Б.Тулга: МАН ба МАХН хэмээх хоёр улс төрийн намын салсан зам эргэн нийлэх цаг хугацаа, орон зайн нөхцөл байдал үүсэн бүрэлдэж байна

-МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Буяагийн Тулгын илтгэл-

Монголчуудаа

МАХН-ын эрхэм гишүүд, дэмжигчид ээ

Энэхүү илтгэлд анхаарал хандуулж буй эрхэм та бүхэнд Монгол Улсад улс төрийн нам албан ёсоор анхны хурлаа хийж, мөрийн хөтөлбөр буюу үзэл санаагаа хамтран баталсан, хуралдан хэлэлцсэн түүхт ойн өдөр, эх орончдын баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье ээ.

Яг нэг зуун жилийн өмнө МАХН буюу МАН хэмээх улс төрийн хүчин Монгол Улсын түүхэнд анх удаа овог омог, отго жинс, гарал үүсэл хөрөнгө чинээ үл ялган гагцхүү үзэл бодлоороо нэгдсэн төр улсын хэргийг шийдвэрлэх улс төрийн бүтэц буюу улс төрийн нам хэмээх бүтэцийг байгуулж анхны Их хурлаа хийж байсан түүхэн өдөр юм.

Энэхүү өдөр бол мянга мянган жилийн агуу их түүхтэй гүрэн Монгол Улсад анхны ардчилсан инститүц байгуулагдан их хэргийг хэлэлцэж, тэр өдрөөс өнөөдрийг хүртэлх нэгэн зуун жилд амьдрах зам, мөрийг зурсан түүхэн өдөр мөн. Тиймээс гуравдугаар сарын нэгэн бол МАХН-ын, МАН-ын баяр, Монголын улс төрийн намууд, тэдний гишүүд дэмжигчид төдийгүй нийт ард түмэн төрийн хэрэгт оролцон, шийдвэр гаргах эрхтэй болсон агуу их  үйлсийн тэмдэглэлт баяр юм.

Эх орончдын өдөр болгон жил бүр тэмдэглэж байх шийдвэрийг МАХН-ын дарга Н.Энхбаяр, тухайн үед УИХ-ын дарга байхдаа санаачилан дэмжиж 2004 оны арванхоёрдугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын Их хуралаар хуульчилан батлуулж байсан гэдгийг бахархалтайгаар дурдах нь зүйтэй хэмээн бодож байна. 

МАХН анхны их хурлаараа чухам ямар асуудал хэлэлцэж, ямар агуу том зорилтуудыг тавьж байсан тухай дан ганц эрдэмтэн судлаачид бус нийт иргэд маань судлан мэдэж байх нь эх түүхийнхээ жимд төөрөхгүй, ирээдүйнхээ чиг шугамыг алдахгүй байхад тустай тул 1921 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс 3-ны өдрүүдэд хуралдсан МАХН-ын мөрийн хөтөлбөр буюу тунхаг бичгээс цөөн чухал зүйлийг онцлон дурдах нь зүйтэй болов уу. Эрхэм Та анхааран болгоогоорой.

Монгол ардын хувьсгалт намаас түмэнд тунхаглан зарлах бичгийн оршилд “Эдүгээ газрын бөмбөрцөг дээрх олон улсын байдал төлөвийг үзэхүл ... эд таваар үйлдэх аж ахуй эрхлэгч ба мөнгө зоосыг ямагт эрхлэх банкны капитал хоёул зохицон хуралдаж, улс тус бүр цөөвтөр тооны бөгөөд хөрөнгө маш их хоршоо нийлэн гадагш олон улсын хооронд харилцан нэвтэрч дам дам хоршсоор хүчин чадал аугаа ихийг олж, бүх дэлхийн бөмбөрцгийн газар усыг чухамхүү капиталын ёсоор ороон бүрхээд олон улсын гадаад, дотоод засгийн бодлогыг мөн хэдхэн капитал бүхий хүмүүс дур мэдэн магад хөдөлгөж бүхий учир, засгийн эрх баригчид ба капиталтан эрх биш хомголзох шунахай сэтгэлээр гадагш өнгийн харж, улс өөр өөрийн эрх мэдэл ашиг тусыг хамгаална хэмээн мөнөөхөн их байлдаан ... дэгдсэний ... учир ... олон улсын дорд ард амьтан цөм энэхүү байлдааны далимд амь бие, хөрөнгө хогшлоо үрэгдэн сүйдсэн бөгөөд гагцхүү дээр өгүүлсэн их хоршоонууд ба банкууд, жич тэдний бодлогыг бүрэн бүтэн болгогч засгийн эрх баригчид дэлбэртэл баяжсан ажгуу.

Монгол, Төвдийн зэрэг зарим газар ард түмэн нь хуучны бүхий бүдүүлэг суртал, түүхий ажлыг эрхлээд, шашны мөргөлийг гол болгож, төрийг баригч эзэд ноёд, хаад, ван, гүнгүүдэд сөгдөн бөхийж орон нутгийн ба улс төрийн засгийн хэрэгт оролцох эрх мэдэл огт байхгүй, албат боолын хувиараар дарангуйлан захирагдаж байгаа нь эдүгээ цагийн хувьсгалд магад үл нийцэлдэнэ хэмээхээс гадна төдий бүдүүлэг бүрхэг улсууд нэгмөсөн боловсон улсын ард иргэд лүгээ адил хуучин байдлаа халж хэрхэн чадах. Зүй нь өөрийн хэрээр хичээж ард амьтан нь хэдхэн тооны угсааны ноёд засгийн гагцхүү мэдлээс ангижирч, аливаа улс төрийн хэргийг ард олноороо хуралдан чуулж хэлэлцэн зөвшөөд олонд тустайгаар шийтгэвээс зохих тул тийм бүдүүлэг газар орноо хамгийн урьд засгийн эрх мэдлийг ард түмэнд шилжүүлэн авч, ардын хуралт сонгуулийг эрхэлсэн гүрэн байгуулбал зохино гэжээ.

 

Түүнчлэн уг тунхаглан зарлах бичигт “Хэрэв монголын өөр суртлын намууд гарч ирээд манай уул хоёр зүйл хэрэгт тусалмаар аваас мөнхүү тэдгээр намууд лугаа хэлэлцэж хүчин хавсарсугай. Хэрэв манай үйлсэд саад тотгор саад хийх аваас тэд нарыг монгол ардын дайсанд үзнэ. Монгол үндэстний их хэргийг үл хүндэтгэн Хятадад ба гадаадын харгисуудад худалдаж урвасан зальхай бялдууч нарыг хийгээд тэдний тэргүүн нарыг занана хэмээн хатуу зарлаж байжээ.

 

Анхны тунхаг бичиг буюу мөрийн хөтөлбөрт “Монгол үндэстний ард амьтны үүрдийн жаргал ба урагш давшихыг гол болгож, зүй зохисоор шийдсүгэй. Гагцхүү олонд тусгүй агаад хорлолтой буюу одоо цагийн улиралд үл нийлэлцэх бөгөөд хуучирч нэгэнт хоцорсон зэрэг харштай зүйлүүдийг зүй зохисыг үзэж, чадвал зөөлөн, ядвал хатуу аргаар устган халахаас үл татгалзана гэж хөгжлийн гол чигээ тодорхойлж байжээ. Засаг төрийн тухайд ... гэмтнийг гэсгээн хашрааж, ард түмнийг аливаа эрдэмт сурган гэгээрүүлэх, ардын ажил үйлдвэр ба улсын хөрөнгийг арвилан хэмнэх явдал хийгээд ард амьтныг сувилах, эмчлэх, тэжээх тэтгэх зэрэг ба алба үүргийг шударгаар хөнгөлөх тэгшлэх мэтийн улс төр, ард иргэнд холбогдох олон зүйл хэргүүдийг чухам хэрхэн шийтгэвээс зохих явдлыг манай Монгол Ардын Хувьсгалт намын газраас нягтлан хянаж, зүйлчлэн бичээд дараа зарласугай” гэжээ.

 

Дараагийн хурлаар энэхүү товч зорилгыг илүү тодорхой болгож:

 

Манай нам болбаас улс төрийн хэргийг удирдсан улсын нам болох тул тус төрийн аливаа албанаа өөрийн гишүүн ба гишүүн бус боловч ардчилсан үзэлтэй хүмүүсээс ч сонгон хэрэглэж болно. Гэмтэн ялтанг байцаан шийтгэхэд эрхтэн, дархтан гэх зэргээр ялгахгүй цөм нэгэн адил үзэхээс гадна эрүү хорыг устгаж, зүй зохисоор гэмт ялтны бие сэтгэлийг үйлдвэр ажил хийлгэх, гэгээрүүлэх зэргээр удирдан боловсруулсугай. Ард түмнийг бага нас, их нас хэмээн ялгахгүй монгол үсэг бичиг ба бусад олон зүйлийн тустай эрдэмд боловсруулан нийтээр эрдэм нээгдүүлсүгэй. Монгол ард түмний мал, тариалангийн тухайд малын эмгэгийг эмчлэх, засах зэрэг явдлыг эрхлэхээс гадна ардын хоршоо байгуулж шунахай хөрөнгөтөнд хэтэрхий мөлжигдөхийг хэмнэж, монголын гадагш гаргах зүйлийг өндөр үнэ хүргэж, гаднаас оруулах эд таваарын зүйлийг язгуур газраас хөнгөн үнээр ирүүлэхийг хичээнэ. Бас олон ард элдэв зүйлийн халдвартай өвчин, шарх тэргүүтнээс үлэмж гэмтэж бүхий учир, хүний эмчилгээний явдлыг үзэж тарилга цэвэрлэгээ, үнэ төлөөсгүй эмчилгээний орон байгуулах зэргийг эрхэм болгосугай. Хоосон ядуу ардыг асран сувилах, ажил үйлдвэр байгуулах зэрэг аргуудыг эрнэ. Алба үүргийг эрхтэн дархтан, орон сүм хэмээн ялгаварлахгүй хөрөнгө хүчний зузааныг үзэж, улам бүр өсгүүлэн хувааж, доод ардын үүргийг нимгэлсүгэй. Улс төр, ард түмнийг хамгаалуулан байгуулсан улсын боловсон журамт цэргийн албыг дээд, доод, баян, хоосон хэмээн ялгаварлахгүй гагцхүү нас бодож, хэн тэгш нийгэмчлэн явуулсугай. Хурал номын үйлсийг албаар аваачихыг халж, хүний үнэн сүсгээр болгосугай. Ард түмний хувийн эрх чөлөөг хүндэтгэн үзэх тул ард тус бүр чөлөөт эрх юүгээн эдлэхэд үл боогдуулахыг эрхэм болгосугай. Гагцхүү ард олон ба улс төрийн байдалд харш явдал үйлдэж болохгүй” хэмээн тунхаглаж байжээ.     

Яг нэг зуун жилийн өмнө бидний өвөг дээдэс, эх орончид маань хуралдан энэ мэт чухал үйлсийг эхлүүлэн тунхаглаж байжээ. Хэдийгээр бүхэл бүтэн нэгэн зуун улирч дэлхий дахинаа болон манай улсад олон үйл явдал, тэмцэл, онол, сорилт бэрхшээл тулгарч цаг хугацаа өнгөрсөн боловч өнөөдрийг хүртэл үл өөрчлөгдөх учиртай өвлөгдөн ирсэн үнэт зүйлс нь дээрх тунхаг бичигт оршин буй заа.

МАХН нь үнэт зүйлс, өв уламжилалаа хадгалж, цаг үедээ нийцэн шинэчлэгдэн ирсэн намын хувьд 100 жилийн өмнө амьдарч ирсэн аугаа өвөг дээдсийнхээ үлдээсэн сургаалийг өнөөг хүртэл тээн, намын болон шат шатны сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусган, зарчимаа хадгалж, зорилгоо нарийвчилж ирсэнийг МАХН-ын гишүүд дэмжигчид төдийгүй нийт ард иргэд маань дэмжсээр ирсэн байдаг билээ.

 

 

 

МАХН бол улсынхаа нэн шинэ үеийн түүхтэй, тусгаар тогтнолтой, ардчилалтай, үндсэн хуультай, бүгд найрамдах засаглалтай, хүний эрх эрх чөлөөтэй, амжилт ололт, бас алдаа оноо бүхэнтэй нас чацуу, эн тэнцүү нам билээ.

 

 

 

МАХН нь бүх нийтийн хүртээмжтэй боловсрол, хүн амын эрүүл мэндийн үйлчилгээ, атар эзэмших аян, аж үйлдвэрийн бүтээн байгуулалт бүхнийг хийж, амжилтийг, алдар гавъяаг байгуулж бүтээж ирсэн нам.

 

 

 

МАХН ардчилсан нийгмийн өөрчлөлтийн салхийг түүчээлэн, энхийн аргаар, эвийн бодлогоор шинэчлэлд шилжүүлж, эрх мэдлийг авч үзсэн, бас өгч үзсэн нам.

 

 

 

Эрчим хүчний нэгдсэн сүлжээ, мянганы зам гэх мэт асар том бүтээн байгуулалтыг эхлүүлж, Эрдэнэт, Оюу толгой, Таван толгой гэх мэт уул уурхайн төслүүдийг эхлүүлж, үзсэн чадсан туршлагатай намаа. Харин эдгээр төслүүдийг хэрхэн хэрэгжүүлэх бодлогоос шалтгаалан хуваагдаж салж, МАН ба МАХН хэмээн хоёр салаа замаар замнасан билээ. Угтаа бол угсаа гарал нэгтээ нэг нам юм.

Өнгөрүүлсэн 100 жилийн түүхийн сургамжийн ард, ирээдүйн 100 жилийн их түүхийн бүтээлийн өмнө МАН ба МАХН хэмээх хоёр улс төрийн намын салсан зам эргэн нийлэх цаг хугацаа, орон зайн нөхцөл байдал үүсэн бүрэлдэж байна.

МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх тэргүүтэй өнөөгийн удирдлагууд нь монголын талд ашигтай нөхцлөөр байгуулагдах ёстой байсан Оюутолгойн гэрээг засан сайжруулах, монголчуудын эрх ашгийг уландаа гишгэж илт хууль бусаар байгуулсан Дубайн гэрээг цуцлаж, хүчингүй болгох, Монголын засгийн газарт давуу эрхээр ирэх ёстой байсан Эрдэнэт УБҮ-ийн 49%-ийн хувьцааг төрийн мөнгөөр хувьдаа завшсан гэмт үйлдлийг таслан зогсоож, Салхитын мөнгөний ордыг монголын ард түмний мэдэлд авч байгаа зэрэг олон эх оронч үйлдэл нь МАХН ба МАН хэмээн салсан гол зөрчлийг арилгах улс төрийн нөхцлийг бүрэлдүүлж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй Засгийн газар нь МАХН-ын мөрийн хөтөлбөрийн цөм болсон зээлийн хүүг 3 хувь болтол бууруулах, монголын өрх бүрийн орон сууцтай болгох зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлхээр зарлаж, Коронавирусын улмаас доголдсон эдийн засгийг эргэн сэргээх 10 их наядын хөтөлбөрийг зарлаж байгаа зэрэг нь улс орныг удирдах, үндэсний эдийн засгийн шинэ бодлогыг хэрэгжүүлэх шинэлэг арга барил, сэтгэлгээ бүхий шинэ лидерүүд МАН-ын удирдлагад гарч ирсэнийг илтгэхийн зэрэгцээ эдгээр нь МАХН-аас зарлан, санал болгодог эдийн засгийн хувьсгал, үндэсний эдийн засгийн бодлого зэрэгтэй тун ойрхон, нийлэмжтэй байгааг дурдах нь зүйтэй болов уу.

Нэгэнт түүхийнхээ нэгээхэн хэсэгт бий болсон улс төрийн шийдэл, гаргалгаанаас шалтгаалан зөрөлдсөн намуудын үзэл бодол, харилцаа хандлага нь 100 жилийнхээ түүхт ойн босгон дээр эргэн ойртож буй нь аль аль намын гишүүд дэмжигчдийн дундаас тухайлбал МАХН-ын гишүүд, Зуут, Мянгат, Түмтийн дарга нарын санал, санаачилга, шахалт шаардлагаар тус намын удирдах бүрэлдэхүүнд ирсээр байгаагаас тод илрэн харагдаж байна. Дэлхий нийтийг донслуулаад байгаа Коронавирусын цар тахал зөвхөн  Монгол төдийгүй бүхий л улс орнуудыг хүнд сорилд оруулж, хүн төрөлхтөний хөгжлийг харах өнцөг ойлголтыг өөрчлөх хэмжээнд хүргээд байна. Тиймээс дэлхий нийтээрээ нийгмийн тогтолцоо, эдийн засгийн одоогийн үзэл онолыг дахин эргэн харж, хэлэлцэж эхлээд байгаа билээ. Цар тахлын дараах шинэ хөгжлийн замналд эдийн засгийн хөгжил гэдэг явцуу харааг өөрчилж, байгаль орчин, эх дэлхийгээ хайрлах харааг хөгжлийн томьёонд оруулж ирж байгаа явдал нь Монгол улсын өмнө Дэлхийн хөгжилд чирэгдэж биш, дэлхийн хөгжлийг түүчээлэн авч явах боломжыг нээгээд байна. Цар тахлын дараах шинэ ертөнц ямар байх тухай орчин цагт хэлэлцэж буй энэ үетэй алхам нийлүүлэн, цар тахлын дараах Монгол улсын дараагийн 100 жилийн түүх хэрхэн өрнөх замын зургыг гаргах шаардлага бидний өмнө байна. Энэ түүх хэрүүл тэмцлээр биш, хэмнэл зүтгэлээр дүүрэн байх учиртай. Дэлхий ертөнцийн хөгжлийн цоо шинэ замд хөтлөх оюуны хараа, олны хүч МАХН-д бий. Энэ зүтгэл Монголоо гэсэн хүн бүрт байх ёстой. 

 

Орсон бороо арилдагийн адил гарсан зөрчил намжиж, бид ирээдүйгээ, ирэх 100 жилийн түүхээ салсан биш нийлснээр, муудсан биш сайдснаар, эвдэрсэн биш эвлэрснээр бичих нь өнөө үед эдгээр намуудыг удирдан манлайлж буй бүх хүний түүхэн үүрэг байх болно. Шинэ итгэл зүтгэл, залуу сэтгэлгээ хүчийг түүчээлэн авч явах шинэ замын эхэнд бид зогсож байна. Шинэчлэл хаанаас ч ирж болно. Хувьсгал хэнээс ч эхэлж болно.

 

Шудрага ёсыг сахин, ард түмнийхээ язгуур эрх ашгийг дээдлэн, байгалын баялагийг ард түмнийхээ дундын өмч болгож, ардчиллыг улам бэхжүүлэхийн төлөө үндсэн хууль болон төрийн тогтолцоогоо төгөлдөржүүлэн, ард иргэдээ болон улс орноо өрийн гав дөнгөнөөс салгаж, баян чинээлэг хүчирхэг Монгол Улс, аз жаргалтай монгол айл өрх, боловсролтой хүчирхэг иргэдтэй болохын төлөө өвөг дээдсийнхээ үлдээсэн өв, үнэт зүйлийг эрхэмлэн эргэн нийлэх ёстой шүү хэмээн захиж байгаа намын ахмад, залуу гишүүдийнхээ хүсэлтийг би өөрийн энэхүү илтгэлээр дамжуулан  МАН-ын гишүүд дэмжигчид, удирдах бүрэлдэхүүнд төдийгүй цаашид ч эвлэн нэгдэх учиртай улс төрийн 33 нам, тэдний дарга гишүүд, эрхэм эх орончид Та бүхэнд хандан хандан уриалж байна.

Монголчууд шударга байхдаа эвтэй, эвтэй байхдаа хүчтэй гэж МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр дарга нэгэнтээ хэлсэн байдаг. Дэлхий дахиныг донсолгож буй Коронавирусын тахал, түүний үр нөлөө, мөн түүнчлэн Эрүүл мэнд, эдийн засгийн болон улс төрийн олон сорилт бэрхшээлийн өмнө эвийн хүчээ нэгтгэж, бие биедээ итгэн, цаашдын том зорилгыг хэрэгжүүлэх сайн цаг ирэх болтугай. Эвлэвээс бүтэх, эвдэрвээс бутрах болъюу.

 

Монгол улс мандан бадраг.

Б.Тулга

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • (202.126.90.6)

    2021-03-01

    Хэдэн мөнгар бацаанууд самрах нь дээ

  • Irgen (66.181.189.221)

    2021-03-01

    Erunhiilugchiin songuulid ashigluulj bgaagaa meddeg bolow uuda

  • иргэн (192.82.74.148)

    2021-03-01

    Молигдуулах байхдаа

  • irgen (202.21.117.178)

    2021-03-01

    Namiin ner hulgailj baiguulagdaad 10 jil bolj baij 100 jil bolson namtai zeregtseed baihdaa icndeggui yum baih daa