М.Энх-Амар: Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвийн ачаалал 49 хувиар буурсан

“COVID-19” цар тахлын ялангуяа хөл хорионы үед хүүхэд хамгаалал, хүүхдийн хүчирхийллийн эсрэг төр, засгаас ямар арга хэмжээ авч, хэрхэн ажиллаж буй талаар Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар /ГБХЗХГ/- ын дарга М.ЭНХ-АМАРТАЙ ярилцлаа.

-Хөл хорионы үед гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэж байна гэсэн мэдээлэл гарч байна. Шалтгаан нөхцөл нь юунаас үүдэлтэй байна вэ. Энэ талаар танай салбарынхан судалгаа хийсэн үү?

 -Үүсээд буй цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан ХНХЯ олон арга хэмжээ авч ажиллаж байна. Тухайлбал, яамнаас цар тахлын улмаас хөл хорио тогтоосон үед жендерт суурилсан хүчирхийлэл ялангуяа гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх хамгаалалд хэрхэн нөлөөлж буй нөлөөллийг тогтоох, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, хохирогч хамгаалал, нөхөн сэргээх үйлчилгээний талаарх түргэвчилсэн үнэлгээг хийсэн. Үнэлгээнээс гарсан гол үр дүнгээс харахад, хөл хорионы улмаас зарим байгууллагын үйл ажиллагааг хязгаарласнаар олон өрхийн орлогод сөргөөр нөлөөлсөн. Үүнээс үүдэн гэр бүл дэх стресс, дарамт нэмэгдэж, гэр бүлийн хүчирхийллийг өдөөх үндсэн шалтгаан болж байна. Иргэд хөл хорионд орж, гэртээ удаан байснаас амьдралынх нь хэвийн дэглэм алдагдах, хосуудын харилцаанд зарим саад бэрхшээл, үл ойлголцол үүсэх цаашлаад тулгамдаж буй асуудлаа ярилцахгүй, стресс бухимдлаа хэрхэн тайлахаа мэдэхгүй байгаа зэрэг нь эргээд гэр бүлийн зөрчил маргаан үүсэхэд хүргэж байна гэсэн дүгнэлт гарсан.

 

ХӨЛ ХОРИОНЫ ҮЕД 210 ХҮҮХЭД СЭТГЭЛ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ АВСАН БАЙНА

 

 -Хөл хорио тогтоосноос хойш хэчнээн хүүхэд хүчирхийлэлд өртсөн бол. Энэ талаарх тоон мэдээллийг өгнө үү?

 

-Манай агентлагийн дэргэдэх Хүүхдийн тусламжийн утас 108 болон чатбокс үйлчилгээнд ирдэг хүүхдийн эсрэг хүчирхийллийн дуудлага, мэдээлэл хөл хорионы үед буурсан. Тодруулбал, 108 утсанд өнгөрсөн сарын 11-нээс энэ сарын 8-ны өдрийн байдлаар нийт 8972 дуудлага ирсэн байна. Үүнд хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн зөрчлийн 1423, мэдээлэл хүссэн 3117, зөвлөгөө хүссэн 669, зорилтот бус 2583, хоол, хүнс тэжээлийн дэмжлэг хүссэн 1180 дуудлага иржээ. Энэ тоон үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт дуудлагын тоо 18, хүүхэд хамгааллын дуудлага тав, зөвлөгөө хүссэн 21, зорилтот бус дуудлагын тоо 49 хувиар буурсан. Харин мэдээлэл хүссэн дуудлага эсрэгээрээ 29 хувиар өссөн байна. Энэ оны зургаадугаар сараас чатбокс үйлчилгээг шинээр нэвтрүүлж, сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээллийг 24 цагаар өгч ажилладаг. Хөл хорионы 27 хоногт энэ үйлчилгээгээг ашиглаж, 309 хүн зөвлөгөө авснаас 210 нь хүүхэд байна. Өдөрт дунджаар арав гаруй хүн зөвлөгөө авдаг.

 

-Ямар төрлийн хүчирхийлэл давамгайлж байна вэ?

 

-Хүүхдийн эсрэг үйлдэгдэх гэмт хэргийн тоо хөл хорионы үед буурсан. Сүүлийн 14 хоногт Хүүхдийн тусламжийн 108 утсанд хүүхдийн эрхийг ноцтойгоор зөрчсөн, амь нас, аюулгүй байдал нь алдагдсан гэх дуудлага ирээгүй. Он гарснаас хойш тухайн утсанд 100 мянга гаруй дуудлага мэдээлэл ирсний 15 орчим хувийг хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн зөрчлийн дуудлага эзэлж байна. Хүчирхийллийн төрлөөр нь авч үзвэл үл хайхрах 2408, бие махбодын 2262, сэтгэл санааны 1491, бэлгийн 240 дуудлага ирсэн байна. Үүнээс харахад, үл хайхрах, бие махбод, сэтгэл санааны хүчирхийлэл дийлэнх хувийг эзэлж байгаа юм. Хөл хорионы үед согтууруулах ундаа худалдаалахыг хориглосон ч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, эрүүлжигдэх, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн дуудлага, мэдээлэл ирсээр л байна.

 

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БҮТЭЦ, НЭГЖИЙГ ГУРАВ ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭН

 

-Хөл хорионы үед хүчирхийлэлд өртсөн хүүхдэд ямар тусламж үйлчилгээ үзүүлж байна вэ?

 

–Хүүхдийн эсрэг, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан зургаа, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хүрээнд долоон төрлийн үйлчилгээ үзүүлж байна. Хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдийг холбогдох хуульд заасны дагуу түр хамгаалах байранд байрлуулж, нөхцөл байдлын үнэлгээ хийсний үндсэнд шаардлагатай тусламж, дэмжлэгийг үзүүлдэг. Сүүлийн гурван жилд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх үйлчилгээний бүтэц, нэгжийг гурав дахин нэмэгдүүлсэн. Улсын хэмжээнд ажиллаж байгаа түр хамгаалах 19 байр, нэг цэгийн үйлчилгээний 16 төвд өнгөрсөн сарын байдлаар 3472 хүн үйлчилгээ авсны 1453 нь насанд хүрэгч бол өнгөрсөн онд 58.1 хувь нь 0-18 хүртэлх насны хүүхэд байсан. Цар тахлын хөл хорионы үед түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвийн ачаалал 49 хувиар буурсан. Зөвхөн энэ сарын наймны байдлаар 119 иргэн үйлчилгээ авч байгаагаас 105 нь хүүхэд байна. Хүчирхийлэлтэй тэмцэх ажилд төрийн төдийгүй төрийн бус байгууллага, иргэд, олон нийтийн мэдлэг, хандлага, оролцоо хамгийн чухал. Тухайлбал, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Ид шидийн орон, Хөгжлийн хэлхээ зэрэг төрийн бус байгууллага идэвх оролцоо сайтай байдаг.

 

-Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосон, бүх нийтээр хөл хориотой байгаа энэ үед хэчнээн хүүхэд ямар нэгэн хүчирхийлэлд өртөх магадлалтай гэсэн тооцоо, судалгаа байна вэ?

 

 -Засгийн газрын өнгөрсөн оны 201 дүгээр тогтоолоор Онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалах тусламж, дэмжлэг үзүүлэх журмыг баталсан. Тус журмын хэрэгжилтийн хүрээнд ХНХ-ын сайдын тушаалаар онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалах тусламж, дэмжлэг үзүүлэх салбар дундын бүлэг ажилладаг. Мөн бүх шатны Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, хэлтсийн дэргэд хүүхэд хамгааллын мэргэжлийн анги/бүлэг 8-20 гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэл болон цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан даалгавар, мөн Хүүхэд хамгааллын дэд кластерийн Онцгой нөхцөл байдлын үед хүүхэд хамгааллын салбар дундын бүлгийн бэлэн байдал, хариу арга хэмжээний төлөвлөгөөг баталж салбарын хэмжээнд хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

 

УЛСЫН ХЭМЖЭЭНД 6.3 МЯНГАН ӨРХӨД ШААРДЛАГАТАЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭЭД БАЙНА

 

-Танай Хүүхэд, гэр бүлийн мэдээллийн сангийн эрсдэлийн программд хэчнээн хүүхэд бүртгэлтэй байдаг вэ. Тэдэн рүү чиглэсэн ямар арга хэмжээ авч байна?

 

-Манай агентлагийн эрсдэлийн программд бүртгэлтэй 22 мянга гаруй хүүхдийн мэдээлэл бий. Бид дахин анализ хийж, өндөр болон дунд эрсдэлтэй хүүхдийн нөхцөл байдалд хяналт тавих, хэрэгцээ шаардлагыг тодорхойлох түргэвчилсэн үнэлгээ хийж, шаардлагатай тусламж дэмжлэг үзүүлэх, холбон зуучлах ажлыг тасралтгүй зохион байгуулж байгаа. Дунд болон бага эрсдэлтэй хүүхэд, гэр бүлийг анхан шатанд ажиллаж байгаа хамтарсан багт хариуцуулж, хяналт тавин ажиллаж байна. Түүнчлэн бүх шатны Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтэс, Боловсролын газар, ерөнхий боловсролын сургуулийн Хүүхэд хамгааллын баг, Хөдөлмөр, халамж үйлчилгээний болон Цагдаагийн газар хамтарч, эрсдэлтэй өрхийн хүүхдүүдэд сургууль, цэцэрлэгийн ангийнх нь багшаар дамжуулан хяналт тавьж, мэдээлэл солилцож байна.

 

 -Коронавирусийн халдвар гарсан аймгуудад байгаа эрсдэлт айл өрх, тэдний хүүхдүүдэд чиглэсэн томоохон ямар ажлыг хийж байна вэ?

 

-Халдвар гарсан Улаанбаатар хот, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Дорноговь, Архангай, Говьсүмбэр аймагт үүссэн нөхцөл байдал, бэрхшээлийг шийдвэрлэхэд онцгойлон анхаарч байна. ХНХЯнаас хөл хорионы үед түргэвчилсэн үнэлгээ хийж, 2.6 мянган өрхөд мэдээллийн багц, 1.1 мянган өрхөд хоол хүнс, 2.2 мянган өрхөд эрүүл мэндийн багц, нийт 6.3 мянган өрхөд 346.4 сая төгрөгийн тусламжийг улсын хэмжээнд олгоод байна. Хүнсний дэмжлэгийг орон нутгуудад Нийгмийн хамгааллын шуурхай штаб байгуулан ажиллах замаар өрхийн судалгааг Боловсролын газар, хэлтэс, Хөдөлмөр, халамж үйлчилгээ болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар зэрэг холбогдох байгууллагуудаас нэгтгэн авч, нэгдсэн байдлаар зохион байгуулан ажиллаж байна.

 

“ХЭРСҮҮ ГУРВАЛЖИН” АЯН БОЛ ХҮЧИРХИЙЛЛИЙГ ИЛРҮҮЛЖ, ШУУРХАЙ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ЗОРИЛГОТОЙ

 

-ХНХЯ болон танайх бусад байгууллагатай хамтарч “Хэрсүү гурвалжин” нөлөөллийн аяныг эхлүүлсэн байсан. Аяны хүрээнд талууд хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байна вэ?

 

-Аяныг өнгөрсөн сарын 11-нээс эхлүүлж, ирэх оны гуравдугаар сарын 15 хүртэлх хугацаанд зохион байгуулахаар удирдамж, төлөвлөгөөг нь баталсан. Энэхүү нөлөөллийн ажлыг зүгээр ч нэг “Хэрсүү гурвалжин” хэмээн нэрлэж, бас ямар нэгэн тооцоололгүйгээр худгийн үс түгээгч, худалдагч, хөршийг сонгоогүй. “Хэрсүү гурвалжин” аяны зорилго бол хүүхдийн эсрэг хүчирхийллийг илрүүлэх, хугацаа алдалгүй шуурхай арга хэмжээ авч ажиллах явдал юм. Хүүхдийн эрхийн тухай хуулиар тэдний эрхийг хамгаалахад иргэн, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн үүрэг, оролцоог хуульчилж өгсөн. Иргэдэд хамгийн ойр байж, хамгийн олон давтамжтай үйлчилгээ үзүүлэгч бол худгийн ус түгээгч, хүнсний дэлгүүрийн худалдагч. Тиймээс бид эдгээр хүнээр дамжуулж, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийн зөрчлийг илрүүлэх, болзошгүй эрсдэлээс амь нас, эрүүл мэндийг нь хамгаалах ажлыг зохион байгуулахаар зорьж байна. Нийслэлд 3600 орчим хүнсний дэлгүүр байдгаас 2000 орчим нь гэр хороололд үйл ажиллагаа явуулдаг. Гэр хороололд 700 гаруй худагт 900 орчим хүн ус түгээгч хийж байна. Бид АПУ компани болон Ус сувгийн удирдах газартай хамтран тэднийг хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлийн мэдээллээр хангаж, хамтарч ажиллаж байна.

 

-Хүчирхийллийн асуудлыг мэдсээр байж үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцлагын арга хэмжээ авч байгаа юу?

 

-Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой. 2017 оноос гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцох эрх зүйн зохицуулалтыг шинэчлэн баталсан Эрүүгийн хуулиар зүйлчилж, гэр бүлийн хүчирхийллийн болон хүүхдийн эрхийн зөрчлийг Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэж эхэлсэн. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд “Хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, өртсөн байж болзошгүй гэж үзвэл төр, төрийн бус байгууллагын ажилтан, хуулийн этгээд, бусад хүн цагдаагийн байгууллагад, цагдаагийн алба хаагчийн эзгүйд сум, багийн Засаг дарга болон хүүхдэд яаралтай тусламж үзүүлэх утасны үйлчилгээнд мэдээлэх үүрэгтэй” гэж заасан байдаг. Харин Зөрчлийн тухай хуулиар гэр бүлийн хүчирхийллийн талаар хуулиар хүлээсэн мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасан.

 

-Гэр бүлийн хүчирхийлэгчид ногдуулж буй шийтгэл хөнгөн байдаг учраас давтан үйлдэх асуудал их гардаг гэж шүүмжилдэг. Хүчирхийлэл үйлдсэн этгээдэд ногдуулж буй шийтгэл, арга хэмжээний тухайд?

 

-Зөрчлийн тухай хуулиар гэр бүлийн хамаарал харилцаатай хүнийг зодсон, хүсэл, зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийхийг албадсан, бусадтай харилцахыг хязгаарласан болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол албадан сургалтад хамруулж, 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулна. Харин Эрүүгийн хуулиар, зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл мөн хугацаагаар хорих ялаар шийтгэхээр тус тус заасан байдаг. Таны асуусанчлан хүмүүс гэр бүлийн хүчирхийлэгчид ногдуулж буй шийтгэл хөнгөн байдаг учраас давтан үйлдэх асуудал их гардаг гэж ярьж байна. Хүчирхийллээс хүчирхийлэл төрдөг. Тиймээс урьдчилан сэргийлэх ялангуяа хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлийг өөрчлөх асуудал туйлын чухал.

 

-Ер нь хүүхдийг хүчирхийлэлд өртсөний дараа ямар нэгэн арга хэмжээ авч, асуудал үүсгэх бус, хүчирхийлэлд өртөхөөс, хүчирхийлэл үйлдэхээс урьдчилан сэргийлэх чиглэлд хэрхэн ажиллаж байна вэ?

 

-Дэлхийн олон улс оронд хүүхдэд бие махбодын шийтгэл үзүүлэх, хүүхэд хүчирхийлэхийг хориглосон тусгай хуультай байдаг. Манай улсад 2016 онд баталсан Хүүхэд хамгааллын тухай хуулиар нийгмийн орчинд хүүхдийн эсрэг хүчирхийллийн бүх хэлбэрийг хориглосон. Бид эрх зүйн хувьд томоохон өөрчлөлт хийчихлээ, одоо хэрэгжүүлэх л үлдсэн. Хүүхдийн эсрэг хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, нийгмээрээ жигших энэ хандлагыг бий болгох хэрэгтэй. Энэ хандлагыг бий болгохын тулд хамтран ажиллаж, бүх шатанд хуулийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх ёстой. Хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлыг тасралтгүйгээр үе шаттай зохион байгуулж, олон талын хамтын ажиллагааг хангаж ажиллахад илүү анхаарч байна. Бид хүүхдийн эрхийн талаарх нийгмийн хандлагыг өөрчилснөөр хүүхэд хохирсны дараа үзүүлж байгаа хамгааллын үйлчилгээ, нөхөн сэргээх үйлчилгээний өртөг зардал буурах, нөхөн сэргээх үйл явц ч хурдсах боломж бүрддэг. Өнгөрсөн хугацаанд зохион байгуулсан гэр бүлд эерэг дулаан уур амьсгал бүрдүүлэх, стресс, дарамтыг багасгах чиглэлээр сэтгэл заслын зөвлөгөө мэдээлэл явуулах, олон нийтийг хамарсан аян “Ойлгоё, хүндэлье”, “Яг одоо” зэрэг нөлөөллийн ажил их үр дүнтэй байсан. Онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэл болон цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр заавар зөвлөмж, олон нийтэд чиглэсэн видео, шторк, подкастыг цахимаар тогтмол хүргэж байна. Боловсролын системээр дамжуулан хүүхдэд багаас нь жендерт суурилсан хүчирхийллийн талаарх ойлголт, мэдээллийг өгөх, хор уршгийг мэддэг иргэн бэлтгэхэд онцгой анхаарах шаардлагатай байгаа. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тавих хяналтыг сайжруулах, хүчирхийлэлтэй кино, мэдээллийг олон нийтийн хүртээл болгохгүй байх нь зүйтэй. Түүнчлэн Монгол Улс Хүүхдийн эсрэг хүчирхийллийг эцэслэх дэлхийн түншлэлд нэгдэж, хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх бүхий л зорилтыг хэрэгжүүлэх амлалт өгсөн. Үүний дагуу Хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөрт туссан хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах ажлыг салбар дундын оролцоотойгоор хэрэгжүүлэх, Хүүхэд хамгааллын INSPIRE багцыг анхан дунд шатанд нийгмийн ажлын үйлчилгээнд нэвтрүүлэх ажлыг хийж байна.

 

 -Цар тахал гарсан энэ үед хүний эрх зөрчигдсөн гэсэн мэдээлэл их гарч байна. Энэ тухайд та юу хэлэх вэ?

 

-Цар тахлын энэ үед хүний эрхийг дээдлэх, хүний эрхийн мэдрэмжтэй бодлого, шийдвэр гаргаж ажиллах нь маш чухал. Нэн ялангуяа халдвар авсан болон тусгаарлагдсан иргэн, хүүхэд, гэр бүлийг ялгаварлан гадуурхах үзэгдэл гарч эхэллээ. Мөн нийгмийн сүлжээгээр өвчилсөн, тусгаарлагдсан, гэрийн хяналтад байгаа иргэн, өрхийн нэр төрд халдсан, эд материалаар хохироосон тохиолдол гарсныг мэдээлж байна. Хүний эрхийн чиглэлээр ажилладаг олон улсын болон иргэний нийгмийн байгууллагууд, хүний эрхийн төлөө ажилладаг мэргэжилтнүүд зөвлөж, цар тахлын үед хүний эрхийг зөрчиж байгаа асуудалд онцгойлон анхаарахыг сануулсаар байна. Салбарын хэмжээнд хүүхдийн эсрэг болон гэр бүлийн хүчирхийлэл, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөмж, мэдээллийг өгч байна. Цаашдаа салбар бүр нийгмийн сэтгэл зүйд эергээр нөлөөлөх, урьдчилан сэргийлэх ажлыг төлөвлөн хэрэгжүүлж, байгууллагын Эцэг эхийн зөвлөл, ажилтан, албан хаагчдын ар гэрийн нөхцөл байдал, үүсэж байгаа хүндрэл бэрхшээлийг судалж, мэргэжлийн байгууллагуудад мэдээлэх, холбон зуучлах, хамтран ажиллахад анхаарал хандуулж, нэг зорилготойгоор цар тахлыг даван туулах шаардлагатай байна.

 

 

С.Юмсүрэн

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)