Д.Трампын сүүлчийн өдрүүдийг Конгресс шийднэ

Цагаан ордны одоогийн засаг захиргаа Жозеф Байдены тангараг өргөх ёслолын өмнөхөн аюулгүй байдлыг хангаж Вашингтонд онц байдал зарлалаа. Албан ёсны мэдэгдэлд “Ерөнхийлөгч Дональд Трамп Колумбын тойрогт энэ сарын 11-24-нд онц байдал зарласан” гэсэн байна. Онц байдлын үеэр Цагаан ордон, Конгрессын ойролцоо байрлах захиргааны цогцолбор, худалдааны төв, дэлгүүр, нийтийн хоолны газрууд энэ сарын 20-ныг дуустал ажиллахгүй юм.

Үүний зэрэгцээ АНУ-ын Үндэсний гвардийн 15 мянган цэрэг Вашингтонд аюулгүй байдлыг сахиулна. Вашингтон хотын дарга Муриэл Боузер Капитолийн үймээний дараа болзошгүй аюулаас сэргийлж онц байдал зарлах санал гаргажээ. Энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэх нэмэлт төсвийг холбооны эрх баригчид батална. Цагаан ордон байгалийн гамшгийн үеэр л нийслэлд онц байдал зарладаг аж. Жо Байдены ялалтыг Конгресс баталгаажуулснаар Америкийн засаг захиргааны дараагийн тэргүүн хэн болох тухай маргаан эцэс болсон. Энэхүү мэдэгдэл гарсны дараа одоогийн төрийн тэргүүн Дональд Трамп эрх мэдлээ шилжүүлэхээ амласан ч сонгуулийн дүнг луйвардсан гэжээ.

 

ИМПИЧМЕНТ БУС САЙН ДУРААРАА ОГЦРОХЫГ САНАЛ БОЛГОВ

АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трампад хариуцлага тооцох асуудлыг Конгрессын Төлөөлөгчдийн танхимд өргөн барихаар төлөвлөж байна. Массачусетс мужийн төлөөлөгч, ардчилагч Жеймс МакГоверн CNN-д өгсөн ярилцлагадаа Конгрессын хэлэлцүүлэг ирэх лхагва (өнөөдөр) гарагт эхэлнэ гэжээ. Конгрессын гишүүний тайлбарласнаар Төлөөлөгчдийн танхим дахь Ардчилсан намын бүлэг Үндсэн хуулийн 25 дахь нэмэлт, өөрчлөлтийн дагуу Дональд Трампыг огцруулах саналыг дэд Ерөнхийлөгч Майкл Пенсид хүргүүлжээ. Вашингтонд энэ сарын 6-нд болсон “Америкийг аврахын төлөө” жагсаалын үеэр Трамп “Бид хэзээ ч бууж өгөхгүй. Сонгуулийн луйврыг зогсооно. Бид Капитолид очно” гэж уриалжээ. Түүний үгийг сонссон дэмжигчид нь Конгресс ордон руу дайрснаар байдал буруугаар эргэсэн юм. “Капитолийн бүслэлт” Ерөнхийлөгч асан Жорж Буш тэргүүтэй Бүгд найрамдах намын зарим гишүүний дургүйцлийг төрүүлжээ. Сенатын Ардчилсан намын бүлгийн дарга Чак Шумер “Америкийн эсрэг анархизм” өдөөсөн хэмээн одоогийн Ерөнхийлөгчийг 25 дугаар нэмэлт, өөрчлөлтийн дагуу засгийн эрхээс зайлуулахыг шаардсан. 25 дугаар нэмэлт, өөрчлөлтийг Жон Кеннедийг алагдсаны дараа баталж, хэрвээ төрийн тэргүүн үүргээ гүйцэтгэж чадахгүй бол АНУ-ын хамгийн дээд эрх мэдлийг хэрхэн, хэнд шилжүүлж болохыг хуульчилжээ. Ерөнхийлөгчийг огцруулах хэлэлцүүлэг Бүгд найрамдах намынхны эсэргүүцэлтэй тулгарах нь дамжиггүй. Ардчилсан намынхан одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп босогчдыг өдөөн турхирсан гэж буруутгаж, Засгийн эрхээс зайлуулахыг шаардаж байна. Бүгд найрамдах намын зарим төлөөлөгч ижил байр сууриа илэрхийлжээ. Гэхдээ Дональд Трампыг хугацаанаас нь өмнө огцруулах гэсэн хууль тогтоогчдын хоёр дахь оролдлого амжилтад хүрэх эсэх нь тодорхойгүй байна. Түүний бүрэн эрхийн хугацаа энэ сарын 20-нд дуусч Жозеф Байден АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчийн тангаргаа өргөнө. Ардчилсан намынхан 2019 онд Трампын анхны импичментийг эхлүүлсэн ч бүтэлгүйтсэн.

Дональд Трамп Үндсэн хуульд оруулсан 25 дахь нэмэлт, өөрчлөлтийг үндэслэн засгийн эрхээс огцруулсан анхны Ерөнхийлөгч болох эсэхийг энэ хуралдаанаар шийднэ. Конгрессын доод танхимын дарга, АНУ-ын төрийн шаталсан захиргааны гурав дахь албан тушаалтан Нэнси Пелоси ч Трампыг огцруулах хүсэлтэй байгаа. Тэрбээр АНУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, генерал Марк Миллитэй Ерөнхийлөгчийн эрхийг хязгаарлах боломжтой эсэх талаар ярилцжээ. Пентагон сонгуулийн үр дүнгийн маргааныг эцэслэх маргаанд цэрэг армиа татан оролцуулах оролдлогыг эсэргүүцэж байгаа аж. АНУ-ын томоохон хэвлэлүүд Трампын сүүлчийн өдрүүдийг таамаглан бичжээ. Импичмент бус сайн дураараа огцрох нь илүү нэр хүндтэй болохыг онцолж байна.

 

 

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)