Герман хамгийн их хохирол амсжээ

Баруун Европт үерийн дараах хохирлыг барагдуулах ажил өрнөж байна. Олон хоног үргэлжилсэн аадар борооны улмаас гол мөрнүүд эргээсээ хальж, автомашинууд урсаж, байшин нурж, оршин суугчид дарагдсан. Үерийн дараа ор сураггүй алга болсон хүмүүсийн жагсаалтыг нийтэлжээ.

Зарим хот суурингийн харилцаа холбоо, цахилгааны шугам тасалдсан учир нарийн тоо баримт гаргаагүй байна. Гамшигт нэрвэгдсэн ихэнх бүс нутгаар үерийн ус татарчээ. Байгалийн гамшигт өртөн амь үрэгдэгсдийн тоо 150-д хүрчээ. Германы баруун хэсгийн Ахрвайлер муж хамгийн их хохирол амссан бөгөөд 90 гаруй хүн нас баржээ. Хөрш Хойд Рейн-Вестфалия мужид бас 43 хүн нас барсан байна. Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер Эрфтстадт хотод аврах ажилчид, оршин суугчидтай уулзахдаа “Хохирлын хэмжээг тодорхой-лоход хэдэн долоо хоног шаардлагатай. Гамшигт нэрвэгдсэн бүс нутгийн хүмүүст үргэлжлүүлэн дэмж-лэг үзүүлнэ” хэмээлээ. Кельн хотоос баруун урагш Эрфтстадт хотод газар хөдөлж, авран хайх ажилд хүндрэл учруулжээ.

Германы цэргийнхэн хуягт техник ашиглан ойролцоох зам дээр үерийн усанд урссан тээврийн хэрэгслийг зайлуулсан байна. Ахрвейлер орчимд өндөр хүчдэлийн шугамыг нурахаас сэрэмжлүүлж, ойролцоох оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж эхэлсэн. Аялагч жуулчдыг нэвтрүүлэхээс сэргийлж Германы зарим замыг хаасан байна. Хойд Рейн-Вестфалийн захирагч Армин Лашет нэн даруй гамшигт нэрвэгдсэн хүмүүст тусламж үзүүлэх ажлыг зохион байгуулахаа амлалаа. Канцлер Ангела Меркелийн кабинет гамшигт нэрвэгдсэн мужуудад хэрхэн туслахаа ирэх лхагва гарагт хэлэлцэнэ.

Х.ЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)