Орчин цагийн Зэвсэгт хүчний түүхт 100 жилийн ойн баярын хурал боллоо

Аугаа их ялалтын 76 жилийн ойн өдөр Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын 110, Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр давхар тохиолоо. Өмнө нь буюу “Монгол цэргийн өдөр”-өөр буюу 3 дугаар сарын 18-ны өдөр цар тахлын нөхцөл байдал, хорио цээрийн дэглэмээс шалтгаалан дээрх түүхт 100 жилийн ойн баярын хурал, шагнал гардуулах арга хэмжээг зохион байгуулж чадаагүй билээ.

Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдсан энэхүү ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга оролцож, Монгол Улсын Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд түүхт 100 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж, төрийн дээд одон медалиар шагнасан юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийг Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн Хүндэт харуул ёслол төгөлдөр угтан авсны дараа баярын хурал болон шагнал гардуулах ёслол эхэлсэн юм.

Баярын хурлыг нээж, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хэлсэн үгэндээ “Монгол Улсын эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийн хэлхээс түүх нь монгол цэргийн түүхтэй салшгүй холбоотой. Эртний Хүннү улс болоод Эзэн Чингисийн эрэлхэг баатрууд, Манжийн дарлалыг эсэргүүцсэн ард түмний тэмцэл, хөдөлгөөн, тусгаар тогтнолоо дэлхий дахинаа тунхаглан зарласан Ардын хувьсгал, газар нутгийнхаа халдашгүй дархан байдлыг хамгаалан дайтсан Халхын голын байлдаан,  Чөлөөлөх дайн, Баруун хилийн тулгаралтуудын түүхэн ялалт, баатарлаг гавьяа, эх орныхоо энх цагийн бүтээн байгуулалт, даян дэлхийн энхийн үйлст оруулж байгаа хувь нэмэр нь Монгол Улсын цэрэг, армийн түүхийн нэгээхэн хэсэг. Манай алба хаагчид өнгөрсөн зуунаас эдүгээг хүртэлх хугацаанд эх орноо батлан хамгаалах нэн хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй үүргийг амжилттай гүйцэтгэж, эх орныхоо нэр хүндийг олон улсын тавцанд өндөрт өргөж, эх дэлхийн энх тайван, амар амгаланг тогтоох үйлсэд эр зориг, тэсвэр тэвчээр, мэргэжлийн ур чадвараа илтгэж байна. Ингэснээр Монгол цэргийн мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, тэсвэр хатуужил, сахилга зохион байгуулалт өсөн нэмэгдэж, олон улсын түвшинд Монгол цэрэг- дэлхийн цэрэг болж үнэлэгдэж байна” хэмээн тодотгосон юм.

Үүний дараа Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг “Орчин цагийн Зэвсэгт хүчин 100 жил” илтгэл тавьсан ба тэрээр илтгэлийнхээ төгсөлд эх орон, тусгаар тогтнолоо хамгаалсан баатарлаг үйлст ахмад дайчид, Зэвсэгт хүчний хөгжил, цэцэглэлтийг бүтээхэд үнэтэй хувь нэмэр оруулсан бэлтгэл болон чөлөөнд байгаа бүрэлдэхүүндээ гүн талархал илэрхийлж, цар тахлын нөхцөл байдлаас үүдэн хүлээн авч, хүндэтгэл үзүүлж, баяраа хамтдаа тэмдэглэж чадахгүй байгааг дурдаж,  өнөөгийн Зэвсэгт хүчний хөгжил шинэчлэл энэ салбарт ажил, амьдралаа зориулсан бүх хүний хүч хөдөлмөр  гэдгийг онцолж байв.   Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга зарим цэргийн алба хаагч, ажилтан албан хаагч,  ахмад дайчдын төлөөлөлд төрийн дээд одон медаль гардуулж, баяр хүргэсэн юм. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Зэвсэгт хүчний 100 жилийн ойн медалиар Батлан хамгаалах яамны ахмад ажилтан, бэлтгэл хошууч генерал С.Баасанхүү, ЗХЖШ-ын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Б.Алтанхуяг, Батлан хамгаалах яамны ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Ц.Доржготов нар шагнагдав. Мөн Зэвсэгт хүчний 314 дүгээр ангийн захирагч, хурандаа Х.Гансүхийг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн нярав Ц.Төмөртогоог Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн ажиллагааны ахлагч, сургагч ахлагч О.Аaбаяр, Зэвсэгт хүчний 334 дүгээр ангийн ахмад ажилтан, бэлтгэл дэд хурандаа Ч.Ганболд нарыг Цэргийн гавьяаны одонгоор, Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн нярав С.Батцэцэг, Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн ахмад ажилтан Ч.Батжаргал нарыг Алтан гадас одонгоор, Зэвсэгт хүчний Жанжин штабын Бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын мэргэжилтэн, хошууч С.Бямба-Очир, Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн жолооч, ахлах ахлагч А.Уламбаатар нарыг Цэргийн хүндэт медалиар, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын үйлчлэгч Ц.Уламбаяр, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн үйлчлэгч С.Батбаяр нарыг Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга шагнал гардуулсны дараа Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд баяр хүргээд, ойн баярыг тохиолдуулан Монголын Зэвсэгт хүчний түүх, Зэвсэгт хүчний гадаад харилцаа, хамтын ажиллагаа, эх орныхоо хил хязгаар, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, ард иргэдийн аюулгүй байдлыг хамгаалахад оруулсан хувь нэмэр, гүйцэтгэсэн үүрэг, тусгаар тогтнолын төлөө алтан амиа зориулсан баатрууд, ахмад дайчдаа бахархан дурсаж, үйл хэргийг нь мөнхжүүлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувиар нийт ард түмэн, ялангуяа залуу үеийнхэн, хүүхэд, багачууддаа уриалсан юм.

Энэхүү арга хэмжээнд БНӨСУ, ИБНАУ-д үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагч, төмөр замын бүтээн байгуулалтад оролцож буй барилгачин дайчид болон Төрлийн цэргийн командлалуудын удирдлагууд цахимаар оролцов.

Ташрамд дурдахад,цар тахлын халдвараас сэргийлэх үүднээс цөөн тооны алба хаагчийг хамруулсан бөгөөд Цэргийн төв эмнэлгийн эмч, сувилагч нар тус бүрэлдэхүүнээс “Ковид-19”-ийн шинжилгээ авсны дараа дотогш нэвтрүүлсэн юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зочин (192.82.90.161)

    2021-05-10

    зүгээр л баяр хүргэсэн утас вяуулна л биз дээ бөөн реклам