэр дэвшүүлж батламжлуулахаар Монгол улсын Ерөнхий сайдад  өргөн мэдүүлээд 20 хоног өнгөрлөө.  Гэвч аймгийн Засаг даргын батламжлалгүй, ямар нэг хариу өгөлгүй өнөө хүрсэнд аймгийн иргэд гайхаж асууж сурагласаар байна.

          Аймгийн Засаг дарга яагаад өнөө хүртэл батламжлагдахгүй байна вэ? Аймгийн ИТХ-ын 35 суудлын 23-ыг Ардчилсан нам дангаар авсан сонгуулийн үр дүнд ямар ч эргэлзээ байхгүй,  ямар нэг маргаангүй байхад одоогоор Засаг дарга нь батламжлагдаагүй гурван аймгийн нэг нь Дундговь байгаагийн цаад учир хаанаа байна вэ? Өнгөрсөн жил тус аймгийн нийт нутагт зуншлага оройтсон, баруун талын хэд хэдэн сумын нутаг бүхэлдээ ган гачигтай байснаас малчид өнтэй нутаг бэлчээр хайн Говьсүмбэр, Дорноговь, Хэнтий аймгийн  нутаг хүрч өвөлжиж байгаа, улс орон даяар цар тахалтай тэмцэх  бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд байгаа  энэ нөхцөл байдал Төр, Засгийн удирдлагын анхааралд өртөхгүй байна гэж үү? Аймгийн Засаг дарга батламжлагдаагүйгээс энэ бүрэн эрхийн дөрвөн жилд ажиллах 15 сумын Засаг дарга, 68 багийн Засаг дарга томилогдоогүй хүлээгдсэнээс тус аймагт засаглал шат шатандаа эзгүйрч байна. 

          УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат  өөрийн сонгогдсон  Архангай аймгийн Засаг даргыг яагаад томилохгүй байгаа талаар УИХ-ын хуралдаан дээр  Ерөнхий сайдаас асуусны дараа   өдөрт нь Засаг даргыг томилсон тухай мэдээлэл гарсан.   Энэ бол  улс орны өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан, намчирхалгүй, шуурхай хийсэн томилгоо гэж нийгэмд ойлгогдсон.

 Тэгвэл Дундговь яагаад...? Энэ томилгоог гацаах сонирхол хэнд байна вэ? Ийм сонирхол аймгийн хуучин удирдлагад байхгүй, байлаа ч Ерөнхий сайдад нөлөөлөх хэмжээний хүч хүрэхгүй. Улс орны нэгээхэн хэсгийн эрх ашгийн үүднээс тийм сонирхол Ерөнхий сайдад ч дангаар байх учиргүй. Харин   УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшин сонгогдсон хоёр гишүүн гэнэтийн энэ ялагдалд /Аймгийн ИТХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй ялагдсан төдийгүй, аймгийн төв оролцоод  9 суманд цөөнх болсон/ цочирдсондоо, нөгөө талаар 2024 онд дахин сонгогдох  суурь баазаа хадгалах атгаг сонирхолд хөтлөгдөн АН-аас нэр дэвшсэн Дундговь аймгийн Засаг даргын томилгоог аль болох гацаан цаг хожих, энэ хооронд сумдын Засаг даргыг томилуулах, чадвал 66 багийн Засаг дарга нарын томилгоонд ч нөлөөлөх явуургүй арга хэрэглээд байна уу гэсэн хардлага дагуулж байна. Тухайлбал өнөөдөр буюу 2020.11.23-ны өдөр МАН-ын олонхи болсон 6 сумын заримыг буюу  Өлзийт, Гурвансайхан,  Өндөршил сумын Засаг дарга нарыг бүрэн эрх нь дуусч байгаа Засаг дарга О.Бат-Эрдэнэ батламжилсан байна.  Эдгээр томилгоонуудыг хийхийн тулд Аймгийн Засаг даргыг гацаагаад байна уу гэсэн хардлага урган гарч байна. Уг нь сонгуулиар шинээр сонгогдсон аймгийн Засаг дарга томилдог учиртайсан.  Ер нь бодоод байхад Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн  шийдвэрт нөлөөлж  чадах хүн УИХ-ын гишүүдээс, бүр тодруулвал хэвлэл мэдээллээр хамгийн ойрын шадар хүн нь гэж бичигдээд байгаа Сү.Батболдоос өөр хэн байх билээ.  Дундговийн адил хүлээгдээд байгаа  хоёр аймаг нь УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Ч.Хүрэлбаатар, MCS-ийн Л.Энх-Амгалан нарын сонгогдсон Увс, Хөвсгөл аймаг байгаа нь ч дээрх хардлагыг улам батлаад байх шиг...

           Энэ улс төржсөн, намчирхсан үйлдлээс болж   байгаль, цаг агаар, цар тахалын  хүнд хэцүү нөхцөлд байгаа Дундговь аймаг, 47000 хүний эрх ашиг  нөхөж болшгүйгээр хохирвол хариуцлагыг хэн хүлээх вэ?

Эх сурвалж: Dundgovi.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)