Ү.Амарбат: Шүүхийн тухай багц хуулийн өөрчлөлтөөр “манаачийг хэн манах”-ыг тодорхой болгох ёстой

Манай улс 19 жилийн дараа буюу өнгөрсөн онд Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Үүний дагуу 40 гаруй хуулийг “эцэг” хуулийн өөрчлөлтөд нийцүүлэх шаардлага үүссэн юм. Ингэснээр УИХ-ын ээлжит сонгуулийн дүнд байгуулагдсан УИХ дагалдан гарах хуулиудыг батлан хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Шүүхийн тухай, Шүүхийн захиргааны тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг Үндсэн хуулийн өөрчлөлттэй нийцүүлэхээр Засгийн газраас боловсруулсан төслийг УИХ хэлэлцэх эсэхийг нь хэлэлцээд олонхын саналаар дэмжээд байгаа юм. Шүүхийн тухай багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд хуульч Ү.АМАРБАТТАЙ ярилцлаа.

 

-Шүүхийн тухай багц хуулийн төслийг УИХ хэлэлцэхэд бэлэн болсон. Энэ тухайд хоёр төслийг УИХ-д өргөн барьсан ч Ерөнхийлөгч төслөө буцаан татсаныг та хэрхэн дүгнэж байгаа вэ. ШЕЗ болон шүүхийн Сахилгын хорооны гишүүдийг сонгох эрхийг гартаа авах санаархал Төрийн тэргүүнд байсан гэх шүүмжлэлтэй та санал нийлэх үү?

 

-Шүүх бол хүний зөрчигдсөн эрхийг сэргээж, буруутай этгээдэд хариуцлага ногдуулах замаар нийгэмд шударга ёс, эмх журам, тэгш байдлыг тогтоодог маш чухал институт. Тийм учраас шүүх нь ямар байх вэ, шүүгч хаанаас сонгогдох вэ, шүүгчийг хэрхэн хянах вэ, хараат бус байдлыг нь хэрхэн хангах вэ гэх мэт суурь асуудлуудыг зөв шийдвэрлэж байж л шүүх засаглал зорилгодоо хүрнэ. Эдгээр асуудлыг шүүх нь харьцангуй шударга ажилладаг улс орнууд янз бүрийн байдлаар л шийдэж ирсэн. Засгийн газраас боловсруулсан төсөл ч, Ерөнхийлөгчийн боловсруулсан төсөл ч өөр өөрийн аргачлалаар дээрх асуудлуудыг шийдэх агуулгатай. Гэхдээ зарчмын ялгаа нь Засгийн газрын төсөл нь Ерөнхийлөгч дээр төвлөрөөд байгаа шүүхтэй холбоотой эрхүүдийг задлах зорилготой бол Ерөнхийлөгчийн буцаан татсан төсөл нь өөртөө байгаа эрхүүдээ баталгаажуулсан агуулгатайд байгаа юм. 

 

 

 

Ерөнхийлөгчийн төсөлд авах санаанууд байсан ч хуучин томилгооны эрхээ өргөжүүлэх хүсэл эрмэлзэлтэй нь тодорхой харагдаж байсан.

 

 

 

-ШЕЗ болон шүүхийн Сахилгын хорооны гишүүдийг хараат бусаар ажиллуулахын тулд ямар субьектээс нэр дэвшүүлж, хэрхэн томилдог байх ёстой юм бэ?

 

-Шүүхийн ерөнхий зөвлөл буюу шүүхийн захиргаа нь хаанаас томилогддог байх вэ гэдгийг шийдвэрлэсэн гурван үндсэн загвар дэлхий дахинд хэрэгжиж байна. Тодруулбал, гүйцэтгэх эрх мэдлээс, шүүхээсээ, хараат бусаар томилогддог гурван загварын аль аль нь давуу болон сул талтай. Гэхдээ манайхтай адил социалист системтэй байсан Унгар, Украин, Молдав, Гүрж, Румын зэрэг оронд шүүхийн захиргааны бие даасан загварыг илүү авч байгаа нь тохиолдлын хэрэг биш юм. Хаанаас ч томилогдсон эдгээр гишүүнийг нэр дэвшүүлэх ажиллагааг хамгийн нээлттэй хүрээгээр хийж, нэр дэвшигчдийг томилгооны сонсголоор заавал оруулж салбарын байгууллагуудаас дүгнэлт санал гаргуулж байж томилох ёстой. Томилогдож байгаа этгээдүүд нь шударгаар ажиллахаас өөр аргагүй тийм эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой гэсэн үг л дээ. Тэгэхгүйгээр Ерөнхийлөгч томилсон, УИХ томилсон, эсвэл энд тэндээс зүйж нийлүүлсэн зарчмын нэг их ялгаа байхгүй. Харин Сахилгын хорооны хувьд шүүгч шүүгчийнхээ асуудлыг шийдвэрлэх загвар өөрөө өнөөдрийн хямралд хүргэсэн гэж би хувьдаа дүгнэдэг. Учир нь асуудалтай шүүгчийн талаар гаргасан гомдлыг авч хэлэлцдэг байгууллагууд нь хуучин шүүгч байсан хүмүүсээсээ голдуу томилогддог. Шүүхийнхээ зовлон жаргалыг ойлгох аясаар асуудалд ханддаг. Байнгын ажиллагаагүй, бүрэлдэхүүний дийлэнх нь шүүхээ, шүүгчээ хамгаалах инстикттэй байсаар асуудал ужгираад ийм болсон. Тиймээс Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг шүүгчдээс сонгох нь одоогийн тогтолцоогоо хэвээр үлдээж байгаагаас ялгаагүй.

 

-Шүүхийн Сахилгын хороо шүүгчийг түдгэлзүүлэх, огцруулах, сахилгын бусад шийдвэр оноох эрхтэй байснаар бүх эрх мэдлийг гартаа авах, улмаар нөлөөлөх нөхцөл бүрдэнэ гэдэг санал ч гараад байна?

 

-Миний хувьд үүнтэй санал нийлэхгүй. Шүүхийн бүх эрх мэдэл олон хэсгээс бүрдэж байна шүү дээ. Юуны түрүүнд шүүгчийг хуульчдын дундаас шилж сонгох эхний шат нь Шүүхийн ерөнхий зөвлөлд, томилох эрх нь Ерөнхийлөгчид /Дээд шүүхийн томилгоо нь УИХ-д танилцуулагддаг/, томилогдсон шүүгчид тухайн хэргийг шийдэх эрх нь 100 хувь өөрт байна. Тэгэхээр хүний хувь заяа шийддэг тэр их эрх мэдлийг авсан шүүгчийн үйл ажиллагааг хянах эрх нь тусдаа нэг байгууллагад байснаараа ер буруудахгүй. Энэ байгууллага байгуулагдаад магадгүй маш их ачаалалтай, байнгын гомдол саналтай байх учраас тэр талаасаа бодож батлах нь зүйтэй байх. Харин нөгөө талдаа шүүгчийн ачааллыг бууруулах, ялангуяа Улаанбаатар хотын шүүгчдийн тоог хоёр дахин нэмж чаддаггүй юмаа гэхэд 50 хувиар нэмэх хэрэгтэй.

 

-ШЕЗ-өөс санал болгосон шүүгчийг Ерөнхийлөгч 14 хоногийн дотор томилох зарлиг гаргана. Гэхдээ Шүүхийн сахилгын хорооноос хэрвээ шүүгчийг огцруулах юмуу чөлөөлөх шийдвэр гаргавал Ерөнхийлөгчийн томилгооны тухай зарлигийг хүчингүй болгохоор тусгасан нь хэр оновчтой шийдэл вэ. Ингэж өөрчилснөөр шүүх Ерөнхийлөгчөөс хараат байдал арилж чадах уу?

 

-Энэ асуудал их удаан яригдаж байгаа сэдэв. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үеэр бас нэлээд өргөн хүрээнд яригдсан. Ерөнхийлөгч нь санал болгож оруулж ирсэн шүүгчийг томилохгүй байх татгалзах асуудлыг шийдэх талаар юм. Миний хувьд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдээ хараат бусаар сонгож чадвал зөв л хувилбар гэж харж байгаа.

 

–Засгийн газрын төслийг “Ерөнхийлөгчийг бичиг хэргийн ажилтан” болгох заалттай гэж өөрөө дүгнэсэн. Ер нь шүүхийн аливаа томилгоонд Төрийн тэргүүн өндөр үүрэгтэй байх нь зөв эсэх тухайд та ямар байр суурьтай байдаг вэ?

 

-Шүүх эрх мэдэлд Ерөнхийлөгчийн хэрэгжүүлж буй бүрэн эрхийг нийтлэг гурван хэсэгт хуваан үзэж байна. Нэгдүгээрт, шүүгчийн томилгоо болон албан тушаал ахиулах асуудлаарх бүрэн эрх, Уучлал, өршөөл үзүүлэх асуудлаарх бүрэн эрх, шүүхийн захиргааны хүрээн дэх бүрэн эрх гэж нийтлэг ангилж байна. Эдгээрээс шүүгчийн томилгоонд Төрийн тэргүүн оролцож байгаа асуудлаарх санал, шүүмж дэлхий нийтэд элбэг байна. Европын Шүүгчдийн зөвлөлдөх зөвлөл бүр 2001 онд гаргасан дүгнэлтдээ “Томилгоо болон шүүгчийн карьер ахиулах болзол шалгуур бодитой, тодорхой, ил тод нээлттэй, олон нийтэд мэдээлдэг тогтолцоо алга байна” гэж дүгнэсэн байдаг.

 

 

 

Монгол Улсын хувьд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг агуулгаараа ч, сонгож авсан парламентын засаглалын зарчмаараа ч Ерөнхийлөгчид байгаа шүүхийн томилгооны эрхийг зарим талаар хязгаарлах нь зүйтэй. Энэ нь өнөөгийн Ерөнхийлөгчийн эсрэг авч байгаа арга хэмжээ ер биш. Харин цаашдаа эрүүл шүүхтэй байхын төлөө хийж байгаа алхам гэдгийг бодолцохгүй бол өөрчлөлт оруулах үед бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Ерөнхийлөгчийн зүгээс энэ асуудалд их эмзэг хандах асуудал харагддаг.

 

 

 

–Засгийн газрын төсөл Улсын Дээд шүүхээс бусад шүүхийн ерөнхий шүүгчийг дотроос нь сонгодог байхаар төсөлд тусгасан нь хэр оновчтой шийдэл вэ. Энэ заалтыг Ерөнхийлөгч эсэргүүцэж байгаагаас гадна “Хонгилыг улам бататгах заалт” гэж дүгнээд байгаа шүү дээ?

 

-Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиар Ерөнхий шүүгчийг Ерөнхийлөгчийн зарлигаар томилж байгаа. Энэ заалт бол эсрэгээрээ хонгил үүсэх нөхцөлийг тавьсан заалт гэж би үздэг. Энэ тухайд хамгийн ойрын жишээ татахад Улсын Дээд шүүхийн бүх шүүгч хуралдаад Ерөнхий шүүгчид санал болгосон хүнийг Ерөнхийлөгч буцааж байлаа. Яагаад ямар үндэслэлээр гэдэг нь огт байхгүй, ил тод биш. Тэгснээ саяхан буцааж байсан хүнээ томилж байх жишээний. Ерөнхий шүүгчээр дамжуулж Ерөнхийлөгчийн институтийн зүгээс нөлөөлөх нэг шугам байж болзошгүй. Тэгэхээр Үндсэн хуулийн Цэц зэрэг байгууллагын жишгээр өөрсдөө дотроосоо удирдлагаа томилдог байх нь арай дээр хувилбар болов уу гэж үзэж байгаа.

 

-ШЕЗ-ийн арван гишүүний тавыг орон тооны, тавыг орон тооны бус нөхцөлөөр ажиллуулах нь одоогийнхоос дээрдэж чадах уу?

 

 -Миний хувьд хуулийн төслийн дээрх заалттай санал нэгдэхгүй байгаа. Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн Сахилгын хорооны бүх гишүүн орон тооны байж, адил тэгш эрхтэй ажиллах ёстой. Ингэхгүй бол байнга суудаг тав, хуралд ирдэг тав гээд ялгаа үүсэх нөхцөл бүрдэнэ. Сонгуулийн ерөнхий хороо ийм байдлаар ажилладаг. Гэхдээ орон тооны бус гишүүд нь Цагдаагийн газрын дарга, Улсын бүртгэлийн дарга зэрэг албан тушаалаараа орж байгаа хүмүүс учраас харьцуулах боломжгүй юм. Магадгүй энэ өөрөө Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаатай нийцэх үү гэдэг асуудал ч үүсэх байх.

 

-Шүүх босоо удирдлагатай байхын давуу талыг та хэрхэн дүгнэх вэ?

 

-Шүүхийн удирдлага босоо байх боломжгүй. Учир нь нийтээр хүлээн зөвшөөрөөд байгаа үндсэн зарчим бол шүүх эрх мэдэл бие даасан, шүүгч хараат бус байх зарчим юм. Шүүх эрх мэдэл нь бусад эрх мэдлээсээ бие даасан байх ёстой. Харин шүүгч нь өөрийн шийдэж буй хэрэг маргаанаа хэнээс ч хараат бусаар хууль, шударга ёс, өөрийн дотоод итгэл үнэмшилд тулгуурлан шийдэх ёстой. Босоо удирдлага хэрэгжих бололцоо энд байхгүй. Сумын засаг захиргааг аймаг нь аймгийн засаг захиргааг улсын Засгийн газар нь удирддаг шиг шүүх ажиллаж болохгүй.

 

-Шүүхийн төсвийн тухайд нэлээд шүүмжлэл дагуулдаг. Шүүхийг улс төрөөс хараат бусаар ажиллуулах ёстой гэдэг ч УИХ төсөв батлахгүй байна гэж шүүмжлээд байх нь хэр зүйд нийцэх вэ. Энэ тухайд гарцыг та хэрхэн харж байна вэ?

 

 -Шүүхийн төсөвтэй холбоотой олон заалт одоогийн шүүхийн хуульд туссан байсан. Үүнийг нь эдийн засгийн хүндрэл бэрхшээлээс болоод хүчингүй болгож явсаар цөөн заалт үлдсэн. Ерөөсөө шүүхийн хараат бус байдлын нэг хэсэг нь төсвийн хараат бус байдал. Бид шүүгчдийг шүүмжлэхээсээ гадна ойлгох ёстой нэг асуудал бол энэ. Ялангуяа Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн шүүгчид бол хэрээс хэтэрсэн ачаалалтай явж байгаа. Энийг ерөөсөө орон тоог нь огцом нэмж шийдэхээс өөр аргагүй. Гэтэл төсөв нь нэмэгддэггүй байгаад л байдаг. Мөн зохион байгуулалтын асуудал байна. Жишээлбэл, Монгол Улсын Дээд шүүх эрүү, иргэн, захиргааны танхим тус бүр найман шүүгчтэй. Гэтэл нийт хэргийн 60 хувь нь иргэний хэрэг байдаг. Үүнээс болоод одоо иргэний хэрэг нэг жил хагасын хугацаанд хүлээгдэж байж Дээд шүүхээр орж байна. 2019 оны долоодугаар сард Дээд шүүхэд гаргасан иргэний маргаан энэ сарын 16-нд шүүхээр орж байна. Энэ хугацаанд хохирсон хүн хүлээгээд л байгаад байхаас аргагүй байна гэсэн үг шүү дээ. Өөрөөр хэлбэл, шүүхийн төсвийг шийдэх нь шүүхээр үйлчлүүлж байгаа иргэний асуудлыг шийдэж байна л гэсэн үг. Тиймээс энэ асуудалд зоригтой ахиц гаргаад хүрсэн түвшнээсээ ухрахгүй байх нь тун чухал.

 

-Төгсгөлд нь Шүүхийн тухай, Шүүхийн захиргааны тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг Үндсэн хуулийн өөрчлөлттэй нийцүүлэхээр боловсруулсан хуулийн төсөл дэх ололттой талыг та хэрхэн тодорхойлох вэ?

 

-Бид хонгил үүсчихлээ, шүүх шударга биш болчихлоо гээд удаан ярилаа. Одоо үнэхээр шүүхийн хямрал байгаа бол тэр нь хуулиас, тогтолцооноос, хэрэгжүүлж буй хүмүүсээс болсон байх учиртай. Тэгэхээр энэ хуулийн төслүүд бол нэгдүгээрт тогтолцооны гажгуудаа эргэж харъя, хуулийн алдаануудаа засъя гэдэг зорилтын хүрээнд хийгдэж байна. Энгийнээр бол шүүхийг хэн шүүдэг байх вэ, шүүх яаж өөрөө өөрийнхөө дотор байгаа бузар булайг засдаг байх вэ гэдгээ тодорхойлсон хууль гэж үзэж байгаа. Гэхдээ цаад талд нь хэрэгжүүлэлтийн болоод хүний хандлага, сэтгэлгээний асуудал үлдэж байгааг мартаж болохгүй. Өмгөөлөгч, хуульч хүний хувьд шүүхэд эцсийн найдлага найдвараа тавьж явдаг иргэдийн найдлага, шүүх дээр очоод тасрахыг харах, шүүх илтэд ашиг сонирхлын зөрчилд автаж байгааг харсаар байтал ямар ч арга хэмжээ авч чадахгүй байх л тун хэцүү байдаг. Тиймээс л хүмүүс шударга ёсыг ус агаар шиг хүсээд байна.

 

 

М.Өнөржаргал

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)