Жүдочдоос болж хохирсон иргэн тэднээс хүн чанар хүлээсээр байна!

Эмчилгээний зардал 200 саяас хэтрээд байхад зодсон жүдочид 3 сая төгрөг л шилжүүлжээ.

Тохиолдлоор ч тэр үү, жүдочдийн хүн зодож гэмтээдэг хэрэг удаа дараа давтагдлаа. Үүнтэй холбогдуулан одоогоос найм сарын өмнө иргэн Л.Мөнгөнчөдөр нь албан үүргээ гүйцэтгэж байгаад ажлын байран дээрээ жүдогийн тамирчин Ц.Тэнгис, Ш.Мөнхсайхан, н.Эрдэнэбулган нарт зодуулж хүндээр гэмтэж өнөөдрийг хүртэл хэвтэрт байж, ой гарантай бяцхан хүү болон эхнэрээ,  мөн тэтгэврийн ээжийгээ тэжээх чадваргүй болж хохирсон нэгэн хэргийн баримтыг дэлгэе.

Хохирогчийн хувьд хуулийн байгууллагаар асуудлаа шийдүүлж чадаагүй өнөөдрийг хүрсэн бөгөөд сүүлийн үед “гомдлоо татаж хэргээ хаалга” гэсэн шаардлагыг аваад цаашид эмчлүүлж, эдгэрч хөл дээрээ босох найдваргүй болсон тул манай сонинд хандсан юм. Иргэн Л.Мөнгөнчөдөр 35 настай. Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах караокед харуулаар ажиллаж байв. 2020 оны наймдугаар сарын 26-ны шөнийн 23 цагийн үед тус газрын караокед үйлчлүүлсэн иргэн Ц.Тэнгис, Ш.Мөнхсайхан, н.Эрдэнэбулган нар түүнээс  ариун цэврийн өрөө хаана байдгийг заалгаад “Бидний ордог 00 биш байна” гээд нэг цаг гаруйн хугацаанд гурван талаас нь зодож өшгичин, цээжин дээр дэвсэлж, хуйхнаас нь зулгааж, ургуулж  байсан тав гэзгийг угаар нь тасдаж харгис хэрцгий бүхий л аргаар зодсон талаар байцаагчдаа дэлгэрэнгүй мэдүүлжээ.

 

Зодуулснаас хойш Л.Мөнгөнчөдөрийн бие муудаж хоол идэж, бие засч чадахгүй болтлоо хөндүүрлэсээр эмчид үзүүлэхэд Шастины нэрэмжит Улсын гуравдугаар эмнэлэгт яаралтай хэвтэхийг зөвлөж 2020 оны 9 дүгээр сарын 2-ны шөнө яаралтай мэс засалд оруулахаар бүх үсийг хусч бэлдсэн ч мэс заслаа дийлэхгүй, гол судасны уг өгсөх хэсгийг засахад шаардлагатай тоног төхөөрөмж байхгүй гээд 14-ний өдрийг хүртэл хэвтүүлээд эмнэлгээс гаргажээ.

 Эмчлэгч эмч Ж.Эрдэнэсүрэн нь түүний биеийг хүнд байгаа, нас барах хэмжээний зүрхний гол судасны гэмтэлтэй, гадаадад эмчлүүлэх хэрэгтэй гэж өөрт нь болон ар гэрийнхэнд нь хэлсэн байдаг.

 

Хохирогчийн ар гэрийнхэн энэ хугацаанд өөрсдийн зардлаар олон удаа шинжилгээ, оношлогоо хийлгэж Сүн Чон Хян Сүл эмнэлэгт холбогдох материалыг хүргүүлсэн байна. Тус эмнэлгийн зөвлөх эмч Жан Вон Ху профессорын тодорхойлсноор “Гол судасны хуулрал үүссэн, үүнээс болж судас хагарч амь нас эрсдэх аюултай тул сайн чанарын хиймэл судсыг шилжүүлэн суулгах шаардлагатай. Ингэснээр цусны эргэлтийн хэвийн үйл ажиллагаа сэргэх боломжтой. Гэхдээ өөрийн биеэр эмнэлэгт ирж шаардлагатай шинжилгээ оношлогоог хийсний дараа мэс заслын цар хүрээг шийднэ гэхчлэн зөвлөөд эмчилгээний зардлын 200 сая вон болохыг тодорхойлжээ.

 

Иргэн Л.Мөнгөнчөдөр өөрийг нь зодсон хүмүүсийг жүдогийн тамирчин гэдгийг мэдээгүй. Харин уг хэрэг үйлдэгдсэний маргааш нь Монгол Улсын Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар өөрийн биеэр ирж уулзаж зодуулсан нөхцөл байдлыг харж, хоёр найзынхаа өмнөөс уучлал хүсээд гомдол гаргахгүй байхыг гуйгаад хохирлыг нь өөрсдөөр нь барагдуулуулна гээд явсан байна.

Мөн тэр орой нь Ц.Тэнгис, Ш.Мөнхсайхан нар ирж уучлал хүсээд  “эхний ээлжинд шүдээ янзлуулж байгаарай” гээд “эмчилгээний төлбөрт” гэсэн утгатайгаар хоёр удаа нийт  гурван сая төгрөг л шилжүүлсэн байдаг. Харин Л.Эрдэнэбулган гэгчийн тухайд эдүгээ Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байна.

Хохирогчийн хувьд өнөөдрийн байдлаар хэвтэрт хүнд байна. Түүний хувьд хэн нэгэнд ял өгүүлэх бус бүрэн эмчлүүлж хөл дээрээ босож хөдөлмөр эрхэлж ээжийгээ, эхнэрээ, ой гарантай бяцхан үрээ тэжээх л хүсэлтэй.

Гэтэл тулгараад байгаа асуудал нь шүүх эмнэлгийн дүгнэлт клиникийн эмнэлгийн эмчлэгч эмч болон дээр дурдсан Солонгос эмнэлгийн профессорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, “Эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” хэмээн хууль бус, үндэслэлгүй дүгнэлт гаргасан байна. Үүнд хохирогч Л.Мөнгөнчөдөр гомдож АТГ-т шинжээч Т.Номинцэцэгийг “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, албан үүргээ гүйцэтгэх явцдаа бусдад давуу тал бий болгож “хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах, эрүүл мэндээ хамгаалуулах,  нотлох баримтыг шалгуулах эрхийг минь ноцтой зөрчлөө гэж үзээд АТГ-т хандсан.

        

Мөн дээрх өвчнийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн төвөөс гаргасан 4 удаагийн шинжээчийн дүгнэлтийн хариу нь гэмтлийн улмаас үүсээгүй гэх агуулгаар гарсан. Мөн Л.Мөнгөнчөдрийн өгсөн гомдолтой холбоотой мэдээлэхдээ ЦЕГ-ийн Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү олон нийтэд “Тус этгээдүүд тамирчид биш. Ямар нэг спортын зэрэг цолгүй, үзүүлсэн амжилт шагналгүй, бие бялдарын хөгжил сайтай залуус байсан гэдгийг тодотгоё” гэх зэргээр тухайн хэргийг үнэн зөвөөр хуулийн хүрээнд шийдвэрлэх сонирхолгүй байгаа гэсэн хардалтыг төрүүлж байна.

 Хэдийгээр өмнө нь дөрвөн ч удаа шинжээч багийг томилсон ч багийн нэг гишүүн зүрх судасны нарийн мэргэжлийн эмч нарыг оролцууулахгүй, хүсэлтийг хүлээн авахгүйгээр зөвхөн шүүх шинжилгээний эмч нарын 4 удаагын дүгнэлт гарсаар өдийг хүрчээ.

 Дээр нь цагдаагийн байгууллагаас хэргийг удаашруулж маш их цаг алдсаар, сүүлдээ гомдлоо татах, хэргийг хаалгах тухай сануулах болсон тул хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ханджээ.

Мөн энэ тухайгаа УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нарт хандан “Хуулийн байгууллагад шалгагдаж байгаа энэ хэрэгт хөндлөнгийн ямар нэг нөлөөлөлгүйгээ хуулийн хүрээнд үнэн зөвөөр шийдвэрлэх нөхцөл боломжийг хангаж өгөхийг” хүссэн өргөдөл ч бичсэн байна.

 

Хохирогчийн гэр бүлийнхнийг манай сонинд хандах үед бид Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд дахин нэг хандаад үзэхийг зөвлөсөн юм. Учир нь хохирогч, түүний ар гэрийнхэнд дахин шинжээч баг томилох боломжгүй, гурван удаа л томилдог гэж хэлсэн байдаг. Ингээд ШШҮХ-ийн даргатай уулзахад “Шинжээч багийг бид биш Прокурорын байгууллагаас томилдог” гэсний дагуу 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн прокурор болон УЕП-т иргэн Л.Мөнгөнчөдөрийн өмгөөлөгч Т.Мөнх-Оргил дахин өргөдөл гаргасан. Үүнд “оношийн гэмтлээс үүссэнийг мэргэжлийн эмчлэгч эмч нь тайлбарлаад байхад шинжээч эмч “удамшлын шалтгаантай бөгөөд тэрхүү  өвчин нь 2020 оны 9 дүгээр сарын 2-нд үүссэн байх боломжтой”, “эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх үедээ үүссэн эмгэг” гэхчлэн үндэслэлгүй, логикийн хувьд зөрүүтэй дүгнэлт гаргасныг “Хэргийг удаашруулж байна, үнэн зөвөөр шийдвэрлэхгүй байх гэсэн хардалтыг төрүүлж байна. Миний үйлчлүүлэгч хөдөлмөрийн чадвараа 79 хувь алдсан, гэртээ бусдын асаргаанд биеийн байдал хүнд байна, дээрх шийдвэрүүдийн улмаас сэтгэл санаа, эд материалаар их хэмжээгээр хохирсон. Энэ хэргийг шийдвэрлэж дуусах хүртэл амьд байх эсэх нь эргэлзээтэй байна” гээд шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэйг дахих гаргуулахыг Прокурорын байгууллагаас хүсчээ.

Өглөө гэрээсээ гарахдаа ажлаа сайн хийж хайртай хүмүүсээ тэжээх зорилготой ажлаа хийж байсан залуу нэг л шөнө ажлын байран дээрээ хүчирхэг жүдочид болон нэгэн дарга залуу гурвын гарт зэрлэгээр зодуулж ийм их хэмжээний хохирол амсаж “шүдээ эмчлүүлэх” нэртэй гурван сая төгрөг л хүлээн авч олон саяын үнэтэй эмчилгээ, түүний үр дүнд хөл дээрээ босох эсэх нь эргэлзээтэй болоод байна.

ХЗДХ-ийн сайд аа! Хууль сахиулагчид аа! Энд нэр дурдсан жүдогийн тамирчин Ц.Тэнгис, Ш.Мөнхсайхан нар аа! Хохирогч залуу Гавьяат тамирчин Х.Цагаанбаатарыг ирж гуйсан учраас цаг алдаж та нарыг хүлээсэн, эмчлүүлээд өгнө гэж итгэсэн. Одоо түүнд хэн нэгнийг шоронд хорих бус эмчлүүлэх, хөл дээрээ босох, гэр бүлээ тэжээх л чухал байна. Хүн чанар хүсье!

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • иргэн (192.82.75.100)

    2021-04-06

    Монголын тамирчид Соци нийгмийн үед жинхэнэ хүн чанартай байжээ. Хохирогч эрүүл мэндээ бодоод хуулийн байгууллагаар энэ асуудлаа шийдүүл. Одоо шударга цагдаа, шүүгч нар цөөн ч гэсэн байгаа.

  • зочин (49.0.170.162)

    2021-04-06

    Нүгэл нь нүдээрэй гарна даа