Хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийг баталж, хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив

УИХ-ын тогтоолыг батлав

    Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.01.22) үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цаг 04 минутад эхэлж, “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг танилцууллаа.

 Засгийн газраас 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн "Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн.

    Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас өгсөн гүйцээн боловсруулах чиглэлийн дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасныг баримтлан, түүнчлэн тогтоолын төслийн зарим заалтаар дахин санал хураах шаардлагатай гэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд үзсэн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасны дагуу хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар санал хураалт явуулж, зарчмын зөрүүтэй 1 саналыг шийдвэрлэсэн байна.

Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн байна.

    Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Б.Баттөмөр нар асуулт асууж, Байнгын хорооны дарга С.Бямбацогтоос хариулт, тайлбар авлаа.

    Дараа нь зарчмын зөрүүтэй саналын 1 томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Ингэснээр төслийн хавсралтын “1.3.Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын эрхлэх асуудлын хүрээнд3 хэсэгт “Хууль тогтоомжийн төслийн нэр”-“Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай”, "Улс төрийн намын тухай", “Улс төрийн намын санхүүжилтийн тухай", “Сонгуулийн төв байгууллагын тухай”, "Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай" гэж тус бүр, “Хууль санаачлагч”-"3асгийн газар", "Хариуцан боловсруулах байгууллага”-“3асгийн газрын Хэрэг эрхлэх газар", "Өргөн мэдүүлэх хугацаа”-"2021 он" гэж тус бүр, “Хууль тоггоомжийн төсөл боловсруулах үндэслэл, зохицуулах харилцааны товч утга” баганад "Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолд туссан хууль тогтоомжийн зохицуулах харилцааны агуулгыг тохиолдол бүрд, “Сонгуулийн төв байгууллагатай холбоотой зарим зохицуулалтын давхардал, хийдлийг арилгах." гэж, “Төрийн албаны үнэт зүйлийг тодорхойлж, төрийн албан хаагчийн баримтлах нийтлэг ёс зүйн хэм хэмжээ, албаны үүрэг болон ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн албан тушаалтан, албан хаагчид хүлээлгэх хариуцлагын төрөл, хэмжээг төрийн албаны ангилал бүрээр тодорхойлон зааж, хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмын талаар нарийвчилсан зохицуулалтыг тусгах." гэж тус тус тохирох баганад, "1 .Ю.Барилга, хот байгуулалтын сайдын эрхлэх асуудлын хүрээнд" хэсэгт "Хууль тогтоомжийн төслийн нэр"-“Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай", "Хууль санаачлагч”-"3асгийн газар", “Хариуцан боловсруулах байгууллага"-"Барилга хот байгуулалтын яам", "Өргөн мэдүүлэх хугацаа"-"2021 он", "Хууль тогтоомжийн төсөл боловсруулах үндэслэл, зохицуулах харилцааны товч утга"-“Хот, тосгоны эрх зүйн үндсийг тодорхой болгож, тэдгээрийн өөрийн удирдлага, өмчийн болон төсвийн зохицуулалтыг нарийвчлан тусгах." гэж тус тус тохирох баганад шинээр нэмэх, төслийн хавсралтын "1.10.Барилга, хот байгуулалтын сайдын эрхлэх асуудлын хүрээнд" хэсгийн 103 дугаарт заасан “Хууль тогтоомжийн зохицуулах харилцаа, товч утга" баганын "2.84-т “Газрын нэгдсэн бодлого, тогтолцоог бүрдүүлж, газар ашиглах, эзэмших, өмчлөх эрх зүйн зохицуулалтыг боловсрнгуй болгоно" гэж, 5.2.4- т "Газрын харилцааны эрх зүйн зохицуулалтыг сайжруулж, газрыг эдийн засгийн эргэлтэд бодитой оруулах нөхцөлийг бүрдүүлнэ.” гэж тус тус заасныг” гэснийг “газрын харилцааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилтыг" гэж өөрчлөн найруулахаар боллоо.

   “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 56 гишүүний 66.1 хувь нь дэмжиж, баталлаа.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив  

Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржийн өргөн мэдүүлсэн Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулсан.  

Хууль санаачлагч Коронавирус халдвар цар тахлын улмаас бүх нийтийн бэлэн байдал зарлаж, орон нутгийн хөдөлгөөнийг хязгаарласантай холбоотойгоор малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн орлого буурч, өдөр тутмын хүнсний хэрэгцээгээ ханган нийлүүлэхэд хүндрэл үүссэнээс нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжгүй байгааг харгалзан Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн үйлчлэлийн хугацааг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгах нь зүйтэй гэж үзэж хуулийн төслийг боловсруулсан байна.

    Байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй, хэлэлцүүлгийн шатанд төсөв, санхүүгийн эх үүсвэрийн асуудал болон Засгийн газрын саналыг нэгтгэн хуулийн төслийг батлах нь зүйтэй, Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар Засгийн газар уг асуудалд анхаарлаа хандуулах нь зүйтэй бөгөөд хуулийг сурталчлах, хуулийн хэрэпжилтийг хангах асуудалд анхаарч ажиллах, Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчийг тэтгэвэрт хамруулах асуудал нь нийгмийн шаардлага байгаагийн хувьд дэмжиж байна, харин хэрэгжих шатандаа боломж хязгаарлагдмал гэдгийг тооцох нь зүйтэй гэсэн саналуудыг гаргасан байна.

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлзх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 60.0 хувийн саналаар дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа асуулт асууж, төсөл санаачлагчаас хариулт авсан.

Хуулийн үйлчлэлээр иргэн тэтгэврийн даатгалын шимтгэлээ 10 жилээр нөхөн төлөхдөө 5 сая төгрөг төлөх ч тэтгэвэр тогтоолгоод 10 жилийн хугацаанд 50 сая төгрөгийн тэтгэврийг тогтмол хугацаанд авах боломж бүрдэж байгаа давуу талтай гэдгийг төсөл санаачлагч тайлбарлаж байлаа. Өнгөрсөн хугацаанд 600 орчим хувиараа хөдөлмөр эрхлэгч тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн төлсөн нь хангалтгүй тоон үзүүлэлт. Татварын баримт бүрдүүлэхэд хэцүү, зарим нь боломжгүй байгаа нь гол шалтгаан гэдгийг тэрбээр тайлбарлаад төслийн анхны хэлэлцүүлгийн явцад энэ асуудлыг зохицуулах зарчмын зөрүүтэй санал гаргахаар ажиллаж байгаагаа хэлсэн.

Ингээд санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлсэн юм.

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

    Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, шийдвэрлэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, харьяалах Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир танилцууллаа.

    Нефть үйлдвэрлэл, борлуулалтын үйл ажиллагаа явуулдаг зарим компани хуурамч шатахуун үйлдвэрлэж, шатахуун түгээх станцуудад нийлүүлж, иргэдийг хохироосоор байгаа талаар төсөл санаачлагч илтгэлийнхээ эхэнд дурдав. Олон улсад хэрэглээ нь хумигдсан керосин, нафта зэрэг бүтээгдэхүүний импорт манайд өссөн байдаг аж. 2017, 2018 оны байдлаар Монгол Улсын хилээр дээр нэр дурдсан, хуурамч шатахуун үйлдвэрлэх гол түүхий эд болох бодисыг нийтдээ 202 мянган тонныг оруулж ирсэн мэдээ байгаа гэв. Шатахууныг керосин, хийн конденсатын нэрмэл дистиллят, хөнгөн фракцын бензин буюу нафта зэрэг бодисуудаар шингэлэн найруулж, түгээх станцуудад зах зээлийн үнээс хямдаар нийлүүлдэг хэмээн үзэж байгаа аж. Нефть үйлдвэрлэл, борлуулалтын үйл ажиллагаа эрхэлдэг зарим аж ахуйн нэгжүүд газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүнийг онцгой албан татвар болон тусгай зөвшөөрөлгүйгээр импортлон, хуурамч шатахуун үйлдвэрлэн шатахуун түгээх станцуудад нийлүүлж байгаа нь иргэд, аж ахуйн нэгжид хохирол учруулахаас гадна агаарын бохирдолд сөрөг нөлөө үзүүлж байгаа тул импортоор оруулж байгаа газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүнд онцгой албан татвар ногдуулах, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах улмаар улсын төсөвт орлого төвлөрүүлэх боломжийг нэмэгдүүлэхээр холбогдох хуулийн төслийг боловсруулжээ.

    Төсвийн байнгын хороо 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаараа төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн байна. Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй тул хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах нь зүйтэй гэж үзжээ.

    Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслийг хууль санаачлагчид нь буцаах Байнгын хорооны саналыг дэмжээгүй юм. Тодруулбал, Улсын Их Хурлын гишүүд Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)