ХЭҮК-ын гишүүд ЦЕГ-ын удирдлагуудтай уулзаж, хүний эрхийн асуудлаар мэдээлэл солилцлоо

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан, гишүүн Б.Энхболд нар 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдөр ЦЕГ-ын дарга, дотоодын цэргийн командлагч, хурандаа Ж.Болд, дэд дарга, хурандаа Р.Отгонжаргал, Мөрдөн байцаах албаны дарга, хурандаа Б.Батсуурь, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, хурандаа Н.Лхагвасайхан нартай уулзаж, хүний эрхийн цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцлоо.

Хүний эрхийн Үндэсний Комисс Цагдаагийн Ерөнхий газартай 2011 оноос эхлэн Санамж бичиг байгуулж, жил бүр тусгай төлөвлөгөөний дагуу хамтран ажиллаж ирсэн байдаг. Энэ хүрээнд хүний эрхийн сургагч , хамтарсан хяналт шалгалтууд хийсэн зэргээр олон чухал ахиц дэвшил гарсан.

ХЭҮК-ын шинэ гишүүд тус байгууллагын удирдлагуудтай уулзаж, хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлж, хүний эрхийг хангах, хамгаалахтай холбоотой урт хугацаанд болон энэ жил хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаа танилцуулж, цар тахлын үед хүний эрхийг хангаж, хамгаалах асуудлаар санал солилцон тодорхой санал, хүсэлтийг уламжиллаа.

Нэн тэргүүнд цахим орчинд хүний эрхийг хамгаалах, цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх үед хүний эрх, эрх чөлөөг хязгаарлахтай холбоотой тодорхой дүрэм, журам гаргах, хувь хүний нууцтай холбогдох мэдээллийг ил гаргахгүй байхыг сануулж, сар бүр хүний эрхийн асуудлаар 2 байгууллагын удирдлагуудын түвшинд харилцан мэдээлэл солилцох зангиагүй уулзалт зохион байгуулж, зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар саналыг хууль тогтоогчдод хүргүүлэх, цагдаагийн алба хаагчдад хүний эрхийн мэдлэг, ойлголт олгох сургалтуудыг эрчимжүүлэх, мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн жил учраас жагсаал, цуглаан нэмэгдэх хандлагатай тул хүний эрхийн зөрчил үүсгэхгүй байх нөхцлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг зөвлөлөө.

ЦЕГ-ын зүгээс цаашид хамтын ажиллагааг үргэлжлүүлж, бүхий л талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж, сар тутмын уулзалтыг ирэх 3 дугаар сард хийж эхэлье гэв. ХЭҮК Ковид-19 цар тахлын үед хяналт шалгалтуудыг зохион байгуулж, баривчлах, саатуулах, эрүүлжүүлэх байрууд, постууд, тусгаарлан ажиглах байруудын нөхцөл байдалтай танилцаж байгаа бөгөөд цагдаагийн алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн асуудлыг 2021 оны эхний улиралд УИХ-д өргөн барих “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 20 дахь илтгэл”-д тусгахаар зэхэж байна.

Одоогоор 100 гаруй цагдаагийн алба хаагчаас мэдээлэл аваад байна. Ажлын байрны дарамт, ачаалалтай холбоотой санал, гомдол ирсэн. Мөн иргэдээс ирүүлж буй гомдол, мэдээлэлд цахим орчинд эрх нь зөрчигдсөн, хувийн өгөгдөл мэдээлэл алдагдсан, мөрдөж мөшгисөн, саатуулагдсан гэх асуудал байгааг анхааралдаа авч, хувь хүний мэдээлэл, цахим өгөгдлийг хамгаалахад анхаарахыг ХЭҮК-ын гишүүд сануулав.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • хөдөөний хүн (202.179.21.223)

    2021-02-25

    Цагдаа нараа хайрлая