А.Бямбажаргал: 2019 оноос хойш сонгогдох Ерөнхийлөгчид 1992-2000 оны хооронд байсан хүчтэй эрх мэдэл бүхий Ерөнхийлөгчөөс зарчмын томоохон ялгаа бий

Хууль зүйн доктор А.Бямбажаргалтай ярилцлаа.


-Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль хаврын чуулганаар хэлэлцэгдэнэ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор уг хуульд өөрчлөлт оруулах гэж байна гэж ойлгож байгаа.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх ажил ид өрнөж байна. Үүний дагуу хийгдэх нэг чухал хууль бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль. 1992 оноос хойших Ерөнхийлөгчийн институцийг бид гурван хэсэгт хуваан үзэж болно. Ингэж хуваах нь засаглалын суурь бүтцэд анх буюу 1992 онд хагас Ерөнхийлөгчийн маягийн засаглал, хожим 2000 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Парламентын засаглал тийш хандсан, улмаар 2019 оны үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр бүрэн Парламентын засаглал бүхий тогтолцоог нэг мөр баталгаажуулсан явдалтай холбоотой. Энэ нь 2019 оноос хойш сонгогдох Ерөнхийлөгчид 1992-2000 оны хооронд байсан хүчтэй эрх мэдэл бүхий Ерөнхийлөгчөөс зарчмын томоохон ялгаа бий гэдэгт гол ач холбогдол нь байгаа юм. Иймд шинээр батлагдах хууль дээрх агуулгын шинжтэй нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн шинэчилсэн найруулгын түвшинд батлагдах гаргах учиртай.

-Та сая хэллээ 1992-2000 он, 2000-2019 он хоорондох, 2019 оноос хойших Ерөнхийлөгчийн институцийг зарчмын ялгаатай гэж, энэ зүйлийн тодруулахгүй юу. Одоо батлагдах хууль чухам яагаад өмнөх хуулиудаас ялгаатай юм бэ?

-Гол ялгаж буй шалтгаан нь засаглалын хэлбэртэй холбоотойг. Бүгд найрамдах улс дах засаглалын хэлбэрийг ангилах гол шалгуур нь Засгийн газрыг хэн байгуулж, тэр нь хэний өмнө хариуцлага хүлээж буйгаар Парламентын, Ерөнхийлөгчийн, Холимог гэх зэргээр ангилдаг. Манай орны хувьд 1992 оны Үндсэн хуулиар хэдий сонгуулийн үр дүнд олонх болсон нам засгийн газрыг байгуулахдаа заавал Ерөнхийлөгчтэй зөвшилцөж байж Ерөнхий сайдыг томилохоор зохицуулж байв. Энэ үед Ерөнхийлөгчийн оролцоо Засгийн газрыг байгуулахад өндөр байсан учраас Да.Ганболд гэж хүнийг Н.Багабанди Ерөнхийлөгч найман удаа буцааж эцэст нь өөр хүнийг томилсон. Энэ нь манай улс холимог буюу хагас Ерөнхийлөгчийн засаглалтай байсны нотолгоо. Гэхдээ энэ байдал нь анх 1992 онд Үндсэн хууль төсөл санаачлагчдын саналыг “281” холбоо гуйвуулсантай бас холбоотой байдаг. 2000 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Парламентын засаглал руу том алхсан бөгөөд нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газрыг Ерөнхийлөгчөөс шууд хамааралгүйгээр буюу олонх болсон нам Ерөнхийлөгчтэй зөвшилцөх саналаа гаргаад түүнийг долоо хоногт Ерөнхийлөгчтэй зөвшилцөж санал гаргаагүй бол шууд УИХ-д оруулан засгаа байгуулах боломж бүрдсэн.

2019 оны өөрчлөлт бол өмнөх 2000 оны нэмэлт, өөрчлөлтийн санааг улам бүр гүнзгийрүүлж Ерөнхийлөгчийн институцийг төрийн эрх мэдлийн хяналт тэнцэлд илүү бэлгэ тэмдгийн чанартай байж түүнд цаашид гүйцэтгэх эрх мэдэлд хязгаартай оролцох агуулгаар зарчмын шинжтэй томоохон өөрчлөлт оруулсан. Энэ дагуу нөгөө талд нь Ерөнхий сайд өөрийн танхимаа бүрдүүлэх, ачааны хүндийг үүрэг боломжийг олгосон.

-1992 онд анх Ерөнхийлөгчийн институцийг төсөл боловсруулагчдын төсөөлж байснаас өөрөөр баталсан гэдэг юу гэсэн үг вэ?

-Монгол Улсад Ерөнхийлөгч гэх албан тушаал анх 1990 оны Үндсэн хуулийн нэмэлтийн хуулиас эхлэлтэйгээр бий болж БНМАУ-ын Ерөнхийлөгчийг таван жилийн хугацаагаар Ардын Их Хурлаас нууц санал хураалтын үндсэн дээр сонгож байсан. 1992 оны Үндсэн хуульд өмнөх төрийн тогтолцооны олон элемент уламжлан орсон байдаг. Ерөнхийлөгчийн институцийг Үндсэн хууль боловсруулсан ажлын хэсэг, ариутган шүүсэн Улсын Бага Хурал төрийн эрх мэдлийн хяналт тэнцэлд УИХ-аас сонгогдох агуулгаар бодож боловсруулсан болох нь эргэлзээгүй. Гэтэл Ардын Их Хурлаар Үндсэн хуулийн төслийг хэлэлцэх явцад анх бодож байсан зүйлсэд зарим нэг өөрчлөлт орсон. Учир нь тухайн үед “281” гэх тодотголтой хэсэгт депутатууд Ерөнхийлөгчийг шууд иргэд сонгох ёстой гэдэг хөдөлгөөн өрнүүлж тэдний санал, шахалтаар төслийг өнөөгийн хэлбэрээр өөрчлөн баталсан түүхтэй. Энэ үед анх бодсон зүйл явцдаа өөрчлөгдөж сүүлд нь Ерөнхийлөгчийн сонгуулийг хоёр үе шаттай байхаар нэг талаас “281”-ийн холбооны санал, нөгөө талаас УИХ-аас хууль гаргах замаар хоёр дахь шатны сонгуулийг хийх гэх “анхдагч төслийн санал” аль аль нь зэрэг дэмжигдсэн хэрэг. Тэр үүднээсээ тухайн үед төсөл санаачлагчид УИХ-аас Ерөнхийлөгчийг томилдог, мөн огцруулдаг, Ерөнхийлөгч УИХ-д ажлаа хариуцдаг, Ерөнхийлөгчийг зөвхөн УИХ-д суудал бүхий нам нэр дэвшүүлдэг гэдэг заалт үлдсэн юм. Харин дээрх гажуудлаас үүдэн Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуульд орж ялалт байгуулах нэр дэвшигч аль ч УИХ-ын гишүүнээс өндөр саналтайгаар, мөн ард түмний төлөөлөл гэж хэлэн засгийн бодлогод өөрөө мөрийн хөтөлбөр дэвшүүлэн оролцох зэргээр олонхын Засгийн газрыг улс төрийн шалтгаанаар шахан гаргаж нэг талаар Гүйцэтгэх эрх мэдэлтэй эн булаацалдах, дахин нэг Засгийн газрын үүрэг гүйцэтгэх гэсэн амбиц бүхий субьект болж хувирсан байдаг. Тийм ч учраас 2019 оны нэмэлт, өөрчлөлтийн гол зорилго Гүйцэтгэх эрх мэдлийн ачааны хүндийг зөвхөн Засгийн газар байх чиглэлд томоохон зарчмын шинжтэй алхам хийсэн хэрэг.

-Тэгвэл 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөс хойш Ерөнхийлөгчид ямар эрх мэдэл байхыг зөвшөөрөх вэ. Нөгөөтэйгүүр ямар эрхүүд нь хязгаарлагдаж байгаа бол?

-2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ямартаа ч гүйцэтгэх эрх мэдэлд оролцох Ерөнхийлөгчийн оролцоог хязгаарлаж чадсан. Энэ нь дараахь байдлаар хийгдсэн. Нэгт, Засгийн газрыг байгуулах хүрээнд Ерөнхийлөгчид байсан эрх болох Үндсэн хуулийн 33.1.2-т заасан эрхийг хүчингүй болгож, Засгийн газрыг эмхлэн байгуулах 39.2-т шинээр оруулсан. Хоёрт, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг заасан 33 дугаар зүйлийн 33.4-т өмнө байсан Ерөнхийлөгчид хуулиар бүрэн эрх олгож болох заалтыг хязгаарлаж зөвхөн түүний үндсэн бүрэн эрх гэж 33.1-т заасан 12 орчим бүрэн эрхийг л хуулиар зааж болох гэх томоохон өөрчлөлт оруулсан. Гуравт, Ерөнхийлөгчийн өөрийнх нь саналаар Үндсэн хуулийн 26.1-т түүний хууль санаачлах эрхэд хязгаар тогтоож болох заалтыг оруулсан. Чухамдаа энэ шалтгааны улмаас Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа зургаан жилийн хугацаатай сонгож байх болсон. Иймд Ерөнхийлөгчид 1992 оноос хойш өөрөө болон УИХ-ын нэр бүхий гишүүдээс санаачлан 40 орчим хуулиар түүний үндсэн бүрэн эрхэд үл хамаарах эрхийг олгосон хуулиудыг өөрчлөх шаардлага гарч түрүүчээсээ Шүүхийн тухай хуулиар шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн томилдог, Сахилгын хорооны гишүүдийг томилж байсныг хязгаарласан. Товчдоо энэ мэтээр түүний бүрэн эрхийг зөвхөн Үндсэн хуульд заасан үндсэн бүрэн эрх болон Үндсэн хуулийн өөр хэсэгт буй бусад бүрэн эрхийн хүрээгээр хязгаарлах, мөн хууль санаачлах эрхэд хязгаарлалт тогтоох буюу Засгийн газар бодлогоо дэвшүүлэн санаачлах асуудлаар хууль давхар санаачлахгүй байх зэрэг асуудал шинэ хуулиар зохицуулагдах шаардлага үүсэж байгаа. Өөрөөр хэлбэл 2021 оноос хоших буюу 1992-2019 он хүртэлх Ерөнхийлөгчийн бүрэн эрх зарчмын ялгаатай гэж хэлж болно.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй эсэхээр маргаан үүсч буй. Хуульчдын зүгээс хоёр өөр байр суурь илэрхийлсээр өнөөдрийг хүрлээ. Тэрээр дахин нэр дэвших боломжтой юу?

-Шууд хэлэхэд, хууль зүйн хувьд нэр дэвших эрх нь хязгаарлагдсан. Яагаад гэвэл анх 2019 оны зургаадугаар сард нэр бүхий 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Монгол Улсын өмнө нь Ерөнхийлөгчөөр улиран сонгогдон ажиллаж байсан хоёр хүн буюу найман жил ажилласан Н.Багабанди, Ц.Элбэгдорж нар нэр дэвших эрхгүй байдлаар Ерөнхийлөгчтэй холбоотой заалт 2025 оны долдугаар сараас эхлэн дагаж мөрдөхөөр заасан байсан. Энэ тохиолдолд өмнө Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг нэгэн бүрэн эрх буюу дөрвөн жил хэрэгжүүлсэн П.Очирбат, Н.Энхбаяр одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нар нэр дэвшиж улмаар нэг удаа улиран сонгогдож болох байв. Гэтэл дагаж мөрдөх журмын хуулийн заалтыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Ерөнхийлөгчийг төлөөлөн оролцож байсан З.Энхболд даргын гаргасан саналаар хасаж цаашид өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан таван хүн зөвхөн өмнө Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлж байсантай холбоотойгоор бүгд нэр дэвших эрх нь хязгаарлагдах болсон. Энэ нь дараах үндэслэлтэй. Нэгдүгээрт, 1992 оны Үндсэн хуулийн зорилго буюу анхдагч үзэл санаа ёсоор бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил бөгөөд нэг удаа улиран сонгогдож болно гэдгийн дагуу нийтдээ найман жил ажиллах боломжтой байхаар заасан. Гэтэл одоо өмнө нь нэг удаа болон хоёр удаа сонгогдож байсан хүмүүс дахин сонгогдвол шууд 14 болон 12 жил ажиллах болж буй юм. Энэ нь Үндсэн хуулийн анхдагч үзэл санаатай огт нийцэхгүй. Хоёрдугаарт, 2019 оны нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд хүчингүй болсон нэг заалт бол Үндсэн хуулийн 31.7-д байсан Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа улируулан сонгож болно гэх заалт. Энэ заалт одоо Үндсэн хуульд байхгүй учир зөвхөн нэг удаа зургаан жилээр сонгох гэх агуулгаараа өмнө Ерөнхийлөгчөөр нэг бүрэн эрх буюу дөрвөн жилийн хугацаанд ажилласан гурван хүний хувьд шууд одоо сонгогдох эрх нь шууд хязгаарлагдах болж байна. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд бичээгүй л бол шууд хориглогдох Үндсэн хуулийн хууль дээдлэх зарчим үйлчлэх ёстой болдог. Гуравдугаарт, анх төсөлд 2025 оноос Ерөнхийлөгчтэй холбоотой нэмэлт, өөрчлөлтийн заалт хэрэгжихээр заасан байсан нь өөрөө санамсаргүй хэрэг огт биш юм. Энэ нэмэлт, өөрчлөлтөөр өмнөх Ерөнхийлөгчийн институцийг агуулгын хувьд өөрчилснийг өмнө би хэлсэн. Үүний дагуу одоогийн болон өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүмүүсийн хувьд дахин дээрх бүрэн эрийг эдлэхгүй болж буй хэрэг. Гэтэл 2025 хүртэл дээрх хугацааг хойшлуулсан байсныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга нь санал гаргаж шууд түүний эрх зүйн байдалд халдсан нь нэг талаасаа одоогийн Ерөнхийлөгчийн улиран сонгогдож болох хууль зүйн боломжийг үгүй хийсэн хэрэг.

-Тэгэхээр тэд хуулийг эцэст нь хэрхэн, яаж хэрэгжихийг бүрэн дүүрэн ойлгоогүй хэрэг үү?

-З.Энхболд дарга дээрх хууль зүйн нөхцөл байдлыг огт мэдэхгүй байна гэж бол байхгүй. Ойлгохын дээдээр ойлгож бүр зориулж хийсэн мэт харагдаж байгаа. Одоо бодоход хэн нь чухам Ерөнхийлөгч байсан юм болдоо гэж хүртэл бодогдохоор. Түүний энэ санал 2019 оны есдүгээр сарын 7-ны өдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны Дагаж мөрдөхөд шилжих тухай хуулийг хэлэлцэхэд гарсан юм билээ. Мөн тэр хуралдааны тэмдэглэлийг үзвэл Ерөнхийлөгчөөр ахлуулсан зөвшилцлийн ажлын хэсэг хэрэгжих хугацааг 2021 он болгон өөрчилж буйг, улмаар ингэж өөрчлөх нь зөв мөн Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороотой холбоотой хэсгийг бүр 2020 оны тавдугаар сарын 20-нд гэх хэрэггүй, маргаашнаас хэрэгжүүлээд явах хэрэгтэй гэх зэргээр дээрх байнгын хорооны тэмдэглэлд туссан байдаг юм билээ. Тэгээд харахаар ямар ч байсан Ерөнхийлөгчийн албан ёсны байр суурь л гэж хэлж болхоор байгаа юм.

-Одоогийн Ерөнхийлөгчийг дахин нэр дэвших эрхгүй гэж байна. Энэ асуудлаар одоогийн Ерөнхийлөгч Цэцэд хандахыг үгүйсгэхгүй. Энэ тохиолдолд Цэцийн гишүүд өөрөөр тайлбарлах боломжтой юу?

-Харилцааны хувьд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор дээрх асуудал үүсч буй. Энэ зүйлийг 2010 оны Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар зохицуулдаг. Энэ хуульд Ерөнхийлөгчид хэд хэдэн тодорхой бүрэн эрх олгосон. Тухайлбал, Ерөнхийлөгч Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн уг эхийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын долоон өдрийн дотор хянан үзэж хэрэв уг эх бүхэлдээ буюу түүний аль нэг зүйл, хэсэг, заалт, нэр томьёоны агуулга нь Үндсэн хуульд харшилсан гэж үзвэл хориг тавьж болохоор, хэрэв хориг тавихгүй гэж үзвэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд гарын үсэг зурж, төрийн тамга дарж нотлон баталгаажуулан Үндсэн хуулийн уг эхийн хамт хадгалдаг.

Тэгвэл Ерөнхийлөгч энэ эрхээ эдэлж 2019 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр нотлон баталгаажуулж нэмэлт, өөрчлөлтийн Үндсэн хуулийн уг эхэд оруулсан. Өөрөөр хэлбэл, энэ асуудлаар өөрийн бүрэн эрхээ эдэлсэн хэрэг. Түүнчлэн нэр дурдаад буй Монгол Улсын үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хууль бол өөрөө Үндсэн хуулийн нэгэн адил хүчинтэй байхаар түүний дөрөвдүгээр зүйлд заасан байдаг. Энэ нь дагаж мөрдөх журмын хууль өөрөө Үндсэн хуулийн нэгэн хэсэг гэсэн үг юм. Гэтэл Цэц Үндсэн хуульд бусад хууль тогтоомж нийцэж буй эсэхийг хянадаг болохоос Үндсэн хуулийн нэг заалт, нөгөө заалттай нийцэж буйг бол хянах эрхгүй байдаг. Нэг үгээр хэлбэл, яг энэ асуудлаар цаашид хэн ч, тэр дундаа Ерөнхийлөгч ч Үндсэн хуулийн Цэцэд хандах эрхгүй болсон. Энэ нь түүнийг энэ талаар Цэцэд хадах боломжгүй болгож буй юм.

-УИХ-аас Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болох хугацааг ирэх зургадугаар сарын 9-нд байхаар товлон зарласан. Ийнхүү товлон зарласан нь хэр зөв юм бэ?

-Зөв, эсвэл буруу гэхээс илүү бүрэн эрхийн хугацаатай холбоотой асуудал. Одоогийн Ерөнхийлөгчийн бүрэн эрх энэ жил дуусгавар болж буй буюу тангараг өргөснөөр бүрэн эрх нь эхэлж улмаар шинэ Ерөнхийлөгч тангараг өргөснөөр дуусгавар болохоор заасан. Тэгэхээр энэ бол хуулиар зохицуулах бүрэн боломжтой асуудал юм. Анх буюу 1993 онд энэ харилцааг Ерөнхийлөгчийн сонгуулийг түүний бүрэн эрхийн хугацаа дуусахаас 30-аас доошгүй, 60-аас дээшгүй хоногийн өмнө явуулна гэж зааж улмаар ээлжит сонгууль явагдаж ирсэн. Одоогийн шинэ сонгуулийн хуулиар зургадугаар сарын эхний хагасын аль нэг ажлын өдөр зохион байгуулахаар заасан. Тэгэхээр өнөөгийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 2017 оны долдугаар сарын 10-ны өдөр эхэлсэн учир анхны Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн агуулгаас зөрөхгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, сонгууль 2017 онд сонгууль зургаадугаар сард зохион байгуулагдаж байсан тул зургадугаар сарын 9-ний өдөр сонгуулийг зохион байгуулахад ямар нэг зөрчил бол гаргахгүй.

-УИХ-ын дарга асан Р.Гончигдоржийн зүгээс Ерөнхийлөгчийн сонгуулийг энэ онд хийхээр товлон зарласан нь Үндсэн хууль зөрчиж байна гэж Цэцэд хандсан. Ерөнхийлөгчийг зургаан жилээр сонгох Үндсэн хуулийн заалт өнгөрсөн оны тавдугаар сараас хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Тийм байхад өмнөх шигээ дөрвөн жилээр Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулах нь буруу гэж тэрээр хэлж байгаа. Та үүнд тайлбар өгөөч?

-Монгол төрийн нэрт зүтгэлтэн, хариуцлагатай алба хашиж байсан хүн гэхэд тун хариуцлагагүй санал, санаачилга гаргаж байгаа гэж харагдаж байна. Учир нь түүний хэлж буй харилцааг үндсэн хуулиар өөрт нь бус харин түүнийг дагаж мөрдөхөд шилжих хуулиар зохицуулж байгаа. Магадгүй тэр хуулийг олж үзээгүй, эсвэл зориуд дээрх байдлаар мушгиж байгаа болов уу. Монгол Улсын үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн нэгдүгээр зүйлд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хуулийг шинэчлэн батлах хүртэл хугацаанд тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг дагаж мөрдөнө гэж заасан. Харин түүний дагуу УИХ-ийн баталсан хуваарийн дагуу УИХ энэ хавар Ерөнхийлөгчийн тухай хуулийг шинэчлэн батлах юм. Иймд одоогийн Ерөнхийлөгч хэдийгээр Үндсэн хуулиар хориглогдсон боловч (33.4-т заасны дагуу) бусад хуулиар олгосон зарим бүрэн эрхийг хэрэгжүүлж байгаа. Мөн тэрээр тангараг өргөж, түүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн хууль одоо хүчин төгөлдөр бөгөөд энэ хууль Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд буюу дөрвөн жил бүрэн эрхтэй байхад нийцэн гарсан. Нэгэнт шинэ хуулиар Ерөнхийлөгчийн харилцааг зохицуулж буй Ерөнхийлөгчийн тухай хууль өөрчлөгдөөгүй болохоор тэр хуулийн зургаадугаар зүйлийн 1-д заасан түүний бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна гэдэг заалт хэрэгжиж буй хэрэг. Иймээс энэ харилцааг хууль зүйн хувьд бол процедур тогтоож буй дагаж мөрдөх хуулийн дээрх зохицуулалтаар зохицуулж байгаа. Тиймээс ямар нэг эргэлзээгүйгээр сонгууль энэ жил буюу одоогийн Ерөнхийлөгчийн бүрэн эрх дуусгавар болж буй учир явуулах юм.

-Мөн тэрээр 2023 онд ээлжит Ерөнхийлөгчийн сонгууль болох ёстой гэж байна. Энэ нь боломжтой юу?

-Сая би хэлсэн дээ. Тэгэх ямар ч хууль зүйн боломж байхгүй. Өөрөөр хэлбэл, ард түмний сонгох эрхийг шууд хууль баталж хулгайлж авч хэрхэвч болохгүй. Хэрэв тэгвэл төрийн эрхийг хууль бусаар авсан хэрэг болох талтай. Мөн зөвхөн Х.Баттулга гэдэг хүнд зориулж буй Ерөнхийлөгчийн хувьд нь бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн хууль дөрвөн жил байхаар зааж, бүрэн эрхийг хэрэгжүүлж буйг санах хэрэгтэй. Түүнээс биш зургаан жил гэж тэр хуульд заалт байхгүй юм.

 

О.Ариунцэцэг

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)