БНХАУ-ын нүүрсний импортын татвар 2 дахин буурсан нь Монгол Улсын экспортлогчдод томоохон боломж

Нүүрсний зах зээлийн нөхцөл байдлын талаар Голомт капитал ҮЦК-ийн аналист Т.Азтүшигийн бэлтгэсэн мэдээллийг хүргэж байна. 

2020 оны эхний 3 улиралд БНХАУ-ын Далианы таваарын бирж дээр коксжих нүүрсний ханш нэг тонн нь 1,300 юань дээр хэлбэлзэж байсан бол IV улиралд коксжих нүүрсний ханш 1,620 хүрч, 23 хувиар өссөн. Ханш өсөхөд доорх шалтгаанууд голчлон нөлөөлсөн.

  • БНХАУ-ын нийт коксжих нүүрсний импортын 70-80 хувийг Австрали болон Монгол улс эзэлдэг. Харин энэ оны есдүгээр сараас БНХАУ Австралийн коксжих нүүрсний импортод хориг тавьсан. Үүнээс шалтгаалан Австралийн нүүрс тээвэрлэсэн 70-80 гаруй хөлөг онгоц БНХАУ-ын гаалиар нэвтэрч, нүүрсээ буулгаж чадахгүйд хүрээд буй.
  • Өнгөрсөн 11 дүгээр сараас эхлэн Монгол Улсад Covid-19-ийн халдварын тархалт эрчимжсэнтэй холбоотой хэвийн үед Гашуунсухайтын боомтоор өдөрт дунджаар 700-1,000 гаруй автомашин нүүрс тээвэрлэдэг байсан бол энэ тоо COVID-19-ийн оргил үед 200 гаруй автомашин болж буурсан. Харин өнгөрсөн долоо хоногийн байдлаар өдөрт дунджаар 340 автомашин болж бага зэрэг нэмэгдсэн байна.
  • БНХАУ нь дотооддоо уул уурхайн салбарт бүтэн нэг жилийн хугацаатай хяналт шалгалтыг эхлүүлсэн. Уг хяналт шалгалтаар шаардлага хангахгүй байгаа уул уурхайн компаниудын үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээг авч байна.

Дээр дурдсан нөхцөл байдлуудаас үүдэн БНХАУ-ын коксжих нүүрсний нийлүүлэлт уналтад орсон. Нөгөө талдаа БНХАУ-ын аж үйлдвэр болон гангийн салбарын өсөлт хэвийн үргэлжилж байгаа бөгөөд коксжих нүүрсний эрэлт өндөр байсаар байна. Үүнтэй холбоотой зах зээлд тэнцвэрт бус байдал үүссэн. Дээрх суурь нөхцөл байдлуудаас шалтгаалан коксжих нүүрсний ханш өссөн.

Монгол улс 2020 оны есдүгээр сарын 29-ний өдөр Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт  нэгдэж, гишүүн улс болсонтой холбоотойгоор 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн БНХАУ нь манай улсаас импортолж буй нүүрсний татвараа 50 хувь хөнгөлөх шийдвэрийг гаргасан. Энэхүү шийдвэртэй холбоотой нүүрсний импортын татвар өмнө нь 5% байсан бол энэ оноос эхлэн 2.5% болоод байна. Энэ нь Монгол Улсын нүүрс экспортлогчдын хувьд томоохон боломж нээж өгж байна.

Монгол улс 2019 оны балаар 36 сая тонн нүүрс экспортолсон бол 2020 оны байдлаар 30 сая тонн нүүрс экспортлох төлөвтэй байна. Хэдийгээр нүүрсний экспортын тоо хэмжээ 20% буурахаар байгаа ч ханшийн өсөлттөй холбоотойгоор үнийн дүнгээр өндөр зөрүү гарахааргүй байна.

БНХАУ-ын холбогдох байгууллагуудаас төв, хойд, зүүн бүсэд агаарын температур 10-12 градусаар огцом унаж, цочир хүйтрэх төлөвтөй байгааг мэдээлсэн. Энэхүү мэдээлэлтэй холбоотой БНХАУ-ын эдийн засгийг төлөвлөгч байгууллага болох Үндэсний Хөгжил Шинэтгэлийн хорооноос байгалийн хий болон эрчим хүчний нүүрс импортлогч байгууллагуудтай уулзаж, удахгүй болох цочир хүйтний үед эрчим хүч, дулааны алдагдалгүйгээр, нийлүүлэлтийн хэмжээг тогтвортой барих даалгавар өглөө.

Тус мэдээлэлтэй холбоотой Далианы таваарын бирж дэх дулааны нүүрсний ханш 710 юаниас 798 юань болж 12 хувиар өсөөд байна.

Эх сурвалж:https://ikon.mn/n/239v

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)