Байлдааны үеийн Ерөнхий сайд Д.Сүхбаатар

Өнөөдөр хоёрдугаар сарын 2 Ардын хувьсгалын их удирдагч, Монгол Ардын Намыг үүсгэн байгуулагчдын нэг, их жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсний 128 жилийн түүхт ойн өдөр тохиож байна.

Өнөө цаг дор 15 сайдтай Засгийн газар хуралдаад тушаал шийдвэр гаргахад цаасан баримт дээр Ерөнхий сайд тамгаа дарж, гарын үсгээ зурдаг. Үүнтэй агаар нэгэн адил, Д.Сүхбаатар жанжин 1921 онд Монгол Ардын түр Засгийн газрыг байгуулснаас хойш 1923 оны хоёрдугаар сарын 20-нд нас барах хүртлээ тухайн үед төр, засгаас гаргаж байсан ихэнх тушаал шийдвэр гаргах хуралдаанд биечлэн оролцож Ерөнхий сайдын эрх мэдэл эдэлж байсан учраас цаасан баримт дээр түүний нэрийг заавал бичдэг байжээ.

Монгол Ардын түр Засгийн газрын дагаж гүйцэтгэх дүрмээр тайван цагт Д.Бодоо, байлдааны үед Д.Сүхбаатар Ерөнхий сайдын алба хашна гэдгийг хуульчилсан байна. Тус дүрмийн нэгдүгээр зүйлд “Засаг цэргийн эл хэрэг бүхнийг Ардын цэргийн жанжин Сүхбаатар, Ардын Намын Төв хорооны дарга Данзан, Ардын засгийн хэргийг Бүгд Захиран шийтгэх газрын дарга Бодоо нарын гурван хүнийг нэрс дэс тогтоон шийтгэх дээд эрхтэй болгож Ардын засгийн Тэргүүлэгчид хэмээнэ. Засгийн Тэргүүлэгчдийн дарга нь энгийн цагт Бодоо бөгөөд байлдааны цагт Сүхбаатарт шилжүүлэх тул цэргийн байлдааны хэргийг жанжин эрхэлнэ.Байлдах цэргийг хөдөлж явахаас эхлэн газар нутгаа эзлэн тогтоож гүйцэхийг хүртэл байлдааны цаг хэмээн ялгана’’ гэжээ. Энх цагийн Ерөнхий сайд Д.Бодоо нь 1921 оны төгсгөлөөр эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдөн, улмаар 1922 оны зун хилс хэргээр цаазлуулсан.

Д.Сүхбаатар жанжин нь Ерөнхий сайдын эрх үүргийн дагуу Ардын хувьсгалын дараа манайд үүсч хөгжсөн Гар үйлдвэрийн газар, Монголын харилцан туслалцах хоршоо, Цахилгаан тэрэгний хороо хэмээх Авто тээврийн газар, Ерөнхий боловсролын болон тусгай мэргэжлийн сургууль, Судар бичгийн хүрээлэн, Ардын цэнгэлдэх хүрээлэн, Хэвлэлийн үйлдвэр, Нийслэл хүрээний цахилгаан станц, Зэвсэг засварын газар, Био мал эмнэлгийн хороо, Хүн эмнэлгийн салбарыг байгуулах тушаал шийдвэрийг биечлэн гаргасан байдаг.

 

Эдгээр тушаалаас нэгийг жишээ болгон, одоогийн Цэргийн төв эмнэлэг буюу орчин цагийн Анагаахын шинжлэх ухааны эмчилгээний ууган газрыг байгуулсан баримтыг уншигчдадаа толилуулъя.

“Нийслэл хүрээний газар. Европын нэгэн мянга есөн зуун хорин нэгэн он, найман сарын арван таван. Монгол Ардын бүх цэргийн Зөвлөлийн газар, Бүх цэргийн жанжин Сүхбаатар, түшмэл Алтангэрэл, Эрдэнэдорж нар хуралдан тогтоосон тавдугаар бичиг /тушаал/. Зөвлөлдөх зүйл. Өвчинтэй улсыг эмчлэх хороог байгуулах тухай" гэжээ. Монгол Улсад “Европын” гэсэн тодотголтой анагаахын шинжлэх ухааны салбар үүсч хөгжсөн өдрийг 1921 оны наймдугаар сарын 15 гэж тэмдэглэдэг нь энэхүү тушаалтай холбоотой билээ. Он цагийн хэлхээс дунд нийт олон өөрсдийн үнэлэмжээр бахархан дуурайх жишиг хүмүүсийг тодруулдаг байна. Улмаар сайх эрхмүүдэд зориулан хөшөө дурсгал босгон “хөшөө тийш очих ардын зам балрахгүй” хэмээн бахархах, албан газар байгууллагыг тэдний нэрэмжит болгох, мөн засаг захиргааны нэгж, хот дүүргийг нэрээр нь нэрлэх нь манайд төдийгүй бусад улс оронд ч уламжлал болон төлөвшжээ. Жишээлбэл, Америкийн Вашингтон хот, Энэтхэгийн Васко-да-Гама хот, Оросын Ульяновск хот, Казахын Нурсултан хот гэх мэт. 1990 оны Ардчилсан хувьсгалаас хойш манайд эзэн Чингис хааныхаа нэрийг хэрэглэх нь мода болон хувирсан. Хэнтийн Чингис хаан хот, нийслэлийн Чингисийн талбай, Чингисийн өргөн чөлөө, төрийн “Чингис хаан” одон, “Чингис хаан” зочид буудал, нисэх онгоцны “Чингис хаан” буудал, “Чингис хаан” дээд сургууль, “Чингис” бонд, олон улсын жүдо бөхийн “Чингис хаан” тэмцээн, “Чингис” архи гэх зэргээр энэ жагсаалт цааш хөвөрнө.

Харин Ардын хувьсгалын дараах нэгэн жарны туршид нийт олны бахархал бологсдын нэг нь жанжин Д.Сүхбаатар байлаа. Бахархан дуурсах учир шалтгаанаар Д.Сүхбаатарын нэрэмжит болгосон, нэрийг нь оноож өгсөн олон газар бий.

 

Сүхбаатарын нэрэмжит газар:

-Д.Сүхбаатарын  нэрэмжит  төв  талбай

-Д.Сүхбаатарын нэрэмжит Монголын пионерийн байгууллага 

-Д.Сүхбаатарын нэрэмжит Хэвлэлийн комбинат

-Д.Сүхбаатарын нэрэмжит Хоёрдугаар дунд сургууль

-Д.Сүхбаатарын нэрэмжит Намын дээд сургууль

-Д.Сүхбаатарын нэрэмжит Нэгдүгээр цахилгаан станц

-Д.Сүхбаатарын нэрэмжит Амгалангийн соёлын ордон

Түүнчлэн Д.Сүхбаатарын нэрэмжит газар ОХУ-ын Эрхүү, Германы Берлин, Болгарын Софи хотуудад бий.

 

Нэр нь “Сүхбаатар"-тай газар:

-Сүхбаатар аймаг

-Нийслэлийн Сүхбаатар дүүрэг

-Сэлэнгийн төв Сүхбаатар хот

-Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум

1990 онд малыг малчдад өгч хөдөө орон нутагт нэгдэл тараагүй байсан өмнөх үед Увс, Ховд, 

Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Сүхбаатар, Төв аймагт тус бүр нэг “Сүхбаатарын зам” нэртэй нэгдэл байв. Мөн Завхан аймагт “Сүхбаатар", Булган аймагт “Сүхбаатарын туг” нэгдэл, Сүхбаатар аймагт “Сүхбаатарын зам” сонин байлаа.

 

Ардын засгийн байлдааны цагийн анхны Ерөнхий сайд Д.Сүхбаатар жанжны хөшөө дурсгалтай газар

-Нийслэлийн төв талбай

-Удирдлагын академийн төв талбай

-Офицеруудын ордны цэцэрлэг

-Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар

-Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт

-Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум

-ОХУ-ын Хиагт хот.

Ташрамд онцлоход, Монголын радио, Монгол телевизийн “ММ” агентлаг, өдөр тутмын “Зууны мэдээ” сонин хамтран 2000 онд хамтран “XX зууны манлай алдартнуудыг тодруулах санал асуулгыг орон даяар сонсогч, үзэгч, уншигчдын дунд зохион явуулсан. Нийт олны санал асуулгын дүнд жанжин Д.Сүхбаатар “XX зууны эх оронч”- оор шалгарсан юм.

 

 

Б.Ерэнтэй

Эх сурвалж: "Монголын үнэн' сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)