Хаврын ноолуур бэлтгэл, малчдыг дэмжих 400 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно

 Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г баталсан.

Энэ хүрээнд “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих 500 тэрбум төгрөг”-ийн зээлийг олгохоор болж, санхүүжилт шийдэгдэж байна. Тухайлбал,

  • Хаврын ноолуур бэлтгэлд 200 тэрбум төгрөг,  
  • Газар тариалангийн үйлдвэрлэлд 100 тэрбум төгрөг,
  • Малчдыг дэмжих 200 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгох юм.

Малчдыг дэмжих 200 тэрбум төгрөгийн зээлийг жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай олгохоор эх үүсвэрийг шийдсэн. Энэ нь сүүлийн жилүүдэд гарч байгаагүй, багагүй хэмжээний санхүүжилттэй шийдвэр учир зөв зүйтэй зохион байгуулах шаардлагатай байна.

Малчдад зөвхөн хэрэглээний зээл болгож тараахаас илүү мал аж ахуйн үйлдвэрийг сэргээх үндсэн хэд хэдэн чиглэлд олгохоор урьдчилсан төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Тодруулбал, эрчимжсэн мал ахуйг хөгжүүлэх чиглэлд энэ зээлийг түлхүү олгоно. Мөн сүү цагаан идээ боловсруулах, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэлт, бэлчээр хамгаалал, худаг ус гаргах зэрэг 6-7 чиглэлд олгох нь зүйтэй  гэсэн урьдчилсан төлөвлөгөөтэй байна.  

Дээрх зээлүүд бүгд арилжааны банкаар дамжин олгогдох учир малчид, тариаланчид, ноолуур бэлтгэгчид харилцдаг арилжааны банкандаа хандах шаардлагатай ажээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)