Д.Лянхуа: Стрессийг даван туулахад дасгал хөдөлгөөн хийх, төлөвлөгөө зохиох зэрэг энгийн аргууд илүү үр дүнтэй

СЭМҮТ-ийн энэ удаагийн зөвлөгөө мэдээллийн цагаар "Гэмтлийн дараах стрессийн эмгэгийн тухай” тус төвийн зөвлөх эмч Д.Лянхуа зөвлөгөө, мэдээлэл өглөө.

Гай гамшигт аюулыг нүдээрээ харж биеэрээ туулж, сэтгэлээрээ мэдэрсэн хүн хэдэн 7 хоног,  сар,  жилийн турш  айдастай,  түгшүүртэй, үзэн ядалттай, сэтгэлийн дарамтаар хариу урвал өгөхийг гэмтлийн дараах стрессийн эмгэг гэнэ. Дэлхий нийтийг хамарсан цар тахал болох Ковид-19 өвчин түүнтэй холбоотой  цаг үеийн нөхцөл байдал нь  хүн бүрд  айдас түгшүүр,  үзэн ядалт, сэтгэлийн дарамтыг мэдрүүлж, гэмтлийн дараах стрессийн эмгэг үүсэх шалтгаан болж байна. Энэхүү сэтгэл хөдлөлийн  хариу урвалуудыг сэтгэцийн эрүүл мэндийн  шинжлэх ухаанд гэмтлийн дараах стрессийн  эмгэг хэмээн оношилдог.

Бид шинжлэх ухаанаар батлан гаргасан нэршил,  эмчилгээний заавар зөвлөгөө, урьдчилан сэргийлэх аргуудыг мэддэг, хэрэгжүүлдэг байх нь  өөрийнхөө болон  гэр бүл,  улс  орныхоо өмнө  хүлээсэн томоохон үүрэг хариуцлага гэдгийг ухамсарлах нь хамгийн чухал юм. Монголчууд бид эрт дээр үеэсээ сэтгэлийн их дархлаатай,  тэсвэр хатуужилтай ард түмэн хэмээгддэг байсан. Ковид-19 өвчин болон  түүнээс шалтгаалах бүхий л нөхцөлт хүчин зүйлүүдийг  хамтдаа даван гарч чадна гэдэгт итгэж байна.
Гэмтлийн дараах стрессийн  эмгэгийн үед сэтгэцэд  илрэх шинж тэмдгүүд:

  • Ирээдүйдээ итгэлгүй болох
  • Цочромтгой болох
  • Хар дарж зүүдлэх
  • Сөрөг итгэл үнэмшилтэй болох
  • Түрэмгий болох
  • Сөрөг сэтгэл хөдлөлүүд бий болох
  • Таагүй дурсамжууд байнга бодогдох
  • Нойргүйдэх  зэрэг эдгээр шинж тэмдэгүүд нэг сараас дээш хугацаагаар үргэлжилбэл

Гэмтлийн дараах стрессийн  эмгэгийн үед   биед   илрэх шинж тэмдгүүд:

  • Жин буурах
  • Толгой өвдөх
  • Нуруу өвдөх
  • Гэдсээр өвдөх
  • Булчин чангарах
  • Суулгах
  • Цээжээр өвдөх зэрэг шинж илэрвэл

Коронавируст халдварын улмаас гэмтлийн дараах стрессийн тархалтыг судалсан олон судалгаа байдаг. 
Эдгээрээс дурдвал Жич: Халдвар гарснаас хойших 1 сарын дараах судалгааны үр дүн,

  • АНУ-д нийт залуусын /18-30 насныхан/ - 31,8%  нь
  • БНХАУ-д нийт залуусын /14-35 насныхан/- 12,8% нь гэмтлийн дараах стрессийн  эмгэгтэй гэсэн судалгаа гарчээ.

Хэрхэн даван туулах вэ?

  • Бясалгал хийх
  • Дасгал хөдөлгөөн хийх 
  • Сэтгэлдээ сөрөг зүйлс хадгалахгүй, гадагшлуулж байх 
  • Хөгжим сонсох
  • Хайртай хүмүүстэйгээ холбоо тогтоох
  • Төлөвлөгөө зохиох 
  • Зөв дадлуудаа хадгалах
  • Тэмдэглэл хөтлөх
  • Хоббиндоо цаг зарцуулах
  • Одоо цагтаа төвлөрөх
  • Чанартай нойр авах хэрэгтэй.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)