ЗГ: БНЭУ-аас эхний ээлжийн 150 мянган тун вакцинийг “МИАТ"-ийн шууд нислэгээр авчирна

Эхний ээлжийн вакциныг энэ сарын 22-нд авчирна

Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар Оксфордын Астразенека вакциныг энэ сарын 22-нд авчирч дараах өдрөөс нь вакцинжуулалтыг үе шатттай эхлүүлэхээр төлөвлөж буйг хэлэлцэв. БНЭУ-аас эхний ээлжийн 150 мянган тун вакцин авчрах “МИАТ” компанийн шууд нислэгийн зардалд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов.

Вакциныг тогтоосон хугацаанд авчрах, зориулалтын автомашинаар тээвэрлэн хадгалах байранд хүргэх, үе шаттай вакцинжуулж эхлэхийг салбарын сайд нарт даалгалаа.  

Мөн гудамж, талбай, тусгаарлах байр, хяналтын цэгүүдэд үүрэг гүйцэтгэж байгаа ажилтан, алба хаагчдад шаардагдах хөрөнгийг шийдвэрлэж, Улсын нөөцөөс нэг удаагийн хамгаалах хэрэгсэл, бээлий, амны хаалт, ариутгал, халдваргүйтгэлийн бодис зэргийг  хэрэгцээт газруудад өгөхөөр болов.

Он дуустал төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудыг хэмнэлтийн горимд шилжүүлэв

Цар тахлын эсрэг ажиллаж байгаа байгууллагаас бусад улсын болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой бүх байгууллага, аж ахуйн нэгжийг он дуустал хэмнэлтийн горимд шилжүүллээ. Энэ дагуу:

-       Үр ашиггүй зардлыг бууруулж, зардлыг тэвчих замаар батлагдсан төсвөө 10-аас доошгүй хувь хэмнэх

-       Цалин хөлс нэмэх, шагнал урамшуулал олгохгүй байх

-        Ажилтнуудын ажил, үүргийн хуваарилалтыг оновчтой болгож,  чиг үүргийн давхардлыг арилгах

-       Шинээр автомашин, албан тасалгааны тавилга худалдаж авахгүй байх

-       Засгийн газрын шийдвэр гарснаас бусад тохиолдолд нийтээр тэмдэглэх баяр ёслол, салбарын өдөр, нэрэмжит болон тэмдэглэлт ой, аялал зугаалга, тойрон аялал, урлаг, спортын наадам, тэмцээн зохиохгүй байх

-       Олон нийтэд зайлшгүй мэдээлэх хууль тогтоомж, албан ёсны шийдвэр, хэрэгжилтийг хүргэхээс бусад зорилгоор байгууллага, хамт олноо сурталчлах, баримтат болон олон ангит кино зэргийг хийхгүй байх

-       Цаасан мэндчилгээ илгээх, бэлэг, дурсгалын зүйлс бэлтгэх, аливаа арга хэмжээг ивээн тэтгэхгүй байх

-       Цахилгаан, дулаан, цэвэр усны хэрэглээг 20-оос доошгүй хувь хэмнэх

-       Захиргааны байгууллагын ажилтнуудын нормын хувцас, багаж, техник хэрэгслийг шинэчлэхгүй байх

-       Албан бичиг хэрэг хөтлөлтийг дотоод сүлжээндээ цахим хэлбэрт оруулж бичгийн цаас, хэвлэгчийн хорны хэрэглээг бууруулах зэргийг үүрэг болгов.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)