Бээжин рүү машинаар очих нь “Би явж байна, Бээжин сууж байна” гэдэг гунигт түүхийг үгүй болгох юм

Монголчууд автомашинаар Бээжин рүү зорчдог болно гэсэн нь үнэхээр сайн мэдээ байна. Салбарын яам уг асуудлаар нэлээд идэвхтэй хөөцөлдөж, ажил хэрэг болгохоор хичээж байгаа дуулдсан. Энэ нь биеллээ олчих юм бол манай ард түмэнд хэрэгтэй. Том зургаар нь харахад бидний амьдралын чанар мэдэгдэхүйц сайжраад ирнэ. Олон, олон таатай боломжууд ч нээгдэнэ. Ядаж л Бээжинд сурахаар мордож буй учраа мэдэхгүй шинэхэн оюутнаа ээж, аав, ахан, дүүс нь өөрсдийнхөө унаагаар хүргэж болж байна. Хүний газарт анх очиж байгаа хүүхдээ түм түжигнэсэн их хотод төвхнүүлчихээд буцахдаа тэр гэр бүл ч гэсэн сэтгэл өег байх нь үнэн. Хамгийн гол нь эдийн засагт хэмнэлттэй. Онгоцонд ганц хүн явах зардлаар хувийн унаатайгаа бүхэл бүтэн гэр бүлээрээ Бээжин ороод ирчихнэ. Зүгээр ч үгүй тэндээ шоппинг хийж, газар үзэж, гадны соёлыг биеэрээ мэдрэх боломжтой.

Улаанбаатараас Бээжин хүртэл 1170 км-ийн зайтай. Энэ нь манай баруун хязгаар аймаг болох Баян-Өлгий орохоос ч ойрхон гэсэн үг. Өлгий рүү бид үүрээр хөдлөхөд шөнө дунд очдог. Замдаа саатахгүй, тасралтгүй явахад шүү дээ. Харин Бээжин рүү үүнээс ч богино хугацаанд асуудалгүй хүрнэ. Улаанбаатараас эртхэн шиг гарч давхиад Эрээн ороод хоночихно. Тэндээсээ өглөө Бээжин рүү гишгэхэд оройхондоо зорьсон газартаа очсон байна. Ингэж хувийн унаагаараа Бээжин рүү явдаг болвол хичнээн сайхан бэ. Галт тэргэнд чихцэлдэж, давчдахгүй. Аяллын компанийн хөтөлбөрт захирагдахгүй. Өөрийнхөө унаагаар явж байгаа улс чинь ёстой тааваараа жаргаад ирнэ дээ. Холын замд ингэж явна гэдэг жинхэнэ тав тух.

“Би явж байна. Бээжин сууж байна” гэдэг хэлц үг бий. Урд хөрш рүү жин тээдэг байсан эрт цагт буюу хувьсгалаас өмнө үүссэн яриа л даа. Бээжин рүү тэмээгээр, үхэр тэргээр жин тээдэг байсан тэр үеийн монголчуудын дунд ийм хэлц байсан гэдэг. Жинчдийн гаргасан энэ яриаг аваад үзвэл үнэхээр гунигт түүх юм. Эрдэмтэн, судлаачдын бүтээл болтлоо судлагдсан жингийн цуваа зорьсон газартаа хүрэхийн тулд олон хоног, сараар явж туулдаг байв. Арваннэгдүгээр сараас дараа жилийн дөрөвдүгээр сар хүртэл жинчдийн улирал байсан гэж хэлж болохоор. Тэмээ гэдэг амьтан халуун зунаар ачаалал авбал тамир нь унаж, хайлдаг учраас хүйтэн сэрүүний улиралд холын замд жин тээхэд тохиромжтой. Тэгэхээр голдуу намар, өвөл, хаврын эхэн саруудад жингийн цуваа явдаг байсан нь ийм учиртай байжээ. Тухайн үед өнөөдрийнх шиг зам харгуй байсан ч биш, саад бартаа мундахгүй. Бээжин рүү хөдөлсөн жингийн цуваа зогсолтгүй явлаа гэхэд өдөрт хамгийн ихдээ 40-45 км зам л гэлдэрдэг байж. Энэ янзаар Бээжин рүү хурдлаад, хурдлаад шальтай зам хороож чадахгүй. Холын замд жинчид өөрсдөө амарна, үхэр, тэмээнийхээ нурууг тэнийлгэнэ. Цаг агаарын хүнд бэрхтэй учирна. Ингэж явсаар урд хөршийнхөө нийслэлд очиход хоёр сар шахам хугацааг зориулдаг байсан гэлцдэг. Буцаад тэндээс бараа аваад эргэхэд мөн л ийм хугацааны дараа гэртээ харина.

Тэгэхээр “Би явж байна. Бээжин сууж байна” гэдэг хэлц яалт ч үгүй гунигт түүхээс үүссэн байгаа биз. Бээжин хөдлөх биш, байрандаа байж л байна. Харин жинчид хэзээ нэгэн цагт хүрч л таарах байх гэсэн санаа юм. Тэгвэл өнөөдөр энэ гунигт түүх ард хоцорч байна. Бээжин сууж л байна, бид газраар хэдхэн цагт давхиад хүрдэг болох нь ээ. Мэдээж монголчууд Бээжин рүү машинтай зорчдог болвол хариуд нь хятадууд манайд ирж л таарна.

Бид очиж байгаа юм чинь тэд ирж бололгүй яахав. Тэгээд ч дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгддэг хүчирхэг эдийн засагтай Хятад оронтой бид дотносох хэрэгтэй шүү. Хэдий болтол элдвээр зүхэж, хужаа энэ тэрээр нь дуудах юм бэ. Энэ үзэл, хийрхлээсээ болж бид их юм алдаж байгаа. Ухаантайхан нүүдэл хийж, түншийн харилцаагаа зузаатгах нь юу юунаас чухал.

Тэглээ гээд бид дагаар орчихгүй гэдгийг эрх биш мэдэх байлгүй дээ. Орчин цагийн олон улсын харилцаа өөр болсон. Хуучин шиг хүчтэй, зэвсэгтэй нь жижиг улсыг залгих биш, эсрэгээрээ харилцан нэгнээ дэмжиж, хөгжих нь дэлхийд тогтсон жишиг юм. Харин бид хөрш орноо үзэн ядаж, гоочилдог хандлагаасаа болж олон боломжийн гадна үлдсэн гэдгээ ойлгох ёстой. Адаглаад л дэлхийн том, том хотуудад “Чайна таун” байдаг. Ийм хотхонгүй нийслэл гэвэл Улаанбаатараас өөр байхгүй биз. Бусад орны Чайна таун”-д очиж үзсэн монголчууд маань сайн мэднэ дээ. Хотхон руу нь оронгуут л хоол хүнс, ахуй соёл, орчин нөхцөл, арилжаа наймаа, хүмүүсийн харилцаа зэргээс нь яг л Хятад улсад очсон мэт болдог. Нөгөөтэйгүүр гадаадын жуулчдын хамгийн их очдог газрын нэг байсаар ирсэн.

Хятадууд чөлөөтэй ирдэг болбол үндэсний аюулгүй байдал алдагдана гэж айж сүйд болоод байх хэрэггүй. Харин ч манай хөдөлмөрийн зах зээлд нэмэртэй. Өнөөдөр манайд хар ажил хийх хүн олдохгүй байгаа талаар дээр дооргүй л ярьцгааж байна. Монголд 200 мянган ажлын байр сул байна гэж Баабар хүртэл жиргэж байсан. Яг үнэндээ нэг үндэстэн бие биедээ хар ажил хийж өгөх ясны дургүй байдаг. Тэгсэн хэрнээ өөр улс, үндэстэн дээр очиж хамаг муу ажлыг нь голж шилэлгүй хийж өгч мөнгө олдог. Ойрын жишээ гэвэл, солонгосчуудын тоож хийхгүй байгаа хамгийн хүнд хэцүү ажлуудыг монголчууд болон гадны ажиллах хүч л хийдэг шүү дээ. Харин манай барилгын салбарт хятадууд л голдуу ажилладаг байх жишээтэй. Монголд хар бор ажил хийх хүн үнэндээ олдохгүй хэцүүдлээ. Залуучууд нь гадны улс орнууд руу борооны дараах мөөг шиг шавчихаар ажиллах хүчний хомсдолд орлоо гэж дээр, дооргүй ярих нь ч аргагүй юм. Тэгэхээр энэ сул орон зайд хятад хүмүүсээр ажиллуулж баймаар байна.

Ер нь хөрш орнууд хоорондоо сайн, муу хэлэгдээд л цуг амьдардаг шүү дээ. Мөнхийн зэрэгцээ орших учраас аль болох найрсаг, дотно харилцаатай байх хэрэгтэй. Гэтэл бид дэндүү хийрхсэн зантай байх юм. Ажиглаад байхад энэ нь бидний яг төрөлх мөн чанар биш юм шиг. Дээр үеийн улсуудын яриагаар Бээжинтэй ямар чухал түншийн харилцаатай байсан нь мэдэгдэж байгаа биз дээ. Тэгсэн атлаа орос ах нар гээд л дагаж намирдаг мөртлөө “Москва сууж байна. Би очиж байна” гэсэн хэлц үг бий бил үү. Бид хэзээнээсээ хоёр хөрштэйгөө ийм л маягтай харилцаатай ирсэн. Монголчуудын үндсэрхэг үзлийг ашигласан элдэв суртал ухуулга бидний өнөөгийн хийрхэлд асар их нөлөөлсөн. Шулуухан хэлэхэд, хятадуудыг харааж зүхдэг тэр хийрхэл бол оросуудын суулгасан зан. Одоо хэдүүлээ хэн хэнийг нь муу хэлж, нөгөөг нь дагадгаа больцгооё. Цаг үе өөр болж байна. Олон талын мэдээллийн эх сурвалжтай болсон. Тэгэхээр мөнхийн хоёр хөршийнхөө нэгэнд нь саймширч, нөгөөг нь муулдгаа болих хэрэгтэй.

М.Мөнхцэцэг

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)