Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдээ татаж авлаа

Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.11.27) нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ оны 04 дүгээр сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Шүүгчийн эрх зүйн байдал, сахилга, хариуцлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хуульчийн эрх үйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэхээр тогтов. Эдгээр хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг чуулганы өнгөрсөн долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс тав хоногийн хугацаатай завсарлага авсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, хуулийн төслүүдийн талаарх хууль санаачлагчийн илтгэлээ танилцуулж байр сууриа илэрхийлсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ, миний өргөн мэдүүлсэн Шүүхийн багц хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцсэн мэт байдлаар буцаах болсонтой холбогдуулан Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд өнөөдрийн чуулганы хуралдаанд өөрийн биеэр оролцож, байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж үзлээ гээд юуны өмнө Монгол Улсын Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу хийгдэх ёстой шүүхийн багц хуулийн шинэчлэл, өөрчлөлтийн асуудал хэт улстөржсөн, иргэд олон нийтийг илэрхий төөрөгдүүлсэн, үндэсний эв нэгдлийг хангах төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг бүдүүлгээр зөрчсөн, монгол төрийн уламжлалд үл зохицох арга байдлаар явагдах болсонд харамсаж байгаагаа илэрхийлж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдал, сахилга, хариуцлагын тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдээ татан авч буйгаа мэдэгдэв.

Тэрбээр шүүхийн асуудал бол хэдхэн шүүгчийн асуудал биш, шударга ёс тогтоох, шударга нийгэм байгуулахад голлох нөлөөтэй, ард иргэдийн амьдрал, хувь заяаг шийдвэрлэх онцгой үр дагавартай шийдвэрүүд гаргадгаараа нийт иргэн, аж ахуйн нэгжүүдэд зүй ёсоор хамаарах өргөн хүрээний асуудал мөн гэдгийг онцлоод Монгол төрийн тэргүүний хувьд өмнөх Засгийн газраас боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн шүүхийн тухай хуулийн төсөлд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийллээ.

Учир нь энэ хуулийн төсөл нь одоо мөрдөгдөж байгаа Монгол Улсын шүүхийн тухай, Шүүхийн захиргааны тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулиудыг хуулан нэгтгэсэн, эдгээр хуульд байгаа ололт, дэвшилттэй зарим зохицуулалтуудыг хассан, хүчингүй болоод удаж байгаа 2002 оны Шүүхийн тухай хуулиас ашиг сонирхолдоо нийцсэн зарим зүйл, заалт, зохицуулалтыг сэргээн тусгаж, нэг ёсондоо ухралт хийсэн, шүүхийн хүрээний асуудал, шаардлагыг ул суурьтайгаар судлан дүгнээгүй, олон нийт, эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүдээр огт хэлэлцүүлээгүй алдаа дутагдалтай, шударга ёс, өөрчлөлт, шинэчлэлтийг хүсэн хүлээж байгаа иргэд, олон нийтийн итгэл найдварыг бүр мөсөн бөхөөх хэмжээний нэн хариуцлагагүй төсөл болсон гэж дүгнэж байна. Монгол түмний хүсэн хүлээж байгаа шударга ёс, шүүх эрх мэдлийн шинэчлэлийг ийм хэмжээнд харж хийх нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг үнэгүйдүүлж, ач холбогдлыг нь бүрэн алдагдуулж байгаа юм. Үүнийг ганц би биш хууль зүйн салбарын чамгүй олон эрдэмтэн судлаачид, хуульчид хэлж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийг нийгмийн хөгжил, нийтийн эрх ашигт нийцүүлэн засаж сайжруулах шаардлагатай гэсэн байр суурийг давамгай илэрхийлж байгаагаас бүрэн харж болно гэлээ.

Эцэст нь тэрбээр Монгол төрийн тэргүүний хувиар шүүхийн багц хуулийн шинэчлэлд анхаарч тусгах, Засгийн газрын төсөлд зохих ёсоор нь засаж залруулах шаардлагатай бодлого, зарчмын зөрүүтэй асуудлуудын талаар гишүүдэд тодорхой тайлбар өгч, өргөн мэдүүлсэн төслүүдийнхээ хүрээнд Улсын Их Хуралд саналаа илэрхийлсэн юм. Нэгд, шүүх эрх мэдэлд өнөөгийн улс төрийн намуудын арга барил, замналыг тулгаж огт болохгүй, хоёрт, шударга бусын хонгилыг төрийн бодлогоор сэргээж, хуульчлан баталгаажуулж болохгүй, гуравт, шүүх зөвхөн шүүн таслах ажлаа эрхэлбэл зохих бөгөөд шүүгчид бас ямар нэг байдлаар давхар дээл нөмрүүлэх гээд байх шаардлагагүй, дөрөвт, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг үнэгүйдүүлж, ач холбогдлыг нь алдагдуулж огт болохгүй, тавд, шударга шүүхээр шүүлгэх иргэдийн эрхийг хөсөр хаяж, шударга бусын хонгилыг хамгаалж огт болохгүй, зургаад, Үндсэн хуулийн үзэл санаа, зарчмын дагуу ард түмэнд, түүний төлөөлөлд өгсөн эрхийг аархан булааж болохгүй. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл хоорондоо харилцан тэнцвэртэй, хяналттай байх нь хэн ч үл зөрчих Монголын их цааз, Үндсэн хуулийн шаардлага юм гэдгийг онцлов.

Мөн шүүгч хэрэг, маргааныг шийдвэрлэхдээ багцаалддаг бус шударга мэдлэгээр хууль ёсыг тогтоодог байх шаардлагатай, шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрт иргэний хяналт хэрэгтэй, шүүхийн шийдвэр албан захидлын хэмжээнд байгаад байж болохгүй, шүүхийг босоо удирдлагатай болгож болохгүй бөгөөд шүүгч шүүгчээсээ ч хараат бус байх ёстой, шүүх эрх мэдэл хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн эрхшээлд байж болохгүй гэж үзэж, энэхүү байр сууриа хуулийн төсөлдөө нэн тодорхой тусгасан тухайгаа онцлон дурдав.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Хууль санаачлагч хэлэлцүүлгийн аль ч шатанд санаачилсан хууль, тогтоолын төслөө татан авч болно” гэж заасан. Мөн уг хуульд заасны дагуу хууль, тогтоолын төслөө татан авах тохиолдолд тухайн төсөл нь хэлэлцүүлгийн аль шатанд байгаагаас үл хамааран хууль санаачлагч хууль, тогтоолын төслөө татан авах үндэслэлээ тусгасан албан бичгийг Улсын Их Хуралд ирүүлэх бөгөөд Улсын Их Хурлын дарга нэгдсэн хуралдаанд энэ тухай танилцуулснаар хууль санаачлагч хууль, тогтоолын төслөө татан авсанд тооцохоор зохицуулсан.

Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн шүүхийн тухай багц хуулийн төслөө татан авч буйгаа мэдэгдсэн тул эдгээр хуулийн төслийг татан авсанд тооцсоныг хуралдаан даргалагч мэдэгдлээ.

 

Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх тогтоолын төслийн хэлэлцүүлгийг түр хойшлуулав

Чуулганы нэгдсэн хуралдаанаар "Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөөд байв. Уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы энэ сарын 20-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Байнгын хороо энэ сарын 25-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах нь зүйтэй гэж үзсэн байна.

Харин Улсын Их Хурлаас 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр баталсан Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан тул тогтоолын төслийн хэлэлцүүлгийг түр хойшлуулах нь зүйтэй гэж үзэж буйгаа Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан энэ үеэр илэрхийлэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт 2021 оны улсын төсвийн тухай хуульд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан учраас төсвийн хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолыг батлах нь зохимжгүй юм. Иймээс тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг түр хойшлуулж коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцин худалдаж авах, мөн төсвийн зардлыг хэмнэх, бууруулах, орлогыг нэмэгдүүлэхтэй холбогдсон заалтыг тогтоолын төсөлд нэмж тусгах шаардлагатай байгааг хэллээ.

Ингээд Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан, С.Бямбацогт нарын горимын саналаар “Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулах авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг түр хойшлуулах санал хураалгахад цахим хуралдаанд оролцсон 64 гишүүний 42 нь буюу 65.6 хувь нь дэмжив. Иймээс 2021 оны улсын төсвийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг ирэх долоо хоногт Байнгын хороогоор хэлэлцэх үед тогтоолын төслийг дахин нягталж хэлэлцэхээр боллоо.        

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (66.181.179.39)

    2020-11-29

    Энэний өөрийнх нь томилсон шүүгч ундармаад яо оноосон байхаа