Тэс өөр хоёр кейс

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй, эрхгүй гэх маргаан 1997 онд Үндсэн хуулийн цэц дээр очсон байдаг.  Харин Цэц түүний талд буюу сонгох сонгогдох эрхийг нь хангаж шийдвэрлэсэн.  Тухайн онд Ерөнхийлөгчийн сонгуульд П.Очирбат  АН-аас нэр дэвшиж байв.

Хуулийн  энэ процесс 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар ч давтагдаж байна гэх андуу ташаа ойлголт байгаа учраас энд нэгэн зүйлийг тайлбарлах нь зүйтэй.

1997 оны сонгуульд П.Очирбатыг дэвшүүлсэн үндэслэл, процесс одоогийнхоос тэр өөр.  

П.Очирбатын хувьд анх 1990 оны есдүгээр сарын 3-нд  АИХ, Улсын бага хурлын тогтоолоор Ерөнхийлөгчөөр сонгогдож байв. Тухайн үед ард түмний санал хураалтаар биш АИХ-ын тогтоолоор Төрийн тэргүүнийг томилсныг тодруулж тэмдэглэх нь зүйтэй.  Улмаар 1993 онд  Монгол Улсад анх удаагаа бүх ард түмний дунд Ерөнхийлөгчийн сонгууль болсон. Ерөнхийлөгчийн сонгуульд  МАХН-аас Л.Түдэв, АН-аас П.Очирбат нар өрсөлдөж, П.Очирбат 57.78 хувийн саналаар ялалт байгуулсан юм. Ингэж П.Очирбат анх удаагаа ард түмний саналаар Төрийн тэргүүн болсон. 

П.Очирбат 1990 онд ард түмний санал хураалтаар биш АИХ-ын тогтоолоор Төрийн тэргүүн болсон.

Харин 1997 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд П.Очирбатыг гурав дахь удаагаа  нэр дэвших эрхгүй хэмээн Үндсэн хуулийн цэц дээр маргаан үүссэн. Үндсэн хуулийн цэц маргааныг П.Очирбатын талд хангаж шийдвэрлэсэн юм.      Учир нь П.Очирбатыг анх удаа Ерөнхийлөгч болохдоо ард түмний саналаар биш, АИХ-ын тогтоолоор томилогдсон гэх үндэслэлээ Цэц шийдвэрээ танилцуулсан байдаг.   Ингэж тэр 1997 оны сонгуульд хоёр дахь удаагаа өрсөлдөх эрхээ авч байв. Харин энэ кейс нь одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга  2021 оны нэр дэвших эрхтэй гэх үндэслэл, тайлбар болж чадахгүй.  Өөрөөр хэлбэл, тэс өөр хоёр кейс.

Гэвч Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн лхагва гаригт Үндсэн хуулийн цэц дээр очиж тайлбар, мэдээлэл өгөхдөө ч энэ талаар дурьдсан нь анхаарал татаж байна.  Тэрээр “Үндсэн хуулийн цэц өөрийнхөөрөө эцэслэн шийдвэрлэж, жишиг тогтоосон асуудлаа дахин дахин авч хэлэлцээд байдаггүй гэж бодож байна. Жишээ нь, 1997 онд Пунсалмаагийн Очирбат гурав дахь удаагаа нэр дэвшсэн. Үндсэн хуулийн цэц дээр ийм маргаан үүсэж, улмаар П.Очирбат нэр дэвших эрхтэй, Үндсэн хууль зөрчөөгүй гэж шийдвэрлэж, энэ асуудалд цэг хатгасан байна. Үндсэн хуульд хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байна, хүнийг ялгаварлан гадуурхаж болохгүй, Монгол Улсын иргэд сонгох, сонгогдох эрхийг баталгаатай эдэлнэ гэх мэт маш тодорхой зохицуулалт, суурь зарчмууд бий болсон” хэмээн тайлбарласан.

Энэхүү уулзалтын дараа АИХ-ын депатут, Улсын бага хурлын гишүүн асан Д.Ламжав “П.Очирбатыг АИХ 1990 онд Ерөнхийлөгчөөр, Монголын ард түмэн 1993 онд анх удаа Ерөнхийлөгчөөр сонгосон. Иймээс Монгол Улсын Үндсэн Хуулийн дагуу П.Очирбат 1997 онд нэр дэвших эрхтэй болохыг Цэц тогтоосон юм” хэмээн цахим хуудаснаа үзэл бодлоо илэрхийлсэн харагдана лээ.  Ямартай ч одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг 2021 оны сонгуульд нэр дэвших эрхтэй, эрхгүй гэх маргаан Цэц дээр үүссэн. Тэгэхээр Үндсэн хуулийн цэц тэс ондоо хоёр асуудлыг нэг хуулиар тайлбарлахгүй болов уу.  Цэцээс ямар шийдвэр гаргах нь  улс төрийн хүрээнд анхаарал татаж байна.

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.126.90.108)

    2021-02-28

    Ард түмэн сонгоно доо.