Ажлын хэсгийн хуралдаанаар нэр дэвшигчдийн илтгэгч гишүүнийг томиллоо

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн  ээлжит хуралдаан (2021.04.14) цахимаар боллоо. 

    Ажлын хэсгийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанаар сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт ирүүлсэн нийт 53 нэр дэвшигчийг бүртгэсэн тул өнөөдрийн хуралдаанаар "Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам”-д заасны дагуу дээрх нэр дэвшигчдийн Илтгэгч гишүүнийг томилов.

Ингэхдээ Ажлын хэсгийн гишүүдэд тэнцвэртэй байдлаар нэр дэвшигч нарыг тохиолдлын журмаар буюу сугалаагаар тодруулан илтгэгч гишүүнийг томилсон. Ингэснээр сонгон шалгаруулалтыг хараат бусаар явуулах, ашиг сонирхолын зөрчлөөс ангид байх нөхцөлийг бүрдүүлнэ гэж үзсэн байна.

    Илтгэгч гишүүн нь тухайн нэр дэвшигчийн бүрдүүлсэн баримт бичгийн үнэн зөвийг нягтлах, нэр дэвшигчийн талаар мэдээлэл цуглуулах, сонирхсон этгээдээс ирүүлсэн асуулт, саналыг судлах, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас баримт, мэдээлэл гаргуулан авах, нэр дэвшигч хуульд шаардлагыг хангаж буй эсэхийг тодруулах зорилгоор түүний талаар мэдээлэл өгөх боломжтой хүнтэй ярилцлага хийх зэргээр тухайн нэр дэвшигчийн талаар дэлгэрэнгүй тайлан бичиж Ажлын хэсэгт танилцуулахаар тогтлоо.

    Хууль зүйн байнгын хорооноос Ажлын хэсгийн гишүүдэд Монгол Улсын шүүхийн тухай хуульд орсон Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны сонгон шалгаруулалтын үзэл баримтлал, агуулга зарчим, түүнчлэн Хууль зүйн байнгын хорооны 06 дугаар тогтоолоор баталсан “Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам”-ын агуулга, зарчмын талаар сургалтыг зохион байгуулж, гишүүдийн сонирхсон асуултад хариулт өглөө.  

    Хуралдааны үеэр Байнгын хорооны дарга  С.Бямбацогт хэлсэн үгэндээ  “Хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх тогтолцоог бүрдүүлж, шүүгчийн дээр зөвхөн хууль байж, хуулиа баримталж шийдвэр гаргадаг шударга засаглалыг бий болгоход иргэн бүрийн оролцоо чухал” гэдгийг тодотгов. 

    Түүнчлэн Ажлын хэсгийн зүгээс ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ болон ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ шүүгч бус гишүүнд нэр дэвшигчдийн мэдээлэлтэй танилцаж холбогдох санал, мэдээллээ ирүүлэхийг хүссэн. 

 

1.НЭР ДЭВШИГЧДИЙН МЭДЭЭЛЭЛ - http://parliament.mn/n/wasyn 

 

2. ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН БОЛОН ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ ШҮҮГЧ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ http://www.parliament.mn/n/irion 

 

3. АСУУЛТ, САНАЛ, МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ - Galsanbatb@parliament.mn Утас: 51-267155, 51-262727

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)