З.Төмөртөмөө: “Хямд өртөгтэй орон сууц” хөтөлбөрөөр иргэдийг урт хугацаатай, бага хүүтэй зээлд хамруулна

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит IV хуралдаан цахимаар боллоо. 

Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2018 оны " Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай" 62 дугаар тогтоолын хүрээнд Нийслэлд хэрэгжүүлж буй арга хэмжээний танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө танилцууллаа.

Тэрбээр "Агаарын бохирдолтой тэмцэх ажлын өнгөрсөн хугацааны үр дүн, төслүүдийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгч мөн цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулсан юм. Сайжруулсан шахмал түлш нь агаарын бохирдлыг бууруулах цор ганц арга биш гэдэг үнэнийг зөвшөөрөхөөс өөр арга байхгүй. Дэлхий нийтийн туршлагаар богино хугацаанд харьцангуй өртөг багатайгаар шийдвэрлэх нэг арга нь сайжруулсан түлш болж ирсэн. Утааг бүрмөсөн арилгахын тулд илүү өргөн хүрээтэй, бүтээн байгуулалт, нийгэм эдийн засгийн цогц арга хэмжээг зорилго чиглэлтэйгээр, далайцтай хөрөнгө оруулалтаар, тасралтгүй хэрэгжүүлэх ёстой. Хот төлөвлөлтийг оновчлох, орон сууцжуулах, халаалт, эрчим хүчний шилдэг технологиудыг нутагшуулах гээд маш олон талт үйл ажиллагаагаар утаа бүр мөсөн алга болох үндэслэлтэй юм.

Богино хугацаанд байж болох шийдэл нь одоогоор сайжруулсан шахмал түлш л байна. Энэ арга үр дүнгээ өгч байгаа.

Ойрын хугацаанд дараах ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүнд:

  • Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг 2021-2022 оны халаалтын улиралд мөрдөхөд шинэчлэн тогтоож, түүнд мөрдөх журмыг шинэчлэх;
  • Налайх дүүргийг агаарын чанарыг сайжруулах бүсэд оруулах, хөдөө орон нутагт сайжруулсан түлш гаргахгүй байх эрх зүйн зохицуулалтыг хийх;
  • Сайжруулсан түлш борлуулах 686 борлуулалтын цэгийг дүүрэг хороодтой хамтран байгуулах, хяналтын тогтолцоог сайжруулах;
  • Нийслэлийн төрийн өмчийн халаалтын зуухнуудыг төвлөрсөн дулаан хангамжид холбох, хийн халаалт, сэргээгдэх эрчим хүчний технологид үе шаттайгаар шилжүүлэх;
  • Нийслэлийн агаарын чанарын хяналтын суурин автомат станцын тоог нэмэгдүүлнэ.

Агаарын бохирдлыг бууруулах урт хугацаанд дараах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ.

  • “Хямд өртөгтэй орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх, залуучууд, бага, дунд орлоготой иргэдийг урт хугацаатай, бага хүүтэй зээлд хамруулах;
  • Төвлөрсөн дэд бүтцийн системд холбогдох боломжгүй хэрэглэгчийг хэсэгчилсэн инженерийн хангамжид холбох, дэд төвүүдийг байгуулах, сэргээгдэх эрчим хүчний технологи нэвтрүүлэх;
  • Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд ногоон бүс, бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах, нэг хүнд ногдох цэцэрлэгжсэн талбайн хэмжээг нэмэгдүүлэх гэр, байшингийн дулаалгыг сайжруулж, дулааны алдагдлыг бууруулах төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх;
  • Нүүрсийг баяжуулах, гүн боловсруулах үйлдвэр болон нүүрсний нийлэг хийн үйлдвэр байгуулах үйл ажиллагааг дэмжих;
  • Хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа, стандартын шаардлага хангахгүй автотээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцохыг үе шаттайгаар хориглох;
  • “Евро-5” стандартад нийцсэн чанарын шаардлага хангасан шатахууны импорт, хэрэглээг дэмжих, стандартын шаардлагад нийцээгүй шатахууныг импортоор оруулах, хэрэглэхийг үе шаттайгаар хориглох, шатахууны чанарын хяналтын тогтолцоог сайжруулах;
  • Тээврийн хэрэгслийг хийн түлш, цахилгаан эх үүсвэрт шилжүүлэх, байгаль орчинд сөрөг нөлөө багатай техник, технологи, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх;
  • Орчны бохирдлыг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, эрүүл амьдрах зөв дадлыг төлөвшүүлэх;
  • Байгаль орчныг хамгаалах хууль тогтоомж зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хүлээлгэх хариуцлагын хэмжээг нэмэгдүүлэх;

Эдгээр ажлуудыг хэрэгжүүлэхэд эрхэм Төлөөлөгчид та бүхэн дэмжин хамтран ажилахыг хүсье! Агаарын бохирдлыг бууруулахын төлөөх тэмцэлд Хүчээ нэгтгэн зүтгэж, утааг үдэхийн төлөө чармайн ажиллацгаая" гэлээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)