Их жанжин Д.Сүхбаатарын гэргий Н.Янжмаа тэрбээр Монголын эмэгтэйчүүдийн их удирдагч байжээ

  • 4 цаг 56 минутын өмнө
  • Үнэн
  • 0

Х.Мэндсайхан: Тэрбээр Монголын эмэгтэйчүүдийн их удирдагч байсан

Их жанжин Д.Сүхбаатарын гэргий Н.Янжмаагийн талаар Чингис хааны өв соёлын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, түүхийн ухааны доктор Х.МЭНДСАЙХАНТАЙ ярилцлаа.

-Энэ жил Ардын хувьсгал ялсны 100 жилийн ой тохиож байна. 1921 оны хувьсгалын үйл хэрэгт их жанжин Д.Сүхбаатар оройлон оролцож, нөхдийн хамт байгуулсан түүхэн гавьяаг нь Монголын ард түмэн эдүгээг хүртэл бахархан алдаршуулсаар байна. Энэ үйл хэрэгт түүний гэргий Янжмаа гуайн оролцоо багагүй байсан тухай аман мэдээ нэлээд байдаг юм билээ. Та энэ талаар тодруулна уу?

-Тийм. Нэмэндэйн Янжмаа гуай Монгол орноо гадаадын дарангуйллаас чөлөөлөх хувьсгалт үйлсэд нөхрийн хамт зүтгэж байсан тухай олон баримт байдаг.

Энэ нь дайн тулалдаанд орсон гэж хэлж байгаа юм биш. Ар талын ажлуудыг зохион байгуулсан байдаг. Тухайлбал, нөхөр Сүхбаатарыг нөхдийн хамтаар Зөвлөлт Орос улс руу явахад нь замын болон хүнс хоолны зардлыг олохын тулд өөрийн орон гэрээ зарж, буриад Наваан хамба гэгчээс 300 төгрөг зээлдэн авч өгч явуулсан байдаг. Энэ бол Янжмаа гуайн түүхэн гавьяа мөн. Энэ бүхэн өнөөдрийн Монгол Улсын төлөө хийсэн эх оронч үйл хэрэг шүү дээ. Бид үүнийг мартах учиргүй юм.

-Янжмаа гуай аль нутгийн хүн юм бэ. Та Нэмэндэйн Янжмаа гэж ярьж байна. Ном хэвлэл, баримт бичигт С.Янжмаа гэж бичсэн байдаг. Үүнийг тайлбарлана уу?

-Янжмаа гуай бол Монголын нийгэм, улс төрийн томоохон зүтгэлтнүүдийн нэг мөн. Үүнийг манай ард түмэн ч үгүйсгэхгүй байх. Түүний талаар намтар, алдар гавьяаг нь дурсан бичсэн ном бүтээл, өгүүлэл, нийтлэл цөөнгүй бий. Товчхон хэлэхэд, Янжмаа нь одоогийн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын хүн. Архивт хадгалагдаж байгаа түүний анкет бүртгэлд “Миний төрсөн эцэг Нэмэндэй” гэж бичсэн нь бий. Түүнийг бага байхад нь эхээс нь салж, эцэг Нэмэндэй өрх данс тусдаа болж л дээ. Тэгээд Сүхбаатартай ханилснаар Янжмаа нь Нэмэндэй овгоо Сүхбаатараар сольсон тухай судлаачид бүтээлдээ тэмдэглэсэн байдаг.

-Янжмаа гуайн төр, ниймийн зүтгэлтэн байсан талаас нь тогтож яривал ямар вэ?

-1921 онд МХЗЭ,1922 онд МАН-ын гишүүнээр элсэж, түүний нийгэм, улс төрийн үйл ажил нь эхэлсэн гэж үзэж болох юм. Тэр үед намаас өөрийн бодлого, зорилтыг хэрэгжүүлэхэд ард нийтэд таниулах, нэг ёсны хувьсгалт үйл хэргийг сурталчлах, намын гишүүдийн тоог нэмэгдүүлэх зэрэг ажил хийсний нэг нь бүсгүйчүүдийг татан оролцуулах асуудал байсан. Үүнд Янжмаа нь манлайлан оролцож, тэр бүсгүйчүүдийг удирдан чиглүүлэхэд их үүрэг гүйцэтгэсэн байдаг. 1924 онд намын Төв хорооны Суртлын хэлтсийн дэргэд Бүсгүйчүүдийн тасгийг анх байгуулж, Их зохиолч Нацагдоржийн эхнэр Пагмадуламыг эрхлэгчээр нь томилж, нарийн бичгийн даргад Дамбадоржийг сонгосон байдаг. Энэ тасаг нь зөвхөн намын гишүүн бүсгүйчүүдийг бичиг үсэгтэй болгох, намын үзэл сурталд боловсруулах, ариун цэврийг сахиулах, намын эмэгтэй боловсон хүчнийг бэлтгэх, намын түр сургууль байгуулах зэрэг олон ажлыг дэс дараатай хэрэгжүүлэх зорилго бүхий байгууллага байжээ. Бүсгүйчүүдийг боловсруулах тасаг нэртэй байж байгаад 1925 онд Эмэгтэйчүүдийн хэлтэс болсноос хойш Янжмаа гуай даргаар нь ажиллаж, Эмэгтэйчүүдийн хэргийг эрхэлсэн нарийн бичгийн дарга, Эмэгтэйчүүдийн Төв Зөвлөлийн дарга зэрэг ажилд сонгогдон ажиллаж байхдаа олон эмэгтэйчүүдийн нийгмийн асуудлыг шийдэж өгсөн тухай баримтууд нэлээд байдаг. Түүнийг Монголын эмэгтэйчүүдийн бай-гууллагын гишүүд “Хүндэт удирдагч” хэмээн өргөмжилсөн байдаг. Нэмж хэлэхэд, Москвад болсон Дэлхийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны хуралд Н.Янжмаа нь зохиолч Э.Оюуны хамт оролцож, Монголын эмэгтэйчүүдийн байгууллагыг тус холбооны гишүүнээр элсүүлжээ. 1947 онд Прагад хуралдсан Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны хуралд төлөөлөгчөөр очиж илтгэл хэлэлцүүлсэн байдаг. Мөн зохиолч С.Удвалтай хамт олон улсын хуралд оролцож байжээ.

МАХН-аас ингэж намд элссэн бүсгүйчүүдийг сургах бэлтгэх ажлыг анх Бүсгүйчүүдийг боловсруулах тасгаас голлон хариуцаж байснаас гадна, нам бус энгийн залуучуудыг соён гэгээрүүлэх үүрэгтэй “Боловсрон цэнгэлдэх хүрээлэн”-г байгуулсан нь залуучуудыг хамарсан томоохон арга хэмжээ болсон байна. Энэ үйл хэрэгт Янжмаа гуай хүчин зүтгэсэн байдаг. Мөн тэр үед Үйлдвэрчний ерөнхий хорооны орлогч даргын ажлыг хашиж байгаад 1927-1930 оны ЗХУ-ын КУТВ-д суралцахаар хүү Галсангаа дагуулан явсан тухай мэдээ байдаг. Буцаж Монголдоо ирснийхээ дараа Эрүүлийг хамгаалах яаманд хэлтсийн дарга, Улсын хэвлэлийн газрын дарга, Хотын намын хорооны тэргүүлэгч, суртлын эрхлэгч, намын Төв хорооны Эмэгтэйчүүдийн хэлтсийн эрхлэгч, Хоршооны төв холбооны үйлдвэрийн хэлтсийн дарга, намын Төв хорооны тэргүүлэгч эмэгтэйчүүдийн хэлтсийн дарга зэрэг албыг хашсан байдаг. Улсын Бага Хурлын тэргүүлэгч, намын Төв хорооны гуравдугаар нарийн бичгийн дарга зэрэг сонгуульт ажлыг гүйцэтгэж байжээ. Тодруулбал, улс орны гол салбарт ажилласан байна.

-Янжмаа гуайг эх орны дайны жилүүдэд Монголын ард түмнээс Улаан армид өгөх бэлгийг хариуцан удирдаж, фронтод очсон гэсэн яриа байдаг. Яг тийм зүйл болсон уу?

-Энэ талаар судлаачдын бүтээлд тэмдэглэсэн байдаг. 1943 онд намын Төв хороо, Сайд нарын Зөвлөлийн хамтарсан хурлаас “Германы фашист нарын түрэмгийлэн эзлэгчдээс хохирлыг хүлээсэн ЗХУ-ын ард түмэнд тусламжийг үзүүлэх тухай” тогтоол гарч, манай улсаас сайн дураар морь бэлэглэхийг уриалж, ийнхүү тусалсан малчдыг урамшуулахаар болсон байна. Бас Улаан армийн дарга, байлдагчийн ар гэрийн хүмүүс, ялангуяа өнчрөгсдөд тусламжийн бэлэг илгээх тогтоол шийдвэр гарч энэ ажлыг “Бэлэглэлийн төв комисс”-т хариуцуулжээ. Энэ үед Янжмаа гуай даргаар томилогдон ажиллаж, тусламж бэлтгэх ажлыг хот, хөдөөд өргөнөөр зохион байгуулж ажилласан байдаг. Бас Партизаны комиссын даргаар ажиллаж байсан.

 

-Таны яриан дунд хүү Галсангийн тухай дурдагдлаа. Энэ талаар тодруулна уу?

 

-Хүү С.Галсан нь Амгаланбаатар хотод төрсөн гэдэг. 1931 онд Ховд аймгийн Булган, Үенч зэрэг суманд гарсан хувьсгалын эсэргүү хөдөлгөөнийг дарах, 1945 онд чөлөөлөх дайнд 9 дүгээр морьт тусгай хороог командлан Долнуур хотыг чөлөөлөх тулалдаанд оролцсон ахмад дайчин байсныг судлаачид бичсэн байдаг. Миний бие С.Галсангийн охин Наран гуайтай хэдэн жилийн өмнө уулзаж хөөрөлдөхөд Намын дээд сургууль төгсөж, “Пионерийн үнэн”, “Залуучуудын үнэн”, “Үнэн” сонины газрууд, “Туяа” сэтгүүлд хариуцлагатай ажил хийж, мөн С.Удвал даргын туслахаар ажиллаж байсан тухай ярьж байсан. Түүний үр хүүхэд Сүхжаргалмаа, Сүхгэрэл, Сүх-Эрдэнэ, Сүхбүрэн, Сүхээмаа нар гээд олон хүн бий.

-Янжмаа гуайн алдар гавьяаг мөнхжүүлэх талаар хийсэн түүхэн үйл явдлаас яривал нэлээд зүйл байгаа болов уу?

-1962 оны нэгдүгээр сарын 8-нд МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны хурлаас Янжмаагийн дурсгалыг мөнхжүүлэх тухай тогтоол баталж, Улаанбаатар хотын хүүхдийн 19 дүгээр цэцэрлэгийг Янжмаагийн нэрэмжит болгосон. 1973 онд мөн Улс төрийн товчооны хурлаас Янжмаагийн мэндэлсний 80 жилийн ойг тэмдэглэх тухай тогтоож, түүний төр, нийгэмд гүйцэтгэсэн үйл хэрэг, гавьяа зүтгэлийг нь үнэлсэн өгүүллийг гэрэл зургийн хамт нийтлэхийг “Үнэн” сонины газарт даалгаж, олон нийтэд сурталчлах ажил зохиохыг намын Төв хорооны Үзэл суртлын хэлтэс, Хувьсалт тэмцлийн ахмад зүтгэлтний хороо, Монголын эмэгтэйчүүдийн хороонд даалгасан тухай баримт байдаг. Энэ үйл явдлын баримтыг түүний мэндэлсний ойн арга хэмжээгээр олонд дэлгэвэл эх оронч үзлийг төлөвшүүлэхэд хувь нэмэртэй болов уу гэж боддог юм.

 

 

Д.Мөнхжаргал

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)