“Өрх бүрд нэг сая төгрөг”-ийн тэтгэлэг олгох тогтоолын төслийг холбогдох байнгын хороогоор хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэв

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2021.01.18/ цахимаар хуралдаж, хоёр асуудал хэлэлцлээ. Цахим хуралдааныг Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн даргалж, хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас УИХ-д өргөн  барьсан УИХ-ын тогтоолын төслийг авч хэлэлцээд, гишүүдийн олонх нь холбогдох байнгын хороогоор хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Дараа нь Соёлын яамны хэрэгжүүлэх бодлогын зорилт, хөрөнгө оруулалт, салбарын томоохон төслүүдийн талаар Соёлын сайд С.Чулуун танилцууллаа. Тодруулбал, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Бүх нийтийн соёлын боловсрол”, “Цахим соёл”, “Монгол ба дэлхий дахин” хөтөлбөрүүдийг шинээр боловсруулж хэрэгжүүлэхээр тусгажээ. Харин өмнөх хэрэгжүүлж байсан төсөл хөтөлбөрүүдээс “Монгол уран бүтээл” /2015-2025/, “Соёлын биет бус өвийг хамгаалах” /2019-2023/, “Баримтат өвийг хамгаалах” /2014-2024/ төсөл хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх аж.

Мөн сайд С.Чулуун Соёлын салбарын томоохон бүтээн байгуулалтын хүрээнд “Чингис хаан” хаад, язгууртны музей, Байгалийн түүхийн музей, Үндэсний номын сан,  Үндэсний урлагийн их театр, Хөвсгөл нуур музей, соёл мэдээллийн төв, Хүүхдийн номын сан, хүүхдийн театр байгуулахаар тусгаснаа танилцуулав.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)