Цасан шуурганд төөрсөн зургаан иргэнийг эсэн мэнд олжээ

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр өчигдөр 06:00 цагаас эхлэн Хэнтий аймгийн нутгаар, 11:00 цагаас эхлэн Сүхбаатар аймгийн нутгаар цас орж, салхины хурд 18-20 м/с, мөн Хэнтий аймгийн Баян-Овоо, Галшар, Өмнөдэлгэр, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, Дарьганга сумдын нутгаар салхины хурд зарим үед 28-30 м/с хүрч хүчтэй цасан шуурга шуурлаа.

Цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн улмаас Хэнтий аймгийн Баянхутаг суманд 1, Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Дарьганга, Мөнххаан, Түвшинширээ, Уулбаян, Халзан суманд 26, нийт 27 хүн малдаа явж байгаад төөрсөн, сураггүй болсон гэсэн дуудлагыг аймгийнхаа Онцгой байдлын газруудад ирүүлсэн байна. Дуудлагын дагуу эрэн хайх, аврах бүлгүүд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж өчигдөр 18:00 цагийн байдлаар 6 хүнийг эсэн мэнд олсон байна. Цаг агаарын нөхцөл байдал хүнд, үзэгдэх орчин маш хязгаарлагдмал байгаа нь эрэн хайх ажиллагаа зохион байгуулахад хүндрэл учруулж байна.

Түүнчлэн өчигдөр 17:30 цагийн байдлаар Дорнод аймгийн Хэрлэн суманд амины орон сууцны 1 байшингийн дээвэр, Сүхбаатар аймагт 7 байшин, 1 цэцэрлэгийн дээвэр хууларч, Түмэнцогт сум дахь холбооны цамхгийн антен унасан гэсэн мэдээлэл ирүүлсэн гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)