Ю.Цэдэнбал, Б.Ринчен нар жирийн сайхан харилцаатай байжээ

Ю.Цэдэнбал дарга,  их эрдэмтэн Б.Ринчен нар жирийн сайхан харилцаатай байжээ

ХХ зууны Монголын түүхийн сэдвээр

Гучаад оны үед хэлмэгдэлд өртөж, тавиад оны дунд үед хавчигдан хохирч явсан үндэсний сэхээтний том төлөөлөгч бол Б.Ринчен гуай байлаа. Тэрээр анх хувьсгалын эсэргүү пан Монголизмын тагнуулын байгууллагад оролцож, тагнуулын ба хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байсан гэдэг үндэсгүй шалтгаанаар 1937 онд баригдаж, 1939 оны IV сарын 4-ний Дотоод явдлын яамны дэргэдэх комиссын шийдвэрээр буудан алах ял шийтгэгдэж байснаа өөрчилж, 10 жил хорихоор шийтгэгдсэн байжээ. 1941 оны XI дүгээр сард Б.Ринченг Маршал Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нарын аман заавраар хорих ялыг нь өөрчлөн, эрдэм соёл, ном бичин хэвлүүлэх үйлсэд түүний авьяас чадварыг ашиглаж эхэлжээ. Ийнхүү Ринчен, Цэдэнбал хоёрын харилцаа аятайхан эхэлжээ. (Л.Бат-Очир. Чойбалсан: Намтрын нь балархайг арилгахуй. –УБ., 196, т. 133-134)

          МАХН-д хоёр удаа элсэж, “баруунтан”, хувьсгалын эсэргүү, японы тагнуул гэгдэн мөн 2 удаа намаас  хөөгдөж 1937 онд баригдаж, цаазлагдах ял оноогдож байгаад Чойбалсан, Цэдэнбал нарын зөвшөөрөл авралаар суллагдсан эрдэмтэн зохиолч Б.Ринчен нам, засгийн удирдагч нартаа баярлан талархаж, МАХН-д элсэх өргөдлөө 1945 оны IV сард Ю.Цэдэнбалын нэр дээр гаргаж  байжээ. Түүнд: “Миний тун хайртай ард түмэн, улс  олныг  минь саруул сайхан ирээдүйн  зүг зоригтой чадамгайгаар удирдаж  яваа намынхаа эрхэм  ариун үйлсэд, ард түмнийхээ тусын тулд би байдаг хүчээ шавхан өгч зүтгэж   байна гэж   санахад хүн болж  төрсний минь хэрэг бүтэв гэж сэтгэл минь тэнэгэр урамтай  байна. Миний эх орны учраа мэдэх тэргүүний  бүх шилдэг  хүмүүсийн зорьж байгаа чин зориг, хүсэж байгаа сайхан хүсэлтэй  өчүүхэн миний хүсэл зориг нэг байна. Үнэнхүү сэтгэлийн туйлын эрхэм хүслийг илэрхийлж, Монгол Ардын Хувьсгалт Намд элсэхийг хүснэ. Намынхаа эрхэм үйлсэд, хайрт эх орныхоо төлөө байдаг хүч чадал, сурлага мэдлэгээ шавхаж өгөөд хэрэгтэй бол халуун амиа ч өгөе гэж нэгэн үзүүрт чин үнэнхүү сэтгэлээр зориголсон миний бие ямарч хүнд бэрхээс няцаж зориг шантрахгүйг батлан ийнхүү өөрийн туйлын хүслийг танд үнэн голоос илэрхийлэв. (ЗХА) гэжээ. Дайны хүнд үеийг туулж буй үед, улс  орныхоо соёл, боловсролыг хөгжүүлэх  эрхэм  зорилттой  тулгараад  байсан энэ үед Монгол дахь боловсрол мэдлэгийн нэг оргил, хугаршгүй ноён нуруу, билгүүн эрдэмтэн Б.Ринчен ийм хүсэлт тавьсан нь намын ерөнхий нарийн бичгийн даргын хувьд том дэмжлэг болж, улс төр, эрдэм ухааны тухайн цагийн “одуудын” нэг нэгнийгээ  сайнаар үзэх олон жилийн жирийн харилцаа бэхжих нэг үндэс  болсон юм. 

Ю.Цэдэнбал их эрдэмтэнд насан өөд болтол нь жирийн хүндэтгэлтэй хандаж байжээ. (Хүмүүнлэг энэрэнгүй ёс, хүний эрхийг хүндэтгэе. –УБ.,2003,т.32-34)

 

Б.Ринчен өөрт тохиолдсон аливаа асуудлыг Ю.Цэдэнбалд заавал хэлдэг, зөвлөдөг,тусыг нь авдаг, бас зарим боловсон хүчний өөдгүй ажиллагааны талаар ойлгуулж бичдэг байжээ. 

Тавиад оны дунд үеэр намын зарим удирдагч түүнийг мөн л хавчин хохируулж байжээ. 

 

Ю.Цэдэнбалд итгэн найдаж бичсэн нэг захидалдаа их эрдэмтэн Б.Ринчен өөрийг нь элдвээр хавчин хяхаж, гүтгэн доромжилж байсан гол хүн бол Намтайширийн Лхамсүрэн байсан гэдгийг хангалттай нотлон үзүүлжээ. Тэрээр бичихдээ: “Д.Сэнгээ аймгуудаас олон захидал авч, уншигчтай хийсэн уулзалт дээр өөрийн нь нэрээ тавьж гаргасан Лхамсүрэнгийн гүжир зүйлийг буруушааж байгаатай тулгарахдаа нэрээ л тавьж гаргаснаас бус, санаа нь сонинд бичих даалгавар өгсөн хүнийх гэдгийг арга буюу хүлээн зөвшөөрсөн юм. Миний тэмдэглэлийн дэвтэрт “Сэнгээ дайрал зохиол бичсэнийхээ төлөө надаас уучлал эрлээ. Аргагүйн эрхэнд бичсэн гэж ам шүд алдлаа. НТХ-ны Нарийн бичгийн дарга Намтайширийн Лхамсүрэнгийн даалгаврыг биелүүлснээ улайлаа” гэсэн 1954 оны IX сарын 24-ний    тэмдэглэл бий” (Б.Ринчен. Монголын за андагаар буйзаа. –УБ., 2000,т.319-325) гэжээ. Б.Ринчен итгэж хүндэтгэдэг хүний хувьд, улс орны дээд удирдагчийн хувьд Ю.Цэдэнбалд удирдах зарим хүний үнэн нүүр царайг илчилж, Н.Лхамсүрэн нь эрдэм номоор нимгэн, улс төрийн хувьд ч будлиантай хүн болохыг тодорхойлж нэлээн дэлгэрэнгүй захидал бичжээ. (Мөн тэнд). Ю.Цэдэнбал Н.Лхамсүрэнг удалгүй 1957 онд НТХ-ны үзэл суртал эрхэлсэн нарийн бичгийн даргын ажлаас чөлөөлж байжээ.

           Их эрдэмтэн Б.Ринченг үндсэрхэг үзэлтэй, Монгол, Зөвлөлтийн найрамдлын эсрэг “ихээхэн дотуур тамиртай” бодлого баримталдаг гэж албаны Москва үзэж байсан нь Монголын удирдагчдыг зарим талаар болгоомжлолд оруулах нэг шалтгаан болж байв. ЗХУ-ын ГЯЯ-наас Элчин сайд В.М.Молотовт 1958 оны III сарын 15-нд ирүүлсэн нууц захидалд “Ринчен шиг хэн ч Монголын ард түмний соёлын хөгжилд Зөвлөлтийн соёлын үзүүлсэн таатай нөлөөг үгүйсгэж байгаагүй юм. Ринчений явуулгын жинхэнэ мөн чанар, зорилгыг илчлэх талаар ямар нэг арга хэмжээ авч байна уу, үгүй юу гэдгийг нэгд нэгэнгүй ажиглаж байгууштай байна” гэжээ. Зөвлөлтийн элчин сайд Москвад явуулсан хариундаа: БНМАУ-ын удирдах зарим зүтгэлтэн, зохиолчидтой ярилцаж үзэхэд монгол нөхөд ойрын үед өнөөгийн бичигт ямар нэг өөрчлөлт хийх бодолгүй байгаа юм байна. Гэвч хуучин монгол бичгээр байгаа ном хэвлэлийг ашиглах боломжийг бий болгох зорилгоор МАХН-ын ТХ-ны заалтын  үндсэн дээр Гэгээрлийн яамны коллег 1958-1959 оны хичээлийн жилийн эхнээс дунд сургуулийн 8, 9-р ангиудад хуучин монгол бичиг  заах тогтоол баталжээ. Ринчений үйл ажиллагааны үндсэрхэх чиглэлийн тухайд гэвэл Элчин сайдын яамны зүгээс Ринчений санаа бодлын харгис шинж чанартайг удирдах зүтгэлтнүүдтэй нь ярилцахдаа анхааруулсаар байсан боловч БНМАУ-ын удирдлага уг асуудлыг төдий л анхаарахгүй явж ирсэн. Гэвч сүүлийн үед түүний үйл ажиллагааны хортой талыг хязгаарлах зарим арга хэмжээ авсан юм” (Ю.Цэдэнбалын Академийн архив.ф.1,хн.13,т.321) гэж мэдээлж байснаас үзэхэд Б.Ринчений үйл ажиллагааны зарим талд Москва дургүй байсан, энэ чиглэлээр монголчуудад нөлөөлөх гэж оролдож байсан, Монголын удирдагчид Ринченг буруутгах талаар яарахгүй байсан, сүүлдээ энэ талаар зарим нэг алхам дуртай дургүй хийх болсныг ойлгож болох юм.

 

Зууны гарамгай эрдэмтэн Б.Ринчен нь хөдөлмөр бүтээлээрээ мандан бадарч, бас хохирч хавчигдаж 1941 онд Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нарын чармайлтаар шоронгоос суллагдсан болохоор их эрдэмтэн Б.Ринчен Ю.Цэдэнбалд жирийн аятайхан  ханддаг байв. Жараад оны сүүлээр Б.Ринчен гуай Москвад зөвлөлтийн эрдэмтэдтэй ном хаялцаж заримд нь хатуу үг хэлсэн тухай мэдээлэл манай албаны хүмүүст ирж, соёлын салбар хариуцдагийн хувьд Д.Төмөр-Очир гуай материал бүрдүүлж, УТТ-ны хурлаар оруулах болжээ.

 

Хуралдааны танхимд их эрдэмтэн тухтай нь аргагүй сууж, бас тамхи татаж эхэлжээ. Ерөнхий даргаа хүлээж байсан II дарга нар их л дургүйцэн түүнийг харж, хурал ч халуухан болох янзтай болжээ. Энэ үед Ю.Цэдэнбал орж ирэн, ямар асуудал яригдахыг лавлах зуураа их эрдэмтнийг “Та наашаа суу” хэмээн өөртөө ойртуулан суулгаж, бүр тамхи, үнсний сав дөхүүлж өгчээ. Ингэсний нөлөөгөөр яриа хөөрөө ч аятайхан болж,  гадаадын хүмүүстэй соёлтой ярилцахыг хуралдагсад түүнд зөвлөж, харин Ю.Цэдэнбал жолоочдоо Ринчен гуайг хүргэж, гэрт нь оруулж өгөөрэй гээд явуулжээ. Донгодуулахаар ирсэн их эрдэмтэн маань тамхиар дайлуулаад, эрхэм сайдуудтай зэрэгцэн сууж хуралдаад, машинаар хүргүүлж буцаж байсныг тэр сонин хуралд оролцсон профессор Д.Содномгомбо дурсан ярьж байлаа. (ЗХА).

          1968 онд их эрдэмтэн Ринчен Ю.Цэдэнбалд захидал бичиж номыг нь цензурдэн хэвлэж өгөхгүй байгаа тухай мэдээлж, хэвлэж өгөхийг хүсэхийн хамт: “Миний бичсэн “Монгол бичгийн хэл зүй, хэлбэр судлал” хэмээх хөөрхий заяа муутай гутгаар дэвтрийн талаар Танд дахин дуулгах хэрэг гарлаа. Уг ном гурав дахь жилдээ хэвлэх үйлдвэрт хэвтэж байна. Энэ хугацаанд анхандаа номыг маань устгаж, хэвлэсний бүх зардлыг надаар нөхөн төлүүлэх шийдвэр нэг гаргаж үзсэнээ 1967 оны III сарын 29-нд Танд уламжилсны дараа дээрх шийдвэрээ түр азнуулаад, өнгөрөгч оны адгаар Академийн санхүү надаар мөнгө төлүүлэхээ болив гэж надад мэдэгдлээ” (Б.Ринчен. Монголын за- андагаар буй заа. -УБ, 2000, т.281) гэж бичсэн нь ном хэвлэхтэй холбогдон орсон хүнд байдлаас Ю.Цэдэнбал түүнийг гаргасанд талархсан хэрэг байлаа.

      1976 оны VIII сарын 2-нд Ю.Цэдэнбалд итгэн найдаж бичсэн нэг  захидалдаа их эрдэмтэн Б.Ринчен өөрийг нь элдвээр хавчин хяхаж, гүтгэн доромжилж байсан гол хүн бол Намтайширийн Лхамсүрэн байсан гэдгийг хангалттай нотлон, Ю.Цэдэнбалд бичихдээ: “НТХ-ны суртал ухуулга эрхэлсэн нарийн бичгийн дарга асан, бүтээл зэхий явдлыг нь Монголын олон нийтийн сайн мэдэх Н.Лхамсүрэн анхны шүүмжлэлийг бичүүлэн “Үнэн” сонинд олон нийтийн нэрээр нийтлүүлж, … гүтгэж  муучилсанд  олон нийт дургүйцэж  байсан юм шүү. Орос буюу Англи бичгийн хэл нь Орос буюу Англи ард түмний бахархал болж  байдаг шиг Монгол бичиг зохиолын хэл манай ард түмний баялаг гэдгийг Лхамсүрэн, юмыг түүний нүдээр харагчдад буюу манай ардын ярьдагчлан түүнийг хүн хорхойчлон дууриадаг хүмүүст ойлгуулах гээд ядчихсан  билээ. Одоо ч гэсэн ард түмнийхээ бичгийн хэлийг “архаизм” буюу хуучирсан хэл гэж нэрлэсээр байгаа хүмүүс тааралдаж байна. Н.Лхамсүрэн тэгэхэд тиймэрхүү “архаистуудыг” өөгшүүлж, өөрийнх нь айлдвараар талийгаач Сэнгээгийн бичсэн дайрал шүлэгт намайг үндсэрхэх үзэлтэн, Монголын феодал ангийн  бичиг зохиолын хэлийг магтагч гэж, “Үүрийн туяа” романаа энэ хэлээр бичсэн гэж  зэмлэснийг дэмжиж  буй. 1947 онд дуусгасан “Үүрийн туяа” романы тэргүүн дэвтрийн гар бичмэлийг Маршал Чойбалсан сонирхон үзэж, ТХ-ны зөвлөх Кондратьев бас уншиж үзнэ гэхэд нь би өөрөө оросоор орчуулж тэрбээр уншсан боловч Лхамсүрэн уг романыг хэвлэхийг 1951 он хүртэл саатуулсан тухай тэмдэглэл дэвтэрт минь байдаг юм.  Зөвлөлтийн зохиолчдын хийсэн, англи эхийн шүлгийн хэмжээг хадгалж чадсан сайхан орчуулгаас миний орчуулсан Шекспирийн Отеллогийн орчуулгын бичмэлийг уншсан бүхэн сайн ойлгож байсан боловч уг орчуулгыг Лхамсүрэнгийн үед Монголын феодалын хэлээр орчуулсан гээд  хэвлээгүй орхисон билээ. А.С.Пушкины “Хириг Рыцарь”-ийг орчуулсныг минь бас л хэвлээгүй. Мянга мянган голч шудрага эх орончийн аминд хүрсэн цусан гарт алуурчдын хэрэглэж байсан “үндсэрхэх үзэлтэн” гэсэн пайзыг янз бүрийн Лхамсүрэн нар надад зүүж, … байгаагаар үзэхэд тэд чухам ямар улс вэ гэдэг нь тод харагдаад өгнө” (Б.Ринчен.Монголын За андагаар буйзаа.-УБ.,2000,т.319-325) гэж Ю.Цэдэнбалд учирлан бичжээ. Монголын толгойлох сэхээтнүүдийг хавчих бодлогыг тухайн үед хэн баримтлаад байсныг энэ захидал тодорхой харуулж байна. 

Ю.Цэдэнбал их эрдэмтнийг хүндэтгэж, үг санааг нь сонсож, туслалцаа зөвлөгөөг нь ч авдаг байжээ. Түүний туслах байсан Л.Батцэнгэл дурсамжийн номондоо бичихдээ: “1969 оны IV сарын 10. Энэ өглөө ажилдаа ирээд удаагүй байтал Дарга ирж өрөө рүүгээ орох зуур намайг дуудав. Араас нь дагаж ороход Дарга жижиг тэмдэглэлийн цаасан дээр “хадаг, цай, мөнгө” гэсэн үгийг бичиж юу билэгддэг болохыг товчхон бичих үүрэг өглөө. 1969 оны IV сарын 11. Дарга надаас: “Чи Ринчен Бямбаевын гэрийг мэдэх үү гэж асуухад нь мэдэхгүй, энэ хойноос явж байгаа харагддаг юм. Энэ хавьд ойрхон байдаг байх” гэвэл Дарга: “VII дэлгүүрийн хойно байдаг юм. Чи энэ тайлбараа авч очиж, орчуулуулаад ир. Би утсаар хэлсэн байгаа гэв. Даргын зааснаар намайг очиход их зохиолч үүдээ нээн “Та орогтун” хэмээн урив.  Мэнд усаа мэдэлцсэний дараа миний бие хэрэг зоригоо хэлтэл, Ринчен: Том Дарга мөхөс намайг тоож хандсанд баяртай байна гээд… өөр өрөөнд авч очсон тайлбарыг орчуулж, надад буцааж өгөхдөө “Даргадаа намайг хичээнгүйлсэн болохыг айлдана биз” гэснээр энэ их хүнтэй хэдэн үг сольсноо олзуурхаж явдаг юм. Цэ дарга ийнхүү билгүүн номч Ринчен гуай, түүний эрдмийг дээдэлж явсан” (Л. Батцэнгэл. Миний мэдэх Ю. Цэдэнбал. –УБ., 2002, т. 255-256) гэж тэмдэглэн бичжээ. Ю.Цэдэнбал “Намын амьдрал”-д Б.Ринченгийн талаар “цагаантны үлдэгдэл” гэж бичсэнд дургүйцэн сэтгүүлийн эрхлэгч рүү нь утасдан замечандаж, их эрдэмтэн бие чилээрхүү байхад Москвагийн эрдэмтэн докторт утасдаж сайн эмчилж өгөхийг хүсч байсанд Ринчен гуай баярласнаа ярьдаг байсныг ахмадууд дурссан байдаг. (Ю.Цэдэнбал:Хүмүүсийн дурсамж.б.1,-УБ.,2002,т.143) билээ.

Ю.Цэдэнбал Монголын утга зохиолын нэртэй зүтгэлтнүүдтэй уулзсаны дараа. Зураг татуулахад анхаарч байгаа зохиолчдын дунд халуун дотно ярианаасаа салж чадахгүй байгаа хоёр хүн содон харагдаж байна. 1958 он

Нам, төрийн тэргүүн маань их эрдэмтний гэр бүлийнхнийг ч хүндэтгэн үздэг байж. Б.Ринчений хүргэчүүл нь Ю.Цэдэнбалын ойр дотны хамтран зүтгэгчид байв. Туваан Эрүүлийг хамгаалах яамыг олон жил толгойлж, монголын анхны доктор Н.Жагварал Ю.Цэдэнбалын хамгийн ойрын шадар тушаалд олон арван жил хамтран ажиллаж байжээ. Ринчений хүү, гялалзсан эрдэмтэн Барсболдыг Цэдэнбалынхан өндөр үнэлдэг байсан бөгөөд А.И.Цэдэнбал-Филатова өөрийн нэгэн дурсамжид: “Монголын нэрт эрдэмтэн Бямбын Ринчений хүү Барсболдын эзэмшсэн мэргэжилдээ дур   сонирхолтой, түүнийгээ бүрэн дүүрэн мэддэг чанар нь миний итгэл бишрэлийг төрүүлсэн юм. Балар эртний үлэг гүрвэлийн тухай түүний яриа миний сонирхлыг туйлын их татаж, тэрхүү сөнөж мөхсөн амьтны эх орон бол монгол орон, монголын элсэн говь байсан тухай ярихыг сонссоор хоёр, гурван цаг өнгөрснийг анзаараагүй юм… Нэрт эрдэмтний хүү гэсэндээ маш их боловсролтой болсон тэр Барсболд гэдэг залуу эрдэмтний яриа үнэхээр сонирхолтой байсан тул хамгийн жижгээс авахуулаад хамгийн том үлэг гүрвэлүүдийг харуулсан баримлуудыг бариулахаар захиалга өгсөн… Гэвч эхлүүлсэн ажлаа гүйцээж чадалгүй Москва руу би явсан” (Есөн туг. (Ю.Цэдэнбалын Академийн сонин). 2002, №3,4, т.14) гэжээ. Хүүхдийн паркад үлэг гүрвэлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах гэж тэр төлөвлөж байжээ. Энэ бүгдээс үзэхэд Монголын үндэсний толгойлох сэхээтнүүд болох Ю.Цэдэнбал, Б.Ринчен нар өөр  хоорондоо төдийгүй гэр бүлийнхний нь хувьд ч нэгийгээ хүндэтгэсэн жирийн сайхан харилцаатай байжээ гэдэг дүгнэлт гарч байна.

 

          Бас тодорхой зарим асуудлаар үзэл бодол нийлэхгүй зүйл ч байсан байж болох бөгөөд Монгол хэл шинжлэлийн нэрт эрдэмтэн Чой.Лувсанжав Ринчен гуайн талаар ярьсан ярилцлагадаа Монголын шинжлэх ухаанд хүндтэй гавьяа байгуулсныг нь үнэлснээс гадна Б.Ринчен гуайн ярьж хэлж байсан зүйлээс дурсаж бичжээ.

 

Тэрээр: Ри багштан Сталиныг “хүн алахдаа бол Гитлерийн багш нь” гэж айлддаг байсан. “Сталин, Чойбалсан, Цэдэнбал нар интернационализм, социализм, найрамдал зэрэг хуурамч үгээр, тийм ийм хүмүүжил гэдгээр монгол түмний тархийг гашилгаж орхисон юм. “Цэдэнбалын хэлж байгаа үг чинь юуны Цэдэнбалын байх вэ? Цэдэнбалын ар шил рүү нь Кремлиэс бүрээдэж байгаа цуурай”, Цэдэнбалыг тойрсон тушаалтнуудыг хулчгар бялдууч нар, үхэр монголчууд гэдэгсэн. “Монгол хүн монголынхоо сайчуул мэргэдээ юу боллоо гэж алан хядах вэ, жорлонгоос бусад бүх албан газарт Сталинчин зөвлөх сургагч ирж буу тулган хийлгээд, одоо болохоор монголчууд мунхагтаа чингэсэн мэт гөрдөж байна”. “Ер нь нэр томъёогоо л сайн орчуулахгүй бол манай хэлний тэн хагас нь орос боллоо” гэж айлдахад би: бүх нэр томъёог орчуулах уу? гэхэд багштан: “тэгэлгүй яах вэ, хулигаан, оочер хоёроос бусдыг хуу орчуулсан нь дээр. Тэр хоёрыг орчуулахгүй байхад хаанаас ирсэн нь мэдэгдэж байг”, “Би чамд том дарга болох сайн арга зааж өгье. Чи километрийн газраас үнэртэхүйц шар эгч нэгийг олоод тэвэрчих, тэгээд л чамд орлогч сайд, оготор ногоон машин, орон сууц гурав дорхиноо бэлэн болно доо гэхэд бид машин дүүрэн инээд болж билээ” (Утга зохиол, 1990.XI.30, №49) гэж бичжээ. Үнэхээр Ринчен багш тийм ухаантай хүн мөртлөө   тухайн цаг үедээ дэндүү гэмээр хурц үг ярьж байсан уу?,аль эсвэл ерэн оны үйл явдлаар хувьсгалжсан эрдэмтний , аль эсвэл сонин хэвлэлийн ажилтны бодол санаа туссан уу гэдгийг түүх амьдрал тодруулах цаг удахгүй ирэх бизээ. 

        Иймэрхүү үзэл бодолтой том сэхээтнүүд нэг биш байсан гэж бодоход  Ю.Цэдэнбал тийм хүмүүстэй учир зүйгээ яаж ийгээд олж, гол нь Монголын ард түмэн, ялангуяа залуу үеийн зүрх сэтгэлд найрамдал, нөхөрлөл, эв санааны нэгдлийн үзэл санааг төлөвшүүлэх үйлсэд амин чухал ач холбогдол өгч, энэ зорилгынхоо төлөө насан турш хичээнгүйлэн зүтгэжээ. 

 

МУИС-ийн профессор, доктор (Ph, Sc)   Ц.Жамбалсүрэн.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (192.82.69.67)

    2021-01-17

    Сайхан бүлтрэх юмаа. Цэдэнбал Ренчин гуайг насан туршид нь оролдож зовоосон доо...