Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан хэт халалт 2024 онд дээд түвшинг давах төлөвтэй байна
- 2024-01-03
- Дэлхий
- 0
Өнгөрөгч 2023 он түүхэн дэх хамгийн халуун жил болж, дэлхийн өнцөг булан бүрт урьд өмнө хэзээ ч байгаагүй эрс тэс цаг агаарын үзэгдлүүд тохиолдсон билээ.
Дэлхий цаг уурын судалгааны байгууллагаас 120 гаруй цаг агаарын үзэгдлүүдийг шинжлэн судалж, хүний буруутай үйл ажиллагааны сөрөг нөлөөлөл хангалттай хүчтэй нөлөө үзүүлсэн гэдгийг тогтоосон байна.
Тухайлбал, Африкт гурван жил үргэлжилсэн ган гачгийн улмаас олон сая хүн хүнсний хомсдолд орж, улмаар их хэмжээний үер бууж, 300 гаруй хүн амь насаа алдсан. Энэ хоёр байгалийн гаралтай аюулт үзэгдэл нь уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийн тод илэрхийлэл аж.
Мөн өнгөрсөн долдугаар сард үхэлд хүргэх аюултай хэт халалтын давалгаа Европ, Хойд Америк, Хятад зэрэг томоохон бүс нутгуудад олон хоног үргэлжилсэн бөгөөд тус үзэгдэл нь хүний буруутай үйл ажиллагааны сөрөг үр дагавраас улбаатай болохыг судалгаагаар тогтоожээ.
Ливи улсад есдүгээр сард хүчтэй аадар бороо орж, гурван далан нурсны улмаас 3400 гаруй хүн амиа алдсан бол тус улсад болж байгаа зэвсэгт мөргөлдөөнтэй холбоотой аюулгүй байдал, далангийн арчилгаа муу зэрэг нь аадар борооны эрчмийг 50 хүртэл хувиар нэмэгдүүлсэн байна.
Түүнчлэн 2023 онд Канад улсад гарсан ой, хээрийн гал түймрийн улирал урьд өмнө нь бүртгэгдсэн хамгийн эрс тэс гал түймрийн улирал болж тэмдэглэгдсэн байна. Түймэрт 18 сая гаруй га талбай өртөж, өмнөх бүртгэгдсэн дээд түвшингөөс 10 сая гаруй га талбайгаар давжээ. Судалгаагаар Канад улсын Квебек мужид тохиолдсон ой, хээрийн гал түймрийн гол шалтгаан нь хэт халат, хуурайшилт, хуурай салхины эрчим нэмэгдэснээс хээрийн түймрийн эрч хоёр дахин ихэссэнтэй холбоотойг тогтоожээ.
Энэ жил буюу 2024 онд хүний буруутай үйл ажиллагааны сөрөг хүчин зүйлээс үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлт болон байгалийн жам ёсны цаг уурын үзэгдэл хоёрын нэгдлээр хэт халалтын дээд түвшинг эвдэж, түүхэн дэх хамгийн халуун жил болох магадлал өндөр байгааг судалгааны үр дүн харуулж байна.
Эх сурвалж: https://www.worldweatherattribution.org
Орчуулсан: Б.Гэрэлзаяа
ОБЕГ
Сэтгэгдэл (0)