Даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаанд тавигдах шаардлагууд шинэчлэгдлээ

УИХ, Засгийн газраас баталсан бодлого, стратегийн баримт бичгүүдэд тусгагдсан арга хэмжээ, Олон улсын даатгалын хянан шалгагчдын холбооноос боловсруулсан Даатгалын тулгуур зарчим (ICP), зөвлөмжид тулгуурлаж бусад орны зохицуулалтын орчин, туршлага мөн салбарт тулгамдаж буй асуудлыг судалж, зарчимд суурилсан тогтолцоог бий болгох зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 25 дугаар тогтоолоор “Даатгалын багц дүрэм”-д нэмэлт өөрчлөлт оруулсан. Тодруулбал, дүрмийн нэгдүгээр хавсралт “даатгагч, даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлт”, арван гуравдугаар хавсралт “даатгагчийн давхар даатгалын төлөвлөгөөнд тавигдах шаардлага”-ыг шинэчлэн, арван наймдугаар хавсралт “тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргахад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт”-ыг нэмж баталсан юм.

Тухайлбал, тусгай зөвшөөрөл хүссэн иргэд, хуулийн этгээд болон тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд илүү ойлгомжтой, хэрэглэхэд хялбар дөхөм болгох, бүртгэл, зөвшөөрлийн үйл ажиллагааг олон улсын стандарт, цаг үеийн чиг хандлагад нийцүүлэн боловсронгуй болгож цахимжуулахтай холбоотой зохицуулалтыг тусгаж өгсөн. Мөн санхүүгийн салбарын өрсөлдөөн болон хүртээмжийг дэмжих, бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх зорилгоор даатгалын бүтээгдэхүүнийг зохицуулагч байгууллагаас зөвшөөрөл авсны үндсэн дээр зах зээлд борлуулдаг зохицуулалтыг (prior approval) өөрчилж зарчимд суурилсан зохицуулалтыг (principle based) оруулсан.  

Даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах зохицуулалтыг сайжруулах зорилгоор даатгагч, даатгалын мэргэжлийн оролцогч нь үйлчлүүлэгчтэй даатгалын гэрээг байгуулахаас өмнө болон байгуулсны дараа шаардагдах мэдээллүүдийг үйлчлүүлэгчид өгөх, авахтай холбогдох шаардлагыг ч бий болгосон. Түүнчлэн давхар даатгалын төлөвлөгөөг боловсруулахад даатгагчийн эрсдэлийн удирдлагын нэгж, ТУЗ-ийн хүлээх үүрэг, хариуцлага, давхар даатгалын үйл ажиллагааны улмаас даатгагчид учирч болзошгүй эрсдэл болон найдвартай хэвийн үйл ажиллагаа бүхий давхар даатгагчийг сонгох шалгуур үзүүлэлт зэргийг нарийвчлан тусгаж, даатгагчийн давхар даатгалын үйл ажиллагааны удирдлага, хяналт, хэрэгжилт нь үр дүнтэй, зохистой явагдах нөхцөлийг бүрдүүллээ.

Холбогдох нэмэлт, өөрчлөлтүүдийг ийнхүү оруулснаар хариуцлагатай, мэргэшсэн боловсон хүчинтэй, технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээтэй мөн ёс зүйтэй даатгалын салбар бүрэлдэх хөшүүрэг болох юм.

Захиргааны ерөнхий хуулийн дагуу дээрх эрх зүйн актууд хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Үүнтэй холбогдуулж Хорооноос энэ сарын 02-нд Монголын даатгалын холбоо, Монголын даатгалын зуучлагчдын холбоо, Монголын банкны холбоо болон тэдгээрийн гишүүн байгууллагуудын төлөөлөлтэй цахим уулзалт хийж, нэмэлт, өөрчлөлтүүдийн талаар мэдээлэл өгч, хэрэгжилтийг хэрхэн хангаж ажиллах талаар зөвлөгөө, чиглэл өглөө гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)