Цэдэнбал-Филатова гуайн онцлог шинж

А.И.Цэдэнбал-Филатова гэдэг түүхэн эмэгтэй нийгмийн зүтгэлтний хувьд ямар онцлог шинжтэй хүн байв? гэдэг асуудал бүрэн судлагдаагүй боловч XX зууны Монголын нийгмийн тодорхой хэсэг энэ хүний тухай олон янзаар бичиж үлдээжээ.

Зарим судлаач нарын бичсэн, нийтээр мэдэх болсон зарим нэг ном товхимолд Цэдэнбалынхан, түүний эхнэр тун тансаг амьдарч байсан, бараг л хааны ордонд амьдарч байсан аятай зүйл бий. 

Ю.Цэдэнбалын ээж Я. Заяа, ах Ю.Тавхи, дүү Ю. Нэлгэр, үеэл дүү: Б. Цэен, Б.Донров, ач П.Сүрэн. Агиймаа, Алтансүмбэрэл нар. 1955он.

 

Арван давхар томоохон ордон шилтгээнд амьдардаг зарим орны хаад, төрийн тэргүүнүүд, манай томоохон бизнесменүүдийн дэргэд Монголын нам, төрийн жолоог 44 жил атган барьсан хүн гэхэд 1938-1939 онд Зөвлөлтийн цэргийн дарга нарт зориулан барьсан, 1944 онд тэд Маршал Х.Чойбалсанд бэлэглэсэн, алсын бэр дагуулаад ирэхэд нь Х.Чойбалсан Ю.Цэдэнбалынханд бэлэглэсэн ганц дан байшинд Балынхан 40 гаруй жил амьдарчээ.

Хоёр давхар болгох гэсэн Засгийн нөхдийн саналыг ч тэд хүлээж авсангүй. Хожим номын сангийн нэг өрөө залгаж барихыг л харин зөвшөөрчээ. Улс орныхоо нөхцөл байдалд л зохицон амьдрах, харин ард түмэндээ яаж орон сууц барихав гэж л боддог эгэлхэн сэтгэлтэй хүмүүс байжээ. Филатова гуай гэр орноо цэвэрлэх, өөд нь татах, тав тух бий болгох талаар бол харин тун их сэтгэл гаргадаг хүн байв. Ю.Цэдэнбалын ахуй үйлчилгээ хариуцсан ажилтан байсан Б.Дөрвөлжин: “Гэр нь их цэмцгэр” (т.14, т.137) гэж онцлон тэмдэглэжээ. Тавилга бол жирийн байв. Комиссар байсан Д.Чулуун дурссанаар: “Далаад оны Филатова гуай гэрийн өрөөндөө нэг жижиг буйдан авч Москвагийн “Люкс” үйлдвэрээр, Карелийн хус модоор 12 сандал, хоолны ширээ захиалан хийлгэж авснаас бусад нь олон жил эдлэгдсэн зүйлүүд л байсан ажээ. Эх орных нь үнэр үнэртдэг гэж энэ л тавилгандаа эзэгтэй тун дуртай байжээ.

А.И.Цэдэнбал-Филатовагийн туслахаар ажиллаж байсан Г.Нарангэрэлээс "Авгайг их тансаг амьдралтай байсан гэх юм билээ?" гэсэн асуулт тавихад: “Тансаг ч гэмээр юм уу, би хэлж мэдэхгүй байна, их л зарчимч, өөртөө болон бусдад өндөр шаардлагатай. Сайд дарга нарын ар талд, амралтын өрөө байдаг л даа. Одоо бол хэн хүнгүй л тийм өрөөтэй болсон. Авгайд амрах өрөө гаргаж өгөх гэсэн чинь эсэргүүцээд хийлгүүлээгүй. Нойлын өрөөнд бараг бие засахгүй. “Шалгав” гэснээс бусад хүнсний зүйлд уруулаа ч хүргэхгүй. Ер нь тийм хатуу дэгтэй хүн байсан.

 

Даргын хоол ундыг өөрөө түрүүлж амсаж үздэг хүн байсан гэсэн. Хүнд их тусархуу хүн. Надад олон удаа тус болсон. Мартахын аргагүй. Жирийн хүмүүст, тэр дундаа “хүүхэд, ядарч зовсон хүмүүст их тусалдаг байсандаа” гэжээ. Ямар ч гэсэн ажлын өрөө нь даруухан, гоё хээнцэр зүйлгүй. Ханандаа календараас өөр зүйл өлгөөгүй. Тансаглал хээнцэрлэл хэрэггүй гэж боддог, ер нь л ажлын “хэнээтэй” гэмээр л хүн байжээ. Цэдэнбалын гэр бүлд ойрхон ажиллаж байсан жирийн хүмүүс энэ айл ер нь л жирийн сайхан амьдралтай гэр бүл байсныг олон таван үггүйгээр дурссан байдаг юм. Цэдэнбалынхны үсчин байсан Ш.Цээсүрэн: “Филатова гуайн үсийг би тийм ч олон засаж байгаагүй... Тухайн үедээ нилээн л ажил хэрэг бүтээж явсан хүн. Хувь хүнийхээ хувьд бол их л даруу, эгэл, амьдрал мэддэг тийм хүн байсан болов уу. Олонхи хүмүүсийн ярих нь тийм их тусч, нөхөрсөг, шулуун, ил цайлган л хүн байсан” гэжээ. Ю.Цэдэнбалын үсчнээр ажиллаж байсан Гүнсмаа: “Эхнэр Филатова маш энгийн, гар хуруундаа бөгж зүүдэггүй. Миний мэдэхийн гоёж байгаа нь тэр, нэг хар савхи л өмсдөг хүн байсан” гэж дурсчээ.

Үйлчилгээний ажилтан байсан М.Хандсүрэн: “Түүний эхнэр ч гэсэн шуналгүй, шинээр хувцас хунар ихээр хуралдаж аваад байдаггүй. Хуучныгаа цэвэрлэж засуулаад л өмсчихдөг байсан” гэж бичсэнээс үзэхэд дайны хүнд хүчрийг даван туулсан, бас ядуу буурай орны бэр болж ирсэн энэ эмэгтэй эр нөхрийнхөө ард түмэнтэй адилхан л амьдрах нь зүйтэй гэж үздэг, элдэв гоёмсог хувцас, ээмэг бөгж, гоёлоор хөөцөлдөөд байдаггүй ухаалаг, төв түвшин амьдралыг эрхэмлэдэг эмэгтэй байсан ажээ.

Судлаач миний бие Москвад Цэдэнбал даргынхаар 1986,1989,1996 онд хэд хэд очих хувь тохиосон юм. Томоохон сэхээтнийх гэхээр л тохилог, цэвэрхэн, цэмцгэр айл санаанд тодхон үлджээ. Айл гэр ямар байх нь гэрийн эзэгтэйн ажлаас л шалтгаалдаг гэж манайхан ярьдаг. 9м х 7м блов уу зочны өрөө нүдэнд дулаахан цэмцгэр айл байв. Орос хийцийн тун сайхан зочны том ширээ, том диван, жижиг цай хоолны ширээ, зурагт, гоёмсог гэмээр сервант, хананд нь өлгөсөн 4-5 сайхан зурагнаас өөр зүйл бараг байгаагүй, дубан шал нь гялалзаж байлаа.

Даргын ажлын өрөө нь жижгэвтэр, жирийн том биш ширээ, ганц сандал, номын тавиур л байлаа. Хоёр ариун цэврийн өрөө, хоёр жижгэвтэр гал зуухтай байсан. Урьд бараг үзээгүй том хөргөгч харагдаж байв. Хамгийн дэгжин гэмээр өрөө нь унтлагын нь нилээн том өрөө байв. Өргөн диван ор, жижиг ширээнээс өөр зүйлгүй, гоё хивстэй, нямбай зассан орны бүтээлэг нь бол онцгой сонин эрээндүү даавуу байв. Сайхан хивс байсан санагдана. Илүү дутуу хог новшгүй, үнэхээрийн цэвэр цэмцгэр айл байв.

1996 онд очиход гэр нь яг л хэвээрээ, гэрийн эзэн нь харин байхгүй байлаа. Хажуу хаалганд байдаг Славагийнхаар орж нилээн ярилцсан. Хана дүүрэн номын тавиуртай, харин жаахан, чөлөөт амьдралтай гэмээр хүний том өрөө байв. Энэ айлын гэр орныг нь ажиглахад мэдээжээр ерөөд оны Орос орны амьдрал хүндэрсэн, ундуу сундуй болсон нь энэ айлын дотор бол мэдрэгдэхгүй байлаа. Бүх л зүйл байрандаа байлаа. Гэрийн эзэгтэй ажил төрөлтэй, амьдрал гэр орноо хөтлөн явах өндөр соёлтой хүн байсан нь нүдний өмнө ил тод байлаа. Далаад оны Цэдэнбалынхны амьдралын тухай комиссар Д.Чулуун бичихдээ: “Авгай байрныхаа хөшиг, тэдгээрийн өнгө зохицол, цэцгийн сав тавиур зэрэгт хүртэл их анхаарна. Байрны үйлчилгээний хүмүүс ч байрны ариун цэвэр, цэцэг ногоог арчлахад сайн анхаарч ажиллана. Авгай цэцгэнд шохоорхож, хүндэтгэлтэй хандана.

Гэртээ нилээд хэдэн төрлийн цэцэг тарьж түүнийхээ ургалт, арчилгаанд байнга санаа тавина, зөвлөнө. Гэрийн модон тавилганд их хүнд нүсэр зүйл байхгүй, өрөөнүүдийн хэмжээнд тохирсон авсаархан тавилгатай. 1961 онд бичгийн өрөөг өргөтгөхөд номын тавиур, шүүгээг ханаар нь дүүрэн шинээр хийлгэж тавьсан юм.

Шилэн хаалгануудтай учир хаана ямар ном байгаа шууд л харагдана. Номын сангаа байнга л баяжуулна. Гэрээрээ л ном их уншина. А.И.Филатова гуай сонгодог зохиол, соёл урлаг, хүүхдийн хүмүүжил, сургалттай холбоотой олон ч номтой байсан. Хэдийд нь уншиж бардаг юм. Нэг өдөр уншиж байсан ном хэдэн өдрийн дараа өөр ном болон солигдоно” гэжээ.

 

1973-1984 онд Ю.Цэдэнбалын жолооч байсан Ваальтийн БЯМБАДОРЖ-“Филатова өөрөө цэцэг ногоо тарих их дуртай. Бид нарыг ч гэсэн завтай үед дандаа мод тариулдаг байсан. Бид нар ч Их Тэнгэрийн аманд их олон мод тарьсан даа. Мөн Хүүхдийн паркад мэргэжлийн цэцэрлэгч авчран цэцэрлэгт хүрээлэн байгуулж, олон төрлийн гоёмсог цэцэг тариулж, эндээсээ төрийн уулзалт арга хэмжээнд хэрэглэх цэцгүүдийг сонгодог байсан. Одоо даанч тэр газар нь барилга барьчихсан байх шиг байсан” гэжээ.

Д.Чулуун гуайн дурссанаар-“А.И.Филатова гуай байрныхаа хашаан дахь мод, цэцэрлэгээ арчлахад их анхаарна, цэцэг мод тариулна. Өөрөө харж байгаад зааж зааварлана. Далаад оны эхээр комиссар Ц.Гэндэндаржааг Улаан-Үд явуулан мод авчруулж, өөрийн хашаа, хүүхдийн паркт тариулсан нь их сайхан ургасан.

Авгай мод, цэцэг, ургамал арчилж, тордож ургуулах талаар их уншиж, Оросын нарийн мэргэжлийн дендролог хүмүүстэй зөвлөж, асууж, их өргөн мэдлэгтэй болсон хүн. Түүнийгээ бусдад зааж сургах, түгээх талаар уйгагүй ажилладаг байлаа” гэжээ. Миний хожим ажигласнаар Москвагийн Бал даргын зочны өрөөний цонхон дээр цэцэг харагдаагүй, нар тусдаггүй зүг байсан байх, харин унтлагын өрөөний цонхон дээр сайхан цэцэг харагдаж байсан. Харин ширээн дээр хэн нэгэн хүн бэлэглэсэн бололтой цэцэг цаг ямагт л байж байсныг мартдаггүй юм. Цэвэрч цэмцгэр амьдрал, цэцэгс бол Филатова гуайн амьдралын насан туршийнх нь шинж байлаа.

Энэ дашрамд дурсахад Өнгөрсөн оны 8 сард Ц.Зоригийн эхнэр Р.Дариймаа Бал даргын тухай киноны түүхийн зөвлөхийн дуудсанаар Монголд иржээ. Зоригийн гэрт кино зураг авах гэсэн юмсанжээ. Тэр үеэр Улаанбаатарын киноны ажлын тухай мэдсэн бололтой Зориг Москвагаас утасдаж, Дариймааг маргааш өглөөний онгоцоор яаралтай нисэж ир гэж хэл гэв. Орой‘10 цагийн үед Дариймаа утасдаж,бид уулзсан бөгөөд ярихдаа- “Киноныхан портер дүүрэн маш хиртэй том салбагар хивс, хуучин эвдэрхий сандал ширээ авчирчихсан, манайд оруулж кино зураг авна гээд гэрийн гадаа хүлээгээд байна.

Тийм муухай новш гэртээ оруулахаас сэжиглээд би зугатааж явна” гэж билээ. Ю.Цэдэнбалынхны Москва дахь цэвэр цэмцгэр амьдралыг муугаар харуулахыг оролдсон оролдлогыг даргын бэр ямар ч гэсэн зогсоожээ.

 

Настя гэрэл зураг, кино бичлэг их сонирхдог байжээ.

 

Мөнгө төгрөг зардал урсахыг тоодоггүй юмаа гэхэд түүхэн хүмүүсийн тухай кино тун бодитой байх ёстой билээ.

Монгол Улсын Гавъяат барилгачин, Улаанбаатар хотын дарга, Монголын архитекторын холбооны Хүндэт Ерөнхийлөгч байсан Самбуугийн Мөнхжаргал “А.И.Филатова гуай Хүүхдийн фондын шугамаар олон обьектуудыг барьж байгуулсныг урьд тодорхой дурьдсан. Үүнээс гадна хотыг цэцэрлэгжүүлэх асуудалд их анхаардаг байсан. Туул голын дагуу ургасан бургасуудыг авч, мод тарих, усан бассейн, элсэн нарлах талбай барих, Их Тэнгэрийн ам, (өнөөгийн олимпийн гудамж), танктай хөшөө, цагаан хаалга, Яармагийн гүүр (өнөөгийн Чингэсийн өргөн чөлөө), Яармаг-Нисэх-Буянт ухаагийн замын дагуу мод, бут, сөөг, зүлэг тарих, Сүхбаатарын талбайг Богдхан уултай ногоон байгууламжаар холбох ерөнхий төлөвлөгөөний үндсэн зарчмыг хэрэгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсан юм” гэж өндөр үнэлсэн байдаг юм.

Филатова гуай захирангуй зантай, чанга дуу хоолойтой хүн байсан нь бас л нэг онцлог байв. Тэгэхдээ этгээд хачин муухай зантай хүн биш байжээ. Цэдэнбал даргатай 6 удаа уулзаж, Филатова гуайтай олон удаа тааралдаж, бас ажил төрлийн холбоотой байсан, Соёлын гавъяат зүтгэлтэн, сэтгүүлч С.Зэвсэг бичихдээ: “ Филатовагийн хувьд нэг их этгээд гажууд зан гаргаад байгаа зүйл харагдаагүй. Ер нь айх эмээх, болгоомжлох юмгүй, жаахан давилуундуу тал байх шиг санагдсан” гэсэн нь үнэнд тун ч дөхөж хэлжээ.

Ю.Цэдэнбал, Цэдэнбал-Филатова нар сансрын баатар Николаев, Терешкова нарыг гэртээ урьж, хамтдаа зураг татуулжээ. Дарга-“Чи надаас өмне Хөдөлмөрийн баатар болсон тул дунд нь зогс” гэж Г.Мандах баатрыг дундаа зогсоожээ.

НАХЯ-ны Төрийн хамгаалалтын албаны ажилтан байсан Л.Даржаа-Филатова гуай хүнийхээ хувьд ямар хүн байсан бэ? гэсэн асуултанд- “Хүнийхээ хувьд бол хатуу хүн байсан, үгүйсгэх аргагүй. За ер нь л загнасан хүн байсан. Одоо бодоход тэр хүн Монголын хүүхэд, эмэгтэйчүүдийн төлөө үнэхээр их зүйл хийсэн. Тэр олон хүүхдийн цэцэрлэг, ясли, хүүхэд залуучуудын парк барьж байгуулахад асар их дэм болсон. Мөн Гэрлэх ёслолын ордонг бариулсан, түүнээс хойш хосууд гэрлэх ёслолоо их сайхан хийдэг болсон. Ханийн хувьд сэтгэлд тод харагддаг юм бол Бал даргыг нас барахад ямар их гашуудаж байснаас тодорхой мэдэгдэнэ. Бал даргыг чинь зөвхөн генералын хэмжээнд оршуулсан. Оршуулганд нь улсаас тусалсан юм уу? үгүй юу ? мэдэхгүй байна.

Миний бодлоор үгүй юмаа. Ах дүү, төрөл садангын хандиваар болгосон бол уу ? Яав гэхээр оршуулганы дараа цайллаганд тодорхой тооны хүмүүс оролцсон юм.

Түүний цайллага болсон газраас мөнгийг Филатова гуайгаас нэхсэн юм. Ингэж харлуулж болохгүй шүү дээ!. Хамгийн харамсалтай юм. Монгол хүний нинжин сэтгэл, төрөө дээдлэх ёс хаана байна?” гэжээ. Маршал Х.Чойбалсан, Маршал Ю.Цэдэнбалын жолооч байсан Тогоогийн Лувсанринчен- Авгайн тухай юу хэлэх вэ? гэсэн асуултанд хариулахдаа- “Яахав дээ. Дуу их чангатай, хүнийг зандарч байгаа юм шиг дуугардаг хүн дээ. Гэхдээ ажлын төлөө л тэгж явдаг хүн. Нөхөр хүүхдүүддээ халамжтай хүн.

Ю.Цэдэнбалын 50 насны ойгоор Ж.Самбуу гуай хамгийн түрүүнд баяр хүргэхэд Увс аймгийн удирдлагууд байлцжээ. 1966 он

 

Өөрөө ажилгүй байхдаа Баянголын зуслангаас даргын үдийн хоолыг энэ байранд авчирч өгдөг байлаа. Сүүлд ажилд орсоон. Одоогийн Хүүхэд залуучуудын цэцэрлэгт хүрээлэн орчим чинь хуучин нарийн төмөр зам байгаад больчихсон. Нүүсэн айлын хог новш дүүрэн газар байв.

Түүнийг цэвэрлэж янзалсан юм. Тэнд Улс төрийн Товчоо, сайд дарга нар цөм очсон юм даг. Авгай жижигхэн цэцэрлэг байгуулснаа өргөжүүлж зураг төсөлтэй болгож олон юм хийсэн дээ. Монголд ч их юм хийсэн дээ. Гадна дотны олон том тушаалтантай сайдаж, муудсан юм даг. Зөвлөлтийн мэргэжилтнүүдийг монголчуудаасаа ширүүн загнадаг юм билээ. “Чи монголд ажлаар ирсэн хүн үү, амрах гэж ирсэн үү? Элчинд хэлж буцаана” гэж хэлж байгаа дуулддаг байв.

Баянголын хүүхдийн зусланг бариулж байхад байн байн очиж тэнд амарч яваа оросуудад “Энд хүүхдийн амралт байгуулах гэж байхад та нар ой модоор дүүрэн шил, лааз, хог тариад, хамаг байгаль сүйтэглээ" гээд бууж байдаг байв аа. Хийх юмаа хийж байгаа хүнийг яах ч гүй. Залхуу, хуурамч, хариуцлаггүй хүн бол юм хэлдэг байсан.

Хоол ундны юмнаас болж Баянгол зуслангийн тогоочтой их ярьдаг байсан. Мөн даргын хувцасны цэвэрлэгээ, индүүдлэгийн талаар хүмүүст шаардлага тавьдаг байсныг би хувьдаа зөв гэж боддог. Ер нь шулуухан, цагаан цайлган хүн байсан” гэж олон жил ойр байсан хүний хувьд дурсан тэмдэглэжээ.

Хөдөлмөрийн Баатар, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, профессор Н.Жанцанноров залуу байхдаа Филатова гуайд нэг удаа загнуулсан тухайгаа бичиж үлдээжээ.

 

 

Тэрээр: “Анастасия Ивановна чинь өөрөө бусад УТТ-ны гишүүдийн авгай нараас бүтэн биш гэхэд хагас толгой дээгүүр байж мэднэ. Соёлтой, ном уншиж мэдчихсэн айхтар хүн ... Авгай их итгэмтгий, цагаан сэтгэлтэй. Нүгэлтэй итгэмтгий. Юм хийхийн төлөө бас их сахилга баттай. Би нэг айхтар загнуулж билээ. Цагаан морьтой хүүхэд давхиж ирээд гэрийн гадаа бууж ороод хайрцаг нээгдээд “Боролдойн цаг” эхэлдэг. Тэрнийг чинь хөөрхий Анастасия Ивановна захиалж хийлгэсэн юм. Манайх хүүхэлдэйн бүтээл хийж чаддаггүй. Орост л хийлгэсэн.

Нэвтрүүлгийг нээх гээд Адъяа дарга гурвуулаа үзэе ямар болсон бол гээд очсон. Очоод үзсэн гоё юмаа. “За ямар байна” гэж Филатова гуай надаас асууж байна. “Их сайхан болжээ, Анастасия Ивановна. Харин энэ морьтой хүн чинь ирээд мориныхоо буруу тал руу буучих юм” гэсэн чинь уурлаад: “ Чаддаг юм бол чи зөв тал руу нь буулгаад зурчих. Чи чаддаг юм бол өнөө шөнө зураадах гэсэн. Тэр чинь хөдөлгөөн болгоноор нь зурна шүүдээ. Тэгээд би ялагдаад одоо хүртэл тийм хэвээрээ” гэж тэмдэглэжээ. Хурц ширүүн зантай, гомдол, бодлоо чангахан дуугаар хэлчихдэг хүн байжээ.

1986 оны IX сарын 14-нд Москвад Аюуш гуайн хамт Бал даргынхыг зорьж үүдний харуулынхныг аятайхан давж хаалганы хонх дарцгаав. Тун удахгүй хаалганы цаана “ хэн бэ?” гэх асуулт, миний чихэнд хэлэх шиг чанга дуулдаж, хаалга нээгдэж Филатова гуай биднийг тосов. Цогтой, эрэмгий, чанга дуугаар хэн бэ гэж асуусан хүн бол домогт Филатова гуай байлаа.

Анх нүүр тулан уулзаж байгаа миний хувьд цог жавхлантай, чанга дуутай энэ эмэгтэй ер нь л сүрдмээр байж билээ. Танилцсаны дараа Филатова гуай: “Товарищ Цэдэнбал” гэж чанга дуудлаа. Өөр өрөөнд хаалгаа хаачихаад байсан, бас зарим хүн “сонсгол тааруу” гэж яригддаг Бал дарга төвөггүй сонсож, өрөөнөөсөө гарч ирлээ. Филатова гуай: “Дүү Аюуш, бас миний мэдэхгүй чиний хамаатан ирлээ” гэж нийтэд зарлаж байгаа юм шиг чанга хэлэхийг сонсоод, бас арай намхан ч болсон юм шиг болсон Бал даргыг хараад би тэрхэн үед “ухаан муудсан мэт” болсон байв. Гүн хүндэтгэлт, агуу удирдагчтай уулзсан энэ мөчид Филатова гуай бас л чангахан ярьж байсан, юу ярьсныг би анзаарах ухаангүй өнгөрүүлсэн байлаа. Өрөөнд орж хэсэг хугацаа өнгөрсний дараа л би бүхнийг ажиглаж, ахмад хүмүүсийн яриаг анхааралтай сонсохтойгоо болж байлаа.

Филатова гуай: “ Би та нарт гарын хоол хийж өгнө” гэж зочны өрөөнөөс гарч арваад минут болсны дараа хиаман зууш, хар талх, байхуу цай, ногооны холимог салат, 4 ш гоё шарсан томовтор тахианы гуя авчирч бидний өмнө тавилаа. Москвагийн Их сургуульд сурч байсан, бас энэ хотын үнэ хурдан өсч байсан үеийг хэлэх үү, хурдан түргэн бэлтгэж ирснийг хэлэхүү, сайхан үнэртэй байсныг хэлэх үү, гараа угаацгааж хоолны ширээний 4 талд сууцгаав.

Хоёр ахмадуудын яриа үргэлжилж байтал гэнэт Филатова гуай ярианд оролцож, “Хүүхдийг 6-7 насанд нь сургуульд оруулах нь буруу. Хүүхэд аль болохоор гэр бүлдээ, амар тайван, тоглож өсөх ёстой. Монгол хүүхдийн онцлогыг харгалзаж үзэх ёстой” гэж нилээн чангахан шүүмжилж байгаа дуулдлаа. Бал дарга намуухнаар- “Нам засгаас ямар нэгэн шийдвэр гаргахдаа урьдчилан олон тооцоо судалгааг явуулж байж шийддэг юм шүү дээ” гэж хэлж, Филатова гуайн шүүмжлэлд хариу өгч, эхнэр нь ч чанга яриаг үргэлжлүүлээгүй, ах дүү хоёр 3 цаг орчим чөлөөтэй ярилцацгаасан.

 

Энэ үдэш нэгэн сонин зүйл би ажигласнаа мартдаггүй юм. Дарга нэг тахианы гуяыг тааламжтай нь аргагүй сэрээдэж өөрийн тавгандаа тавив.

Тэгтэл Филатова гуайн чанга дуу гарч “ Өөхтэй шарсан тахиа болохгүй. Даргын хоол унд нарийн дэглэмтэй” гээд тахианы гуяыг холдуулж, тавган дээр нь алим тавьж өгөв. Дарга-“Оюутан хүн чи сайн идэж ав” гэж тахианы гуяыг сэрээдэн миний тавган дээр тавиад “Алим амттай шүү, би их дуртай” хэмээн алимаа идэж байлаа. Шарсан тахиаг нь өгчих нь яавдаа гэсэн харамсах бодол надад төрсөн ч, эмчийн зааврыг ягштал баримталдаг гэрийн эзэгтэйн халамж анхаарал, хатуу зарчмыг хүндэтгэхээс өөр аргагүй болж, Бал даргын өгсөн тарган шарсан махыг би тавтайяа зооглож билээ.

Ах дүү нар элдвийг ярилцах зуур Монголын нам, төр, засгийг 44 жил жолоодсон үндэстний их удирдагч хүн яаж амьдарч байгааг би сониучирхаж байгааг ажигласан Филатова гуай намайг дуудаж амьдралын байдал, өрөө тасалгаагаа нэгд нэгэнгүй танилцуулж билээ. Орж ирэхэд сүрдэж байсан энэ домогт эмэгтэй ийм яриа хөөрөөтэй, жирийн надад хүнлэг сайхнаар хандаж, ярьж тайлбарлаж байсныг бодоход харилцааны өндөр соёлтой, сайхан сэтгэлтэй, их энгийн хүн байжээ гэдгийг хэлэх нь миний үүрэг билээ.

Хурц дайчин энэ эмэгтэй хүний алдааг ёжлох, ярилцагч хүнээ үг хэлээр давахыг эрмэлздэг сонин зан чанартайг хүмүүс дурдсан байдаг. 1989 оны 11 сард Эрхүүгийн Их сургуульд ажиллаж байхдаа Москвад ажлаар очсон үед Бал даргынхаар нэг орсон юм. Филатова гуай: Слава бид хоёр ярья гэж бодсон юм. Гэтэл машин ирчихлээ. Дарга Кремлийн эмнэлэгт байгаа. Чи Москвагийн ИС орно гэсэн, бидэнтэй дөх” гэв. Гадна шинэ загварын, би урьд нь харж байгаагүй урт хар Чайка машин зогсож байлаа. Би аминдаа соёлтой хүн болох санаатай жолоочийн хажуу хаалгыг нээж “ Та суу” гэв.

Гэтэл Филатова гуай хэгжүүн маягаар: “Би наана чинь суудаггүй юмаа” гэх нь тэр. Би ч учрыг тэр даруй ололгүй хойш харахад дунд нь ширээ харагдана. Хойт талын суудал дээр (нилээн хол) Филатова гуай хөлөө аччихсан сууж харагдав. Хамгаалагчийн нь суудал дээр суухыг тэргүүн хатагтайд санал болгосноо би ойлгож, дэмий л урьд нь хараагүй юм шиг Москвагийн төвийг ажиглан 20 мин давхицгаав.

Дээдсийн машиндаа суудаг соёлыг мэддэггүй, хөдөөний хархүү гэдгээ харуулж жижгэрсэн намайг Филатова гуай даажигнасан маягаар харж, зам зуур ганц ч дуугарсангүй.

 

Явсаар эмнэлгийн гадаа ирэх үед л: “Сургууль чинь энэ ойрхон байна. 10 минут л алхана. Эмнэлэгт хүү биднээс өөр хүн оруулдаггүй юм. Харин би өрөөнийх нь утсыг өгөе. Цагийн дараа яриарай. Бие нь ядруу байгаа, удаан ярьж болохгүй шүү” гэж утсыг нь надад өгөв.

Энэ ачаар би Бал даргатай сүүлчийн удаа утсаар ярьсан минь аз болж, энэ бардам ихэмсэг зантай мөртлөө анхаарал халамжтай эмэгтэйд баярлан үлдсэн билээ.

Хувь хүний зан чанар гэдэг бараг л төрөлхийн шинжтэй байдаг боловч ажил төрөлд сайн муу янз янзаар нөлөөлдөг. Гэтэл Анастасия Ивановнагийн эр нөхөр Ю.Цэдэнбал түүнээс дутуугүй онцлог зан чанартай хүн байжээ.

А.И.Цэдэнбал- Филатова тавиад онд

Ю.Цэдэнбалын гадна төрх, биеэ авч яваа байдал, хувь хүний онцлогийн нь тухай XX зууны үеийнхэн, хүн амын янз бүрийн давхрааныхан зарим ажиглалтаа тэмдэглэж үлдээжээ.

 

Тагнуулын ерөнхий газрын бэлтгэл хурандаа Д.Дорж: “Ю.Цэдэнбал хувь хүний хувьд ой тогтоолт маш сайтай, юмыг барагтай л бол мартдаггүй, хүнийг сайд, генерал, дээд, доод гэж ялгадаггүй сайн анхаарал тавьдаг байсан. Хүний нүд рүү цоо ширтэхдээ хүнийг хэн бэ гэдгийг сайн мэдэж, нэвт харчихдаг мэт санагддаг байсан.”

Ю.Цэдэнбалын сөрөг хүчний нэг удирдагч, төр, нийгмийн ахмад зүтгэлтэн Б.Нямбуу: “Сайн малчны хуралд очоод ирсэн малчин өвгөн “Цэдэнбал гэж хялар нүдээр хармааргүй, хиртэй гараар хүрмээргүй, уяа нь таарсан хурдан хүлэг шиг цэвцийсэн сайхан цагаан залуу байна” гэж олны хурал дээр ярьж байсан нь одоо хүртэл миний санаанаас гардаггүй юм. Би ч хувьдаа бүр залуугаасаа эхлэн н.Цэдэнбалыг Монголын ард түмний хувь заяагаар төрсөн, ер бишийн гайхамшигтай хүн мэт бишрэн боддог байж билээ.”

50 гаруй жил эмч хийсэн, Өмнөговийн Д.Намжилдорж: “Дарга тойрон хүрээлэгч их олонтой, хүрээтэй хүн байсан даа. За тэгээд ой их сайтай, сэргэлэн, гүндүүгүй хүн байсан. Ер нь түүн шиг хүн дахин төрнө гэдэгт би их эргэлздэг шүү”

Нийслэлийн АДХГЗ-ны орлогч дарга, Хотын ҮЭ-ийн Зөвлөлийн дарга байсан Ж.Авдил: “Ю.Цэдэнбал багш хичээлийг тогтуухан, ойлгомжтой, ямар ч хүн бичиж авч чадахаар заадаг байлаа. Хичээлийг заах, завсарлах цаг минутыг маш хатуу баримталдаг байсан.

 

Ю.Цэдэнбал багш бол хэлсэн зүйлээ, мөн нэг үзсэн хүнээ мартдаггүй оюун, ухааны асар өндөр потенциальтай хүн байсан билээ”

 

Төрийн шагналт, зохиолч Д.Гармаа: “Энгийн зантай, ажил танилцуулахаар ороход эелдэг угтаж, ямарваа нэг зүйлийг уг чанараас нь тайлбарлан хэлдэг сэн. Гол төлөв цэнхэр, хөх өнгийн хувцас өмсөнө. Дунд зэргийн нуруутай, том нүдээрээ цоо ширтэн хардаг, цав цагаан хүн байсан”

Ахмад сэтгүүлч Х.Чойжилжав: “Цог золбоотой, эгц харахад дальдармаар хурц хараатай хүн байсан. Ер нь энгийн ухаалаг удирдагч байсан”

Их Тэнгэрийн лабораторын дарга байсан Ванчиг: Хоногт 3-4 цаг л унтдаг байсан. Ер нь сайхан хувцаслаж чаддаг, биеэ зөв авч явдаг тийм л хүн. Гадаад төрхийн хувьд өөгүй харагддаг хүн л дээ. Цаг их сайн барьдаг, маш их хичээнгүй, ном их уншина”

 

Түүхийн доктор (8с), проф. О.Пүрэв: “Их зөөлхөн гартай хүн байсан. Тэрээр хүнийг их анхааралтай аждаг,”

 

Шүүх эмнэлгийн даргаар ажиллаж байсан Ц.Дашдондог: “Цэдэнбал гуай хэний ч нүдэнд дулаан бүлээн харагддаг, их уян зөөлөн хүн гэдэг нь түүний царайнаас ил харагдаж байсан.”

1956-1957 онд Д.Төмөр-Очирын тогооч байсан Норов: “Гаднаас нь харахад өргөн цагаан царайтай, гутал хувцас нь гял цал хийсэн л хүн байсан. Өмссөн хувцасыг нь хараад сүрдмээр, үнэхээр хийморьтой хүн шүү”

НТХ-нд ажиллаж байсан Х.Сүхбаатар: “Түүнийг гаднаас нь харахад их дөлгөөн тайван. Үргэлж инээмсэглэж явдаг, шулуун шударга зантай, хөгжилтэй хүн байсан. Махлагдуу, гар нь их махлаг бамбагар зөөлхөн, яг л хүүхдийнх шиг гартай, уужуу тайван алхаатай, их нүүрний баясгалантай хүн байсан”

Сэтгүүлч Н.Шарав-Иш: “Шөнө дөл болтол сууж юм хийж байгаад: “За чи яг арван минут унт. Би зургаан минут унтана” гээд амралтынхаа өрөө рүү орно. Туслах нь: Дарга босчихсон шүү гээд дуудахад нь цаг харахад яг л 10 минут болсон байдаг” А.И.Цэдэнбал- Филатова: “Бид хоёр бие биеэ сайн мэдэлгүй яахав. Цэдэнбал хэнд ч гомддоггүй, ямар ч байсан түүнээ ил гаргадаггүй байсан”

 

Ю.Цэдэнбалын комиссар байсан, УАБХГын дээд сургуулийн багш, хурандаа Л.Батдолгор: “Цэдэнбал гуай үндэсний сураар гайгүй харавчихдаг, багадаа уралдааны морь унаж байсан гэдэг. Хурдны морьдыг хараад их л сэтгэл нь хөдөлдөгсөн”

Цагдаагийн ажилтан Т.Цэрэндулам: “Волейбол тоглох дуртай. Хамгаалалтын хүмүүсээ дуудаж хоёр баг болоод л тоглодог байв. Хүнийг ер нь загнадаггүй, их урам дэмжлэг үзүүлдэг... Бүтэн сайн өдөр л хааяа амарна”

Нэрт орчуулагч, сэтгүүлч, дипломатч Б.Дашцэрэн: “Бал гуай бол өөрийгөө нийгмийн үйл хэргийн төлөө нэг мөсөн золиосолсон хүн байв.

Түүний байдлыг ажиглаж байхад хувь хүний ямар ч эрх мэдэл байхгүй, бусдын атганд орчихсон, анд нөхөд, ах дүүстэйгээ уулзаж учирч, тухлан сууж, амьдралынхаа юмыг ярьж хөөрч, аяга цай яаралгүй хувааж уух мэдэлгүй, торонд орсон шувуу, оронд уяулсан хүүхэд шиг хөөрхийлөлтэй сэтгэгдэл төрүүлдэг үе байсан”

Клиникийн II эмнэлгийн ууган сувилагч Н.Нина: “Миний үйлчилж байсан өвчтөнүүдээс хамгийн нэр хүндтэй нь Цэдэнбал дарга байсан. Би үүгээрээ бахархдаг. Цэдэнбал дарга сэргэлэн жавхаатай, сайхан ааш зантай хүн байсан.. Цаанаа нэг соёлтой, эмчилгээ хийлгэснийхээ дараа дандаа баярлалаа гэж хэлдэг байсан.,

 

Намын хянан шалгах хорооны дарга байсан, хэлмэгдүүллийн асуудлыг судлаач, дипломатч Т.Гэндэн: “Илүү дутуу зангүй, түүнд ямар ч шунал байгаагүй. Тэр өөрөө хэдэн хувцастайгаа бараг мэддэггүй хүн байсан. Ер нь Бал дарга бол хэтэрхий бага унтдаг хүн байсан. Бал дарга бол ердөө уурладаггүй, хүнтэй хэрэлдэж маргалддаггүй. Хор шарыг нь маажаад, уурыг нь хүргэх гэхлээр дув дуугүй босоод явчихдаг байсан юм. Цэдэнбал дарга бол ганц ч хараалын үг хэлдэггүй. Ухаантай, соёлтой, тэсвэр тэвчээртэй, хэдэн төгрөгний цалин авдагаа ч мэддэггүй байлаа” Цагдаагийн ажилтан байсан, өндөр настан Дорж: “Их дулаан инээдтэй, тэрээр их цэвэрхэн, дандаа л гялалзсан гутал өмсөж харагддаг”

Ю.Цэдэнбалын дүү Д.Аюуш дурсахдаа: “Ах төлөв томоотой, дуу цөөтэй, зөөлөн өрөвч сэтгэлтэй, хүнд тусархуу, хүний үгэнд итгэмтгий, тоглоом бараг мэддэггүй, орос хүний нэрийг 3 нэрээр нь санаж хэлдэг ой сайтай... дэлгүүрээс авсан цамцыг заавал угаалгаж өмсдөг, ариун цэврийг ихэд эрхэмлэдэг, өдөрт гар нүүр, шүдээ олонтоо угаадаг байсан тул насныхаа эцэс хүртэл бүтэн шүдтэй байсан билээ”

Ю.Цэдэнбалын комиссар байсан Д.Наваан: “Тун их цэвэрч хүн байсан. Цай өгөх тутамд л “чи гараа угаасан биз” гэж асуудаг. Харин хоол их хурдан иддэг. “Би болчихлоо, явах уу?” гэж байдаг. Ажил руугаа л яараад байдаг хүн байв.”

Түүхч, намтар судлаач Ч.Болдбаатар: “Үлэмж цэвэрч нямбай, хэтэрхий сэжигч гэмээр энэ хүн өрөөл бусдыг ч гэсэн цэвэрч явахыг шаарддаг байв. Зөөлөн дуутай, “хатуу нударгатай” түүнээс олон хүн айж явсан нь аргагүй үнэн”

 

Ю.Цэдэнбалын хамгаалах албаны дарга байсан СЛодонгаваа: “Цэдэнбал дарга чөлөөт цаг тун ховор, цаг л гарвал ном уншина. Ан хийхгүй, хааяа загасанд явна. Дуу дуулахдаа тун ч эв хавгүй. Хоолоо цагтаа иднэ гэж байхгүй. Хоолыг 6-7 минутад л иднэ дээ. Ямар сайндаа яс залгичихна гээд түүнд загас өгдөггүй байлаа. Хонины сээрийг нэг нэгээр нь нугалж шөлтэй хоолонд нь хийнэ. 100 грамм архи татчих эрхгүй байсан даа хөөрхий. Бид хүлээн авалтанд конъякны оронд чихэртэй байхуу хийж өгдөг сөн.”

Ю.Цэдэнбалын бие хамгаалагч байсан Б.Төрийнжаргал: “Хоногийн 24 цагийн 3-4 цагт нь хагас дутуу унтаж амардаг, бусад цагт нь дандаа ажилладаг. Энэ нь амьдралд нь хэвшиж тогтсон хүн байлаа.

 

Залуудаа маш цэвэрхэн “арилгасан сонгино” шиг хүн байсан. Бусдыг загнана, ширүүлнэ гэж огт үгүй, ховор сайн чанар, хүний мөстэй хүн байсан”

 

Үсчин нь байсан Ц.Гүнсмаа: “Ихэвчлэн долоо хоногт 1-2 удаа үсээ засуулна”

Даргын комиссар байсан Л.Нанзад: “Өөрөө маш цэвэрч, тэр ч байтугай шинээр дотуур хувцас аваад түүнийгээ заавал угаасны дараа өмсдөг их цэвэрч хүн байв”

НАХЯ-ны генерал Б.Банзрагч: “Үнэндээ Цэдэнбалын бие харьцангуй эрүүл, ноцтой хүнд хууч өвчин байхгүй, чийрэг биетэй, ой ухаан саруулхан хүн байсан даа.

Дарга ярихдаа: “Дайны үед юм ховор, ажил их хэцүү байсан л даа. Би буцалсан ус уугаад, талх идээд нойргүй ажиллаж байлаа. Хоногт 15 минут дугхийгээд босоход бүх бие сэргэчихдэг байсан. Хоолыг нэг л удаа шөнө болсон хойно иднэ. Шөнө нойргүй хонох нь ердийн хэрэг байв. Хоолондоо өөхтэй мах хэрэглэдэггүй. Монгол хүн болохоороо хааяа яс гараараа бариад мөлжмөөр санагддаг. Хоолыг идэхдээ эхлээд огурцы (өргөст хэмх), яблока (алим), ногоо идэж ходоодоо дүүргээд дараа нь халуун хоолоо иддэг гэж ярьдаг байж билээ”

Судлаач Ц.Жамбалсүрэн: “1979 онд Ю.Цэдэнбал даргатай уулзах их завшаан тохиолдсон юм. Өөрийн элэгсэг зөөлөн байдлаараа хүний бодож санаж яваа зүйлийг нь хэлүүлж чаддаг, маш тэвчээртэй сонсож чаддаг нь ажиглагдсан. Сонирхсон зүйлээ л хааяа асуугаад их төлөв хүнээр л яриулдаг юм байна гэж би ойлгосон. Гялалзсан, хүнийг цоргих мэт харах нүднээс нь дальдирч байсан санагддаг. 1986 онд Эрхүүгийн УИС-д багшилж байхдаа Москвад Маршалын 70 насны ойн арга хэмжээнд би оролцсон. Хүмүүс ширээнд суухын өмнө Бал дарга цаг орчим сонин түүх, замналаасаа ярьж, инээж хөөрч, тун хөгжилтэй байв. Дараа нь ширээнд сууцгааж, ёслолын арга хэмжээнд оролцсон олон хүн баяр хүргэж бараг л 4 цаг тэднийд байсан.

Би Цэдэнбал даргын яг урдаас харж суух суудал таарсан болохоор нэг талаар жаахан сандарч байсан боловч ер нь байдлыг сайн харсан билээ. Энэ хугацаанд Цэдэнбал дарга ширээнээсээ ч босоогүй, идээ будаанаас ч хүртээгүй, идэх уух нь ч харагдаагүй, виски, шампанск ч амссангүй, гагцхүү хүмүүсийн яриаг л сонирхон анхааралтай чагнаж байснаас, ганц ч үг яриагүйг нь сүүлд бодоод өндөр настай хүн гэхэд ямар их сэтгэлийн тэнхээтэй, тэсвэр тэвчээртэй хүн байсныг би гайхаж явдаг юм...

 

САА-н дарга байсан, Хөдөлмөрийн Баатар Д.Аръяа: “Ер нь юмыг мартана гэж байхгүй хүн юм даа гэж би бодож байсан юм. Тийм чанар нь надад олонтоо ажиглагдсан. Мөн хүн их таньдаг. Одоо бодож байхад Цэдэнбал дарга шиг тийм шаргуу, өндөр боловсролтой, өндөр шаардлагатай хатуу чанд хүн элбэггүй л гэж боддог доо. Их ажиллаж, ёстой нэг хүн ядрах гэж байдаг бол ядаргааны туйл болтлоо ажилласан тийм л хүн. Амарна гэж байхгүй, үргэлж л ажилладаг тийм л хүн байсан юм даа”

Комиссар байсан Л.Чүлтэмжамц: “Дарга өөрөө хувцас хунартаа огт анхаарал тавьдаггүй, ямар хэмжээтэй цамц костюм, гутал өмсдөгөө бараг мэддэггүй хэнэггүй, эр байлаа. Аль тааралдсаныгаа л углачих гэнэ.

Хувцсыг нь Анастасия Ивановна бэлдүүлж тохируулна. Шинэ хувцас авч өгөхгүй бол мань хүн хуучинтайгаа хэдэн жил ч явахаас буцахгүй. Нэг удаа шатаар өгсөж явахыг араас нь харахнаа гутал нь томдчихсон, бараг л сугарах шахчихаад байв. “Дарга аа, Таны гутал томдоод байна даа” гэтэл, “Яалаа гэж, яг таарсан” гээд тоосон ч үгүй алхаад л байж билээ. ... Гэтэл ес эхэлсэн дүн өвлийн хүйтэнд салхинд алхахдаа дан өмдтэй ажрах ч үгүй явна.”

Нэрт сэтгүүлч Б.Норов: “1966 оны II сард Ю.Цэдэнбалыг Увс аймгаар аялахад нь би сурвалжилсан юм. Миний хувьд яагаад ч тэр юм бүү мэд дарга их л залуухан (тэр жил 50 настай байжээ) харагдаж, гарыг нь барихад булбарай зөөлөн, дулаан санагдаж билээ... Ер нь өнөөдрийн өндөрлөгөөс харж товчхон хэлэхэд эрх чөлөөгөөр үнэхээр их цангаж байж дээ хэмээн бодогддог. Бас хүнд халтай хатуу ханддаггүй, уян хатан, зөөлөн налархай ааш зантай хүн байсан гэж бодсон”

Монгол Улсын Баатар Н.Жамбаа: “Аливаа хүний гадаад өнгө төрх байдал нь дотоод сэтгэл аль хэр сайхан хүн болохыг тодорхойлж өгдөг. Хүн сэтгэл санаагаараа ч, нүүр царайгаараа ч, өмссөн зүүснээрээ ч, бүхнээрээ сайхан байх ёстой гэсэн А.Чеховын тодорхойлолтонд тохирсон хүн бол чухамдаа манай Бал дарга мөн байлаа”гэжээ.

 

Ю.Цэдэнбалын үед амьдарч байсан түүхэн бодит хүмүүсийн дурсан ярьж, бичиж тэмдэглэснээс үзэхэд тэрээр нүдэнд дулаахан, дөлгөөн, ой тогтоолт сайн, зөөлөн дулаан гартай, хүнтэй үргэлж инээмсэглэж ярьдаг, их төлөв хүний яриаг чагнах дуртай, хүлээцтэй, уян сэтгэлтэй, цэвэрхэн царайтай, хийморьлог, цэвэрч цэмцгэр хүн байжээ гэж ойлгогдож байна. Энэ чанарууд нь Анастасия Ивановнагийн анхаарлыг цаг ямагт их татаж, олон арван жил эв санаа нэгтэйгээр хамтран амьдрах нөхцлийг бүрдүүлсэн гэж хэлж болно.Тэр Монгол эх орон, хүн хоёртоо хайртай байжээ.

 

 

Эдгээр чанар нь олон нийтэд сайхан сэтгэгдэл төрүүлж, ол ны хүндэтгэлийг хүлээх, хувийн чанараараа үлгэрлэх нөхцөл байдлыг бий болгосон бөгөөд энэ нь нам, төр, засаг, нийгмийг удирдан хошуучлах үйлсэд нь зохистой сайн нөлөө үзүүлж байжээ.

 

Ц.ЖАМБАЛСҮРЭН

 

/МУИС-ийн профессор, түүхийн шинжлэх ухааны доктор (Ph, Sc)

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)