Сэтгүүлчийн эрхийг зөрчсөн тохиолдол өссөн байна

Сэтгүүлчийн эрхийг хамгаалах олон улсын байгууллагын шинэ тайланд дурдсанаар хэвлэлийн эрхийг зөрчсөн тохиолдол энэ онд өсчээ. Мөн 21 сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн байна. Энэ нь өмнөх оныхоос хоёр дахин өссөн үзүүлэлт юм. Мексик зэрэг Латин Америкийн орнуудад сэтгүүлчид эрүүгийн бүлэглэлийн гарт амиа алдах нь элбэг. Түүнчлэн улс төрийн золиос болох, дайны талбарт амь үрэгддэг. Тухайлбал, энэ жил Оросын агаарын дайралтын улмаас Сирид ажиллаж байсан гурван сэтгүүлч амь үрэгдсэн байна.

Түүнчлэн Сэтгүүлчийн эрхийг хамгаалах байгууллагаас шоронд хоригдож буй сэтгүүлчдийн тоог гаргажээ. Нью-Йоркт төвтэй байгууллагаас сэтгүүлчдэд халтай орны жагсаалтыг гаргахад Сомали, Ирак, Афганистан, Филиппин, Өмнөд Судан, Бразил улс тэргүүлжээ. АНУын Ерөнхийлөгч Дональд Трамп сэтгүүлчдийг “хуурамч мэдээ түгээгч” гэж нэрлэсэн ч Саудын Арабын консулын газарт 2018 онд амиа алдсан Жамал Хашоггийн үхлийг буруушаалгүй өнгөрсөн юм. Цар тахлын үеэр дэлхийн хэвлэл мэдээллийн 207 байгууллагын эрхийг зөрчиж, дарамт шахалт үзүүлжээ. Мөн НҮБ-аас шоронд хоригдож буй сэтгүүлчдийг суллахыг уриалсан юм. Гондурас улсын сэтгүүлч Дэвид Ромеро, Египетийн Мохамед Монир нар шоронд хоригдож байхдаа шинэ коронавирусийн халдвар авч, нас баржээ. Иранд сэтгүүлч Мохаммад Мозаедийг Засгийн газрыг шүүмжилсэн хэргээр баривчилсан бол Ухань хотын цар тахлын талаар бичсэн Хятадын сэтгүүлч Жан Заныг таван жилээр хорих ял өгчээ. Ираны сэтгүүлч Руаллах Замыг тус улсын шуурхай албаны ажилтнууд хулгайлж, энэ сарын 12-нд цаазалсан. Тэрбээр жагсаал цуглааны талаар олон улсад мэдээлж байсан юм. Түүнийг “Telegram”-д Ираны Засгийн газрыг гутаан доромжилсон хэмээн ийнхүү шийтгэжээ. “Замыг хөнөөсөн нь төрийн захиалгаар хийсэн аллага” гэж Сэтгүүлчийн эрхийг хамгаалах байгууллагын гүйцэтгэх захирал Жоэл Саймон мэдэгджээ. Тэрбээр энэ жил эрх нь зөрчигдсөн 10 сэтгүүлчийг яаралтай суллахыг уриалсан байна.

 

ТУРКИЙН СЭТГҮҮЛЧ АХМЕТ АЛТАН

 

70 настай Ахмет Алтан 1500 гаруй хоногийг торны цаана өнгөрөөсөн бөгөөд өмгөөлөгчийнх нь хэлснээр шинэ коронавирусийн халдвар авчээ. Туркийн өдөр тутмын “Тараф” сонины ерөнхий редактор асан Алтаныг 2016 оны есдүгээр сард баривчилсан байна. Шүүхээс түүнд бүх насаар нь хорих ял оноосон ч 2019 онд 10.5 жилээр хорих ял болгон хөнгөлжээ.

 

Алтаныг 2016 онд болсон төрийн эргэлт хийх оролдлого, улс төрийн цэвэрлэгээний ажиллагаанд оролцож туслалцаа үзүүлсэн гэж буруутгасан юм.

 

ЕГИПЕТИЙН СЭТГҮҮЛЧ МАХМУД ХУССЕЙН ГОМАА БА СОЛАФА МАГДИ

 

“Аль-Жазира” телевизийн сэтгүүлч Мохамед Хуссейн Гомаа Египетийн шоронд дөрөвдэх жилдээ хоригдож байна. Тэрбээр Египетэд хийсэн цэрэг татлагын тухай баримтат киног найруулсан бөгөөд Засгийн газраас “эмх замбараагүй байдал үүсгэсэн” хэмээн баривчилжээ. Гомаа 2019 онд тэнсэн харгалзахгүйгээр суллагдах байсан ч цагдан хорих хугацааг удаа дараа сунгасан юм. Чөлөөт сурвалжлагч Солафа Магди Каир дахь цагаачлал, хүний эрхийн талаар бичсэнийхээ төлөө баривчлагджээ. Улсын прокурорын газрын мөрдөж байгаа Солафа Магди шинэ коронавирусийн халдвар авчээ.

 

ИРАНЫ СЭТГҮҮЛЧ МОХАММАД МОЗАЕД

 

Чөлөөт сэтгүүлч Мохаммад Мозаедыг 2020 онд баривчилж, таван жилийн хорих ял оноожээ. Тэрбээр “Шинэ коронавирусийн тархалтыг зогсоож чадаагүй” хэмээн эрх баригчдаа шүүмжилж жиргэсэн. Түүнийг үндэсний аюулгүй байдлын эсрэг суртал ухуулга явуулсан хэмээн цагдан хорьсноос гадна олон нийтийн сүлжээнд нэвтрэх эрхийг нь хоёр жилээр хасчээ.

 

 ХЯТАДЫН СЭТГҮҮЛЧ ЖАН ЗАН

 

Уханьд дэгдсэн цар тахлын тухай сурвалжилга, Бээжингийн бодлогыг шүүмжилсэн Жан Заныг өнгөрсөн тавдугаар сарын 14-нд “сураггүй алга болсон” гэж бүртгүүлжээ. Харин маргааш нь аюулгүй байдлын албаныхан Жаныг баривчлан саатуулснаа зарласан байна. Түүний өмгөөлөгч дарамт шахалтаас болж уг хэргээс татгалзсанаа өнгөрсөн аравдугаар сард мэдэгдсэн юм. Жан зургаан сарын турш өлсгөлөн зарлаж байгаа аж. Мөн Хятадын сэтгүүлч Чен Циуши, Ли Зэхуа нар “COVID-19”-ийн сурвалжилга хийгээд баривчлагдсан байна.

 

МАЛАЙЗЫН СЭТГҮҮЛЧ ВАН НУР ХАЯТИ ВАН АЛИАС

 

Сэтгүүлч Ван Алиас өнгөрсөн нэгдүгээр сард фэйсбүүкт бичсэн шинэ коронавирусийн дэгдэлттэй холбоотой гурван сэтгэгдлийнхээ төлөө хуулийн хариуцлага хүлээжээ. Малайзын Засгийн газраас түүнийг олон нийтийг айдас, түгшүүрт автуулсан хэмээн хоёр жилийн хорих ял оноосон. Тэрбээр Малайзын өдөр тутмын “Berita Harian” сонинд ажиллаж байжээ.

 

ЗИМБАБВЕ УЛСЫН ИРГЭН ХОПЕВЕЛЛ ЧИН’ОНО

 

Авлигын сүлжээний тухай цуврал нийтлэл бичсэн сэтгүүлч Хопевелл Чин’оног хоёр удаа баривчилж байжээ. Улстөрчдийн луйврын талаар энэ жил нийтлэл бичсэн түүнийг иргэдийг өдөөн турхирсан хэргээр чанга дэглэмтэй хорих ангид цагдан хорьсон байна. Үндэсний Прокурорын газар түүнийг батлан даалтад гаргахаас татгалзжээ. Хопевелл Чин’оно Ерөнхийлөгч Эммерсоны хамаатантай холбоотой авлигын талаар жиргэж байсан юм.

 

БРАЗИЛЫН СЭТГҮҮЛЧ БАРБАРА БАРБОСА

 

Сэтгүүлч Барбара Барбоса, зураглаач Ренато Содер нарыг ажил үүргээ гүйцэтгэж байхад нь баривчилжээ. Ингэхдээ цар тахлын дэглэмийг дагаж мөрдөөгүй гэж буруутгасан аж. Барбоса өмнө нь сүрдүүлсэн захидал хүлээн авснаа мэдэгдэж байсан юм. Тэрбээр Риоде-Жанейро хотын захирагчийн ажлын алба төсвийн хөрөнгийг орон нутгийн эмнэлгүүдэд хуваарилаагүй тухай нэвтрүүлэг бэлтгэж байжээ.

 

 ОРОСЫН СЭТГҮҮЛЧ АЛЕКСАНДР ПИЧУГИН

 

Сэтгүүлч Александр Пичугинийг “Иргэдийн амь нас, эрүүл мэндэд заналхийлсэн тухай хуурамч мэдээлэл тараасан” хэмээн 3920 ам.дол­ларын торгууль тавьжээ. Энэ хэрэг түүний өнгөрсөн дөрөвдүгээр сард хэвлүүлсэн “Сорокин Хвост” нийтлэлтэй холбоотой юм. Холбооны аюулгүй байдлын албаны ажилтнууд Пичугинийг саатуулж, зөөврийн компьютер, гар утсыг нь хураан авчээ.

 

ЭНЭТХЭГИЙН СЭТГҮҮЛЧ ГАУТАМ НАВЛАХА

 

 “Newsclick” мэдээний сайтын тоймч, хүний эрхийн идэвхтэн Гаутам Навлахаг өнгөрсөн дөрөвдүгээр сард баривчлан хорьжээ. Түүнийг Ерөнхий сайд Нарендра Модийн амь насанд халдахыг завдсан маоист зэвсэгт дайчидтай холбоотой гэсэн үндэслэлээр баривчилсан юм. Тэрбээр Кашмир ба Маоист салан тусгаарлах үзэлтэй холбоотой асуудлаар бичдэг байв. Навлаха өөрийгөө гэм буруугүй хэмээн үзэж, шүүх хурлыг шударга явуулахыг шаарджээ.

 

 

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)