Оффшор ярьсан дөрвөн жил

2021 оны Ерөнхий­лөгчийн сонгуультай зэрэгцэн оффшорын асуудал олны анхаарлын төвд дахин орж ирлээ.  Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга  2017 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихдээ “Оффшор дахь хөрөнгийг эх орондоо татна” хэмээн амлаж байв.  Үгүй бол албан тушаалаасаа өөрөө огцорно гэж ярьж байсан нь хэвлэлийн хуудаснаа баримт болон үлджээ.  Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Ерөнхийлөгч Х.Баттулга оффшорын тухай хангалттай ярьсан.  Гэвч Төрийн тэргүүний хувьд оффшороос мөнгө орж ирсэн, ирээгүй гэх маргаанд цэг тавьж чадсангүй. Дараагийн Ерөнхийлөгчийн сонгуультай тулж ирлээ. Энэ цаг үед Ерөнхийлөгч Х.Баттулга цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан оффшороос орж ирсэн мөнгөөр өрх бүрт нэг сая төгрөг өгнө хэмээн тогтоолын төсөл өргөн барьсан ч тэр нь “хана мөргөчихсөн”. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Монгол төрийн дансанд оффшороос ямар ч мөнгө орж ирээгүй” гэж мэдэгдсэн. Мөн хуулийн байгууллагуудын зүгээс оффшорын асуудалд тодорхой хариулт өгсөнгүй.  Энэ асуудал цаашид асуултын тэмдэгтэй хэвээр үргэлжлэх нь тодорхой болчихлоо.  Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхээ хэрэгжүүлсэн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд оффшорын асуудал ямар зам туулав.  Энэ талаар “Time line” -ээр хүргэж байна.

2017.06.24

Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулга “Монголын баялгаас бий болсон оффшор данстангуудыг шахах болно. Ард түмэндээ амласан тангарагаасаа няцвал албан тушаалаасаа өөрөө огцорно” гэсэн байдаг.

 

2017.07.24

Ерөнхийлөгч Х.Баттулга тангаргаа өргөснийхөө дараа 49 хоногийн дотор оффшор дансаа хааж, тэнд байршуулсан мөнгөн хөрөнгөө Монголын банкинд оруулж ирэх уриалга гаргав.

 

2017.08.05

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс “Монгол Улсын төрийн албанд ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа нэр бүхий 23 иргэн оффшор бүсэд данс эзэмшдэг болох нь тогтоогдсон” гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлжээ.

 

2017.08.05 

Улмаар Улсын Ерөнхий прокурорын газраас оффшорын хэргийг мөрдөн шалгах хэд хэдэн байгууллага шалгах шаардлагатай гэж үзэн АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс, Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны мөрдөгчдийн хамтарсан ажлын хэсэг томилсон тогтоол гаргаж, хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг хамтран явуулахыг дээрх байгууллагуудад даалгасан байна.

 

2017.09.12 

ЕТГ-ын дарга З.Энхболд оффшор данстнуудын мөнгөн хөрөнгөө оруулж ирэх ажлын явц байдлын талаар Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал уулзав. Энэ үеэр өнгөрсөн хугацаанд нэр бүхий 23 хүнийг гурав гурван удаа дуудан уулзсан бөгөөд өнөөдрийн байдлаар Монгол Улсад сайн дураар оруулж ирсэн хөрөнгө мөнгө байхгүй” гэж  Х.Энхжаргал дарга мэдээлэл өгөв.

 

2017.09. 29

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс явуулсан мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд нийтэд зарлагдсан оффшор бүсээс Монгол Улсын иргэн дөрвөн сая 370 мянган ам.доллараа Монгол Улсад оруулсан гэж мэдээлэв. Энэ бол оффшор бүсэд байршуулсан мөнгөн хөрөнгийг буцаан татсан хамгийн анхны тохиолдол юм.

 

2017.11.23 

Ерөнхийлөгчийн дэргэдэх иргэний танхимд “Оффшор хөрөнгө ба Монголын эдийн засагт түүнийг буцаан авчрах боломжууд” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг боллоо.  Энэ үеэр ЕТГ-ын дарга З.Энхболд “Өнөөдөр өглөө салхигүй, утаа ихтэй байна. Утаа, оффшор хоёр ямар холбоотой юм бэ гэж та бүхэн гайхаж байж магадгүй. Холбоотойгоор барахгүй, номер нэг асуудал болоод байгаа. Бид өнөөдөр энд оффшорт нуугдсан Монголын баялгийн мөнгийг оруулж ирэхээр цуглаад байна” гэв.

 

2018.04.05 

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганы хуралдаанд оролцохдоо “Оффшор дансанд хөрөнгөө нуусан улстөрчдийн асуудлыг шийдвэрлэх тал дээр АТГ зэрэг хууль хяналтын байгууллага туйлын идэвх санаачилгагүй, хашин хандаж байгааг олон нийт бүгдээр харж байна” гэжээ.

 

2018.10.24

 

Монгол Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан хууль зүйн байнгын хорооны хуралдаанд Оффшор данстай байсан хүмүүс мөнгөө оруулж ирсэн. Тодорхой хэмжээний мөнгө битүүмжлэх асуудалд гадаадын хууль хяналтын байгууллагад санал тавиад, хариу хүлээж байгаа” гэсэн байдаг.

 

2018.12.07

АТГ оффшор бүсээс 4.4 сая ам.доллар оруулж ирсэн гэж мэдээлэв.

 

2019.01.25 

Оффшор бүсэд нийтдээ  85.9 сая ам доллар  байгаа гэсэн тооцоог  хийсэн байдаг.  АТГ оффшор бүсийн асуудлыг шалгах явцад  74.9 сая  нь Монгол Улсад ямар нэг хэлбэрээр орж ирсэн нь тогтоогдоод байна гэж мэдээлэв.

 

 2019.01.16

Ерөнхийлөгч Х.Баттулга Прокурорын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөнд оролцож, үг хэлэв. Ингэхдээ оффшор данстай төрийн албан хаагчдыг илрүүлэн шалгах үүрэг өгчээ.

 

 2019.06.24 

Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Хуульчдын холбооны тэргүүн В.В.Блажеевтай уулзах үеэрээ монголын мөнгө оффшор бүст байрлаж байгаа асуудалд шүүмжлэлтэй ханддагаа хэлээд, Монголын хуульчдын холбоотой илүү сайн хамтран ажиллаж, арга туршлагаа хуваалцана гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв.

 

2019.08.03

Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д айлчлах үеэрээ  Хууль зүйн сайд бөгөөд Ерөнхий прокурор Уилльям Барртай уулзлаа. Энэ үеэр АНУ-ын талаас оффшор дансан дахь мөнгө, авлигын мөнгөөр худалдан авсан АНУ дахь үл хөдлөх, хөдлөх хөрөнгийг Монголын талд шилжүүлэх, ямар хөрөнгө хаана байгааг илрүүлэх зэрэг хүсэлтийн дагуу хүнд сурталгүй хурдан шуурхай ажиллаж Монголын талд туслалцаа үзүүлнэ гэж мэдэгдсэн байдаг.

 

2020.01.20

АТГ-ын ахлах комиссар Т.Баярхүү “Нийтдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад 95 сая орчим ам.доллар буюу бараг 300 орчим тэрбум төгрөг оффшор бүсээс орж ирсэн асуудлыг тогтоон шалгаж байна. Хэрэг шүүхээр шийдэгдвэл энэ хэмжээний хөрөнгө хураана гэсэн үг. ” гэж мэдэгдэв.

 

2020.09.30

Ерөнхийлөгч Х.Баттулга  орон нутагт томилолтоор ажиллах үеэрээ “Оффшортой холбоотой мөнгөнүүд орж, ирж байгаа. Энэхүү асуудалд АТГ-ын залуучууд эрчимтэй ажиллаж байна” гэж мэдэгдэв. 

 

 2021.01.01

Ерөнхийлөгч шинэ оны мэндчилгээндээ “Сүүлийн гурван жилийн хугацаанд хууль хяналтын байгууллагын нийт албан хаагчид маань олигархуудын оффшор бүсэд нууцалсан асар их хэмжээний хууль бус хөрөнгийг нь илрүүлж, буух эзэнтэй, буцах мөртэй эзэн холбогдогчдыг нь тогтоосоор байна” гэдгийг дурьджээ.

 

2021.01.08 

Ерөнхийлөгч Х.Баттулга “Цар тахлаас үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах онцгой арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан юм. Ингэхдээ оффшор бүсээс орж ирсэн мөнгөн хөрөнгийг Монголбанканд төрийн сангийн тусгай данс нээн байршуулах, улмаар дээрх хөтөлбөрийг санхүүжүүлнэ” гэж заасан.

 

2021.01.09

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Оффшороос ямар ч мөнгө Төрийн санд орж ирээгүй. Оффшороос мөнгө оруулж ирвэл улсын орлого эсвэл тухайн иргэний мөнгө эсэхийг шүүх эцэслэн тогтоох ёстой” гэсэн тайлбар хийлээ.

 

2021.01.10

Ерөнхийлөгч Х.Баттулга МҮОНТВ-т ярилцлага өглөө. Тэрээр “Оффшорт мөнгөө нуусан хүмүүс сандраад байгаа.  Тийм ч учраас орж ирсэн мөнгө байхгүй гэж мэдэгдээд байгаа хэрэг” гэв.

 

2021.01.13

УЕПГ-аас мэдээлснээр Панамын баримтын дагуу оффшор бүсэд хөрөнгөтэй гэх 23 иргэний хэрэг бүртгэлтэй байдаг ба олон улсын байгууллагатай хамтарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа гэж мэдэгдлээ.

 

2021.01.18

МАН-ын бүлэг Ерөнхийлөгч Х.Баттулгаас УИХ-д өргөн барьсан “Өрх бүрд нэг сая төгрөг” өгөх тухай тогтоолын төслийг хэлэлцэхээр болжээ.  Үүний санхүүжилтыг оффшор бүсээс орж ирсэн хөрөнгөөр шийдэхээр төсөлд тусгасан билээ. 

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)