В.Путин Сөрөх тагнуулын албаа чадавхжуулна

ОХУ-ын Гадаад тагнуулын албаны 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч В.Путин тус байгууллагын төв байраар зочилж, үе үеийн алба хаагчдад баяр хүргэлээ. Кремлийн тэргүүн “Хөрш орнуудын зөрчил мөргөлдөөнд өртөх эрсдэлээс сэргийлж хилийн хамгаалалтаа чангатгах шаардлагатай. Мөн мэдээллийн аюулгүй байдал, экстремизм, авлига, эдийн засгийн салбар дахь гэмт хэрэгтэй үр дүнтэй тэмцэх хэрэгтэй байна. Холбооны Аюулгүй байдлын албаны ажилтнууд төрийн байгууламж, чухал арга хэмжээнүүдийн аюулгүй байдлыг найдвартай хангадаг. Гадаад тагнуулын алба олон улсын нөхцөл байдлын өөрчлөлтөд нийцүүлэн чадавхжиж, ОХУ-д учирч болзошгүй аюул заналыг илрүүлж, сэргийлэх ажилд идэвхтэй оролцож, дүн шинжилгээний материалынхаа чанарыг сайжруулна гэдэгт найдаж байна.

Эх орноо гадаад, дотоод заналхийллээс хамгаалж, бүрэн эрхт байдал, үндэсний ашиг сонирхлоо эрхэмлэдэг та бүхэнд амжилт хүсье. Өнгөрсөн зууны туршид манай тагнуулын алба хаагчид төрийн аюулгүй байдлыг хангахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулж, хамгийн хүнд даалгаврыг гүйцэтгэж ирсэн. Тэд Оросын төдийгүй дэлхийн түүхэнд нөлөөлсөн. Сөрөх тагнуулын албаныхан 100 жилийн амжилтаа бататгах ёстой. Би ойлгож байна. Бидний нийтлэг даалгавар бол ЗХУ-ын түүхийг дахин бичих гэсэн аливаа оролдлогыг эсэргүүцэх.

Үүнд нацизмыг устгахад манай тусгай албадын гүйцэтгэсэн үүргийг дарах, гажуудуулах хандлага гарах болсон. Тийм ээ, бид ХХ зууны эмгэнэлт хуудсыг хэзээ ч мартахгүй. Түүхийн сургамж, хэлмэгдүүлэлтийн талаар хэзээ ч мартахгүй” гэжээ. Түүнчлэн ОХУ-ын тусгай алба терроризмтой тууштай тэмцсэний үр дүнд гэмт хэргийн гаралт буурсныг Ерөнхийлөгч В.Путин онцолсон юм. ОХУ-д 2015 онд террорист гэмт хэрэг 36 бүртгэгдсэн бол энэ жил хоёр болж буурчээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)