Цэдэнбал-Цэдэнпил -Цэдэнбал

Төр, улсын том зүтгэлтний түүх намтрын өчүүхэн хуудас–нэрийн асуудал ч том байдаг ажээ. Цэдэнбал –Цэдэнпил гэсэн нэрийг тойрсон улс төрийн маргаан мэтгэлцээн ч бий болжээ. 

Түүхэн баримт сөхвөл нам, төрийн тэргүүн асан Ю.Цэдэнбал төрөхөөсөө л Цэдэнбал нэртэй байсан байна. Ю.Цэдэнбал даргын төрсөн ахын хүү, Эрдэм судлалын төв – Ю.Цэдэнбалын Академийн удирдагч, хурандаа Тавхийн Жаргалсайхан олон жилийн өмнө “манай нагац ах Цэдэнбал хүүхэд байхын л Цэдэнбал нэртэй байсан гэж аав минь ярьдаг байсан” хэмээн хэлж байж билээ. Даргын нэрийг тойрсон тархи угаалга үргэлжилсээр тул зарим баримтыг үзэхэд Ю.Цэдэнбалын ач хүүгийн хэлсэн яах аргагүй л маргаангүй үнэн байлаа. 

Үндэсний Төв Архивын захирлын гарын үсэгтэй 2012 оны 6 сарын 8-ны 1397 тоот Архивын магадлагаанд “Чандмань Уулын аймгийн Баянчандмань уулын хошууны 1927 оны хүн амын тооллогын бүртгэлийн 25-р хуудас, 189 дугаарт: Балжин эрэгтэй, 62 настай, хөвгүүн Юмжаа эрэгтэй, 40 настай, Цэдэнбал эрэгтэй, 11 настай“ гэж тодорхойлжээ. Архивын магадлагаанд хүний нэр засах хориотой, байгаа чигээр нь л бичдэг. Пил биш Бал гэж л бичсэн нь зурайж байна. 

Үндэсний Төв Архивын 1398 тоот магадлагаанд “Увс аймгийн Давст сумын 4-р багийн 1933 оны хүн амын тооллогын бүртгэлийн 38-р хуудсанд: “Балжингийн Юмжаа эрэгтэй, 50 настай, Ю.Цэдэнбал эрэгтэй, 19 настай, Ю.Аюуш эрэгтэй, 8 настай, эхнэр Жанцангийн Ядам 47 настай, Ю.Налгар эмэгтэй, 17 настай, Ю.Даваа эмэгтэй, 14 настай, Ю.Жавзан эмэгтэй, 5 настай” гэж бүртгэгджээ.  Ах Тавхи, эгч Цэзэн нар нь айл гэр болон тусгаарласан тул энэ бүртгэлд ороогүй. Харин Юмжаагийн эхнэр, Жанцангийн Ядамын охин Я.Заяагийн нэрийг тухайн үед андуурч бичсэн нь тэр хэвээрээ л лавлагаанд оржээ. Я.Заяа нь эр нөхөр Юмжаагаас 3-4 дүү байсан нь яг тохирч байгаа юм. Ямар ч гэсэн энэ баримтад Пил гээгүй Бал гэжээ. 

1927 онд гаргасан Чандмань Уулын аймаг дахь бага сургуулийн танхимын хөвгүүд, охидын цэс бүртгэлийн анкетын 43 дугаарт “Цэдэнбал нас 11, ард эцэг Юмжаа, эх Заяа, хүвгүүн.  Чандмань уулын хушууны 3-р сум, арван мэдэхгүй”. гэж тэмдгэлжээ.  Энд бас л Пил гээгүй Бал гэж бичжээ. (УТТА. Хөмрөг 6, данс 1, хн.143, тал 220-228, 1927 он, Танхимуудыг тодорхойлсон товчоон.)

Уйгаржин монголоор бичсэн нэгэн бичиг ОХУ-ын Эрхүү мужийн архиваас олдсон. Үүнд: “1929 оны 10 сарын 15, дугаар 1158. Үнэмлэх бичиг олгосны учир. Үүнийг үзүүлэгч нар Загдсүрэн, Лхамсүрэн, Жадамбаа, Жодов, Очирпүрэв, Цүнхэг, Гомбожав, Мигаа, Дамдинсүрэн, Батсүх, Шаравжалсан, Лувсаншарав, Балдир, Хаянхярваа, Хүрэлдэй, Нанзад, Дэмбэрэл, Мягмар, Цэдэнбал, Төмөрхуяг, Бэхочир, Дэндэв нарын хорин хоёр хүн Эрхүү хотын сургуульд одуулсны тул үзэх үнэмшихэд бэлтгэж тамга дарсан Үнэмлэх бичиг шийтгэн олгов. Эрхэлсэн түшмэл Чүлтэмсүрэн” гэжээ.(Государственный архив Иркутский области. ф.1054, оп 1, ед. хран-4).Уйгаржинд гарамгай биш ч гэсэн хэвлэмэлээр тод гаргацтай бичсэн энэ бичигт Пил биш Бал гэсэн байсныг 1989 онд Эрхүүгийн архивт биеээр олж харсан бөгөөд одоогийнх шиг биш байсан учраас сэм фотодож чадаагүй билээ. 

Хожим Эрхүү хотод Ерөнхий Консул байсан доктор О.Цэвэгдорж гуай “Ю.Цэдэнбал хүүхэд, сурагч, оюутан үедээ” гэдэг 2005 онд бичсэн номондоо дээрхи бичгийг кириллд сийрүүлж оруулахад уг эхээр нь буюу Цэдэнбал, гэж бичиж оруулсан байдаг билээ.  (О.Цэвэгдорж. Ю.Цэдэнбал хүүхэд, сурагч, оюутан үедээ. – УБ, 2005, т. 27)

Харин 1932 оноос Цэдэнпил гэсэн нэрээр баримт бичигт бичигдсэн ажээ. Энэ үеийн нэгэн тодорхойлолтод “Цэдэнпил сурлага сайн, сахиалга баттай, хичээлийн жилийн хугацаанд хичээлд хожимдож таслаагүй, хичээл бүрд буурь суурьтай бэлдэж, гэрийн даалгаврыг нямбай сайн хийж, сурлагаар хоцрогсдод тусалдаг, нийгмийн тустай хөдөлмөрт оролцдог тул гавшгайчаар шалгарч шагнуулж байсан” гэжээ.  (Государственный архив Иркутский области. ф. 1054, оп 1, дело 11, л. 25) 

Дээд сургууль төгстөлөө энэ нэрээр явжээ. Бал дарга энэ тухай дурсахдаа: “Намайг манай дээд сургуулийнхан зөвхөн Цэдэнпил гээд нэрлээд зогсоогүй, заримдаа Цэдэнпил Юмжаа, орос найзууд маань Цеденпил Юмжаа Балжинович гэж нэрлэж байв. Тэгээд ч би энэ нэр дуудлагад нь дасч, өөрийн овог нэрийг Цэдэнпил Юмжаа гэх болсон” гэж товч тэмдэглэжээ.  (О.Цэвэгдоржийн ном, т. 56)

 

 

 

Зөвлөлтөд сурч байх үед орос найз нөхөд нь Цэдэнбалын “бал” гэдгийг “пил” дагавраар сольсон нь “бал” гэдэг нь оросоор “бүжигт үдэшлэг”, бүжигт найр, наргиан, одоогийнхны шуугилдаж хөгжилддөг, ууж иддэг, үсэрч бүжиглэдэг пари гэсэнтэй адил утгатай болоод байсантай холбоотой байжээ. Гучаад оны Зөвлөлтийнхний хувьд “бал” гэдэг нэр үг тийм ч сайхан санагдаагүйтэй холбоотойгоор Цэдэнпил гээд л дуудаж, түүнд нь монгол хүү дасчихсан хэрэг ажээ. 

 

 

 

Ю.Цэдэнбал дээд сургуулиа төгсөх үед КГБ анхаараад л, төлөөлөгчөөрөө тавиад л хачин юм болсонгүй. Тэрээр Москвад аспирантурт үргэлжлэн сурахаар хөөцөлдөж, зунжин гүйсэн боловч тэр нь бүтээгүй, Монголд ирэхэд нь зарим хүний бичдэгээр Сталин, КГБ дэмжээд л сайд болгочихсонгүй. Чойбалсан ч бараг мэдээгүй. Ю.Цэдэнбалыг Москвагаас дуудуулсан хүн нь Сангийн сайд Довчин байсан бөгөөд энэ хүний тушаалаар Цэдэнбал Санхүүгийн сургуулийн Хичээл ангийн эрхлэгч, багшаар томилогдон ажилласан байна. Ирээдүйн  том удирдагч болно гэж мэдээд, Москвагийн түлхээсээр Санхүүгийн сургуулийн багшаар тавьсан уу, аль эсвэл багшийн ажил дээрээ Монголын дээдэст танигдсаар ажил албан тушаал ахисан уу?. Хүмүүс янз янзаар л тайлбарладаг. Дараа жил нь Сангийн дэд сайдаар томилогджээ. Санхүүгийн сургуульд багшаар томилсон сайдын тушаалд болон орлогч сайдаар томилсон Улсын 22-р бага хурлын тогтоол, тушаалд Ю.Цэдэнбал уугуул нэрээ сэргээгээд явсан байна. Энэ үед Эрхүүд “Пил” гэж байсныг “Бал” болгоход төвөг ч байсангүй, ёстой юм ёсоороо л болоод өнгөрчээ. 

 

Ю.Цэдэнбал дарга өөрсдийн нэрийн асуудлыг сонирхсон байдаг. Эцэг Юмжаа гэдэг нь угаасаа Юмжав гэдэг нэр л дотночилогдсон хэлбэрээр дуудагдсан хэрэг бөгөөд эцэг нь одоогийнхоор их соёлтой, нийлэмжтэй, “Тун мэнд үү? Тун мэндээ” гэж ямагт мэндчилж явдаг хүн байснаас өвөлжөөг нь “Тун мэндийн өвөлжөө” гэж ардууд нэрлээд хэвшчихсэн хүн байв. 

 

Эх Ядамын Заяагийн нэр буян заяатай гэсэн шууд утгатай, үнэхээрийн буянтай хүн байв. Дарга өөрийн нэрийг төвдөч нараас, ах ламаасаа  тодруулж  тайлбарлаж бичсэн байдаг.   а. “Цэдэн” хэмээх нь “насан төгөлдөр” хэмээнэ. б. “Бал” хэмээх нь “цог жавхлан” хэмээнэ.    (Гэрэл, сүүдэр: Ю.Цэдэнбалын хувийн тэмдэглэлээс. –УБ., 1992, т.73) гэж тэмдэглэжээ.  

 

Цэдэнбал судлаач, доктор, профессор Ц.Жамбалсүрэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)