Энэ жил яагаад Ерөнхийлөгчийн сонгууль болохгүй гэцгээх болов оо

“Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” хэмээн Монгол Улсын Үндсэн хуулийн 30.1 зүйлд заасан байгаа. Ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, төрийн тэргүүнээ сонгох сонгууль хуваарь ёсоор энэ зун болно гэж үзэцгээж байлаа.

Гэтэл 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт (ҮХНӨ)-өөр Ерөнхийлөгчийн ажиллах хугацаа дөрвөн жил байхаа больж, зургаан жил болсон юм. Үүнийг дэлгэрүүлье л дээ. Үндсэн хуулийн 30.2 зүйлд “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” хэмээсэн байгаа юм. “Зургаан жилийн хугацаагаар...” гэсэн байгаа биз.

Тэгвэл уг зүйл заалтыг хэзээнээс эхэлж хэрэгжих ёстойг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн 6 дугаар зүйлд тодорхой заачихсан байна. Уг зүйлд “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 12 цаг буюу арван долдугаар жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн гуравны өдрийн морин цагаас эхлэн улс орон даяар дагаж мөрдөнө” гэсэн. Өнгөрсөн оны тавдугаар сарын 25-наас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт улс даяар бүрэн төгөлдөр хэрэгжиж эхэлснийг Монголын ард түмэн мэдэж байгаа. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай энэхүү хууль нь Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн нэгэн адил хүчинтэй гэдгийг ч хуульчилчихсан. Тэгэхээр бид энэ жил биш дахиад хоёр жил болсны дараа Ерөнхийлөгчийн сонгуулиа хийж, төрийн тэргүүнээ сонгохоор болж таарч байна уу даа.

Үүгээр одоогийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн дөрөв дэх жил нь дуусч тав дахь жил рүүгээ орж байгаа юм. Түүнд Ерөнхийлөгчөөр ажиллах дахиад хоёр жил дутуу гэсэн үг шүү. Үндсэн хуулийн дагуу 2021 онд биш 2023 онд Ерөнхийлөгчийн сонгууль болно гэдгийг улс төрч, хуульчид, Үндсэн хууль судлаачид яриад эхэлчихлээ. Үүнийг Монголын туршлагатай парламентч, хуульч Р.Гончигдорж “Өдрийн сонин”-ы 2021 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр буюу Үндсэн хуулийн өдрөөр хуулийн талаас нь ойлгомжтой тайлбарлаж ярьсныг уншигч та бүхэн уншсан байх. Тэрээр “...Ийм байх ёстой юм бол нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуульдаа Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн хоёр дахь хэсэгт оруулсан өөрчлөлтийг 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас эхлэн дагаж мөрдөнө гэж оруулах ёстой байсан. Эсвэл бүр 2025 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас эхлэн дагаж мөрдөнө гэж оруулж болох байлаа. Хэлэлцүүлгийн явцад эхнийхийг нь оруулж чадахгүй байсан. Харин хоёр дахийг нь хуульдаа хийж магадгүй байлаа.

Гэхдээ тэгээгүй. Шилжих журмын тухай хуулиар өөрөөр зохицуулсан заалт байхгүй учраас 30.2 дагаж мөрдсөн өдрөөс хүчинтэй болж Ерөнхийлөгчийн бүрэн эрх зургаан жил болсон” гэж ярьсан. Түүний яриагаар хэрвээ “Үгүй ээ, 2021 онд Ерөнхийлөгчийн сонгуулиа заавал хийнэ” гэж Үндсэн хуулиас зөрж, Үндсэн хуулийн тухайн үйлчлэлийг зогсоож байгаад Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулбал өмнөх бүх Ерөнхийлөгчдийн нэр дэвших эрх нь нээгдэнэ.

ҮХНӨ-ийг 2025 оноос уу, 2020 оны тавдугаар сарын 25-наас дагаж мөрдөж эхлэх үү гэдэг асуулт тухайн үед хэлэлцэгдэж байхад УИХ-ын гишүүд, хууль батлагчид үүнийг огт хараагүй, анзаараагүй гэвэл тэрэн шиг худлаа юм байхгүй болно. Одоо эрх барьж буй улстөрчид бүгд яг энэ сэдвийг ярихаас зайлсхийж ам нээдэггүй талтай.

Оны өмнө Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд “Одоогийн Ерөнхийлөгч, өмнө нь Ерөнхийлөгч байсан хүмүүс дахин нэр дэвших боломжгүй гэж ойлгоод байгаа. Үүнийгээ хуульдаа тодруулж өгөөч ээ. Маш ойлгомжтой Үндсэн хуулийн заалт оруулчихаад яагаад үүнийгээ тойроод байгаа юм” хэмээн олон удаа асуухад “Энэ Үндсэн хуулийн Цэц дээр очиж шийдэгдэх асуудал, Үндсэн хуулийн дагуу л энэхүү хуулийг боловсруулсан” гэсэн хариу өгцгөөсөн. УИХ-ын гишүүд энэ асуудалд орооцолдохоос айдаг юм уу, эсвэл үнэхээр зөрчилтэй хууль болохоор тэгдэг юм уу “Маргаан гарах нь гарна” гэхээс өөр дорвитой юм тайлбарлаж чаддаггүй.

Цагаан дээр хараар “Үндсэн хууль 2020 оны тавдугаар сарын 25-наас бүрэн төгөлдөр хэрэгжиж эхэлнэ” гэж биччихсэн байгаа болохоор, хэрэгжээд явж байгаа энэ хуулийн дагуу Ерөнхийлөгчийн сонгууль хоёр жилийн дараа явагдахаар болж байгаа нь гаргалгаатай л яриа болж таарлаа. Үүнээс л үүдэж “Энэ жил Ерөнхийлөгчийн сонгууль болохгүй” гэж хууль мэддэг хүмүүс дуугарч байгаа байх нь. Ерөнхийлөгчийн бүрэн эрх 2023 онд дуусч ээлжит сонгууль 2023 оны зургадугаар сард болох ёстойг Үндсэн хууль нь хэлж өгчихөөд байна.

Тэгэхээр УИХ-ын дарга асан Р.Гончигдоржийн “Энэ жил Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн Ерөнхийлөгч нэр дэвшиж болно, болохгүй гэх яриа нь өөрөө Үндсэн хуулийн бус” гэдэг нь үнэн санж.

Д.Гансаруул

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)