Г.Батнэмэх: Нийслэл болон орон нутгийн их, дээд сургуулийн хичээлийг танхимаар оруулах хугацаа тодорхойгүй байна

Монгол Улсад коронавирусийн дотоодын халдварын анхны тохиолдол 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нд батлагдсанаар бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг цахим болон теле хэлбэрт шилжүүлсэн.

Одоогоор эрсдэл өндөр хэвээр байгаа тул нийслэлд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн танхимын хичээлийг эхлүүлэх хугацаа тодорхойгүй байна. Харин орон нутагт сүүлийн хоёр сар гаруйн хугацаанд өвчлөл бүртгэгдээгүй тул халдвар хамгааллын дэглэмийг баримтлан энэ сарын 1-нээс цэцэрлэг, сургуулийн танхимын сургалтыг эхлүүлээд байгаа юм.

Харин их, дээд сургуулийг хэзээнээс танхимаар хичээллүүлж эхлэх талаар БШУЯ-ны Дээд боловсролын газрын дарга Г.Батнэмэхээс тодруулахад "2021 оны хоёрдугаар сарын 24-нд Засгийн газар аймаг, сум болон нийслэлд хичээл сургалтыг танхимын хэлбэрээр явуулах эсэх талаар хэлэлцсэн. Энэ үед их, дээд сургуулийн танхимын хичээлийг дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлэх саналыг БШУЯ-наас Улсын Онцгой комисс, Засгийн газарт уламжилсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Их, дээд сургуулийн танхимын хичээл хэзээ эхлэх нь тодорхой байгаа ч бид бэлэн байдлаа хангаж, дагаж мөрдөж түр журмуудаа баталсан" гэлээ. Үүнд орон нутгийн их, дээд сургуулиуд ч мөн хамаарна. 

Их, дээд сургуулийн танхимын хичээлийг эхлүүлбэл хот хооронд зорчих хөдөлгөөн нэмэгдэж, нийслэлд суралцдаг оюутнууд нутаг буцахдаа халдвар тээн очих эрсдэл өндөр байгаа тул ийнхүү тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)