Урьдчилсан дүгнэлтээр краны хийц, эд ангийн гэмтлээс болж осол гарсан байна

Нийслэлийн Баянгол дүүргийн гуравдугаар хорооны нутагт кран унаж, замын байгууламж эвдсэн осол гарсан. Энэ талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч П.Дашдаваагаас тодрууллаа.

Тэрээр "Техник, эд ангийн бүрэн бүтэн байдал хангагдаагүйгээс барилгын кран унасан байна. Цамхагт кран угсарч байгаа тохиолдолд дараах зүйлсийг анхаарах шаардлагатай. Тодруулбал,

  • Суурийн бүтэц, хийц шаардлага хангаж байгаа эсэх
  • Бэхэлгээ, гагнуур салж буй эсэхийг нягталж шалгах
  • Тухайн краны металл хийц олон жил удсан, зэврэлт үүссэн бол заавал металл хийцийн шинжилгээ хийлгэх
  • Талбайн зохион байгуулалтын зургаар тухайн краныг яаж байрлуулж, хэрхэн угсрах зэргээр аюулын бүсийг тодорхойлох ёстой.

Аливаа аж ахуйн нэгжүүд хамгийн түрүүнд орчны аюулгүй байдлыг судалж тогтоох нь чухал. Хэдийгээр тухайн барилгын ажлыг тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж гүйцэтгэсэн ч краны хийц, эд анги нь гэмтэлтэй байсан. Улмаар энэхүү осол гарах шалтгаан нөхцөл үүссэн байгаа юм" хэмээн хэллээ.

Мөн тэрбээр "Дээрх осол үүрээр буюу хөдөлгөөний нягтрал багатай үед гарсан учраас эрсдэл үүсээгүй. Гэхдээ энэ бол аюулын дохио. Тиймээс барилгын ажил гүйцэтгэж байгаа хүмүүс хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг нэн түрүүнд анхаарах хэрэгтэй. Техникийн бүрэн бүтэн байдлаас гадна мэргэжлийн ажилчдыг ажиллуулах нь чухал.

Одоогоор барилгын ажлыг түр зогсоосон байгаа. Барилгын суурийн асуудал шаардлага хангаагүй талаар урьдчилсан байдлаар тогтоогдсон. Тухайн краны металл, хийц зэргийг тодорхойлох бөгөөд МХЕГ-аас үргэлжлүүлэн хяналт шалгалтыг хийж байна" гэсэн юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)