У.Хүрэлсүх: Ард түмний үндэсний эв нэгдлийн төлөө ажиллах Ерөнхийлөгч сөрөг хүчин байж болохгүй

TV9 телевизийн “80 дугаар микрофон” нэвтрүүлэгт Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайд, МАН-ын дарга У.ХҮРЭЛСҮХ оролцож, цаг үеийн асуудлаар ярилцсаныг бүрэн эхээр нь хүргэж байна.

ЗАСГИЙН ГАЗАР ЭНЭ ХҮНД ХЭЦҮҮ ЦАГ ҮЕД БҮХИЙ Л БОЛОМЖ БОЛОЛЦООГОО ДАЙЧЛАН АЖИЛЛАЖ БАЙНА

-Засгийн газрын тэргүүний ажлаа хүлээлгэж өгснөөс хойш та ямар ажлыг хийж амжуулав?

-Ажлаа хүлээлгэж өгснөөс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Шинэ Засгийн газрын 100 хоног тохиож, хийж хэрэгжүүлж буй ажлыг нь анхааралтай ажиглалаа. Мөн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд улс орныхоо төлөө хийж хэрэгжүүлсэн ажил, цаашдын ажлынхаа талаар төлөвлөгөө боловсрууллаа.

-Таныг ажлаа хүлээлгэж өгсний дараа экспертүүд нэлээд дүгнэлт хийлээ. Цар тахалтай тэмцсэн тэмцлийг одоо эргээд дүгнэхэд ямар санагдаж байна вэ?

-Монгол Улс 2020 оны нэгдүгээр сарын 23-нд хилээ хаасан. Тэр цаг үеэс бид цар тахалтай тэмцэх ажлыг эрчимтэй өрнүүлснээр арван сарын хугацаанд халдварыг дотооддоо алдахгүй, амжилттай сайн барьж чадсан. Энэ бол монголчууд бидний хувьд маш том амжилт. Би тэнгэр тэтгэсэн юм болов уу гэж заримдаа боддог. Цар тахал дэлхий нийтэд эрчээ авч, хэдэн зуун мянгаараа амь насаа алдаж байх үед Монгол Улс хамгийн амар амгалан, тайван байж чадсан. Цар тахлыг дотооддоо алдаагүй барьж чадсан арван сарын хугацаа бидэнд цар тахалтай нүүр тулахад бэлэн байдлаа хангах боломжийг олгосон. Нэгдүгээрт, энэ хугацаанд дөрвөн эмнэлгийг ашиглалтад оруулсан. Тухайлбал, Яармагийн Эх, хүүхдийн эмнэлэг, Монгол-Японы хамтарсан эмнэлэг, Улсын хоёрдугаар эмнэлгийг өргөтгөж, Оношилгооны төвийг ашиглалтад оруулсан. Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийг ашиглалтад оруулж, эрүүл мэндийн салбарын хүчин чадлыг нэмэгдүүлж, цар тахалтай тэмцэх нөхцөлийг бүрдүүлсэн. Хоёрдугаарт, эмч, эмнэлгийн ажилтнуудаа сургаж, бэлтгэсэн. Засгийн газраас 200 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийг сайжруулж, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг нэмэгдүүлсэн. Хэрэв бид цар тахал гарлаа гэж мэдэгдсэн даруйд хилээ хааж, хөл хорио тогтоох зэргээр шаардлагатай арга хэмжээг аваагүй байсан бол өдийд сая орчим хүн халдвар авах байсан гэдгийг эрдэмтэн судлаачид тооцож гаргасан байдаг. Үүнээс гадна вакцины сураг гарснаас хойш дэлхийн вакцин үйлдвэрлэдэг томоохон улс орнууд, мөн үйлдвэрүүдтэй нь харилцаа холбоо тогтоож, эхэлсэн. Вакцин оруулж ирэх ажлыг хэсгийг Сангийн сайдаар ахлуулж байгуулсан. Би тэр үед Энэтхэг улсын Ерөнхий сайдтай холбоо тогтоож, захиа илгээхэд долоохон хоногийн дараа хариу илгээж, туслахаа илэрхийлсэн. Ингэснээр манай улс хамгийн түрүүнд “Астразенека” вакцин татан авч, ард иргэдээ дархлаажуулах ажлыг эхлүүлсэн. Улмаар ОХУ, БНХАУ зэрэг хөрш орон маань тусламжийн гараа сунгаж, бидэнд тусалсан. Шинээр байгуулагдсан Засгийн газар энэ хүнд хэцүү цаг үед бүхий л боломж бололцоогоо дайчлан ажиллаж байна. Тэдний дотор миний толгойлсон Засгийн газрын үед ажиллаж байсан туршлагатай олон сайд бий. Нэн ялангуяа Ерөнхий сайд тухайн үед ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан хүний хувьд энэ цаг үед юу хийх, шуурхай ямар арга хэмжээ авах вэ гэдгээ мэдэж, нэлээд туршлагатай ажиллаж, хүн амаа вакцинжуулах ажлыг шуурхай, үр дүнтэй зохион байгуулж байна. Улсын хэмжээнд вакцинд хамрагдах ёстой хүмүүсийн 70 орчим хувь нь нэгдүгээр тунд хамрагдсан бол Улаанбаатар хотод 90 гаруй хувьтай байна. Ерөнхий сайдын ярьж буйг сонсоход Монгол Улс зургаадугаар сарын дунд гэхэд хүн амаа вакцинжуулж дуусгаад, улсынхаа баяр наадам, 100 жилийн ойг айх аюул багатай ёслол төгөлдөр тэмдэглэх юм байна гэсэн өөдрөг сэтгэл төрсөн.

-Та яагаад Засгийн газраа танхимаар нь авч огцорсон юм бэ. Шалтгаан нь үнэхээр тэр эх, хүүхдийн асуудал байв уу. Засгийн газраа бүрэн бүрэлдэхүүнээр нь авч огцорсон үйлдлээрээ юуг үлгэрлэх гэсэн юм бэ?

-Тухайн үед надад хоёр сонголт байсан. Энэ бол улс төртэй холбоотой. Дөнгөж амаржсан эхийг нярайтай нь хамт нүцгэн авч гарсан нь монголчуудыг бухимдуулах нь аргагүй. Гэхдээ энэ асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, сөрөг хүчин АН оролцож, давхар улс төр хийсэн. Ард иргэдийн төр засагт тавьж буй шаардлагыг улс төрийн зорилгоор мушгин гуйвуулж, УОК, Засгийн газрыг огцруулах, цаашлаад парламентыг тарааж, Монгол Улсад нэг хүний дарангуйллыг тогтоох улс төрийн зорилготой төлөвлөлтийг тухайн үед явуулсан. Хууль хүчний байгууллагынхан Ерөнхий сайдыг мэдээллээр хангадаг. Тиймээс энэ тухай мэдээллийг би тухайн үед авч байсан.

Шүүхийн тухай хуулийг баталсан үеэс тэр асуудал бүр илүү эрчээ авсан. Бид 12 жилийн турш хонгилын шүүхийн тухай ярилаа. Нэг нөхөр Ерөнхийлөгч болоод хонгилын шүүхийн түлхүүрийг атгаад хүмүүсийг хэлмэгдүүлж, ял тулгадаг. Дараагийнх нь өмнөх Ерөн-хийлөгчөөсөө өшөө авдаг гэх мэтээр хонгилын шүүх үргэлжилдэг. Тиймээс энэхүү хонгилын шүүхийг таслан зогсоож, шүүхийг бие даасан хараат бус болгохгүй л бол нийгэмд шударга ёс тогтохгүй нь гэдгийг бид олж хараад бүтэн хоёр жилийн хугацаанд Шүүхийн шинэчлэлийн тухай хуулийг боловсруулж, хэлэлцээд нэгдүгээр сарын 15-нд баталсан. Энэ үеэс улс төрийн үйл ажиллагаа эхэлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн шүүгчийг томилдог эрх мэдлийг хязгаарлаж, шүүхийн байгууллагынх нь мэдэлд өгсөн. Тиймээс У.Хүрэлсүх, түүний Засгийн газрыг унагаах улс төрийн үйл ажиллагааг явуулж, намайг улс төрийн хавханд оруулсан.

Миний хувьд нефтийн үйлдвэр, цэвэрлэх байгууламж, авто болон төмөр зам зэрэг эхлүүлсэн томоохон бүтээн байгуулалтын ажлаа дуусгаж, үр дүнг нь үзэх, засаг төр маань тогтвортой ажиллаасай гэж бодож, байгаа бүхий л боломж бололцоогоо дайчлан ажилласан. Бидний эхлүүлсэн, хийж байгаа ажлыг ард түмэн харж байгаа учраас тэр хэрээр надад их итгэж байсан. Харамсалтай нь, надад ажиллах боломж олгоогүй. Хүмүүс жагсаж, УИХ-ын гишүүн С.Ганбаатар өлсгөлөн зарласан. Тэдний зорилго бол Монгол Улсад өнөөдөр болоод байгаа нөхцөл байдлыг бий болгох байсан. Мөн намайг Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гээд над руу улс төрийн “галлагаа” хийж эхэлсэн. Цаашид Засгийн газар үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй нөхцөл байдал руу шилжих юм байна гэдгийг мэдэрсэн. Яагаад гэвэл, би олон жил улс төрд явж, олон Засгийн газар унаж, босохыг харсан. Нөхцөл байдал удаан үргэлжилбэл цаанаас нь турхирч, бослого тэмцэл гарч улс төрийн тогтворгүй байдал үүсэж, улс орноо алдаж магадгүй байсан. Би хэдэн сайдаа золиосонд гаргаж, өөрөө албан тушаал дээрээ үлдэж, үлгэн салган явж болох байсан ч ийм сонголт хийгээгүй. Харин үүний оронд эр зориг гаргаж, эр хүн шиг, цэрэг хүн шиг бүх галыг өөр дээрээ авч, хариуцлагаа үүрч огцроод, шинэ Засгийн газрыг маш яаралтай байгуулж, төр засаг тогтвортой ажиллах боломжийг нь бүрдүүлэх сонголт хийсэн. Цар тахлын энэ хүнд үед Засгийн газар тогтвортой ажиллаж, халдварыг ялан дийлэхээс илүү чухал эрх ашиг гэж байхгүй учраас улс төрийн ийм зоримог шийдвэр гаргасан юм.

ЭНЭ ҮҮСЭЭД БУЙ АСУУДАЛ БОЛ УЛС ТӨРИЙНХ БИШ ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН АСУУДАЛ

-Ойлголцох гарц, гаргалгаа байгаагүй юу. Ерөнхийлөгч та хоёр яагаад хоёр тийшээ харчихсан юм бэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч бид хоёр маш сайхан хамтарч ажилласан цаг хугацаа бий. Томоохон олон ажлыг эхлүүлж, ард нь гарч байлаа. Хувь хүнийхээ хувьд бид хоёрын хооронд ямар нэгэн маргаан байхгүй. Харин улс орны хөгжил дэвшил, хууль дүрмийг хэрэгжүүлэх тухай асуудалд бид хоёрын дунд маргаантай зүйл байдаг. Би төрийн тэргүүнд “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, тэр тусмаа энэ зөвлөлийн гурван гишүүн төрийн хууль, дүрмийг зөрчиж болохгүй. Зөвхөн хуулийн хүрээнд ажиллах ёстой. Ерөнхийлөгч, Засгийн газар, парламент гээд хэн нэгнийхээ ажил руу хөндлөнгөөс орохгүй” гэдгийг олон удаа анхааруулж хэлж байсан. Шүүхийн тухай хуулийг баталснаас болж бидний дунд анхны үл ойлголцол бий болсон. Өөрөөр хэлбэл, шүүхийг хараат бус, бие даасан байгууллага байх ёстой гэдэгт зарчмын санал бодол зөрсөн. Ерөнхийлөгч болохоор шүүх засаглалыг өөр дээрээ авч, бүх шүүгчид өөрөө үүрэг даалгавар өгөх гээд байдаг. Харин бид шүүх засаглалыг хараат бус, бие даасан байдалтай байлгах зорилготой. Бид хэчнээн жил нэг хүнээс хараат шүүх, прокурортой байж, дургүй нам, улстөрчийг залхаан цээрлүүлдэг хэрэгсэл болгож явах юм бэ. Би Монгол Улсад сонгодог парламентын засаглал байгаасай гэж боддог. Шударга нийгэм байгуулъя гэж хүн бүр ярьдаг хэрнээ хэрэг дээрээ эрх зүйн орчноо бүрдүүлээд эхлэхээр түүнээс татгалзаж эхэлдэг. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүн буюу Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нэг цонхоор нэгэн зүгт харж, Засгийн газрынхаа эхлүүлсэн томоохон ажлыг дэмжиж, урам зориг хайрлаж, хамтарч ажиллаж байж үр дүнг нь үзэж, улс орон хөгжин дэвшиж, ард иргэдийн амьдрал ахуй сайжирна гэдгийг би зүрх сэтгэл, яс махаараа мэдэрсэн учраас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байна. Ерөнхийлөгч Үндсэн хууль дээрээ гараа тавьж, Монгол Улсын ард түмний үндэсний эв нэгдлийн төлөө ажиллахаа тангарагладаг. Тийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгч сөрөг хүчин байж болохгүй. Парламентад л сөрөг хүчин байдаг. Хэрэв төр засаг буруу ажиллавал ард түмэн сөрөг хүчин болдог болохоос Монгол Улсын Ерөнхийлөгч нь өөрөө сөрөг хүчин болоод гудамж талбайд гарч, ард түмнийг уриалж, турхиран жагсаал цуглаан хийх үйлдэл гаргах ёсгүй. Энэ бол Үндсэн хуулиар хориотой.

-У.Хүрэлсүх тэргүүтэй МАН-ынхан Цэцэд нөлөөлж байгаад Х.Баттулгыг нэр дэвших эрхгүй болгочихлоо гэдэг яриатай зэрэгцээд таны ярьж байгаа асуудал гарч ирж байна. Ийм зөрчлүүдийг тайлбарлахад төвөгтэй юм. Та үүнийг юу гэж тайлбарлах вэ?

-У.Хүрэлсүх дарангуйлал тогтоох гэж байна гэдэг яриа намайг байгалийн баялагтай тэмцэж эхэлсэн үеэс гарсан. Би Худалдаа аж үйлдвэрийн танхимд бизнесийнхэнтэй уулзах үеэрээ “Бизнесийн ертөнцөд байгаа зэрлэгийг зулгаасан болохоос зүлгийг нь зулгаагаагүй шүү” гэж хэлсэн. Би байгалийн баялаг, улсын үйлдвэрүүдийн газрыг хулгайлж байгаагүй. Харин хулгайд алдагдсан байгалийн баялаг, улсын үйлдвэрийн газрыг хурааж, эх орон, ард түмнийхээ мэдэлд авч ирсэн. Монголын ард түмэн байгалийн баялагтаа эзэн байж, хувь хишгийг нь хүртээсэй гэдэг зорилгын төлөө ажиллаж, тэмцсэнийхээ төлөө “дарангуйлагч” гэдэг нэр хоч зүүж байна. Цаашид миний үр хүүхэд хэн нэгэн хүний өмнө биш, хуулийн дор мөргөж амьдраасай гэж хүсдэг. Хүн тэнгэрийн дор төрж, хуулийн дор захирагддаг жамтай учраас бидний баталсан Үндсэн хууль бол ардчилсан хууль. Хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлсэн, парламентын засаглалыг хамгаалсан Үндсэн хуультай учраас хэрэгжүүлэх ёстой. Энэ хуулийг өөрчилж болохгүй.

МАН Цэцэд нөлөөлж байгаад одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг нэр дэвших эрхгүй болголоо гэж зарим нэг хэсэг нь ойлгож байх шиг байна. Үндсэн хуулийн Цэц гэдэг бол бие даасан шүүх байгууллага. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд Ерөнхийлөгчийн нэр дэвшихтэй холбоотой заалтыг 2025 оноос дагаж мөрдөхөөр заасан. Гэтэл тухайн төслийг хэлэлцэж байх үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өөрөө 2020 оноос дагаж мөрдөх санал оруулж, өөрчилсөн. Хамгийн том маргаантай асуудал нь энэ. Гарын үсэг зурахаас өмнө Үндсэн хуулийг уншиж, судлаагүй хайнга хандсанаас болж эцэст нь ийм маргаан дагуулж байна. Энэ үүсээд буй асуудал бол улс төрийнх биш Үндсэн хуулийн Цэцийн асуудал. Үүнд МАН, МАН-ын дарга, хэн нэгэн нөлөөлөөд шийдчихдэг асуудал биш.

-Ийм засаглал, тогтолцоотой байхад нам дарангуйлах боломж байна уу, үгүй юү гэдэгт эргэлзээ байна?

-Нэг намын дарангуйлал бий болж тогтоно гэвэл манай намын мянга мянган гишүүн үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Жишээ нь, МАН-ын дарга би чинь бэлгэ тэмдгийн шинж чанартай хүн. Би МАН-ыг зөвхөн гадаад, дотоодод төлөөлнө. Харин миний хажууд намын даргын эрхийг жинхэнэ хэрэгжүүлэх субьект бол намын Удирдах зөвлөл. 31 хүний бүрэлдэхүүнтэй. Дараа нь намын Бага хурал, Их хурал гээд бүх шатандаа асуудлаа ярьдаг. Монголын улс төрийн намууд бүгд ардчилсан хүчин. Монголд нэг намын дарангуйлал оршин тогтнох боломжгүй. Яагаад гэвэл, Монголын ард түмний эрх, эрх чөлөөг Монголын парламент хангаж байгаа. АН-ын Монгол, МАН-ын Монгол гэж байхгүй. Бид ганцхан Монголтой. Энэ бол бидний эх орон.

-Үүнийг танаас асуусан шалтгаан нь АН-ын хагараад буй нөхцөл байдлыг МАН хийж байна. Тэр дундаа МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших У.Хүрэлсүх сонгуулийн ринг дээр өөртэйгөө тулах өрсөлдөгчөө захиалж гаргаж ирж байна. Тэр хүн нь С.Эрдэнэ гэх мэтээр ярьж байна. Энэ асуудалд танаас хариулт авъя?

-Би ямар ч хүчтэй улс төрийн ринг дээр сайхан барилдаан үзүүлнэ гэж бодож байсан. Харамсалтай нь, энэ надаас шалтгаалахгүй зүйл. Би хэнээс ч айж, зүрхшээдэггүй. Би давбал тугаа сайхан тойроод явчихна. Өвдөг шороодвол эр хүн шиг тахимаа өгнө. Улс төр бол ерөөсөө л ийм. Хууль л шийднэ. Түүнээс биш үүнийг аль нэг намын дарга юм уу, өрсөлдөгч шийдэхгүй. Цаашид бид хуулиа барьж ажиллах ёстой. Надад нэг сонин зүйл ажиглагдсан. Хууль бус шийдвэр гаргуулах гээд шахаад байх юм. АН-ын зарим нөхөд “Танай нам эрх барьж буй юм чинь шүүх, Цэц рүү яриад шийдчихээч, яагаад болдоггүй юм. Тэгвэл улс төрийн тэмцэл, жагсаал цуглаан танайхаас холдож, бид ч гэсэн учраа олчихно” гэдэг юм. Ингэвэл төр засаг, хууль дүрэм, Үндсэн хуулийн Цэц, Дээд шүүх гэдэг байгууллага байгаад яах юм бэ.

МОНГОЛ УЛСЫН НИЙТ НУТАГ ДЭВСГЭРИЙН 70 ХУВИЙГ ЛИЦЕНЗ БОЛГОЧИХСОН БАЙСАНТАЙ БИД ТЭМЦЭЖ, ҮР ДҮНД ХҮРСЭН

-Оюутолгой, Дубайн гэрээ гээд нийтлэг эрх ашгийн төлөө тавигдаж байгаа томоохон төсөл хөтөлбөрүүдэд ямар байр суурьтай байдаг вэ. Монгол Улсын төрийн тэргүүний баримталдаг бодлого, зарчим нь ямар байгаасай гэж боддог вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсынхаа тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмнийхээ төлөө үйлчлэх ёстой хүн. Энэ бол төрийн тэргүүний үндсэн үүрэг. Нийгэмд шударга ёс тогтоох асуудалд хоёр зүйлийг боддог юм. Нэгдүгээрт, хууль хүчний байгууллага бие даасан, хараат бус байгаасай. Хоёрдугаарт, Монгол хүн байгалийн баялагтаа эзэн байгаасай. Ингэж байж нийгэмд шударга ёс тогтоно. Тиймээс энэ ажлыг би Ерөнхий сайд байхдаа эхлүүлж байсан. 2018 оны нэгдүгээр сарын 23-нд Оюутолгойн асуудлаар Оюутолгойн гүйцэтгэх захиралтай төрийн ордонд уулзах үедээ “Оюутолгойн гэрээ бол Монголын ард түмний эрх ашигт үл нийцэж байна. Энэ гэрээг өөрчлөн сайжруулах, Дубайн гэрээг цуцлах ёстой. Та бид харилцан ашигтай ажиллах нь тодорхой. Гэхдээ Дубайн гэрээгээр Монголын талын ашиг, үр өгөөж багассан. Тийм учраас бид ажлын хэсэг байгуулна. Даргаар нь ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар ажиллана” гэж байр сууриа хатуу илэрхийлж байлаа. Мөн “Монголын ард түмэн байгалийн баялагтаа эзэн болсон. Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг гэдгийг санаж, та бүхэн Монгол Улсын хууль тогтоомжид хүндэтгэлтэй хандаж ажиллаарай. Ингэж байж энэ том төсөл цаашаа хөдөлнө шүү. Монгол Улс бол тусгаар тогтносон, бие даасан улс шүү. Үүнийг байнга бодож, хүндэтгэж яваарай” гэж хэлж байсан. Түүнээс хойш Оюутолгойн асуудлаар хамтарсан ажлын хэсэг гарч ажилласан. Дараа нь тухайн ажлын хэсгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа удирдаж байлаа. Бид татварын акт тавьж, Рио Тинто төлбөрөө шилжүүлснийг бид ард түмэндээ өгсөн. Тийм учраас олон улсын ямар ч шүүхийн байгууллагын өмнө очиход Монгол Улс үүнийг давж гарна гэдэгт итгэл төгс байгаа. Харин одоо бид байр суурин дээрээ хатуу зогсох ёстой. Ер нь эмх замбараагүй зүйл их болсон. Шударга ёс, байгалийн баялгийн төлөө тэмцэх нь их эрсдэлтэй ажил. Эр зориг гаргаж, нэлээд бүдүүн зүрхтэй байж хийдэг ажил юм билээ шүү. Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа үүнийг биеэрээ мэдэрч байсан. Намайг Ерөнхий сайд болоход уул уурхайн салбарын баялаг, улсын үйлдвэрийн газрууд бүгд алдагдчихсан байлаа. Заримыг нь манай ард түмэн өөрсдөө ч мэддэггүй байж. Жишээлбэл, “Эрдэнэт” үйлдвэр, “Мон-голросцветмет”, Бор-Өндөр, Багануурын уурхай хууль бусаар бусдын гарт алдагдсан байсан. 2016 онд Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын ажлаа өгөхдөө “Эрдэнэт” үйлдвэрийг хувийн хэвшилд олгосон. Гуя дагаж хүзүү гэдэгтэй адилхан маш олон лицензийг шилжүүлсэн байдаг. Тиймээс Ерөнхий сайд болсныхоо дараа юуны түрүүнд эдгээрийг эргүүлж авах зорилго дэвшүүлж, үүний төлөө зоригтой, тууштай байх тангараг дотроо өргөж, Засгийн газрынхаа гишүүдэд хатуу үүрэг өгч, үүний төлөө ажилласан. Тэгээд бид “Эрдэнэт” үйлдвэрийг хураан авч, улсын мэдлийнх болголоо. Улс орон, ард түмнийхээ ганц том “саалийн үнээг” буцааж авахад асар том зориг, тэвчээр шаардаж, ихээхэн тэмцэл өрнөсөн. Зарим хүн “У.Хүрэлсүхээ амь насаа бодоорой, аюултай шүү” гэж хэлж байлаа.

2016 онд “Эрдэнэт” үйлдвэр хувьчлагдсаныхаа дараа жилд 184 тэрбум төгрөгийг улсын төсөвт тушааж байсан бол улсын мэдэлд эргүүлж авсны дараа жилд нэг их наяд төгрөгийг төвлөрүүлж байна. Өдөр шөнө шиг ялгаатай байгаа биз. Үүнийг дагуулаад Асгат, Салхит, Тост, тосон бумба, Гутайн даваа, Ноён уул гээд олон орд газраа буцааж авсан. Манай Засгийн газар дөрвөн жилийн хугацаанд 938 лиценз цуцалсан. 7.2 га газрыг чөлөөлсөн. Зүйрлэж хэлбэл, Увс аймгийн хэмжээний газар нутгийг бүрэн чөлөөлжээ. Бүгдийг нь лиценз болгоод гадаад, дотоодынхонд өгчихсөн байсан. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 70 хувийг лиценз болгочихсон байсантай бид тэмцэж, үр дүнд хүрсэн.

-Намын даргын тань хувьд асуух асуулт байна. Хариуцлага гэж хамгийн чанга дуугарсан хүн одоо үүсээд буй асуудлыг хүлээн зөвшөөрч байгаа юм шиг яагаад чимээгүй яваад байна вэ. МАН-аас сонгогдсон албан тушаалтнуудын гаргаж буй ёс бус үйлдэлд яагаад хариуцлага тооцохгүй байна вэ?

-Би Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа дөрвөн сайд, хоёр төрийн нарийн бичгийн дарга, 17-18 хэлтсийн дарга нарыг хариуцлага алдсан гэж ажлаас нь огцруулж байсан. 2020 оны УИХ-ын сонгуульд ЖДҮ-д холбогдсон асуудлаар 24 гишүүнээ “суулгаж” байлаа. Ерөнхий сайд, намын дарга болсноосоо хойш хариуцлага тооцож байгаа зүйл маань энэ.

Үүнийг цааш нь үргэлжлүүлэх ёстой. Би Ц.Анандбазарыг холбогдох газарт нь хэлж байгаа. Гишүүнээс нь түдгэлзүүлээд шалгах ёстой. Гэхдээ гишүүнээс түдгэлзэх эсэх нь тухайн УИХ-ын гишүүний өөрийнх нь асуудал. Ц.Анандбазар өөрөө өргөдлөө өгч байж түдгэлзэнэ. Эсвэл хууль хяналтын байгууллага энэ хүнийг түдгэлзүүлж байж шалгах хоёр дахь зам байгаа. Ц.Анандбазарыг хүмүүсийн гаргасан гомдлын дагуу цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм билээ.  Хэрвээ энэ хүнийг үнэхээр буруутай гэж тогтоовол хариуцлага үүрэх ёстой. Буруугүй бол буцаад л ороод ирэх болно. Тийм учраас энэ хүн түдгэлзэж байгаад шалгуулах ёстой гэж намын даргын хувьд өөрийнхөө зарчмын байр суурийг илэрхийлсэн. Үгүй юм бол намаас нь түдгэлзүүлэх асуудлыг ярьж байгаа. Тэгээд шалгуул, үнэхээр гэм буруугүй гэвэл намдаа эргүүлж авъя, гэм буруутай гэвэл намын тухай асуудлыг нь ярина. 

Мөн УИХ-ын гишүүн Сү.Батболдын оффшорын асуудал бий. Би “Та үнэхээр оффшортой хүн үү, үгүй юү гэдэг асуудлаа хууль хяналтын байгууллагаар шалгуул. Таны наад оффшорын асуудал МАН, улс орны нэр хүндтэй ч холбогдож байна” гэж хэлсэн. Тэр хүн энэ асуудлаа шалгуулж байгаа.  Цагдаа, тагнуул, хууль хяналтын байгууллага шалгаж байгаа гэдэг мэдээлэл авсан. Буруутай юу, үгүй юү гэдгийг шүүх шийдэх ч эцсийн шийдвэр гараагүй байна. Хэрвээ хууль хяналтын байгууллагынхан энэ хүмүүсийг буруутай, хууль зөрчсөн гэж тогтоовол хариуцлага хүлээх ёстой. Улс төрийн хариуцлага гэж бас байна. Энэ бол дахин нэр дэвшүүлэхгүй байх, намаасаа хасах явдал бөгөөд хариуцлагыг шат шатандаа тооцож явах ёстой.

-Хувь хүн У.Хүрэлсүхтэй холбоотой, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг цохисон, Ерөнхийлөгч Х.Баттулгатай заамдалцсан, өшиглөлцсөн гэх мэт асуудал гарч байна. Үүнд та тайлбар өгч болох уу?

-Би Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа учраас улс төрийн л юм яваад байна. Нэг өглөө сэрэхэд л нэг хүнийг зодчихсон, нэг асуудалд холбогдчих гээд байх юм. Үүнд хүмүүс итгэж үнэмшээд байх шиг байна. Би залуудаа бол үзвэл үзчихдэг эр хүн байсан. Одоо би 50 гарсан,  намын дарга, Ерөнхий сайд байсан хүн. Хүнтэй зодолдоод, зодоод байх нь ёс зүйн талаасаа ч, нас намба, хашиж байсан, хашиж байгаа албан тушаалаа бодсон ч байж болохгүй зүйл шүү дээ. Энэ бол дэл сул яриа. Ардчилсан орон учраас хүмүүс сошиал орчинд дуртайгаа л зохиож бичих юм. Юу гэж л Ерөнхий сайдаа барьж аваад зодоод байх билээ дээ.

-Сошиалаар яваад байгаа энэ олон зодооны  нэг нь ч болоогүй гэсэн үг үү?

-Тийм ээ.

-Та улстөрч, намын дарга хүний хувьд Монгол орныхоо ирээдүйг хэрхэн харж байна вэ. Шударгаар хөдөлмөрлөж, ажиллавал зүй ёсны хөлс урамшууллаа авдаг, ахиж дэвшдэг болоход хэр хугацаа шаардлагатай юм бэ?

-Би улс орноо сайхан улс болоход 4-12 жил байна гэж харж байгаа. Маш холгүй хугацаа. “Алсын хараа-2050” хөтөлбөрийг баталсан. 2050 онд Монгол Улсын хүн ам таван саяд хүрнэ. Улсаа хөгжүүлэх энэ хугацаанд  бид хэд хэдэн томоохон ажлыг хийх ёстой. Нэгдүгээрт, эрчим хүчээр эх орноо 100 хувь хангах ёстой. Эрчим хүчгүй бол эмнэлэг, сургууль гээд юу ч хөдлөхгүй шүү дээ. Хоёрдугаарт, дотоодоо нефть шатахуунаар бүрэн хангах учиртай. Гуравдугаарт, хүнсээр эх орноо хангах ёстой. Гадаадаас хүнс авдаггүй байх хэрэгтэй. Дөрөвдүгээрт, дэд бүтэц. 21 аймаг, 103 сум маань таван том боомттойгоо автозамаар холбогдлоо. Одоо цаашид төвлөрсөн томоохон газрууд руу засмал зам тавих ажлыг үргэлжлүүлнэ. Сэтгэл гаргавал ажил бүтдэг юм байна гэдгийг бид өнөөдөр харж байна.  Бид 20 жил утаа ярьж, 800 тэрбум төгрөгийг зарцуулсан. Ерөнхий сайд болоод ажил авахад хамгийн хүндрэлтэй нь утаа, дараагийнх нь гурван ээлжээр хичээллэдэг сургуулийн асуудал байлаа.

Ерөнхий сайд байхдаа миний хийсэн айлчлал бүгд үр дүнтэй болсон

-Таныг Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байх хугацаанд ашиглалтад оруулсан ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн статистик тоо байна уу?

-Намайг Ерөнхий сайдаар ажилласан хугацаанд бид улсын хэмжээнд нийт 177 сургууль, 287 цэцэрлэгийг шинээр барьж ашиглалтад оруулсан. Алдагдсан өмч хөрөнгөө улсад буцаан авснаар цар тахлын үед бид хэд хэдэн томоохон ажлыг хийлээ. Хүүхдийнхээ мөнгийг тав дахин нэмэгдүүлж, 100 мянга болгосон. Энэ бол цар тахлыг давахад ард түмэнд маш их тус дэм болж байгаа. Бид “Эрдэнэт” үйлдвэрийг улсын өмч болгосны үр дүнд айл өрх, аж ахуйн нэгжүүдийн ус, цахилгааны мөнгийг төрөөс хариуцан төлж байна.  Хэрэв “Эрдэнэт” үйлдвэр хувийнх байсан бол бидэнд ингэж хөнгөлөлт тусламж үзүүлэхгүй байсан. Байгалийн баялаг эзэндээ очно гэж үүнийг хэлж байгаа юм. Мөн Улаанбаатар хотын 240 мянган айл өрхийн түлш болох сайжруулсан шахмал түлшний үнийг 75 хувиар буурууллаа. Энэ бол тухайн айл өрхийн амьжиргаанд тодорхой бодитой дэмжлэг болсон гэж харж байна. Оюутолгойн асуудлаар тодорхой арга хэмжээ авсны үндсэнд иргэн бүрд 300 мянган төгрөгийн дэмжлэг үзүүллээ. Энэ бол бас л байгалийн баялаг. Энэ мэтээр бид байгалийн баялагтаа эзэн болж чадвал, ашиг шимийг нь хүртэх бүрэн боломж байна.

Халамжийн бодлогоос хөдөл­мөрийн бодлого руу шилжих зорилго дэвшүүлсэн. Төрөөс халамж авах дөрвөн бүлэг бий. Нэгдүгээрт, ахмад настан. Хоёрдугаарт, нялх үрс. Гуравдугаарт, хөгжлийн бэрхшээлтэй иргэд. Дөрөвдүгээрт, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх. Эдгээр бүлгийнхэн төрөөс хайр халамж авах эрхтэй. Бусад нь эх орон  болон өөрийнхөө сайн сайхны төлөө ажиллаж хөдөлмөрлөх ёстой. Тийм учраас халамжаас хөдөлмөрийн бодлогод шилжье гэж байгаа. Улс орны амьдралыг өөд нь татаж, шударга ёс тогтоохын тулд өргөс авсан мэт нэг л өдөр бүхнийг хийж чадахгүй. Алхам алхмаар  ажлаа сайжруулж байж үр дүнд хүрнэ. Үүний тулд төр засаг тогтвортой ажиллах ёстой.

-Гадаад харилцааны салбарт таны баримталж байсан гол бодлого, зарчим юу байв?

-Би гадаад харилцааг эдийн засагжуулах ёстой гэж үзсэн. Томоохон төсөл хөтөлбөрт анхаарч, энэ чиглэл рүү түлхэж ажилласан. Би Ерөнхий сайд байх хугацаандаа томоохон зургаан айлчлал хийсэн.  Шадар сайд байхдаа Энэтхэг улсад айлчилж байсан. Эдгээр айлчлал бүгд үр дүнтэй болсонд баяртай байдаг. Монгол Улсын Ерөнхий сайд 2011 оноос хойш ОХУ-д айлчлаагүй. Олон жилийн дараа би Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар хөрш орондоо албан ёсны өндөр дээд хэмжээний айлчлал хийсэн нь маш чухал ач холбогдолтой болсон. Тухайн айлчлалаар хоёр том асуудал ярьсан байгаа юм. Нэгдүгээрт,  гучин жил ярьсан хийн хоолойн асуудал. ОХУ, БНХАУ-ыг холбосон хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан өнгөрүүлэх асар том мега төслийн асуудлыг бид шийдсэн. Үүнд Владимар Владимирович маш их сэтгэл гаргаж дэмжлэг үзүүлсэнд  баярладаг. Монголын ард түмэн ч үүнд баярлаж явах хэрэгтэй. Хийн хоолойн асуудал амжилттай явж байна. Үүнийг бид 30 жил ярьсан. Одоо хөдөлж байна. Хамтарсан компаниа байгуулчихсан. Саяхан Оросын талаас төлөөлөгчид ирж, Монгол Улсын нутаг дэвсгэрээр явж үзээд аль маршрутаар хийн хоолойгоо татах вэ гээд газартайгаа танилцаж, гэрээ байгуулаад явлаа. Урд хөрш маань үүнийг дэмжиж байгаа. 2015 оноос хойш гурван улсын Ерөнхийлөгчийн яриад байгаа эдийн засгийн коридор ч үүний ачаар хөдөлгөөнд орж байна. Ингээд Монгол Улс хоёр хөрштэйгөө эдийн засгийн интеграцад орж байна. Энэ бол маш том, чухал асуудал.  Хоёрдугаарт, эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ хэлэлцээр байгуулсан. Үүний үр дүнд  бид “IV цахилгаан станц”-аа өргөжүүлсэн. Зүйрлэж хэлбэл, арван аймгийг эрчим хүчний эх үүсвэрээр хангах боломжийг бид оросуудтай хамтран бий болголоо. 

Дараагийн айлчлал БНХАУ-ынх байсан. Ши Жиньпин болон Хятадын төрийн зөвлөлийн дарга Ли Көцян дарга маш сайхан хүлээж авсан. Бид БНХАУ-д айлчлахдаа хоёр том зүйлийг шийдэж чадсан гэж бодож байгаа. Нэгдүгээрт, хөрөнгө санхүүгийн асуудал.  Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барьснаар бид баруун таван аймгаа цахилгаан эрчим хүчээр хангаж, гаднаас эрчим хүч авахгүй болно гэсэн үг. Мөн баруун таван аймагт жижиг, дунд хөнгөн үйлдвэр хөгжүүлэх боломжтой болж байна. 1968 онд ОХУ-ын эрдэмтэн судлаачид Эрдэнэбүрэнд очиж үзээд энд усан цахилгаан станц барьж болно гэснээс хойш маш удаан хугацаа өнгөрлөө.  Хөрөнгө санхүү зураг төсөл бүх зүйл нь бэлэн болсон. Цар тахлаас болоод ажлыг нь эхлүүлж чадахгүй байна. Дараагийн нэг чухал шийдвэрлэсэн асуудал бол цэвэрлэх байгууламж. Энэ талаар бид сүүлийн 25 жил ярьсан. Улаанбаатар хот 1.5 сая хүн амтай. Энэ бүх хүний амьдрал ахуйтай холбоотой Төв цэвэрлэх байгууламжаа шинээр барьж байна.

Хятад улсад хийсэн айлчлалд манай хувийн хэвшлийн нэлээд хүн багтсан. Тэр үед хоёр орны бизнес эрхлэгчид 4.5 тэрбум ам.долларын хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр байгуулсан.

-Бараг л улсын төсвийн хэмжээний хөрөнгө оруулалт байна шүү?

-Тийм. Энэ бол маш том амжилт. Үүний дараа АНУ-д гурав дахь айлчлалаа хийж,  саарал усны үйлдвэр барих нэг том асуудлыг шийдсэн. Эрдэмтэн судлаачид Улаанбаатар хотыг 2030 онд усгүй болно гэж тогтоосон. Тэгвэл энэ асуудлыг бид дахиад 100 жилээр сунгасан. Мөн айлчлалын хүрээнд Мянганы сорилтын сангаас 350 сая ам.долларын буцалтгүй тусламж авч чадлаа. Тухайн үеийн ханшаар 800-аад тэрбум төгрөг. Энэ нь Улаанбаатар хотын иргэдэд асар том ач тусаа өгч,  усны хомсдолд орохгүй болсон. Нэг ёсондоо хэрэглэсэн усаа дахин ашиглана. Өөрөөр хэлбэл, Хятадын талтай хамтарч барих шинэ цэвэрлэх байгууламжаас гарсан бохир усаа Америкийн талтай байгуулж буй саарал усны үйлдвэрт угаагаад ахуйн зориулалттай ус болгоод цахилгаан станц руу өгнө гэсэн үг.

Дараагийнх нь Япон улсад хийсэн айлчлал. Үүний хүчээр хоёр орны Ерөнхий сайд шинэ нисэх онгоцны буудлыг ашиглалтад оруулах тухай ярилцаж байсан бол одоо 37 км хурдны замтай, жилдээ гурван сая хүн хүлээн авах хүчин чадалтай буудлыг ашиглалтад оруулаад байна.  Зөвхөн иргэний агаарын тээврийн биш хүнд даацын тээврийн онгоц Монголд ачаа бараагаа буулгаад нисэх боломж нөхцөлийг бүрдүүлсэн.

Энэтхэг улсад албан ёсны айлчлал хийсний үндсэнд бид газрын тосны үйлдвэрээ байгуулж байна. Энэ бол Монголын ард түмний 100 жилийн хүсэл мөрөөдөл шүү дээ. Би нэг зүйлийг огт мартдаггүй юм. 2019 онд Японы эзэн хааныг залах ёслолд намайг оролцоход хүлээн авсан хүн нь Монгол Улсад 20-оод жил Элчин сайдаар ажилласан Шимизү гуай байсан. Монгол хэлээр маш сайн ярина. Эзэн хаанд бараалхаад буцах замд Шимизү Элчин сайд намайг гаргаж өгөхдөө онгоцонд суухын өмнө хэсэг хором ярилцах үед “Монголын ард түмнийхээ хоорондын эв нэгдлийг сайн бодож байгаарай. Эв нэгдэлтэй байгаарай” гэж захисан. Бид их эв нэгдэлгүй харагддаг байх нь. Монголчууд хоорондоо тэмцэлдэж мөргөлдсөн үедээ уруудан доройтож, эв эетэй байхдаа мандан гийж байсан түүх бидэнд бий. Түүнийгээ мартаж болохгүй.

Ард түмэндээ маш их баярлалаа. Улс орон, ард түмнийхээ төлөө өөрт байгаа бүхий л сэтгэл зүрхээ зориулан ажиллах болно.

Монгол Улсын төлөө зүтгэе.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • Nowshiin hunsug (202.72.240.54)

    2021-05-16

    Butehgui gar, huuran mehlegch

  • Ard (71.241.248.138)

    2021-05-16

    Худлаа бүлтрэхээ болио хөгшөөн !!!

  • иргэн (59.153.113.21)

    2021-05-15

    Авилгачин, хулгайч,луйварчин улс төрчид болон улс төрийн бүлэглэлтэй эелдэг хандаж,эвсэж тохиролцохыг эв нэгдэл гэхгүй шүү.Буруу бусармагтай шийдвэртэй тэмцэж байж шудрага ёс үндэсний эв нэгдэл тогьоно.