Шинэ Засгийн газарт “COVID-19” хүнд сорилт болсон хэвээр байна

Монгол Улсын шинэ Засгийн газар амаргүй нөхцөл байдалтай эдийн засгийг хүлээн авч байна. Өнгөрсөн оны эхний гурван улиралд улс орны эдийн засаг 7.3 хувиар агшсан төдийгүй энэ сарын дундуур статистик дүн нь эцэслэн гарах үзүүлэлтүүд ч сайхан мэдээ дуулгахгүй нь тодорхой. Энэ талаар өмнөх Засгийн газрын “гал тогоо”-г барьж байсан Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар хэлэхдээ “Хөл хориотой холбоотойгоор бизнесийн үйл ажиллагаа хумигдаж, хүн хоорондын харилцаа ч татарч байна. ОУВС ч үүнийг анхааруулж байгаа” гэсэн байдаг.

Манай улсын эдийн засгийн гол төв Улаанбаатар хотод хүн амын 47, аж ахуйн нэгж, компанийн 85, ДНБ-ий 65 орчим хувь нь төвлөрч байдаг хэдий ч “COVID-19” вирусийн цар тахалтай холбогдон хоёр ч удаа хатуу хөл хорио тогтоосон нь эдийн засагт сүүдрээ тусгаж, ажилгүйдэл ядуурал нэмэгдэхэд сөргөөр нөлөөлж байна.

Эдийн засаг судлаач Г.Бумчимэг “Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын Үндэсний статистикийн хороо (ҮСХ), Дэлхийн банкны судалгаагаар энэ жилийн эхний улирлын байдлаар бизнес эрхлэгчдийн гуравны хоёрынх нь ашиг орлого хумигдана гэсэн урьдчилсан таамаг гарсан байна” гэсэн бол хөгжлийн эдийн засагч Ц.Лут-Очир “Хатуу хөл хорионы улмаас бид нэг өдөрт 50 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байна.

Өнгөрсөн хугацаанд гурван их наяд шахуу төгрөгийн хохирол амсаад байгаа учраас одоо эдийн засгаа босгохын тулд ажлын байрыг хадгалах, мөнгөний урсгалыг тэтгэх бодлого баримталсан нь зөв байх. Тухайлбал, татвар төлөгчдийг урамшуулах, 2019 онд төлсөн татварыг нь нөхөн олгох ч юмуу, тиймэрхүү арга хэмжээ авах нь тодорхой дэмжлэг болно гэж харж байна” хэмээн санал бодлоо хуваалцлаа. Үүнийг статистикийн тоон мэдээлэл ч баталж байна. Тодруулбал, 2019 онд ажилд зуучлагдаж орсон иргэний тоо 87 мянга гаруй байсан бол өнгөрсөн онд 68 мянга болж буурсан байх юм. Үүнээс харвал ажилгүй боловч бүртгэлтэй иргэдийн тоо өнгөрсөн оноос 12.8 хувиар буурсан байх жишээтэй. Нийгмийн даатгалын сангийн ажилгүйдлийн тэтгэмжийн зарлага 2019 онд 43.6 тэрбум төгрөг байсан бол өнгөрсөн онд 50.3 тэрбум болж өссөн нь үүнийг баталж байгаа юм. Хөл хорионы хатуу дэглэм нь ажилгүйдлийг нэмэгдүүлэхээс гадна олон аж ахуйн нэгжийг хаалгаа барихад хүргэжээ. Төрөөс Нийгмийн даатгалын санд өртэй аж ахуйн нэгжүүдийг алданги, хүү, торгуулиас чөлөөлөх тухай хууль баталж, хэрэгжүүлсэн ч авлага улам бүр нэмэгдсээр байгааг тоон мэдээллээс харж болохоор байна. Тодруулбал, Нийгмийн даатгалын сан (НДС)-гийн авлага 2019 онд 149.5 тэрбум төгрөг байсан бол өнгөрсөн жид 48.1 тэрбумаар нэмэгдсэн байна. МҮХАҮТ-аас 10500 гаруй аж ахуйн нэгжийг оролцуулан судалгаа явуулахад 150 мянга шахам ажилтан, ажилчдаа ажлаас халсан буюу түр чөлөөлөөд байгаа бол тэдний 65 хувь нь нэг сарын хугацаанд эргэлтийн хөрөнгөө шийдэж чадна, үүнээс цааш хүнд байдалд орохоор байна гэж мэдэгджээ. Энэ талаар Улаанбаатарын худалдааны танхимын захирал Б.Хаш-Эрдэнээс тодруулахад “Бизнесийн үйл ажиллагааг цаашид хоригловол жижиг, дунд үйлдвэрлэл сэргэх магадлал маш бага болохоос гадна төсвөөс зохицуулдаг халамжийн зардал улам нэмэгдэх магадлалтай байна” гэж учирлаж байлаа. Тиймээс шинэ Засгийн газар хэт хавтгайруулсан халамжийн бодлого гэхээсээ илүүтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэх идэвх сонирхлыг хөгжөөх, жижиг, дунд бизнес үйлдвэрлэлийг дэмжих, үүний тулд төр, хувийн хэвшлийн итгэлцэл дээр суурилсан, хөнгөлөлттэй зээлийн бодлогыг түлхүү хэрэгжүүлэх нь чухал болж байгааг эдийн засагч С.Бямбахорлоо хэлж байсан юм.

Нөгөө талаар манай улсын санхүүгийн практикт мөрдөж байгаа “ядуурлын шугам” бусад улс оронтой харьцуулахад дэндүү гэмээр бага, өрөвдөлтэй түвшинд байгааг эдийн засагч, судлаачид шүүмжилдэг. Учир нь, өдөрт 5000 төгрөгийн орлоготой иргэн “ядуурлын шугам” дээр гүйж байна гэж ойлгож болно. Үүнээс доош амьжиргаатай иргэд нийт хүн амын 28 хувь байсан бол өнгөрсөн онд энэ тоо нэмэгдсэн нь тодорхой бөгөөд одоогоор 800 мянган хүний хувь заяа яригдаж байна.

 

Өнгөрсөн сараас зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг нээснээр эдийн засаг сэргэх төсөөлөлтэй байгаа ч улс орны нийт хүн ам, аж ахуйн нэгж, байгууллагын олонх нь төвлөрсөн нийслэлд “COVID-19” цар тахлын халдварын тоо буурахгүй, “цурманд нь оруулах” бодит дүр зураг харагдахгүй байгаа нь шинэ Засгийн газрын өмнө тулгарсан том сорилт хэвээр байгаа юм. Бусад салбарыг бодвол харьцангуй “чөлөөт” үйл ажиллагаа явуулж байсан худалдааны салбарын борлуулалт өнгөрсөн оны эхний 11 сард 18.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 8.9, аж үйлдвэрлэлийн салбарынх 6.7 хувиар буурсан байна.

 

Энэ оны улсын төсвийн орлогыг 11.8 их наяд төгрөг байхаар төлөвлөсний 10.8 их наядыг татвараас бүрдүүлэхээр тооцсон бөгөөд энэ нь өнгөрсөн оныхоос 22 хувиар нэмэгдүүлсэн дүн юм. Гэвч татварт голлох үүрэгтэй аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарыг дэмжихгүйгээр энэ зорилт биелэх магадлал маш бага гэдгийг эдийн засагчид хэлж байна. Тухайлбал, Монголын эдийн засгийн судалгааны төвийн захирал Г.Бумчимэгийн хэлснээр “2020 онд улсын төсвийн алдагдал 4.2 их наяд төгрөг байхаар баталсан бол энэ жил татварын орлого буурахаар байна. Тиймээс ажилгүйдэл, ядуурлаас сэргийлэх, боловсролын салбарын ирээдүйд илүү анхаарах ёстой” гэж анхааруулсан юм.

 

 

Д.Мөнх

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • Нэргүй (192.82.77.196)

    2021-02-03

    Маш хатуу хөл хориог 14-өөс доошгүй хоногоор тогтоо?! Өрх болгонд 300000₮ төгрөг Улаанбаатарынханд өгөх хэрэгтэй?! тэгээд вакцинтайгаа залгана биз?!

  • зочин (192.82.77.196)

    2021-02-03

    Маш хатуу хөл хориог 14-өөс доошгүй хоногоор тогтоо?! Өрх болгонд 300000₮ төгрөг Улаанбаатарынханд өгөх хэрэгтэй?! тэгээд вакцинтайгаа залгана биз?!

  • Иргэн (192.82.77.196)

    2021-02-03

    Маш хатуу хөл хориог 14-өөс доошгүй хоногоор тогтоо?! Өрх болгонд 300000₮ төгрөг Улаанбаатарынханд өгөх хэрэгтэй?! тэгээд вакцинтайгаа залгана биз?!